Health News from Medical News Today


Sunday, March 14, 2010

PET scan

Позитрон эмиссион томографи (Positron emission tomography-PET) буюу PET скан нь цөмийн анагаах ухааны дүрслэл оношилгооны нэг төрөл юм.
Цөмийн анагаах ухаан нь анагаах ухааны дүрслэл оношилгооны нэг төрөл бөгөөд энэ нь бага хэмжээний цацраг идэвхит материалыг олон төрлийн хорт хавдар, зүрхний өвчин болон биемахбодийн бусад шаардлагатай эмгэг өөрчлөлтүүд зэрэг олон төрлийн өвчиний оношилгоо, эмчилгээнд ашигладаг.
Цөмийн анагаах ухаан буюу радионуклид дүрслэл нь инвазив бус, ихэнхдээ өвдөлтгүй сорил бөгөөд эмчид аль нэг өвчинийг оношилоход тусалдаг ба энэ төрлийн дүрслэл оношилгоо нь radiopharmaceuticals юмуу тэмдэгт атом гэгддэг цацраг идэвхит материалыг ашигладаг.
Ямар төрлийн цөмийн шинжилгээ хийлгэхээс шалтгаалж тэмдэгт атомыг венийн судсанд тарих, залгиулах эсвэл хий байдлаар амьсгалуулах бөгөөд эцсийн дүндээ тэмдэгт атом нь эрхтэн юмуу шинжилж буй биеийн хэсэгт хуримтлагдаж гамма цацраг хэлбэрээр энерги ялгаруулдаг. Энэхүү энерги нь гамма камер, PET (positron emission tomography) скан хэмээх төхөөрөмжид бүртгэгдэнэ. Өнөө үед энэхүү төхөөрөмж нь биемахбодид абсорбцлогдсон тэмдэгт атомын хэмжээг хэмжих компьютертэй хамт ажиллаж эрхтэн, эдийн бүтэц, үйл ажиллагааг хоёуланг илтгэх тусгай зургийг гаргадаг.

Дүрслэл оношилгооны PET скан болон CT технологийн хослолыг ашиглан авсан зураг

Зарим төвүүдэд цөмийн анагаах ухааны дүрслэл нь СТ болон MRI-тай нийлж улам боловсронгуй болжээ. Эдгээр нь хоёр ялгаатай шинжилгээний мэдээллийг харилцан хамааралтайгаар нэг зураг дээр гаргаж өгсөнөөр илүү нарийвчлалтай мэдээлэл авах, оношийг баттай тавих боломж олгож байна. Түүнчлэн орчин үед үйлдвэрлэгчид дан фотон цацруулагч компьютерт томографи/компьютерт томографи (SPECT/CT) болон позитрон цацруулагч томографи/копьютерт томографи (PET/CT)-г нэгтгэж хийх болсоноор нэг удаагийн шинжилгээгээр 2 дүрслэл оношилгоог зэрэг гүйцэтгэх боломжтой болжээ.
PET скан нь цусны урсгал, хүчилтөрөгчийн хэрэглээ болон глюкозын метаболизм зэрэг биемахбодийн чухал үйл ажиллагааг хэмжсэнээр эмч эрхтэн, эдийн үйл ажиллагаа ямархуу байгааг үнэлэхэд тусална.
СТ дүрслэл нь рентген цацрагийг ашигладаг төхөөрөмж ба зарим тохиолдолд тодосгогч материалыг ашигласнаар биемахбодийн дотоод зураг болон олон төрлийн дүрслэлүүдийг гаргана. Эдгээр зургийг дараа нь радиологич уншиж тайлбарлана. СТ дүрслэл нь биемахбодийн анатомын талаарх гайхалтай мэдээллийг өгдөг.
Өнөө үед ихэнх PET скан нь PET болон СТ-тэй хосолж ажилладаг болсон ба хосолсон PET/СТ скан нь биемахбодийн доторх эмгэг өөрчлөлт бүхий бодисын солилцоотой хэсгийн зургийг гаргаж өгдөг. Хосолсон скан нь энэхүү 2 сканыг тус тусад нь гүйцэтгэснээс илүү тодорхой онош тавих боломж олгодог гэж үзэж байна.

Хавсарсан PET/CT сканаар авсан бүтэн биеийн зураг

Хавсарсан PET/MRI сканаар авсан тархины зураг

PET болон PET/СТ-ийг түгээмэл ашигладаг зарим процедур
PET болон PET/СТ сканыг дараах зүйлст ашиглана.
• Хорт хавдарыг илрүүлэх
• Хорт хавдар биеэр тархсан эсэхийг илрүүлэх
• Хорт хавдарын эмчилгээ зэрэг эмчилгээний төлөвлөгөө үр нөлөөтэй эсэхийг үнэлэх
• Эмчилгээнд хорт хавдар багассан эсэхийг тогтоох
• Зүрхний булчингийн цусны урсгалыг тодорхойлох
• Зүрхний хэсгүүд дэхь зүрхний дайрлага, миокардийн шигдээсийн үр нөлөөг тодорхойлох
• Ангиопласти, coronary artery bypass surgery зэрэг процедур гүйцэтгэснээр зүрхний булчингийн хэсгүүдэд гарах үр ашгийг тооцох
• Хавдар, ой санамжийн өөрчлөлт, таталт болон төв мэдрэлийн системийн бусад өөрчлөлт зэрэг тархины эмгэг өөрчлөлтүүдийг үнэлэх
• Эрүүл хүний тархи болон зүрхний үйл ажиллагааны зураглалыг гаргах

PET болон PET/СТ машин ямар харагддаг вэ?
Позитрон эмиссион томографи (PET) скан нь дундаа нүхтэй, дугуй хэлбэрийн том машин бөгөөд СТ болон MRI-тай адилхан. Энэхүү машин нь дотроо олон тооны бүртгэгч цагирагуудтай ба эдгээр нь биеийн дотоод дахь тэмдэгт атомын цацруулсан энергийг бичиж авдаг.

Түгээмэл ашигладаг позитрон эмиссион томографи (PET)-ийн тоног төхөөрөмж

16 зүслэг бүхий PET/CT скан

СТ скан нь ихэвчлэн том хайрцаг маягийн машин бөгөөд голдоо нүхтэй, жижиг хонгилтой байна. Шинжлүүлэгч нь шинжилгээний нарийн ширээн дээр хэвтэх ба энэхүү ширээ нь машины төвд байрлах богино хонгилоор орж гарч хөдөлж байдаг. Рентген хоолой болон электрон рентген туяа бүртгэгч цагирагуудын харалдаа байрлаж шинжлүүлэгчийг тойрон эргэлддэг. Компьютерийн хэсэг нь бүртгэгчээс дүрслэлийн талаарх мэдээллийг авч боловсруулах ба тусдаа өрөөнд байрлана. Технологич шинжилгээний үед сканер болон мониторыг удирдан ажиллуулна.
Хавсарсан PET/CT сканер нь СТ болон PET сканерыг хоёуланг нь нэгтгэсэн байх ба PET болон CT скантай адил байна.
Компьютер нь гамма камер болон рентген хоолойноос авсан мэдээллийг зураг болгон бүтээдэг.

Шинжилгээ хэрхэн хийгддэг вэ?
Ердийн рентген шинжилгээний үед рентген цацрагийг таны биеийн гаднах эх үүсвэрээс таны биеэр нэвтрүүлж зураг авдаг. Цөмийн анагаахын шинжилгээний үед үүний эсрэгээр radiopharmaceutical болон тэмдэгт атом гэгддэг цацраг идэвхит материалыг ашигладаг ба үүнийг цусны урсгалд тарих, залгиулах юмуу хий байдлаар амьсгалуулдаг. Энэхүү цацраг идэвхит материал нь шинжилгээний үед таны биемахбодийн хэсэг болон эрхтэнд хуримтлагдаж гамма туяаны төрөл болох бага хэмжээний энергийг гаргадаг. Гамма камер болон PET скан нь энэхүү энергийг бүртгэж аваад компьютерийн тусламжтай таны биеийн эдүүд болон эрхтэнүүдийн бүтэц, үйл ажиллагааг хоёуланг нь нэг бүрчлэн бүтээнэ.
Бусад дүрслэлийн технологиос ялгаатай нь цөмийн анаагах ухааны дүрслэлийн шинжилгээ нь анатоми болон бүтцийн зураг дээр харьцангуй бага төвлөрдөг ба бодисын солилцооны хувь, бусад олон төрлийн химийн бодисын идэвхижлийн түвшин зэрэг биеийн дотоод дахь физиологийн процессуудыг дүрслэхэд илүү ач холбогдол өгдөг. Нягтрал ихтэй талбайнуудыг “халуун толбо” гэж нэрлэдэг ба энэ нь тэмдэгт атом их хэмжээгээр хуримтлагдсан болон бодисын солилцооны идэвхи өндөр байгаа талбайг тэмдэглэдэг. Нягтрал бага талбайнуудыг “хүйтэн толбо” гэдэг бөгөөд тэмдэгт атом концентраци бага болон бодисын солилцооны идэвхи бага талбайг илтгэнэ.

Процедур хэрхэн явагддаг вэ?
Цөмийн анагаах ухааны дүрслэл нь ихэвчлэн амбулаторийн нөхцөлд хийгдэнэ. Шинжлүүлэгч шинжилгээний ширээн дээр байрлана. Хэрэв шаардлагатай бол сувилагч шинжлүүлэгчийн гарт судсаар шингэн залгадаг.
Таны ямар төрлийн цөмийн шинжилгээ хийлгэхээс шалтгаалж тодорхой тунгаар тэмдэгт атомыг судсаар тарих, залгиулах юмуу амьсгалуулдаг.
Тэмдэгт атом таны бүх биеэр дамжин судалж буй эрхтэн, эдэд абсорбцлогдоход ойролцоогоор 60мин шаардлагатай. Та тайван байж, хөдлөх болон ярихаас сэргийлэх хэрэгтэй.
Та бага зэрэг тодосгогч материал ууснаар энэ нь гэдсэнд хуримтлагдаж улмаар радиологич эмчид шинжилгээг тайлбарлахад хялбар болно.
Үүний дараагаар та PET/CT скан руу орсоноор шинжилгээ эхэлнэ. Та шинжилгээний туршид сканнерт байх хэрэгтэй. СТ скан түрүүлж хийгдэх ба үүний дараа PET скан хийгдэнэ. PET скан хийгдсэний дараа хоёрдахь тодосгогчтой СТ скан хийгдэнэ. СТ скан 2минутаас бага хугацаанд хийгдэх ба PET сканд 20-30мин шаардлагатай. Нийт шинжилгээний хугацаа ойролцоогоор 30мин байна.
Ямар эрхтэн, эдийг шинжилж байгаагаас хамаарч бусад тэмдэгт атом болон эмийн бодис бүхий нэмэлт шинжилгээ шаардлагатай болж болох ба энэ нь шинжилгээний хугацааг 3 хүртэл уртасгаж болно. Жишээ нь: хэрэв та зүрхний эмгэгийг шинжлүүлж байгаа бол дасгалын өмнө болон дараа PET скан хийлгэх эсвэл зүрхний цусны урсгалыг нэмэгдүүлэх эм хэрэглэхээс өмнө болон хэрэглэсний дараа PET скан хийлгэх шаардлагатай.
Шинжилгээ дууссаны дараа технологич нэмэлт зураг хэрэгтэй эсэхийг шалгах хүртэл хүлээх хэрэгтэй. Заримдаа тодорхой хэсгийн бүтцийг сайн харагдуулах болон тодруулахын тулд нэмэлт зураг авдаг.

Процедурын үед болон дараа та юу мэдэрч болох вэ?
Ихэнх цөмийн анагаахын шинжилгээ нь өвдөлтгүй бөгөөд ховорхон тохиолдох таагүй байдал юмуу гаж нөлөө илэрнэ.
Хэрэв тэмдэгт атомыг судсаар хийх бол та бага зэргийн зүүгээр хатгахыг мэдрэх болно. Цацраг идэвхит материалыг таны гарын судсанд тарьсан бол та гараар тань дээш өгсөх хүйтэн мэдрэмжийг мэдрэх боловч ихэвчлэн өөр бусад гаж нөлөө байдаггүй.
Залгиулах үед тэмдэгт атом нь үл ялиг амтагдах юмуу эсвэл огт амтагдахгүй. Амьсгалуулах үед та өрөөний агаараар амьсгалахаас өөр ямар нэг ялгаа мэдрэхгүй.
Зарим процедурын үед таны давсганд катетер тавьж болох бөгөөд энэ нь түр зуурын таагүй байдлыг үүсгэнэ.
Цөмийн дүрслэл оношилгоо нь өвдөлт үүсгэхгүй боловч шинжилгээний үед нэг байрлалд удаан байх нь таагүй байдал үүсгэж болно.
Таны эмч өөр зүйл хэлээгүй бол цөмийн скан шинжилгээний дараа та хэвийн үйл ажиллагаандаа эргэн орж болно. Хэрэв ямар нэг тусгай зөвөлгөө шаардлагатай бол технологич, сувилагч юмуу эмч тань танд шинжилгээ дуусахаас өмнө хэлэх болно.
Цацраг идэвхит задрал нь өөрөө аяндаа явагдах процесс бөгөөд таны бие дэхь бага зэргийн тэмдэгт атом нь хугацаа өнгөрөх тусам өөрийн цацраг идэвхит чанараа алдана. Энэ нь мөн шээс болон өтгөний хамт шинжилгээнээс хойшхи хэдэн цагаас хэдэн өдөрт ялгарч гардаг. Та мөн ус их хэмжээгээр ууснаар цацраг идэвхит материал таны биеэс гадагшлахад тусална.

Үр ашиг хийгээд эрсдэл
Үр ашиг
• Цөмийн анагаахын шинжилгээгээр авч буй мэдээлэл нь бусад дүрслэл оношилгооны процедураар авч боломгүй, ер бусын байна.
• Олон өвчний үед цөмийн анагаахын шинжилгээ нь оношилгоо болон эмчилгээг төлөвлөхөд ихээхэн хэрэгтэй мэдээлэл өгнө.
• Цөмийн анагаахын шинжилгээ нь оношилгооны мэс заслаас илүү хямд бөгөөд тодорхой мэдээллийг өгдөг.
• Биемахбод дахь өөрчлөлтийг эсийн түвшинд тогтоосноор PET скан нь өвчинийг СТ болон MRI зэрэг бусад дүрслэл оношилгооны тестээр илрэхээс өмнө үүсэж эхэлж буй эрт шатанд нь илрүүлдэг.
Эрсдэл
• Тэмдэгт атомын авах тун бага байдаг тул оношилгооны цөмийн анагаахын процедур нь бага хэмжээний цацрагийн ачаалалд өртөх ба энэ нь зөвшөөрөгдөхүйц хэмжээнд байна. Цацрагийн эсрдэл нь үр ашигтай харьцуулахад маш бага байна.
• Цөмийн анагаахын оношилгооны процедур нь 50 гаруй жил л ашиглагдаж байгаа болхоор урт хугацааны гаж нөлөө (бага тунгийн цацрагт өртөх г.м) мэдэгдээгүй байна.
• Цацраг идэвхит эмийн бодисын харшлын урвал тохиолддог ч харьцангуй бага бөгөөд ихэвчлэн хөнгөн байдаг. Хэдий тийм ч та ямар нэг харшилтай бол үүнийгээ цөмийн шинжилгээний ажилтанд хэлэх хэрэгтэй. Мөн урьд өмнөх цөмийн шинжилгээний үед тохиолдож байсан бусад асуудлаа хэлэх нь зүйтэй.
• Эмэгтэйчүүд жирэмсэн юмуу эсвэл хүүхдээ хөхөөр хооллодог бол үүнийгээ өөрийн эмч юмуу рентген технологичид хэлэх хэрэгтэй.

Эх сурвалж:
1. http://www.radiologyinfo.org/en/info.cfm?pg=PET
2. http://en.wikipedia.org/wiki/Positron_emission_tomography

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл