Health News from Medical News Today


Wednesday, April 25, 2012

Цочмог гастрит

Удиртгал
Цочмог гастрит нь ходоодны салст дахь үрэвсэлт өөрчлөлтийг өдөөдөг өргөн хүрээг хамарсан ойлголт юм. Цочмог гастритийг үүсгэдэг хоорондоо ялгаатай хүчин зүйлүүдийн дүнд эмнэлзүйн нэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг. Хэдий тийм ч тэдгээр нь гистологи онцлогийн хувьд ялгаатай байдаг. Үрэвсэл ходоодыг бүхэлд нь хамарсан (пангастрит) эсвэл ходоодны хэсэг газрыг хамарсан (гарах хэсгийн гастрит г.м) байж болно. Цочмог гастрит нь дотроо 2 төрөл зүйлд хуваагдана: шалбархайт (өнгөц ша, гүн шалбархай, цусархаг шалбархай г.м) болон шалбархайт бус (ихэнхидээ H.pylori-оос шалтгаалсан байна). Доорхи зургийг харна уу. 

 Өнгөц гэмтэл бүхий цочмог гастрит


 Цочмог гастритийн үеийн салстын улайлт ба хавагналт

Микроскопид харагдах үрэвсэл (гистологит илрэх гастрит) болон ходоодны зүгээс илрэх шинж тэмдэг (хэвлийн өвдөлт, дотор муухайрах, бөөлжих)-ийн хооронд хамаарал байдаггүй. Цочмог гастрит (үрэвсэл)-ийг илтгэх гистологи өөрчлөлттэй ихэнхи өвчтөнүүд  шинж тэмдэггүй байдаг ажээ. Оношийг ихэвчлэн өөр бусад шалтгааны улмаас дурангийн шинжилгээ хийх үед олж авдаг. Цочмог гастрит иж бүрдэл, нийлмэл шинж тэмдэгээр илэрч болох ба хамгийн түгээмэл илэрдэг нь аюулхайд тодорхойлж хэлэхэд хэцүү эвгүй оргих юм. 

Бусад шинж тэмдэгүүдэд дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил алдагдах, огих болон гэдэс дүүрэх зэрэг ордог. Заримдаа цочмог хэвлийн өвдөлт илэрч болдог. Энэ нь флегмонозный гастрит (ходоодны гангрень)-ийн үед тохиолдох ба энэ үед идээрхэг ходоодны агууламжаар бөөлжих болон дотор муухайрахтай хамтаар хүчтэй хэвлийн өвдөлт илэрнэ. Халуурах, жихүүдэс хүрэх болон зогсиулах шинж мөн илэрч болно.
Цочмог гастрит гэсэн оношийг өвчтөний өгүүлэмжээс сэжиглэж болох ба дурангийн шинжилгээний үед авсан биопсийн дээжинд гистологи шинжилгээ хийж батална.
Эпидемиологийн судалгаанууд гастритийн шинж тохиолдол өргөн тархалттай байгааг харуулж байгаа юм. Нэгдсэн Улсад энэ нь жил бүр ойролцоогоор эмчид хандсан 1.8-2.1 сая тохиолдолд бүртгэгдэж байна. Цочмог гастрит ялангуяа 60-аас дээш настай хүмүүст түгээмэл байдаг. 

Эмгэг жам
Цочмог гастрит олон тооны шалтгаантай байдагт тодорхой төрлийн эмүүд, архи, цөс, ишеми, бактери, вирус, мөөгөнцөрийн халдвар, цочмог стресс (шок), туяаны нөлөө, харшил, хоолны хордлого болон шууд гэмтэл зэрэг багтдаг. Гэмтэл үүсэх түгээмэл механизм нь ходоодны салстын бүрэн бүтэн байдлыг хангаж байдаг хамгаалах хүчин зүйл болон гэмтээх хүчин зүйлийн хоорондох тэнцвэр алдагдах юм. 

Цочмог шалбархайт гастрит янз бүрийн агентууд хийгээд хүчин зүйлд өртсөний улмаас үүсч болно. Үүнийг реактив гастрит гэж нэрлэдэг. Эдгээр агент / хүчин зүйлүүдэд стероид бус үрэвслийн эсрэг эмүүд (NSAID), архи, коккайн, стресс, туяаны нөлөө, цөсний рефлюкс болон ишеми зэрэг багтана. Ходоодны салстад цус алдалт, шалбархай болон шарх илэрнэ. Аспирин, ибупрофен, напроксен зэрэг NSAID-ууд нь цочмог шалбархайт гастриттай холбоотой хамгийн түгээмэл агентууд юм. Энэ нь эдгээр агентуудыг эмчилгээний тунгаар болон эмчилгээний тунгаас давсан хэмжээгээр уухаар эсвэл системийн байдлаар хэрэглэх аль алинд нь үүсч болно. 

Татах хүчний нөлөөллийн улмаас гастритийг өдөөгч агентууд ходоодны их махианы дагуу байрладаг. Энэ нь NSAID-ийг ууж хэрэглэсэн тохиолдолд цочмог гастрит ходоодны их махианд юмуу түүний ойролцоо үүсдэгийг зарим талаараа тайлбарладаг. Хүндрэл бий болох нь цочмог халдвараас илүүтай архаг халдварын улмаас бий болдог. Бусад талаараа эрүүл хүмүүс дэхь H.pylori-ийн халдварын тархалт нас, нийгэм эдийн засгийн нөхцөл, орон нутаг зэргээс хамаарч янз бүр байдаг ажээ. Халдварыг ихэвчлэн хүүхэд насанд авсан байдаг. Баруун орнуудад H.pylori-оор халдварласан хүмүүсийн тоо нас дагаж нэмэгддэг. H.pylori-ийн халдварыг нотлох өөрчлөлт 40-өөс залуу настай хүмүүст 20% байдаг бол 60-аас дээш настай хүмүүст 50% байдаг. Бактери хэрхэн дамждаг нь бүрэн тодорхойгүй байна. Дамжилт хүнээс хүнд өтгөн мөр-амны замаар дамжиж эсвэл халдварлагдсан ус юмуу хүнс хэрэглэх үед дамждаг байх магадлалтай. Энэ нь халдварын тархалт яагаад нийгэм эдийн засгийн хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад их байдгийн шалтгаан юм. H.pylori-ийн ходоодны шархлааны 60%, арван хоёр хуруу гэдэсний шархлааны 80%-тай нь холбоотой байдаг. 

H.pylori-ийн гастрит ихэвчлэн гарах хэсгийн цочмог гастритаар эхэлдэг ба хүчтэй үрэвслийн шалтгаан болж хугацаа өнгөрөх тусам энэ нь ходоодны салстыг бүхэлд нь хамарсан архаг үрэвсэл болдог. 

H.pylori-оор үүсгэгдсэн цочмог гастрит ихэвчлэн шинж тэмдэггүй байна. Бактери ходоодны салстыг бүрхэж байдаг хамгаалах давхарга болох салс бүрхүүлд шигдэж байршдаг. Бактери мочевинийг шүлтэг аммиак болон нүүрсхүчлийн давхар исэл болгож хувиргадаг энзим болох уреазыг их хэмжээгээр нийлэгжүүлэх замаар өөрийгөө ходоодны хүчиллэг байдлаас хамгаалдаг. Шүлтлаг аммиак нь бактерийн орчин дахь ходоодны хүчлийг саармагжуулснаар хамгаалагдах боломж олгодог. 

H.pylori нь мөн хөдлөх боломж олгодог шилбүүртэй ба энэ нь салс бүрхүүл рүү нэвтэрч улмаар ходоодны хучуур эсүүдтэй харилцан үйлчлэхэд тусалдаг. Мөн эдгээр хучуур эсүүдэд бэхлэгдэхэд тусалдаг хэд хэдэн адгезийн молекулуудтай байна. H.pylori мөн IL-8-ийг идэвхижүүлдэг олон тооны хорууд болон энзимүүдийг идэвхижүүлэх замаар үрэвсэл үүсгэх ба IL-8 нь полиморф эсүүд болон моноцитыг дуудсанаар цочмог гастритын шалтгаан болдог. 

Антиген илчлэг эсүүд нь архаг өнгөц гастритад хүргэдэг лимфоцит болон бусад мононуклеар эсүүдийг идэвхижүүлнэ. Халдвар H.pylori-д анх өртсөнөөс хойш цөөхөн долоо хоногийн дотор батлагддаг. H.pylori нь олон тооны хорууд болон энзимүүдийг нийлэгжүүлэх замаар үрэвслийг бий болгодог. Үрэвсэл гүнзгийрэх нь хүчил нийлэгжүүлэх үүрэгтэй ходоодны булчирхайнуудын алдагдахад хүргэнэ. Үүнийг атрофик гастрит (хатингаршилт гастрит) гэдэг. Үүний үр дагавар болж ходоодны хүчлийн нийлэгжил доош унадаг байна. Бактерийн хоруу чанарын генотип гастритын хүндийн зэрэг, гэдэсний метаплази бий болох, ходоодны хучуур эд хувирч өөрчлөгдөх байдлыг тодорхойлогч чухал детерминант юм. Эдгээр хувирч өөрчлөгдөх үйл явц нь ходоодны хорт хавдарт хүргэдэг.
Реактив гастропати гэдэг онош нь H.pylori-ийн шалтгаант гастритын дараагаар ходоодны биопсийн дээжинд үндэслэн тавигддаг хоёр дахь хамгийн түгээмэл онош юм. Энэ эмгэгийг цөсний рефлюксийн улмаас хоёрдогчоор үүсдэг гэж үзэж байгаа ба хэсэгчилсэн гастроэктоми (Биллрот I ба II) дараагаар өвөрмөцөөр илэрдэг байна. Орчин үед үүнийг янз бүрийн бусад ходоод цочроогчдод үзүүлэх өвөрмөц бус хариу урвалын байдлаар илэрдэг гэж үзэж байна. 

Helicobacter heilmanii бол грам сөрөг, нягт мушгирсан, 5-7 эргэлт бүхий хеликс хэлбэрийн организм юм. H. heilmanii-ийн тархалт туйлын бага (0.25-1.5%) байдаг. H. heilmanii-ийн халдварын эх сурвалж тодорхойгүй боловч амьтантай харьцах нь халдвар дамжих зам гэж үзэж байна. 

Сүрьеэ гастрит үүсгэх ховор шалтгаан болдог боловч дархлаа дарангуйлагдсан өвчтөнүүдэд тохиолдолын тоо нэмэгдэж байна. Сүрьеэгийн шалтгаант гастрит ихэвчлэн уушигны эсвэл түгмэл сүрьеэтэй холбоотой байдаг. 

Ходоодны хоёрдогч тэмбүү гастритийн ховор шалтгаан болдог. 

Идээт (флегмозны) гастрит бол гастритийн түгээмэл бус шалтгаан бөгөөд стрептококк, стафиллококк, Proteus-ийн зүйл, Clostridium-ийн зүйл болон Escherichia coli-оос зэргийг багтаасан олон тооны бактериас шалтгаалсан байдаг. Идээт гастрит тамир тэнхээ дордсон өвчтөнүүдэд тохиолдох нь түгээмэл. Энэ нь ойрын хугацаанд архи их хэмжээгээр хэрэглэсэн, хавсарсан амьсгалын замын халдвар болон ДОХ-той холбооттой байдаг. Идээт гэдэг нь холбогч эдийн тархмал өргөн хүрээтэй үрэвслийн процесс юм. Ходоодонд энэ нь ходоодны ханын гүн давхаргын (салстын доорхи ба булчинт)халдварыг илтгэдэг ажээ. Үүний үр дүнд идээрүүлэгч бактерийн халдвар гангреньд хүргэнэ. Идээт гастрит ховор тохиолддог. Эмнэлзүйн онош ихэвчлэн мэс заслын өрөөнд батлагдах ба эдгээр өвчтөнүүд яаралтай мэс засал шаардагдсан цочмог хэвлийн өвдөлттэйгөөр ирдэг. Тохирох эмчилгээ хийгдээгүй үед энэ нь перитонитоор хүндрэх ба үхэлд хүргэнэ. 

Вирусын халдвар гастритын шалтгаан болж болно. Цитомегаловирус гастрит үүсгэх түгээмэл вирусын шалтгаан болдог. Энэ нь ихэвчлэн хорт хавдар, дархлаа дарангуйлагдсан, эрхтэн шилжүүлэн суулгуулсан болон ДОХ-той зэрэг дархлаа дарангуйлагдсан хүмүүст илэрдэг. Ходоод хэсэг газар эсвэл бүхэлдээ эмгэгт өртөж болно. 

Гастрит үүсдэг мөөгөнцөрийн халдваруудад Candida albicans  болон гистоплазмоз орно. Ходоодын фикомикоз  бол өөр нэг ховор тохиолдох үхэлд хүргэдэг мөөгөнцөрийн халдвар юм. Түгээмэл урьдал хүчин зүйл нь дархлаа дарангуйлагдах байдаг. C albicans ховор тохиолдолд ходоодны салстыг хамарна. Хамгийн түгээмэл байрлал нь ходоодны шархан дотор юмуу шалбархайн ором байх хандлагатай байдаг. Ихэвчлэн гарах үр дагавар нь бага байна. Түгмэл гистоплазмоз ходоодыг хамарч болно. Ихэвчлэн илэрдэг эмнэлзүйн онцлог нь ходоодны шарх эсвэл ходоодны их махиан дахь шалбархайнаас цус алдах юм. 

Шимэгчийн халдвар ховор тохиолдолд гастритын шалтгаан болдог. Анизакидоз нь их махианы дагуу ходоодны салстад бэхлэгдсэн хялгасан хорхой (нематод)-оос шалтгаалсан байдаг. Анизакидоз халдварлагдсан сүши болон бусад төрлийн халдварлагдсан түүхий загас идсэнээр бий болдог. Энэ нь ихэнхдээ цөөн хоногийн дотор намддаг хүчтэй хэвлийн өвдөлтийн шалтгаан болдог. Энэхүү хялгасан хорхойн халдвар нь ходоодны махиа хавагнах, шалбархай болон шархлаа үүсэхтэй холбоотой байна. 

Шархлаат-цусархагшилт бүхий гастрит хүндээр өвдсөн өвчтөнүүдэд ихээхэн түгээмэл ажиглагддаг. Шархлаат-цусархагшилт бүхий гастритыг гипотензи болон шок эсвэл судас агшаагч субстанциудын ялгаралтай холбоотой ишемийн улмаас хоёрдогчоор бий болдог гэж үздэг боловч шалтгаан ихэнхидээ тодорхойгүй байна. Ходоодны салстад олон тооны петехиа, ихэвчлэн ёроол болон их бие хэсэгт илрэх ба тархмал цусархагшилт зураглал илэрдэг. Патологи шинжилгээнд гэмтлийн байрлал өөр байдгийг эс тооцвол NSAID эсвэл бусад эм, бодис залгисантай холбоотойгоор бий болох гастриттай адил байна. Энэ төрлийн гастрит хэрэв өвчтөнд цус алдалт явагдаж байвал аминд аюултай байх ба яаралтай гастроэктоми хийх шаардлагатай болдог. 

Цочмог гастритийн микроскопид илрэх баримт нотолгоо Кроны өвчтэй өвчтөнүүдэд ажиглагдах боловч эмнэлзүйд илрэх нь ховор (Кроны өвчтэй өвчтөнүүдийн дөнгөж 2-7%-д тохиолдоно) байна. 

Эозинофилийн гастрит эозинофилийн гастроэнтериттэй холбоотой түгээмэл ажиглагддаг боловч хоолны харшил (үнээний сүү, буурцагны уураг г.м), коллаген судасны өвчин, шимэгчийн халдвар, ходоодны хорт хавдар, лимфома, Кроны өвчин, васкулит, эмийн харшил болон H.pylori-ийн халдвар зэрэг янз бүрийн эмгэгүүдтэй холбоотой байдаг. Ходоодны хана эсвэл хучуур эдийг хамарсан эозинофилийн нэвчдэс илэрнэ. 

Эпидемиологи

Нас баралт/урхаг үлдэлт
Нас баралт/урхаг үлдэлт гастритийн шалтгаанаас хамаарна. Ерөнхийдөө гастритийн ихэнхи тохиолдолууд шалтгааныг нэгэнт тогтоосон бол эмчлэгдэхүйц байна. Нас баралтын хувь 65% байдаг идээт гастритыг эс тооцвол эмчлэгддэг. 

Хүйсийн хамаарал
Хүйсийн хувьд давамгайлах байдал үгүй. 

Нас
Гастритад бүх насны бүлэг өртөж болно. H.pylori-ийн халдварын шинэ тохиолдол настай холбоотой нэмэгддэг. 

Эх сурвалж: 

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл