Health News from Medical News Today


Thursday, May 24, 2012

Цус сэлбэлттэй холбоотой ёс зүйн асуудал

Ёс зүйн асуудал ямарч цаг үе, орчин нөхцөлд тухайн орон нутгийн хууль тогтоомж, нийгмийн анхаарал, шинжлэх ухааны мэдлэгтэй холбоотой динамик процесс болдог. Энэ нь цус сэлбэлтийн ёс зүйн тухай түүхийг эргэн харахад тодорхой байдаг. Хүн төрөлхтөний цус сэлбэлтийн түүхийн эрт үед буюу 1492 онд VIII Папын амь насыг аврах оролдлогууд хийгдсэн тухай тэмдэглэсэн байдаг. 10 настай гурван хүүгээс цус цуглуулж Пап ламд сэлбэсэн боловч эдгээр гурван хүү болон Пап нас барсан ажээ. 200 зууны дараагаар цус сэлбэх оролдлогыг дахин нэг удаа хийжээ. 1667 онд эмч Richard Lower сэтгэцийн өвчтэй хүнийг эмчлэхийн тулд хонины цусыг сэлбэсэн ба өвчтөнд энэ туршилтанд оролцсоных нь төлөө 20 шиллинг төлжээ. Тухайн жил 34 настай эрэгтэй тугалын цусыг хэд хэдэн удаа сэлбүүлсэн тохиолдол байдаг. Эдгээр оролдлогууд нь эцэстээ сонгодог хэлбэрийн цус сэлбэлтийн цус задралд хүргэсэн ба үүний улмаас цус сэлбэлт хийхийг хориглосон хууль гарч байжээ. 

Лондоны эх барихын эмч James Blundell эх барихын цус алдалттай эмэгтэйн амийг аврахын тулд цус сэлбэлт хийснээр хүнээс хүнд цус сэлбэх асуудал дахин яригдах болжээ. 20-р зуун эхэн үеэс анагаах ухааны цус сэлбэлтийн салбарт цусны бүлгийг тодорхойлох маягт болон хадгалалт зэрэг олон тооны дэвшил бий болсноор цус сэлбэлтийг аюулгүй хийх болсон байна. ХДХВ нь цус сэлбэлтийн аюулгүй байдлын асуудлыг нийгмийн анхааралд татан оруулсан ба түүнчлэн донор болон өвчтөний хоорондох холбоо хамаарлын ёс зүйн асуудлыг хөндөж гаргасан байдаг. 


1982-1983 онд ойролцоогоор цус, цусан бүтээгдэхүүн ХДХВ-ээр халдварлагдсан байсан тохиолдолыг бүртгэсний дараа ДОХ нь бараг л ижил хүйстэн эрчүүдийн өвчин мэт тооцогдож байсан тухайн үед Канадын Улаан Загалмайн Нийгэмлэг ижил хүйстэн эрчүүдээс цус донорлож авахгүй байх журмыг 1992 онд Krever Enquiry бий болгосон ба Америкийн Цусны Банкны Холбоо эдгээр хүмүүсийг цусны донор болгохоос татгалзах болжээ. Канадын Улаан Загалмайн Нийгэмлэг үүнд хариулахдаа энэ үйлдэл нь ижил хүйстэн хүмүүсийг ялгаварласан хэрэг биш гээд үүнийгээ зөвтгөхийн тулд “Нийт нийгмийн эрх ашиг хувь хүний эрх ашгаас дээгүүр” гэж тайлбарлаж байжээ. 

Ёс зүйн ISBT хууль тогтоомж
1980 онд Олон улсын Цус сэлбэлтийн Нийгэмлэг (ISBT) анхны албан ёсны ёс зүйн хууль тогтоомжид гарын үсэг зуржээ. Хожим уг тогтоомжид Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Улаан Загалмайт Нийгэмлэгүүдийн Удирдлага гарын үсэг зурж нэгдэн орсон байдаг. 2000 онд цусыг донорлох болон цус сэлбэх тухай хянан засварласан ёс зүйн хууль тогтоомжид уг асуудалтай холбоо хамааралтай янз бүрийн байгууллагууд нэгдэн орсон байна. Энэ хууль тогтоомжоор донор, цус цуглуулах агентлагуудын ёс зүйн үүрэг хариуцлагыг хөндсөн зөвлөмжүүдийг авч үзсэн ба реципиент хийгээд нийгэмд хамгийн сайн сайхан байх заавар зөвлөмжийг тусгажээ. Уг хууль тогтоомжийг доор нийтэллээ.


Цусыг донорлох болон цус сэлбэлттэй холбоотой ёс зүйн хууль тогтоомж

Энэ хууль тогтоомжийн зорилго нь анагаах ухааны цус сэлбэлтийн салбарт тохиолдох ёс зүйн зарчимууд хийгээд хэм хэмжээг тодорхойлоход оршино.

  • Цус төлжүүлэх эд бүхий чөмөг шилжүүлэн суулгах асуудлыг багтаасан цус донорлох үйл ажиллагаа нь бүх нөхцөлд сайн дурын, хариу төлбөр шаардаагүй байх ба донор болгохоор албадах албадлагагүй байна. Донор нь цус эсвэл цусны бүрэлдэхүүн хэсгүүдийг донорлох, цаашид цус сэлбэлтийн үйл ажиллагаагаар дамжуулж тухайн цусыг хэрэглэх асуудлыг тодорхой мэдээлэл авсны үндсэн дээр зөвшөөрсөн байна.  
  • Өвчтөн цус сэлбэлтийн ашиг тус болон эрсдэлийг мэдсэн, орлуулж болох эмчилгээний талаар мэдээлэл авсан, цус сэлбүүлэх процедураас татгалзах юмуу зөвшөөрөх эрхтэй. Ямарваа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй урьдал удирдамж журмыг сахиж мөрдөнө. 
  • Өвчтөн мэдээллээр хангагдсан зөвшөөрөл өгөх боломжгүй тохиолдолд цус сэлбэлтээр хийгдэх эмчилгээний үндэслэл нь өвчтөний хамгийн чухал хүсэл, сонирхолтой нийцсэн байх ёстой. 
  • Ашиг хонжоо хайсан байдал цус сэлбэлттэй холбоотой үйл ажиллагааг эхлүүлэх, түүнийг үргэлжлүүлэн явуулах үндэслэл болохгүй. 
  • Донор процедуртай холбоотой эрсдэлүүдийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан байх ба донорын эрүүл мэнд болон аюулгүй байдал хамгаалагдсан байх ёстой. Цусны өвөрмөц бүрдэл хэсгүүдийн концентрацийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ямарваа субстанцийн донорыг хэрэглэхтэй холбоотой ямарваа үйл ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарттай нийцсэн байна. 
  • Өвөрмөц нөхцөл байдлуудыг эс тооцвол донор болон реципиент хоорондоо бие биенийгээ таньж мэдэхгүй байх нөхцөл хангагдсан байх ба донорын хувийн нууц хамгаалагдсан байна. 
  • Донор бусдад халдварлагдсан цус донорлоход учрах эрсдэл болон реципиентийн өмнө хүлээх өөрийн ёс зүйн үүрэг хариуцлагыг ойлгосон байна.
  • Цус донорлох үйл ажиллагаа нь тогтмол явагддаг эрүүл мэндийн сонголтын шалгуурыг хянан үзэх дээр үндэслэсэн байх ба хүйс, арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг зэрэг ямарваа ялгаварлал байх ёсгүй. Донор болон реципиент аль аль нь цус сэлбэлтийн үйл ажиллагааг явуулж буй этгээд мэргэжлийн, дадлага туршлагатай байх шаардлагыг шаардах эрхтэй.
  • Цусыг зохих чадвартай, бүртгэлтэй эрүүл мэндийн мэргэжилтний бүрэн үүрэг хариуцлагын дор цуглуулагдах ёстой. 
  • Бүхэл цус донорлох болон гемаферезитай холбоотой бүхий л асуудал зүй зохистой төлөвлөгдсөн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарттай нийцсэн байна.
  • Хэрэв донор болон реципиентэд хор хохирол учирсан бол энэ талаар мэдээ мэдээллийг авсан байна.
  • Цус сэлбэх эмчилгээ нь бүртгэлтэй эрүүл мэндийн мэргэжилтний бүрэн үүрэг хариуцлагын дор хийгдэх ёстой. 
  • Үнэн зөв, бодитой эмнэлзүйн хэрэгцээ шаардлага нь цус сэлбэх эмчилгээний цор ганц үндэс суурь болно. 
  • Цус сэлбэлт хийсэнтэй хийснээр ямар нэг эдийн засгийн шагнал урамшуулал байж болохгүй. 
  • Цус бол нийгмийн нөөц баялаг бөгөөд түүнийг ашиглахад хязгаарлалтгүй байна. 
  • Өвчтөн зөвхөн эмнэлзүйн хувьд таарч тохирох, хамгийн тохиромжтой аюулгүй байдлыг хангаж чадах өвөрмөц бүрэлдэхүүн хэсгийг (эсүүд, сийвэн, сийвэнгээс ялгаж авдаг бүтээгдэхүүнүүд) аль болох урт хугацаанд сэлбүүлнэ. 
  • Цус сэлбэх дэг журам нь энэхүү ёс зүйн хууль тогтоомжтой нийцсэн болох нь зөвшөөрөгдсөн, үүнийг хэрэгжүүлэх эрх мэдэлтэй үндэсний юмуу олон улсын эрүүл мэндийн байгууллага болон бусад агентлагуудаар баталгаажсан байна. 
Донортой холбоотой ёс зүйн асуудлууд
Цус донорлох нь бэлэгтэй адил: ДЭМБ үндэсний цус сэлбэх, цуглуулах үйл ажиллагаа сайн дурын, хариу төлбөр шаардаагүй цус донорлолтод суурилсан байх хэрэгтэйг зөвлөдөг. Хэнийг ч гэр бүлийн эсвэл эдийн засгийн эсвэл өөр бусад шалтгааны улмаас донор болхоор албадаж болохгүй. Хүний цус болон биеийн хэсгийг худалдаалах нь ёс зүйгүй юм. “Хүний нэр хүнд, үнэт байдлыг хүндэтгэж үзнэ”.
Хариу төлбөр шаардаагүй цус донорлолтыг бэлэг гэж үзэх ба хэрэв тухайн донор шаардлага хангахгүй бол цусны төв түүнээс татгалзах юмуу зөвшөөрөх эрхтэй. Донороос татгалзах нь ялгаварлаж буй мэт, хүний эрхийг зөрчиж буй мэт харагдаж болох ч бөгөөд цусны төвүүд нь донор биш өвчтөнүүдэд тусалдаг тул өвчтөний аюулгүй цус авах эрх нь донорын ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхээс илүү чухал.
Донорын нууцлалт, донорын бүртгэл ба донор болхоор зөвшөөрөх: Донорын нууцлалт бол чухал асуудал юм. Донор болохын өмнөх ярилцлагын явцад болон донорлож өгсөн бүтээгдэхүүнд янз бүрийн шинжилгээ хийх үед олж авсан мэдээллээс хувийн мэдээлэл ил болдог ба үүнийг донорын төв нууц байдлаар хадгалах үүрэг хүлээнэ.
Донорын скрининг болон шинжлэх асуудал энгийн байх хэрэгтэй. Өнөө үед доноруудаас тэдний амьдралын хэв маягийн талаарх мэдээллийг хувийн асуултуудаар авч лабораторийн цуврал шинжилгээнд оруулж байна. Цусны төв, цусны донор, эмч болон өвчтөнүүдийн хооронд олон талын ач холбогдолтой харилцаа холбоо байх хэрэгтэй. Цусны төвд хийгдсэн шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан үед эмчээс зөвлөгөө авч, шинжилгээ хийх процедурыг эргэлзээтэй эсэхийг магадлах хүртэл хуурамчаар эрүүл хүн гэж мэдээлнэ. Илүү өвөрмөц шинжилгээ дээрх өөрчлөлттэй хариуг үгүйсгэж, донор эрүүл гэж ангилагдах боломжтой. Тэгээгүй тохиолдолд донор цусны төвөөс сэтгэл санааны хохиролд зориулж нөхөн төлбөр шаардахын зэрэгцээ дахиж хэзээ ч цус өгөхгүй байж болно.
Донорын талаарх хувийн нууцыг хадгалах болон шаардлагатай мэдээллийг гэр бүлийн гишүүн, цусны төвийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд, цагдаагийн газар зэрэг гуравдагч этгээдэд мэдээлэх хэрэгцээ шаардлага цусны төвд ихэнх тохиолдолд дарамт шахалт болдог.
Цусны аюулгүй байдал зарим талаар донорын өгч буй мэдээллээс хамаардаг бөгөөд энэ нь мөн донорын үнэн зөв мэдээлэл өгөх ёс зүйн үүрэг хариуцлага юм. Эрсдэлтэй зан үйл эсвэл эрүүл мэндийн талаарх мэдээллийг санаатай нуун дарагдуулсан ёс зүйгүй үйлдэл юм. 

Өвчтөнтэй холбоотой ёс зүйн асуудлууд
Өвчтөнтэй холбоотой ёс зүйн асуудлуудад эрсдэлгүй аюулгүй цусыг төлбөргүйгээр, нөхөн төлбөргүйгээр авах, цус сэлбүүлэхдээ мэдээ мэдээлэл авсны үндсэн дээр зөвшөөрөх, цус сэлбүүлэхээс татгалзах, хэрэв цус сэлбүүлснээр хор хохирол учирсан бол энэ талаар мэдээлэл авах эрх зэргийг багтаадаг.
Цус сэлбүүлэхийг зөвшөөрөх: Цус сэлбүүлэх зөвшөөрөл нь мэдээ мэдээлэлд үндэслэсэн зөвшөөрөл байна. Өвчтөн цус сэлбүүлэхийн ашиг тус болон эрсдэлийн талаарх мэдээлэл болон аутолог цус сэлбэлт, эритропоэтин эмчилгээ зэрэг орлуулж болох эмчилгээний талаар мэдээлэл авсан байх хэрэгтэй. Зөвхөн эдгээр мэдээллийг авсаны дараа зөвшөөрлийг бичгээр баталгаажуулна. Хэрэв өвчтөн урьдчилан мэдээлэл авсан зөвшөөрөл өгөх боломжгүй бол цус сэлбэлтээр хийгдэх эмчилгээ нь өвчтөнд хамгийн тустай ашиг сонирхолын хүрээнд хийгдэнэ.
Цус сэлбүүлэхээс татгалзах эрх: Цус сэлбүүлэхээс татгалзсан өвчтөний эрхийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Ехова зэрэг зарим шашны урсгалд цус сэлбүүлэхийг зөвшөөрдөггүй. Энэхүү итгэл үнэмшлийг дагагчид Энэтхэгт амьдардаг ба энэ бүс нутагт цус сэлбүүлэхээс татгалзах тохиолдолтой тулгарч болно.
Хэрэв цус сэлбүүлсэнтэй холбоотой хор хохирол учирсан бол энэ талаар мэдээлэл авах эрх: Хэрэв өвчтөн түүнд зориулагдаагүй цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн бол эсвэл цус сэлбүүлсэнтэй холбоотой хор хохирол учирсан эсэхийг мэдэх эрхтэй.
Цус цуглуулах ёс зүйн зарчим: Ашиг хонжоо олох гэсэн ойлголт цус цуглуулах, цус сэлбэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулах үндэс суурь болох ёсгүй. Боломжит донор болон реципиентийн эрх ашгийг хамгаалахын тулд хор хохиролоос урьдчилан сэргийлсэн байх хэрэгтэй. 

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив