Health News from Medical News Today


Wednesday, February 4, 2009

Ателектаз

Энэ нь цулцангийн хөндий гүйцэд бус тэлэгдсэнээс болж уушигны эзэлхүүн багасах эмгэг юм. Үүний улмаас уушигны артери дахь цус хүчилтөрөгчөөр гүйцэд хангагдаж чадалгүй венд шилжих ба уушигны агааржилт, цусан хангамжийн балансыг алдагдуулж гипоксид хүргэдэг. Гол шалтгаан механизм нь цулцан дарагдаж шалчийх бөгөөд дараах төрлийн ателектаз байна.
1. Бөглөрлийн ателектаз. Агаар дамжуулах замд саадтай болж сүв нь нарийсан цулцанд орох агаарын хэмжээ багассанаар энэ төрлийн ателектаз үүснэ. Цулцанд үлдсэн бага хэмжээний агаар нь шимэгдэх ба гаднаас агаар орж ирэхгүй тул цулцан шалчийж ателектаз болно. Бөглөрлийн ателектазын түгээмэл шалтгаан нь астма, бронхоэктаз, архаг бронхит зэрэг өвчний үед салс болон салслаг идээгээр бронхиол бөглөрснөөс болно. Үүнээс гадна гадны биет, хавдар (бронхийн карцинома), томорсон тунгалгийн булчирхай, судасны аневризм зэргээс болж амьсгалын замд саад бий болдог.

2. Дарагдлын ателектаз. Цээжний хөндийд шингэн, цус, агаар орж хуримтлагдан уушгийг механикаар дарснаас болж энэ хэлбэрийн ателектаз үүснэ. Түгээмэл шалтгаан нь зүрхний ачаалал ихсэх эмгэгийн улмаас цус зогсонгишин плеврийн шингэний үүсэлт ихссэнээс болдог. Үүнээс гадна бэртэл гэмтэл болон сүрьеэ, хавдар, инфаркт зэрэг өвчний үед уушигний эд үхжин, идэгдэж плевр цоорсоны улмаас түүнд хий хуртимтлагдан ателектаз үүсдэг. Мөн асцит, хэвтрийн өвчтөн, мэс заслын дараах хэвтрийн үед өрцний хөдөлгөөн хязгаарлагдсанаас үүсч болно.

3. Микроателектаз. Микроателектазын үед уушигны эзэлхүүн багасах шалтгаан нь олон янзын нарийн төвөгтэй бөгөөд эдгээрээс гол чухал нь сурфактантын алдагдал юм. Шалтгаан нь төрсний дараа болон неонатал үеийн амьсгалын гажуудал, зарим нэг үрэвсэл хавдар зэрэг уушигны эмгэгийн үед тохиолдоно. Эмнэлгийн нөхцөлд өвчтөнг цэвэр хүчилтөрөгчөөр удаан хугацаанд амьсгалуулах нь сурфактантын задралд хүргэх ба улмаар сурфактант дутагдлын улмаас цулцан шалчийдаг.

4. Contraction ателектаз. Уушигны эд холбогч эдээр солигдож цулцан дарагдах, плеврийн тэлэгдэх чанар алдагдах, уушигны уян чанар алдагдах зэрэг шалтгаанаар үүснэ.

Ателектазын хэлбэрүүд

Практикт уушги шалчийх эмгэг нэрийн доор ателектаз, коллапс хоёрыг хамтатган ойлгодог боловч ателектаз гэдэгт төрөх үед нярайд илрэх цулцангийн сунах чадварын дутмагшилыг хамааруулж ойлгох нь илүү тохиромжтой юм.
Энэ нь төрөх үедээ амьсгал гүйцэд авч чадаагүй нярайд тохиолдох эмгэг бөгөөд хоёр уушги жижиг, хөхөлбий өнгөтэй, цээжний хөндийн зай ихэссэн, зүрх том судсууд бүрэн ил гарсан байх ба гистологи бүтцийн хувьд коллапсаас ялгагдах онцлогтой байдаг. Ателектазын үед коллапстай адил цулцангууд шахагдаж дарагдсан мэт байх боловч цулцангийн эпители нь шоо дөрвөлжин байдаг ба энэ нь цулцангууд анхнаасаа тэлж чадаагүй тул шоо дөрвөлжин эпители нь хавтгай болж өөрчлөгдөлгүй тэр чигээрээ үлдсэнээс болсон байдаг. Өөрөөр хэлбэл уушги анхнаасаа тэлж чадалгүй цулцангууд шалчийсан байдаг тул ателектаз буюу уушги шалчийх гэдэг нэрээр дээрх эмгэгийг нэрлэх нь илүү тохиромжтой.
Харин коллапсийн үед анх гүйцэд тэлэгдсэн цулцангууд маань дээр дурдсан 4 шалтгааны улмаас шалчийн тэлэгдэх чадваргүй болдог тул хэвийн байсан уушги үйл ажиллагаагаа гүйцэд явуулж чадахгүй уналтанд ордог гэсэн утгаар коллапс буюу уушгины уналт гэж нэрлэх нь илүү тохиромжтой юм.

Tuesday, February 3, 2009

Вальденстрёмын макроглобулинеми

Вальденстрёмын макроглобулинеми (ВМ) нь ховор тохиолдох удаан ургалттай Ходжкины бус лимфома юм. Үүнийг өөрөөр лимфоплазмацитик лимфома гэж нэрлэдэг бөгөөд энэ нь В эсийн гаралтай лимфома.
1944 онд Шведийн эмч Ян Вальденстрём энэхүү эмгэгийн үед илрэх шинж тэмдэгийг тэмдэглэсэн тул түүний нэрээр нэрлэжээ.

В эс нь биеийн дархлаа тогтолцооны чухал хэсэг бөгөөд тунгалагийн булчирхай, дэлүү, болон бусад лимфоид эд, ясны чөмгөнд байдаг. Зарим В эс нь плазмоцит эс болж эсрэг бие нийлэгшүүлж ялгаруулах ба энэхүү эсрэгбие нь биемахбодын вирус, бактери болон бусад гадны биетийн эсрэг өвөрмөц хамгаалах тогтолцоог бүрдүүлдэг.

ВМ-ийн үед хэвийн бус лимфоплазмацитоид эсүүд үүсч улмаар хяналтгүйгээр үржин олширч өндөр молекулт моноклон IgM-г ихээр нийлэгшүүлж эхэлдэг. IgM-ийг ихээр нийлэгшүүлснээс яваандаа цусан дахь концентраци нь ихсэж цус өтгөн, зуурамтгай болдог. Ингэснээр Вальденстрёмийн макроглобулинемийн үеийн цусны зууралдамтгай чанар ихсэх хам шинжийг үүсгэнэ. (толгой эргэх, өвдөх, дотор муухайрах г.м. Эдгээр нь цусны зууралдамтгай чанар ихэссэнээс тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ багассанаас болдог)

Шалтгаан
ВМ үүсгэдэг тодорхой шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. Зарим тохиолдолд эрдэмтэд ВМ-ийн шалтгааныг удамшилтай холбож үздэг бөгөөд учир нь энэхүү эмгэг нэг гэр бүлийнхэнд дамжсан байдаг.

Эмгэг бүтэц
Макро бүтэц: Ихэвчлэн цээж, хэвлий, цавьны тунгалагийн булчирхай томрох ба элэг, дэлүү томорч болно.
Микро бүтэц: ВМ-ийн үед үүсэх лимфоплазмацитоид эсүүд нь нь морфологийн хувьд сийвэнт эс болон лимфоцит эсийн завсрын эсийн шинж чанартай байдаг. Лимфоплазмацитоид эсүүд нь том бөөмтэй, бага хэмжээний цитоплазмтай эсүүд байна.
ВМ-ийн үед үүсэх лимфоплазмацитоид эсүүд

Ясны чөмөг болон тунгалагийн зангилааны фолликул хоорондын орон зайд тархмал пролифераци бүхий жижиг лимфоцит, плазмацитоид лимфоцит, плазмацит эсийн нэвчдэс үүссэн байдаг.


Ясны чөмгөн дэхь лимфоплазмацитоид эсийн нэвчдэс


Вальденстрёмийн макроглобулинемийн үеийн лимфоплазмацитоид эсүүд


Сумаар плазмабласт эсийг тэмдэглэсэн ба түүний доор арай цайвар цитоплазм бүхий плазмацит эс байна

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл