Health News from Medical News Today


Friday, January 6, 2012

Энгийн герпес вирус

Virus classification
Group: Group I (dsDNA)
Family: Herpesviridae
Subfamily: Alphaherpesvirinae
Genus: Simplexvirus
Species
Herpes simplex virus 1 (HSV-1)
Herpes simplex virus 2 (HSV-2)

Энгийн герпес вирус 1 болон 2 (HSV-1 ба HSV-2)-ийг өөрөөр мөн хүний герпес вирус 1 болон 2 (HHV1 болон HHV2) гэж нэрлэдэг ба хоёул Herpesviridae-ийн бүлд хамаарах вирусууд бөгөөд хүнээс хүнд халдварладаг. HSV-1 (энэ төрөл нь ихэвчлэн уруулын хомхой үүсгэдэг) болон HSV-2 (энэ төрөл нь ихэвчлэн бэлгийн герпес үүсгэдэг) хоёул өргөн тархсэн, маш халдвартай вирусууд юм. Эдгээр нь халдварлагдсан хүнд вирус боловсрох, вирусийн репликаци явагдаж байх үед халдварлах боломжтой байдаг. 

Энгийн герпес вирусийн электрон микроскопийн зураг

Энгийн герпес вирусийн халдвартай хүмүүст илрэх шинж тэмдэг нь ам, уруул, бэлэг эрхтэн орчмын арьс болон салстад усархаг цэврүүнцэр гарах юм. Эдгээр цэврүүнцэрүүд эдгэх үедээ хайрс тогтдог нь герпест өвчлөлийн онцлог. Заримдаа вирус идэвхитэй байх үед шинж тэмдэг маш бага юмуу нийтлэг бус шинж тэмдэг илэрч болдог. Мэдрэл эсэд халдварладаг, мэдрэл гэмтээгч вирусууд болох HSV-1 болон HSV-2 вирусууд нь нууц үедээ биемахбодид удаан хадгалагддаг ба нейроны их биед оршсоноор дархлаа тогтолцооноос нуугдах боломжтой байдаг. Эхний халдварын дараагаар зарим халдварлагдсан хүмүүст вирусийн дахин идэвхижил хааяа тохиолддог. Дахин идэвхижлийн үед мэдрэлийн эс дэхь вирус идэвхижиж мэдрэлийн эсийн аксоноор дамжин арьсан зөөвөрлөгдөх ба энд вирусийн репликаци болон боловсролт явагдаж шинэ хомхойг үүсгэнэ. 

Уруулын хомхой

Халдварлалт

HSV-1 болон HSV-2 нь хоёул вирусийн репликацийн үед халдварлагдсан арьсны хэсгээс хавьталын замаар тархдаг. Хэдий ховор боловч зарим тохиолдолд герпес вирус нь нууц үедээ тархах боломжтой байдаг. Вирус дахин идэвхижиж, арьсан дээр харагдахуйц, нийтлэг өөрчлөлт илэрсэн үед халдварлах магадлал илүү байна. Шинж тэмдэггүйгээр дахин идэвхижих гэдэг нь вирус нийтлэг бус, анзаарагдамгүй шинж тэмдэг үүсгэхийг хэлэх ба идэвхитэй герпесийн халдвар гэж танигдахааргүй байна. Нийтлэг бус шинж тэмдэгүүд нь ихэвчлэн мөөгөнцөрийн халдвар зэрэг өөр бусад шалтгаантай андуурагддаг. HSV-1 нь ихэвчлэн хүүхэд насанд ам-амаар дамжих боловч бэлгийн замаар мөн тархаж болно. HSV-2 голдуу бэлгийн замаар дамжих боловч HSV-1-ийн бэлгийн замаар дамжих халдварлалт нэмэгдсээр байгаа юм. 

Хоёр вирус аль аль нь хүүхэд төрөх үед шууд халдварлах боломжтой боловч бодит эрсдэл маш бага байдаг. Хэрэв төрөх үед эхэд ямар нэг шинж тэмдэггүй юмуу цэврүүнцэрт өөрчлөлт байхгүй бол эрсдэл маш бага байдаг. Эх нь хожуу жирэмсэн үедээ анх удаа халдвар авсан бол эрсдэл харьцангуй их байдаг. 

HSV-ийн анхдагч халдвартай холбоотой илрэх шинж тэмдэг нь хожуу үеийн дахин идэвхижлийн үеийн шинж тэмдэгээс хамаагүй тод байна. Учир нь энэ үед биемахбод вирусийн эсрэг эсрэгбие нийлэгжүүлэх шаардлагагүй болсон байдаг.

Микробиологи
Вирусийн бүтэц
Амьтны герпес вирус нь бүгд зарим нэг нийтлэг шинж чанартай. Герпес вирус нь бүтцийн хувьд харьцангуй том, хос утаслаг, шугаман ДНХ геномтой байх ба энэхүү геном нь капсид гэгддэг изосахарид уургийн бүрхүүл дотор агуулагдаж бүрхүүл гэгдэх липидийн хос давхаргаар хүрээлэгдсэн байдаг. Бүрхүүл нь капсидтай тегумент хэмээх бүтцээр холбогддог. Энэхүү нийлмэл эгэл хэсгийг вирион гэж нэрлэдэг. HSV-1 болон HSV-2 нь хоёул хамгийн багадаа 74 генийг (эсвэл нээлттэй уншигдах хэсгүүд ORF гэнэ) өөрсдийн геномдоо агуулсан байдаг боловч нарийвчлан судалбал 84 өвөрмөц уураг 94 хуурамч ORF-ээр үүсгэгдсэн генүүдээр кодлогддог. Эдгээр генүүд нь капсид, тегумент болон вирусийн бүрхүүлийг бүрдүүлэгч уургууд түүнчлэн репликацийг хянагч уураг болон вирусийн халдварламтгай байдлыг хянагч зэрэг янз бүрийн уургуудийг кодлоно. Эдгээр генүүд болон тэдгээрийн үүргийг хүснэгт жагсаав. 

 Энгийн герпес вирусийн бүтэц

HSV1 болон HSV2-ийн геномууд нь нийлмэл бөгөөд 2 өвөрмөц хэсгийг агуулдаг ба эдгээр хэсгүүдийг урт өвөрмөц хэсэг (UL), богино өвөрмөц хэсэг (US) гэж нэрлэдэг. Мэдэгдээд буй 74 ORF-ийн 56 нь UL -д агуулагддаг бол дөнгөж 12 нь US-д агуулагддаг. HSV-ийн генийн транскрипци эзэн биеийн биеийн РНХ полимераза II энзимээр катализиждаг. Нэн эрт үеийн генүүд нь вирусийн эрт болон хожуу үеийн генийн экспресслийг зохицуулдаг уургуудыг кодлох ба халдварлалтын дараа хамгийн түрүүнд экспресслэгдэнэ. Үүний дараагаар эрт үеийн генийн экспресс явагдах ба ингэснээр ДНХ-ийн репликацид оролцдог энзимүүдийн нийлэгжил болон зарим бүрхүүлийн гликопротейнуудын нийлэгжил явагдах боломжтой болно. Хожуу үеийн генүүдийн экпресс хамгийн сүүлд явагдах ба энэ бүлгийн генүүд нь вирион хэмээх эгэл хэсгийг бүрдүүлэгч уургуудыг кодолдог. Вирусийн капсидыг бүрдүүлэгч 5 уураг: UL6, UL18, UL35, UL38 болон капсидын үндсэн уураг UL19. 

Эсэд нэвтрэх
HSV вирус эзэн эсэд нэвтрэх нь бүрхүүлжсэн вирусийн вирусийн гадаргуу дээрхи хэд хэдэн гликопротейн болон эзэн эсийн гадаргуу дээрхи зарим рецепторуудын харилцан үйлчлэлийн үр дүнд явагддаг. Вирусийн эгэл хэсгүүдийг хамгаалж буй бүрхүүл нь эсийн гадаргуу дээрхи өвөрмөц рецепторуудтай холбогдох үед эзэс эсийн мембрантай уусч нэгдэх ба ингэснээр нээлхий буюу сүв үүсч энэ сүвээр дамжин вирус эсэд нэвтэрнэ. 

HSV-ийн эсэд нэвтрэх үе шатууд энэ төрлийн вирусуудынхтэй адил төстэй байдаг. Нэгдүгээр шатан, вирус болон эсийн гадаргуу дээрхи нэмэлт рецепторууд вирус болон эсийн мембраныг ойрхон зайнд авч ирнэ. Хоёрдугаар шатанд, хоёр мембран нийлж эхлэх ба ингэснээр хагас-ууссан байдал бий болно. Эцэст нь тогтвортой нэвтрүүлэн сүв үүсэх ба үүгээр дамжиж вирусийн бүтцийн хэсгүүд эзэн эс рүү нэвтэрнэ. Герпес вирусийн хувьд эхний харилцан үйлчлэл нь вирусийн бүрхүүлийн гликопротейн болох гликопротейн С (gC) гепаран сульфат гэгддэг эсийн гадаргуугийн уураг хооронд явагдана. Хоёр дахь гликопротейн болон гликопротейн D (gD) эзэн эсийн гадаргуу дахь одоогоор мэдэгдээд буй 3 рецепторын хамгийн багадаа нэгтэй нь өвөрмөцөөр холбогдоно. Эдгээр 3 рецепторууд нь герпес вирус нэвтрүүлэгч медиатор (HVEM), нектин-1, болон 3-О сульфатжисан гепаран сульфат юм. Рецептор эзэн эстэй хүчтэй, нийлмэл холбоос үүсгэх боломж олгодог. Эдгээр харилцан үйлчлэл нь мембрануудыг маш ойрхон зайд авчирснаар вирусийн бүрхүүлийн бусад гликопротейн эсийн гадаргуугийн өөр бусад молекултай харилцан үйлчлэх боломжтой болдог. HVEM-тэй нэгэнт холбогдсон бол gD өөрийн орон зайн бүтцээ өөрчилж вирусийн гликопротейн Н (gH) болон гликопротейн L (gL)-тэй харилцан үйлчилж нийлмэл бүтэц үүгэдэг. Мембраны эдгээр уургуудын харилцан үйлчлэлийн үр дүнд хагас-ууссан байдал бий болно. Үүний дараа gB нь gH/gL-ийн бүрдэлтэй харилцан үйлчилж вирусийн капсидад нэвтрүүлэх сүвийг бий болгоно. Гликопротейн В нь эзэн эсийн гадаргуу дээрхи глюкозамингликантай харилцан үйлчилдэг.

 Энгийн герпес вирусийн репликаци

Генетик материал задрах

Вирусийн капсид эзэн эсэд нэвтэрсний дараа эсийн бөөм рүү зөөгддөг. Бөөмийн нэвтрүүлэх сүвтэй нэгэнт холбогдсон бол капсид нь вирусийн ДНХ-г капсидийн үүдээр дамжуулж бөөм рүү шахаж оруулна. Капсидийн үүд нь 12 ширхэг үүдний уураг болох UL6-аас бүрдэх ба бөгж маягаар цагираглаж байрлана. Уургууд нь амин хүчлийн лейциний дэгээ маягийн дарааллыг агуулах ба энэ нь нэг нь нөгөөтэйгөө наалдах боломж олгоно. Изосахаридан капсид бүр нь оройн хэсэгт байрлах нэг үүдтэй байна.

Дархлаанаас зайлсхийх
HSV нь эсийн гадаргууд дахь MHC I ангийн илчлэлтэд саад болох байдлаар дархлаа тогтолцооноос зайлсхийдэг. Ингэхдээ HSV нь ICP-47 хэмээс уураг ялгаруулж TAP зөөвөрлөгчийг дарангуйлах замаар хэрэгжүүлнэ. TAP нь MHC I ангийн молекултай холбогдож түүний бүрэн бүтэн байдлыг хангадаг. Холбогдохын өмнө TAP нь CD8+ CTL-д танигдах антиген шинж чанартай пептидийг гольжийн аппаратаас зөөвөрлөдөг. ICP-47 нь TAP MHC I ангийн молекултай холбогдохыг алдагдуулна. Ингэхдээ CTL-д илчлэхэд зориулагдсан цитозоль дахь антиген шинж чанартай пептид, уургуудыг урхидаж барьж авснаар CTL хамааралт эсийн деструкциас зайлсхийнэ.

Репликаци
Эсэд халдварласны дараа герпес вирусийн нэн эрт үеийн, эрт үеийн, хожуу үеийн гэгддэг уургууд нийлэгжинэ. Капошийн саркома хамааралт герпес вирус хэмээх герпес вирусийн бүлийн өөр нэг гишүүн дээр хийгдсэн судалгаагаар нэмэлт уусалтын үе байж болохыг дурьдсан байдаг. Энэ нь хожуу үеэс ялгаатай бөгөөд халдварласан эсийг задалж хайлуулах үе юм.
Эрт үеийн уургууд нь вирусийн генетикийн репликацийг зохицуулахад ашиглагддаг. Эсэд нэвтрэх үед α-TIF уураг вирусийн цөмтэй холбогдох ба нэн эрт үеийн транскрипцид нэмэр болж өгдөг. Вирионы эзэн биеийг уусгах уураг (VHS буюу UL41) нь вирусийн репликацид маш чухал. Энэхүү энзим нь эзэн биеийн уургийн синтезийг тасалдуулах ба эзэн биеийн мРНХ-г доройтуулдаг. Энэ нь вирусийн репликаци болон вирусийн уургийн генийн экспрессийг зохицуулахад тусална. Вирусийн геном эсэд нэвтэрсэн даруйдаа бөөм рүү зөөгддөг боловч VHS уураг нь цитоплазмд үлддэг. Хожуу үеийн уургууд нь капсид болон вирусийн гадаргуугийн рецепторуудыг бүрдүүлнэ. Геном, цөм болон капсид зэрэг вирусийн эгэл хэсгүүдийг багцлах үйл ажиллагаа эзэн эсийн бөөмд явагдана. Вирусийн геномийн конкатемер (ДНХ-ийн ижил хэсгүүдийн олон давтагдсан дараалал) таслагдаж урьдчилан бэлтгэгдсэн капсидад байрлана. HSV-1 нь анхдагч болон хоёрдогч бүрхүүлжих процессоор дамждаг. Анхдагч бүрхүүлжилт  эсийн доторхи бөөмийн дотно мембранаар нахиалах үед тохиолддог. Энэ нь бөөмийн гадна мембрантай ууссанаар нүцгэн капсид цитоплазмд чөлөөлөгдөнө.


Энгийн герпес вирусийн репликаци

Эх сурвалж:  


 

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив