Health News from Medical News Today


Sunday, December 13, 2009

Pericardiocentesis - Перикардийн хатгалт

Introduction
Зүрхний тампонад нь эмзэг хийгээд аминд аюултай нөхцөл байдал бөгөөд яаралтай оношилгоо болон менежментийг шаарддаг. Түүхээс үзвэл зүрхний тампонадын оношилгоо нь эмнэл зүйн өөрчлөлт дээр суурилсаар иржээ. Зүрх судасны мэс засалч Claude Beck цочмог болон архаг зүрхний тампонадтай холбоотой эмнэлзүйн 2 гурвал шинжийг дүрсэлсэн байдаг. Энэхүү гурвалын эхнийх нь гипотензи, венийн даралт ихсэх болон зүрхний авиа бүдгэрэх зэргээс бүрдэнэ. Үүнийг Beck-ийн гурвал гэж тодорхойлдог ба эдгээр өөрчлөлтүүд нь перикардийн дотоод дахь цочмог цус алдалтын үед түгээмэл илэрдэг. Дараа дараагийн судалгаагаар эдгээр сонгодог өөрчлөлтүүд нь зүрхний тампонад бүхий өвчтөнүүдийн багахан хувьд илэрдэг гэж үзжээ.

Перикардийн шингэний илрүүлэлт нь эхокардиографийн тасралтгүй сайжрал болон хөгжилтийн дүнд улам хялбар болсоор байгаа юм. Зүрхний хэт авиа нь одоо үед перикардийн шүүдэст үрэвсэл болон зүрхний тампонадын динамик өөрчлөлтүүдийн хувьсалтыг үнэлэх хүлээн зөвшөөрөгдөөд буй дүрслэл оношилгооны стандарт шалгуур болоод байна. Эхокардиографигаар шүүдэст үрэвсэлийн байрлал, хэмжээ (жижиг, дунд зэргийн, том)-г тодорхойлж болох ба таславчийн хэвийн бус хөдөлгөөнөөр гемодинамикийн үзүүлэлтийг шалгаж болдог. Түүнчлэн баруун тосгуур юмуу баруун ховдолын зөрүү байрлал (ховдол хоорондын таславчтай харьцуулахад зүүн талдаа байрлах), доод хөндийн венийн диаметрийн өөрчлөлтөөс үүдэлтэй амьсгалын бууралтыг илрүүлж болдог.


Зүрхний subxiphoid байрлалаас харагдах перикардийн дунд зэргийн шүүдэсжилт


Зүрхний subxiphoid байрлалаас харагдах перикардийн томоохон шүүдэсжилт

Перикардиоцентез гэдэг нь зүрхийг хүрээлж буй перикардийн хөндийгөөс хатгалт хийж шингэнийг авах юм. Энэ нийтлэлд хуваарьтай юмуу хуваарьгүй тариур болон зүү ашиглан зүрхний тампонадын үед яаралтай хийгдэх менежментийг тайлбарласан болно.

Indications
Яаралтай перикардиоцентез: Яаралтай перикардиоцентезийн заалт нь зүрхний тампонад сэжиглэгдсэн өвчтөнд аминд аюултай гемодинамикийн өөрчлөлт бий болох юм.

Яаралтай бус перикардиоцентез: Гемодинамик тогтвортой өвчтөнд перикардийн шингэнийг оношилгоо, хөнгөвчлөх юмуу урьдчилан сэргийлэх зорилгоор хатгалт хийж авах ба хэт авиа, CT, флюроскопийн хяналтын дор гүйцэтгэнэ.

Contraindications
Туйлын эсрэг заалт:
• Гемодинамик тогтворгүй өвчтөнд перикардиоцентез хийхгүй байх туйлын эсрэг заалт байхгүй. Багахан хэмжээний перикардийн шингэнийг авах төдийд л өвчтөний гемодинамикийн статус мэдэгдэхүйц сайжирдаг.

Харьцангуй эсрэг заалт:
• Засагдаагүй цус алдалтын өөрчлөлт
• Гэмтэлийн гаралтай зүрхний тампонад: Зарим авторууд гэмтэлийн гаралтай зүрхний тампонадийг яаралтай торакотомигоор эмчлэх нь дээр гэж үздэг.

Anesthesia
Хэсгийн мэдээгүйжүүлэлтийн эмийг арга барилын хэсэгт тайлбарласан болно.

Equipment
Амин чухал хэрэгсэлүүд
• Антисептик уусмал
• Ариун бүтээлэг, өмсгөл болон маск
• Хэсгийн мэдээгүйжүүлэгч (жнь: 1%-ийн лидокайн)
• Тариурууд, 10мл болон 60мл
• Скальпел, 11 номер
• Зүүнүүд, 18ga 1,5 инч; 25ga 5/8 инч
• Нурууны зүү (spinal needle), 18ga 7,5-12см

Санал болгох хэрэгсэлүүд
• Худалдаанд байдаг перикардиоцентезийн бүрдэл
• Хамар-ходоодны гуурс
• Хэт авиан машин
• Ариун хэт авиагаар таглагч (ultrasound probe cover)
• ЭКГ машины V1 холболттой холбосон холбогч хавчаар

Positioning

• Өвчтөнийг 30-45°-аар хагас хэвтээ, хагас суугаа байрлалд байрлуулна. Энэхүү байрлал нь зүрхийг цээжний өмнөд хананд ойртуулдаг.
• Дээш харсан байрлалыг харьцангуйгаар зөвшөөрдөг.

Technique
• Өвчтөнд хамгийн багадаа нэг шингэнг судсаар залгасан байх ба нэмэлтээр хүчилтөрөгч авч, зүрхний монитор болон пульс-оксиметрид байнгын холбоотой байна. Хэрэв цаг байвал хамар-ходоодны гуурv тавьж ходоодны даралтыг үгүй хийх хэрэгтэй ба ингэснээр ходоод хатгагдах эрсдэлийг бууруулдаг.
• Анатомийн тэмдэглэгээ (xiphoid сэртэн, 5,6-р хавирга)-г тогтоож зүүг оруулах байрлалыг сонгоно. Ихээхэн түгээмэл хэрэглэгддэг байрлал нь өвчүүний зүүн ирмэг болон subxiphoid нэвтрэлт юм.


Перикардиоцентезийн зүүг оруулах байрлалууд. Subxiphoid болон өвчүүний зүүн ирмэг нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг байрлалууд юм. (хар цэгүүд)

• Антисептик уусмал ашиглан subxiphoid талбайг цэвэрлэж, мэс засалд бэлдэнэ. Хэрэв цаг байвал ариун бээлий, өмсгөл болон маск өмсөж мэс заслын талбайг ариун бүтээлгээр хүрээлж бүтээнэ.
• Сонгосон байрлалд хэсгийн мэдээгүйжүүлэх уусмалыг эхлээд арьсанд дараа нь арьсан доор улмаар гүн эдүүдэд нэвчүүлэх байдлаар хийнэ.
• Сонгосон байрлалд 11 номерийн ир бүхий скальпел ашиглан арьсанд хатгалт хийнэ.
• 20мл юмуу 60мл-ийн тариурыг нурууны зүүтэй холбож 5мл натри хлор тариурт соруулна. Зүүг урагшлуулах явцдаа натри хлорыг 1мл хүртэл шахаж өгсөнөөр зүүний хөндий нээлттэй байх боломжтой болдог. Хэрэв хугацаа байвал зүүний суурь хэсэгт ЭКГ машины V1 холболттой холбогч хавчаарыг холбоно.
• Арьсны зүслэг бүхий хэсгээр зүүг оруулах ба ингэхдээ зүүн мөрийг чиглүүлнэ. Зүүг хэвлийн ханатай 45°, голын сагиттал хавтгайтай 45° үүсгэж барина. Хэрэв хугацаа байвал зүүг оруулах явцыг хэт авиан удирдлагын дор чиглүүлж гүйцэтгэнэ.


Зүүг оруулах байдал: Арьсны зүслэг бүхий хэсгээр зүүг оруулах ба хэвлийн ханатай 45°, голын сагиттал хавтгайтай 45° үүсгэхээр зүүн мөрийг чиглүүлж оруулна.

• Зүүг 5см гүн ортол аажим урагшлуулах ба энэ үедээ тариурт сөрөг даралт бий болгож үүнийгээ тариурт шингэн орж иртэл, зүрхний цохилт мэдрэгдэх хүртэл эсвэл ЭКГ-д огцом өндөрссөн долгион бичигдэх хүртэл давтана. Хэрэв ЭКГ-ийн долгионы хэлбэр гэмтэлийн зураглалыг харуулбал (ST сегментийн элеваци) энэхүү зураглалыг хэвийн болтол зүүг аажим ухраах ба энэхүү долгионы өөрчлөлт нь зүү миокардийг хатгасан байж болохыг харуулна.


Зүүг оруулах байдал: Зүүг 5см гүн ортол аажим урагшлуулах ба энэ үедээ тариурт сөрөг даралт бий болгон тариурт шингэн орж иртэл давтана.

• Тариур дүүрсэн, илүү их шингэн авах шаардлагатай үед өвчтөний биед тулж зүүг хөдөлгөөнгүй болгоод дүүрсэн тариурыг авч өөр нэгээр солино. Тариурыг 3 замтай хаалтаар сольж, дуслын гуурстай холбож болох ба эмч перикардийн шингэнийг тариур руу соруулсаны дараа хаалтыг хааж шингэнийг сав юмуу цуглуулах уут руу юүлнэ. Перикардийн шингэнийг соруулж дуусахад зүү зүрх рүү ойртож ирдэг ба хэрэв ЭКГ-н долгионд гэмтэлийн зураглал гарч ирвэл зүүг аажим буцаах нь зүйтэй.

Complications
Хүндрэлийн хувь 4-40%-ийн хооронд байдаг. Хүндрэлүүдэд дараах зүйлс орно:
• Хэм алдагдал
• Титэм артери хатгагдах юмуу аневризм үүсэх
• Гемоторакс
• Пневмоторакс
• Пневмоперикарди
• Элэгний гэмтэл
• Хуурамч сөрөг аспираци-Перикардид цусны бүлэн үүсэх
• Хуурамч эерэг аспираци-Интракардиак аспираци
• Перикардийн шингэн дахин хуримтлагдах

Эх сурвалж: www.emedicine.com / Clinical Procedures / Cardiothoracic Procedures / Pericardiocentesis

Thursday, December 3, 2009

Варфарины тун болон VKORC1/CYP2C9 ген

Варфарин (Coumadin) нь ихээхэн түгээмэл хэрэглэгддэг витамин К-ийн антагонист юм. Энэ нь венийн тромбоэмболизмийн анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлт, зүрхний хиймэл хавхлагатай юмуу тосгуурын фибрилляци бүхий өвчтөний системийн эмболизмийн урьдчилан сэргийлэлт, түүнчлэн миокардийн шигдээсийн дараах системийн эмболизмийн урьдчилан сэргийлэлт болон давтан миокардийн шигдээс болох эрсдэлийг бууруулахад үр дүнтэй болох нь тогтоогдсон билээ.
Хэдий тийм ч варфаринаар хийх антикоагулянт эмчилгээ нь хүн бүрт тохирох тун болон нарийн эмчилгээний индекс шаарддаг. Тиймээс өвчтөнд энэхүү эмийг аюулгүй хэрэглэхэд тохирох тун нь амин чухал байдаг. Учир нь биеийн хэмжээ болон нас зэрэг генетикийн бус нөлөөлөл нь хувь хүнд шаардлагатай тунг тогтооход дутагдалтай байдаг бөгөөд варфарины шаардлагатай тунг тогтооход генетикийн нөлөөлөл үлэмж нөлөөтэй байдаг ажээ.

Варфарин нь голчлон элгэнд CYP2C9 генийн оролцоотой исэлдэх ба түүний антикоагулянт нөлөө нь витамин К эпоксид редуктаза уургийн бүрдэлийн дэд нэгж (VKORC1)-ийг дарангуйлснаар илэрдэг. CYP2C9 генд байрлах хоёр, VKORC1 генд байрлах нэг, нийт 3 дан нуклеотидийн полиморфизм (single nucleotide polymorphisms (SNPs)) нь бүлэгнэлтэд үзүүлэх варфарин эмчилгээний үр нөлөөг тодорхойлдог ажээ.
CYP2C9 генд байрлах SNP-ийг нэрлэвэл: хэвийн буюу өргөн тохиолдох хувилбарыг *1 (од 1) гэж тэмдэглэх ба хоёр полиморфизм бүхий хувилбарыг *2 (од 2) болон *3 (од 3) гэж тус тус тэмдэглэнэ. Хүн бүр CYP2C9 генийн SNP-ийн ямарваа хоёр хувилбарыг биедээ агуулж байдаг. Жишээлбэл хэвийн хуулбар бүхий хүн *1/*1 гэсэн хувилбарыг агуулсан байдаг бол нэг полиморфизм бүхий хүн *1/*2, хоёр полиморфизм бүхий хүн *2/*3 гэсэн хувилбаруудыг агуулсан байна. Хувилбар бүрийн тохиолдол нь арьстангуудад ялгаатай ба Кавказчуудын 10% нь *2 хувилбарыг 6% нь *3 хувилбарыг тус тус агуулсан байдаг бол эдгээр хувилбарууд нь Африк болон Азичуудад ховор (<2%) байдаг. CYP2C9*1 ген нь варфарины метаболизмыг хэвийн явуулдаг бол CYP2C9*2 ген нь варфарины метаболизмыг 30%-иар, CYP2C9*3 ген нь 90%-иар тус тус бууруулдаг. *2 юмуу *3 гэсэн хувилбар бүхий өвчтөнд варфарин өгөхөд метаболизм нь хангалттай бус байх бөгөөд эм цусаар харьцангуй удаан эргэлдсэн хэвээр байна. Тиймээс эдгээр өвчтөнүүдэд антикоагуляци хийхэд варфарин бага тунгаар хэрэгтэй болдог. VKORC1 1639 (or 3673) SNP-ийн үед түгээмэл тохиолдох G аллель нь А аллелиар солигдсон байдаг. А аллель (А гаплотип) бүхий хүмүүс нь G аллель (G гаплотип) бүхий хүмүүсийг бодвол VKORC1-ийг бага нийлэгжүүлдэг тул А аллелийг биедээ авч яваа хүмүүст VKORC1-ийг дарангуйлж, антикоагулянт үр нөлөөнд хүрэхэд варфарин бага тунгаар хэрэгтэй болно. Энэхүү хувилбар (А аллель)-ын тохиолдол арьстангуудад мөн адил ялгаатай ба Кавказчуудад 37%, Африкчуудын 14% нь энэхүү А аллелийг биедээ авч явдаг байна.  


Эмнэлзүйн холбоо хамаарал
Эдгээр гурван SNP нь дараах зүйлсийг тодорхойлоход чухал үүрэгтэй:
1. Эмчилгээний INR (ихэвчлэн 2-3 байна)-ийг бий болгоход шаардлагатай варфарины тунг тогтоох
2. Цус алдах эрсдэл юмуу эмчилгээнийхээс хэтэрсэн (supratherapeutic) INR (>4)-ийг тогтоох
3. Тогтвортой эмчилгээний тунд хүрэхэд шаардлагатай хугацааг тогтоох
CYP2C9*2 болон CYP2C9*3 аллелийг тээгчдэд варфарины дундаж тунг *1 аллелийг тээж яваа тээгчтэй харьцуулахад тус бүр 19%, 33%-иар бууруулах шаардлагатай. VKORC1 A аллелийг тээж яваа тээгчидэд варфариын дундаж тунг энэхүү аллель байхгүй хүнтэй харьцуулахад 28%-иар бууруулах шаардлагатай байдаг.
Дээрх хувилбаруудыг тээж яваа өвчтөнд варфариныг стандарт тунгийн алгоритмаар өгөхөд эмнэл зүйд болон лабораторид гаж өөрчлөлт илэрдэгийг анхаарах хэрэгтэй ба учир нь тэдгээр хүмүүс нь генетикийн хувьд энэхүү эмэнд мэдрэгжсэн байдаг байна. Практикт CYP2C9 генийн *2 юмуу *3 аллелийг тээж яваа хүнд варфариныг стандарт тунгийн алгоритмаар хэрэглэхэд хүнд юмуу аминд аюултай цус алдалт үүсэх, INR ихсэх (>4) эрсдэл 2-3 дахин нэмэгддэг ажээ. Үүнтэй адилаар VKORC1 A аллелийг тээгчидэд варфариныг стандарт тунгийн алгоритмаар хэрэглэж эхэлсэнээр INR ихсэх (>4) эрсдэл мөн адил 2-3 дахин нэмэгддэг.
Эцэст нь эдгээр өвчтөнүүд варфаринд мэдрэгжсэн байдаг тул нэмэлт тунг хэрхэн хэрэглэх талаар зохицуулалт шаардлагатай бөгөөд бүх гурван SNPs-ийг тээгчидэд INR ихээхэн удааширсан байдаг тул INR-ийг 2-3 хооронд тогтвортой барихад хугацаа шаардлагатай болдог. Энэ бүх генетикийн болон эмнэл зүйн факторуудын хослолыг ашиглан варфарины тунгийн үзүүлэх нөлөөг урьдчилан тооцоолох нь эмнэлзүйн факторыг дангаар ашиглахаас илүү оновчтой болох юм.
Варфарины тунд нөлөөлөх олон хүчин зүйлүүдийг нэгтгэж тооцоолох нь эмнэлзүйд төвөгтэй байдгаас Barnes-Jewish Hospital at Washington University Medical Center-аас http://www.WarfarinDosing.org зэрэг онлайн варфарины тун тооцоологчийг нэвтрүүлсэн нь тохиромжтой тунгийн зохицуулалт хийхэд тусалж байна.

Зөвлөмж
Эдгээр SNPs-ийн нөлөөлөл болон тодорхой аллелийг тээгчидэд варфариныг стандарт тунгийн алгоритмаар хэрэглэхэд эмнэлзүй болон лабораторийн гаж өөрчлөлт гарах өндөр эрсдэлтэй байдаг зэрэгт үндэслэж FDA варфарины талаарх 2007 оны мэдээллээ шинэчилж CYP2C9 болон VKORC1 генийн хувилбаруудыг тээгчидэд эхлэх тунг багасгахыг зөвлөжээ.
Өвчтөнүүдэд генетикийн мэдээлэл байхгүй боловч варфариныг стандарт тунгийн алгоритмаар хэрэглэхэд цус алдах эрсдэл ихтэй байвал удирдамжуудын зөвлөж байгаагаар варфарины эхлэх тунг бууруулж (<5мг) INR-ийн өөрчлөлтийг тогтмол хянах хэрэгтэй. 


Эх сурвалж:
www.emedicine.com / Genomic Medicine / Cardiovascular Diseases / Warfarin Dosing and VKORC1/CYP2C9

Tuesday, December 1, 2009

ХДХВ/ДОХ-ын талаарх асуулт, хариулт


ХДХВ гэж юу вэ?

Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) нь дархлаа тогтолцооны эсүүдийг халдварлуулж тэдгээрийн үйл ажиллагааг устгаж, алдагдуулдаг. Вирусын халдварын улмаас дархлаа тогтолцоо давшингуй муудаж улмаар дархлаа дутмагшилд хүргэнэ. Дархлаа тогтолцоо дутмагшилтай болсоноор өвчин эмгэг болон халдвартай тэмцэх үүргээ удаан биелүүлж чадахгүй болдог. Хүнд дархлаа дутмагшилтай холбоотой халдварыг оппортунист халдвар гэдэг ба учир нь эдгээр нь дархлаа тогтолцоо муудсаны улмаас давуу байдал олж авдаг байна.

ДОХ гэж юу вэ?

United States Centers for Disease Control and Prevention (CDC) болон European Centre for the Epidemiological Monitoring of AIDS (EuroHIV)-ийн тодорхойлсоноор дархлалын олдмол хомсдол (ДОХ) гэдэг нь шинж тэмдэг ажиглагдах нөхцөл байдал юм. ДОХ гэдгийг ХДХВ-ийн халдварын гүнзгийрсэн шатанд, ямар нэг оппортунист халдвар 20-иос дээш тохиолдсон юмуу ХДХВ хамааралт хавдар тодорхойлогдсон үед хэрэглэдэг.

ХДХВ хэрхэн дамждаг вэ?

ХДХВ нь хамгаалалтгүй бэлгийн хавьтал (вагинал болон анал) болон халдвартай хүнтэй аман секс хийх, бохирлогдсон цус юүлэх, бохир зүү, тариур болон бусад хурц үзүүртэй багаж хэрэгсэлээр дамжина. Энэ нь мөн жирэмсэн болон төрөх үед эхээс урагт болон хөхөөр хооллоход дамждаг.

ХДХВ-ийн халдвар бүхий хүнд ДОХ хэр хурдан бий болох вэ?

Энэ хугацаа хүн бүрт янз бүр байна. Эмчлээгүй тохиолдолд ХДХВ-ийн халдвар бүхий хүмүүсийн ихэнхэд нь ХДХВ хамааралт шинж тэмдэг 5-10 жилийн дотор бий болно. Хэдий тийм ч ХДХВ-ийн халдвар авсанаас хойш ДОХ-ыг оношилох хооронд 10-15 жил, заримдаа түүнээс удаан байна. Ретровирусийн эсрэг эмчилгээ нь халдвартай хүний вирусийн ачааллыг бууруулсанаар өвчиний явцыг удаашруулдаг.

Ямар түээмэл тохиолдох аминд аюултай оппортунист халдвар ХДХВ/ДОХ бүхий хүний амьдралд тохиолддог вэ?

Сүрьеэ нь жил бүр ХДХВ бүхий 250000 хүний амь насыг авч оддог. Энэ нь Африк дахь нийт ХДХВ бүхий хүмүүсийн үхлийн нэгдүгээрт орох шалтгаан ба дэлхий нийтээрх ХДХВ бүхий хүмүүсийн үхлийн тэргүүлэх шалтгаан болж байна. ХДХВ/Сүрьеэгийн явцыг бууруулахад эрүүл мэндийн тусламжийн 3 гол цөм стратеги амин чухал
• Идэвхитэй сүрьеэгийн тохиолдолын илрүүлэлтийг эрчимжүүлэх
• Урьдчилан сэргийлэх изониазид эмчилгээ
• Сүрьеэгийн халдварын хяналт

ХДХВ бүхий хэдэн хүн амьдарч байна вэ?

ДЭМБ болон UNAIDS-ийн тооцоогоор 2008 оны эцсээр ХДХВ бүхий 33,4 сая хүн амьдарч байна. Тухайн жил барагцаалбал 2,7 сая хүн шинээр халдвар авч, ДОХ-ын улмаас 2 сая орчим хүн нас барсаны 280000 нь хүүхдүүд байгаа юм. ХДХВ-ийн халдварын гуравны хоёр нь Африкийн суб-Сахарын бүсэд байна.

Сексээр дамжих ХДХВ-ийн эрсдэлийг хэрхэн хязгаарлах вэ?

• Секс хийх бүртээ эрэгтэй юмуу эмэгтэй бэлгэвчийг зөв хэрэглэх
• Нон-пенетратив секс
• Халдваргүй болон бусад эрсдэлт хүчин зүйлгүй хамтрагчдаа үнэнч байх
• Сексийг тэвчих

Эрэгтэйн хөвч таслалт нь ХДХВ дамжихаас урьдчилан сэргийлэх үү?

Сүүлийн үеийн судалгаанууд эрэгтэйн хөвч таслалт нь сексээр ХДХВ авах эрсдэлийг бууруулдаг гэж үзэж байна. Хэдий тийм ч энэ нь 100% үр дүнтэй биш бөгөөд хөвчөө таслуулсан эрчүүд нь халдварлагдаж болно. Хэрэв хөвч таслуулах мэс заслын дараа шарх бүрэн эдгээрээгүй бол халдвар дамжих эрсдэлийг улам нэмэгдүүлнэ. Түүнчлэн хөвчөө таслуулсан ХДХВ эерэг эрчүүд нь хамтрагчдаа халдвар дамжуулах боломжтой.
Эрэгтэйн хөвч таслалт нь өнөөг хүртэл мэдэгдээд буй ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх бусад аргыг орлохгүй харин урьдчилан сэргийлэх олон талт стратегийн нэг хэсэг байж болох юм.

ХДХВ-ээс сэргийлэхэд бэлгэвч хэр үр дүнтэй вэ?

Чанарын баталгаатай эрэгтэй болон эмэгтэй бэлгэвч нь одоо үед бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) үүн дотроо ХДХВ-ийн халдвараас хамгаалах хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц бүтээгдэхүүн юм. Бэлгийн ажил бүрийн үед зөв хэрэглэх юм бол бэлгэвч нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх батлагдсан арга юм.

Эмэгтэй бэлгэвч гэж юу вэ?

Эмэгтэй бэлгэвч нь бөх бат, зөөлөн, тунгалаг полиуретанаар хийгдсэн, хурьцалын өмнө үтрээнд оруулж бүрхдэг. Энэ нь үтрээг бүхэлд нь бүрхэж жирэмслэлт болон БЗДХ үүн дотрооо ХДХВ-ийн эсрэг хамгаалалт болдог ба хурьцал бүрийн үед зөв хэрэглэх хэрэгтэй.

ХДХВ-ийн сорил ямар ач холбогдолтой вэ?

Өөрийн ХДХВ-ийн статусыг мэдсэнээр хоёр чухал ач холбогдолтой
• ХДХВ эерэг гэдгээ мэдсэнээр та шинж тэмдэг илрэхээс өмнө шаардлагатай алхамууд болох эмчилгээ, тусламж болон дэмжлэгийг авах боломжтой болох ба улмаар өөрийн амьдралыг хэдэн жилээр уртасгах боломжтой болно.
• Та өөрийгөө халдвар авсан гэдгийг мэдсэнээр ХДХВ-ийг бусдад тараахаас сэргийлэх боломжтой болно.

Ретровирусын эсрэг эм гэж юу вэ?

Ретровирусын эсрэг эмүүд нь ХДХВ-ийн эмчилгээ урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэгддэг. Эдгээр нь бие махбодь дахь вирусын өсөлт үржилтийг саатуулж, зогсоосноор ХДХВ-тэй тэмцдэг.

Ретровирусын эсрэг эмчилгээний орчин үеийн статус ямар байна вэ?

2008 оны эцсээр буурай болон дунд хөгжилтэй орнуудын ойролцоогоор 4 сая хүмүүс ХДХВ-ийн ретровирусын эсрэг эмчилгээг аваад байна. 2003 оныг хүртэл эмийн өндөр үнэтэйгээс шалтгаалж эрүүл мэндийн суурь тусламж муу байсан ба буурай болон дунд хөгжилтэй орнуудад санхүүгийн дутмаг байдал нь ретровирусын эсрэг хам эмчилгээг ашиглахад саад болж байв. Гэвч сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засгийн зүгээс ХДХВ-ийн эмчилгээнд хандуулах анхаарал нэмэгдэж байна.

ХДХВ-г эмчлэх эмчилгээ бий юу?

ХДХВ-г эмчлэх эмчилээ байхгүй. Гэвч ретровирусын эсрэг эмчилгээг тасралтгүй, сайн дагаж мөрдсөнөөр биемахбодь дахь ХДХВ-ийн явцыг зогсоосонтой дүйхүйц хэмжээнд саатуулж болно.

ХДХВ бүхий хүмүүст өөр ямар төрлийн тусламж хэрэгтэй вэ?

Ретровирусын эсрэг эмчилгээнээс гадна ХДХВ бүхий хүмүүст нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг ихээхэн хэрэгтэй байдаг. Сайн хоол тэжээл, аюулгүй ус болон хувийн ариун цэвэр сахих нь ХДХВ бүхий хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад мөн адил туслана.

Эх сурвалж: World Health Organization: Q&A on HIV/AIDS

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл