Health News from Medical News Today


Thursday, January 19, 2012

Хүйн цуснаас ялгасан үүдэл эсээр 1-р хэлбэрийн чихрийн шижингийн тавиланг өөрчилнө

Хүйн цуснаас ялгасан үүдэл эс нь 1-р хэлбэрийн чихрийн шижин бүхий хүмүүсийн дархлаа тогтолцооны Т эсүүдийг дахин боловсруулснаар эдгээр өвчтөнүүдийн нойр булчирхайн дахин инсулин нийлэгжүүлж эхлэх ба улмаар инсулин тарих хэрэгцээг бууруулах боломжтой юм. Энэ бол Чикаго дахь Иллиноисын Их Сургуулийн Dr Yong Zhao-аар удирдуулсан судалгааны багийнхны нээлт бөгөөд BMC Medicine сэтгүүлийн өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригийн дугаарт нийтлэгджээ. 

1-р хэлбэрийн чихрийн шижин нь биемахбодийн өөрийн дархлаа тогтолцоо нойр булчирхай дахь инсулин нийлэгжүүлэгч арлын бета эсүүдийг довтолж, устгасны улмаас үүсдэг. Үүний үр дүнд биемахбод инсулин үйлдвэрлэж чадахгүй болох ба энэ нь цусан дахь глюкозын хэмжээ аюултай түвшинд хүртэл нэмэгдэх шалтгаан болж биемахбодийн бүхий л эрхтэнүүдийг гэмтээдэг. 
Судлаачид өгүүллийн удиртгал хэсэгт дурьдахдаа хулгана болон чихрийн шижин бүхий хүний эс дээрхи сорилын үр дүнгээс харвал хүйн цуснаас үүсэлтэй мултипотент эсүүд нь зохицуулагч Т эсүүд болон хүний нойр булчирхайн арлын бета эс өвөрмөц Т эсийн клоныг өөрчлөх замаар аутоиммун хариу урвалыг хянах боломжтой гэжээ.

Хүйн цус гэдэг нь хүүхэд төрсний дараа ихэс болон хүйнээс цуглуулсан цус юм. Энэ нь олон төрлийн цусны болон удамшлын эмгэгийг эмчлэх чадамжтай үүдэл эсүүдийн баялаг эх үүсвэр болдог. 

Tuesday, January 3, 2012

Бамбайн хордлого - Тиреотоксикоз

Зовиур: Хоолны дуршил ихэссэн боловч биеийн жин буурах, халуунд тэсвэргүй болох, хөлрөх, гүйлгэх, чичрэх, цочромтгой болох, эмх замбараагүй хөдөлгөөн илрэх, сэтгэл санаа тогтворгүйтэх, дэмийрэх, бие загатнах, биений юм ирэх нь багасах (олигоменоррей) нь үргүйдэлийн шалтгаан болж болно.
 
Шинж тэмдэг: Зүрхний цохилт↑, тосгуурын фибрилляци, биеийн захын хэсгүүд халуун байх, жижиг чичиргээ, гарын алга улайх, үс шингэрэх, зовхи арагш татагдах (эмчийн гарыг дагуулан өвчтөн доошлуулан харахад нүдний зовхи арагш татагддаг). Хэрэв цусны даралт↑ бол феохромоцитома байж болохыг анхаар. 
Грейвсийн өвчний үеийн нэмэлт шинжүүд: нүд бүлтийх (экзоофтальм); бамбайн шуугиан (хэт идэвхижсэн бамбай булчирхай дээр чагнахад шуугиан сонсогдох. Энэ нь цусны урсгал нэмэгдсэнээс улбаатай), офтальмоплеги, витилиго, претибиал микседем (гадна талын шагайнаас дээш хаван төст хавдах, микседем гэдэг нэр томьёо энд маргаантай); бамбайн acropachy (бамбайн аутоиммун өвчний дээд илрэл, хурууны үзүүр бөмбөрийн цохиур мэт болох, гар хөлийн хуруу хавдаж өвдөлттэй байх, мөчдийн яснуудад периостийн урвал үүсэх).   

Monday, January 2, 2012

Таргалалтаар өдөөгдсөн тархины өөрчлөлт нь жингээ хянах хэцүү байдгийн шалтгаан байж болно

Таргалалтын үр дүнтэй эмчилгээнд тулгарч буй хамгийн том саад тотгор бол хоолны дэглэм болон дасгал хөдөлгөөнөөр олж авсан жин хасалт эргэж хэвэндээ орох хандлагатай байдагт оршдог. Энэ нь физиологийн шалтгаанаас улбаатай байж болох тухай баримт нотолгоонууд улам бүр нэмэгдсээр байна. Тун саяхан Австралийн судлаачдын бүтээлд дурьдагдсанаар их хэмжээний жин хасалтын дараа хоолны дуршилыг зохицуулагч дааврууд хоолны дуршилыг нэмэгдүүлэх түвшинд дахин хүрдэг ажээ.  

Энэхүү шинэ судалгаа Journal of Clinical Investigation сэтгүүлийн 12 сарын 27-ны дугаарт нийтлэгдсэн ба цааш цаашдын баримт нотолгоо шаардлагатай байгаа юм. Ахлах автор болох Вашингтоны Их Сургуулийн анагаах ухааны профессор Dr. Michael W. Schwartz болон түүний багийнхан хоолны дэглэмээр өдөөгдсөн таргалалт бүхий мэрэгч болон хүнд жингийн хяналтыг зохицуулж байдаг тархины хэсэгт хэрхэн бүтцийн өөрчлөлт гардагийг тайлбарлажээ.

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл