Health News from Medical News Today


Thursday, April 23, 2009

World Health Organization WHO: Зүрх судасны эмгэг

Зүрх судасны өвчин гэж юу вэ?
Зүрх судасны өвчин (ЗСӨ) гэдэг нь зүрх болон судасны бүлэг эмгэгүүд юм. Үүнд:
  • Зүрхний титмийн эмгэг-зүрхний булчинг тэжээгч судасны эмгэг
  • Тархины судасны эмгэг-тархийг тэжээгч судасны эмгэг
  • Захын артерийн эмгэг-гар болон хөлийг тэжээгч судасны эмгэг
  • Зүрхний хэрх (ревматизм) өвчин-стрептококкын шалтгаант хэрхийн халууралтаас үүдэлтэй зүрхний булчин болон хавхлагын гэмтэл
  • Зүрхний төрөлхийн эмгэг-зүрхний бүтцийн төрөлхийн гажигууд
  • Гүний венийн тромбоз ба уушигны эмболизм-хөлийн венийн нөж бөгөөд энэ нь тасарч уушги болон зүрх рүү шилжиж болно
Зүрхний дайралт (heart attack) болон харвалт нь ихэвчлэн цочмог тохиолдолууд бөгөөд голдуу бөглөрлийн улмаас зүрх болон тархины цусны урсгал саатсанаас үүдэлтэй байна. Үүний ихээхэн түгээмэл шалтгаан нь зүрх болон тархийг тэжээгч судасны дотор хананд өөхөн хуримтлал бүрэлдэх юм. Харвалт нь мөн тархин дахь цус алдалт болон цусны нөжрөлтийн шалтгаантай байж болдог.

Зүрх судасны өвчиний талаарх баримтууд
  • Зүрх судасны өвчин (ЗСӨ) нь дэлхий нийтээрх үхлийн тэргүүлэх шалтгаан болоод байгаа ба жил бүр ЗСӨ-ний улмаас нас барах нь бусад шалтгаант нас баралтаас илүү байна.
  • 2005 онд ЗСӨ-ний улмаас ойролцоогоор 17.5 сая хүн нас барсан ба энэ нь дэлхий нийтээрх нас баралтын 30%-ийг эзэлж байна. Үүнээс ойролцоогоор 7.6 сая нь зүрхний титмийн эмгэгийн улмаас, 5.7 сая нь харвалтын улмаас нас баржээ.
  • ЗСӨ-ний нас баралтын 80% орчим нь бага болон дундаж орлоготой орнуудад байж тохиолдолын хувьд эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс илүү байгаа юм.
  • 2015 он гэхэд 20 сая гаруй хүн ЗСӨ-ний улмаас нас барах ба голчлон зүрхний эмгэг болон харвалтын улмаас гэж тооцож байна. Эдгээр нь үхлийн тэргүүлэх шалтгаан хэвээрээ байх төлөвтэй байгаа юм.
Зүрх судасны өвчин нь ямар шалтгаантай байдаг вэ?
  • ЗСӨ-ний шалтгаан нь нэгэнт тодорхой болоод байгаа юм. Зүрхний эмгэг болон харвалтын ихээхэн чухал шалтгаан нь эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал ба тамхидалт болдог. Эдгээрийг засагдах эрсдэлт хүчин зүйлс гэнэ.
  • Эрүүл бус хооллолт болон хөдөлгөөний дутагдалын нөлөөг тухайн хүний цусны даралт ихсэх, цусан дахь глюкоз, липид ихсэх илүүдэл жин болон таргалалттай холбоотой гэж үзэж байна. Эдгээрийг завсрын эрсдэлт хүчин зүйл гэнэ.
  • Үндсэн засагдах эрсдэлт хүчин зүйлс нь зүрхний тимтмийн эмгэг болон тархины судасны эмгэгүүдийн 80% орчимд чухал үүрэгтэй байдаг.
  • Эдгээрээс гадна архаг өвчинд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлс байдаг. Эдгээр нь даяарчлал, хотжилт болон хүн амын наслалт юм. ЗСӨ-нд нөлөөлөх бусад хүчин зүйлст ядуурал, стресс орно.
Зүрх судасны өвчиний үед ямар түгээмэл шинж тэмдэг байдаг вэ?
  • Цусны судасны эмгэгийн үед ихэнхдээ үндсэн шинж тэмдэг байдаггүй. Зүрхний дайрлага (heart attack) юмуу харвалт нь өвчинг илтгэх анхны анхааруулга байж болно.
  • Зүрхний дайрлагын шинж тэмдэгүүдэд: цээжний төв хэсгээр эвгүй оргих юмуу өвдөх, гар, зүүн мөр, тохой, эрүү юмуу ар нуруугаар эвгүй оргих юмуу өвдөх орно. Түүнчлэн тухайн хүн амьсгалахад хэцүү болох юмуу амьсгал богиносох, бөөлжих цутгах юмуу бөөлжих, толгой эргэх юмуу ухаан балартах, хүйтэн хөлс цутгах, цонхийж цайх зэрэг шинжүүд байж болно.
  • Эмэгтэйчүүдэд амьсгал богиносох, дотор муухайрах, бөөлжих, ар нуруу болон эрүүгээр өвдөх шинжүүд илүүтэй байна.
  • Харвалтын ихээхэн түгээмэл шинж тэмдэг нь гэнэт нүүр, гар, хөл сулрах энэ нь ихэвчлэн биеийн нэг талд илрэх юм. Үүнээс гадна нүүр, гар, хөлөөр гэнэт мэдээ алдах энэ нь ялангуяа биеийн нэг талыг хамарч илрэх, ярихад хэцүү болж ээдрэх, яриаг нь ойлгоход хэцүү болох, нэг юмуу хоёр нүдээр харахад бэрхшээлтэй болох, явахад бэрхшээлтэй болж толгой эргэх, тэнцвэр болон координаци алдагдах, шалтгаангүйгээр толгой хүчтэй өвдөх, ухаан балартах юмуу ухаан алдах зэрэг бусад шинжүүд илэрнэ.
  • Эдгээр шинж тэмдэг илэрсэн хүмүүс яаралтай эмнэлэгийн тусламж эрэх шаардлагатай.
Зүрхний хэрх өвчин
Шалтгаан
  • Зүрхний хэрх өвчин нь хэрхийн халууралтаас шалтгаантай зүрхний булчин болон хавхлагын үрэвсэл, сорвижилт бүхий гэмтэл юм. Хэрхийн халууралт нь стрептококк хэмээх бактерийн шалтгаантай байх ба ихэвчлэн хүүхдэд хатгаа болон тонзиллитын улмаас бий болно.
Шинж тэмдэг
  • Зүрхний хэрх өвчиний шинж тэмдэгүүдэд амьсгал богиносох, сулрах, зүрхний цохилт хэвийн бус болох, цээжний өвдөлт болон ухаан балартал орно.
  • Хэрхийн халууралтын шинж тэмдэгүүдэд халуурах, үеэр хавдах, өвдөх, дотор муухайрах, ходоодоор мушгих, бөөлжих зэрэг орно.
Эмчилгээ
  • Стрептококкын шалтгаант цээжний өвчинг эрт эмчлэх нь хэрхийн халууралт үүсэхийг зогсооно. Хэвийн урт хугацааны пенициллин эмчилгээ нь хэрхийн халууралт зүрхний хэрх өвчин болж хүндрэхээс сэргийлэх ба зүрхний хавхлагууд нь өвчиний улмаас аль хэдийн гэмтсэн хүмүүст өвчиний давших явцыг зогсоож чадна.
Зүрх судасны өвчиний эдийн засгийн зардал
  • ЗСӨ нь дунд насны олон тооны хүмүүсийг өвчлүүлж өвчтөн болон түүний гэр бүлийн орлого, хадгаламжинд ихээхэн хязгаарлалт болдог. Орлогын алдагдал болон эрүүл мэндийн тусламжийн төлбөр нь хамт олон хийгээд үндэстэний нийгэм эдийн засгийн хөгжилийг сулруулдаг байна.
  • ЗСӨ-үүд нь улс орнуудын эдийн засагт хүнд ачаа болсоор байна. Жишнээ нь Хятадад дараагийн арван жилд (2006-2015 он) үндэсний нийт орлогоос 558 тэрбум долларыг зүрх судасны өвчин болон харвалт, чихрийн шижиний улмаас алдах тооцоо гарчээ.
  • Өндөр орлого бүхий орнуудын нийгэм эдийн засгийн хувьд буурай бүлэгт эрсдэлт хүчин зүйл, өвчлөлт болон нас баралтаас сэргийлэх томоохон урьдчилан сэргийлэлт байдаг. Үүний адил хэв загварыг бага болон дунд орлоготой орнуудад ЗСӨ-ний тархалтын эсрэг бий болгох хэрэгтэй байна.
Зүрх судасны өвчиний ачааллыг хэрхэн бууруулах вэ?
  • Зүрхний өвчин болон харвалтын улмаасх эрт нас баралтын хамгийн багадаа 80%-ийг эрүүл хоолны дэглэм, хэвийн биеийн ачаалал болон тамхи татахгүй байснаар сэргийлж болно.
  • Хувь хүн биемахбодийн хэвийн ачаалал, тамхи татахгүй байх дам тамхидалтанд өртөхгүй байх, жимс болон хүнсний ногоогоор баялаг хүнс сонгох, өөх тос, сахар, давс ихтэй хоолноос татгалзаж, эрүүл биеийн жингээ хадгалсанаар тэдэнд тулгарч буй ЗСӨ-ний эрсдэлт хүчин зүйлийг бууруулж чадна.

Эх сурвалж: World Health Organization WHO: Cardiovascular diseases

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл