Health News from Medical News Today


Monday, June 18, 2012

Атеросклероз үүсэх эмгэг жамын онолууд

Тодорхойлолт
Америкийн Зүрхний Нийгэмлэгийн (2002) дурьдсанаар атеросклероз нь судасны ханын зузаарал болон хатуурлаар тодорхойлогддог том болон дунд голчтой артериудын эмгэг юм. Энэ үед товруу гэж нэрлэх субстанци артерийн судасны дотор давхаргад хуримтлагддаг. Хугацаа өнгөрөх тусам энэхүү хуримтлал артерийн судсыг хангалттай хэмжээгээр нарийсгах улмаар цусны урсгалыг ач холбогдол өгөхүйцээр бууруулах хэмжээнд хүртэл томорно. Атеросклероз зүрхийг цусаар хангадаг артерийг хамарсан байгаа үед эцэстээ зүрхний булчингийн цусан хангамжийг хязгаарласнаар зүрхний өвдөлт (бах), зүрхний агшилт жигд бус болох (хэм алдагдал) болон бусад асуудлуудын шалтгаан болдог. Товруу нь мөн амархан задарч, шархалж болдог. Шархалсан товруун дээр бүлэн (тромбо) бүрэлдэж болох ба ингэснээр артерийн судсыг бөглөх эсвэл задарч биеийн бусад хэсэг рүү зөөвөрлөгдөж болдог (эмболи). Аль нэг нь тохиолдоход зүрхийг тэжээдэг судсыг (титэм артери)-д бөглөрөл үүсгэж улмаар миокардийн шигдээс бий болно. Хэрэв атеросклероз тархийг тэжээдэг артерийг хамарсан байвал тухайн хүнд түр зуурын ишемийн дайрлага (TIA) юмуу харвалт бий болно. Хэрэв гар эсвэл хөлний цусан хангамж буурвал энэ нь алхах, гараа хөдөлгөхөд бэрхшээлтэй болгох ба улмаар үхжил үүсгэдэг. 

Friday, June 15, 2012

Харшил ба зүрх судасны тогтолцоо

Хураангуй: Харшилт эмгэгүүдийн хамгийн аюултай, аминд халтай илрэл нь анафилакс ба энэ нөхцөл байдлын үед эмнэлзүйд илэрч буй голлох шинж тэмдэгүүд ба аминд аюултай үр дагаварт хүргэх зэрэгт зүрх судасны тогтолцоо гол үүрэгтэй байдаг. Зүрх нь харшлийн урвалын үед чөлөөлөгддөг химийн медиаторуудын эх сурвалж хийгээд бай эрхтэн болдог. Шигүү мөхлөгт эсүүд хүний зүрхэнд ихээр байршдаг ба ингэхдээ томоохон титэм артериудын адвентицийн эргэн тойронд болон жижиг интрамурал судаснуудтай ойрхон харьцах боломжтой байдлаар давамгайлж байрладаг. Зүрхний шигүү мөхлөгт эсүүд харшил төрүүлэгч (аллерген), хавсаргын хүчин зүйлс, ерөнхий мэдээгүйжүүлэгч болон булчин сулруулагч зэрэг янз бүрийн өдөөгчдийн нөлөөгөөр идэвхижих боломжтой. Дархлааны гаралтай идэвхижсэн хүний зүрхний шигүү мөхлөгт эсүүдээс ялгарсан медиаторууд ховдолын үйл ажиллагаа, зүрхний хэм болон титэм артерийн тонуст хүчтэй нөлөөлдөг. Гистамин, цистейнил лейктриенүүд болон ялтас идэвхижүүлэгч хүчин зүйл (PAF) нь сөрөг инотроп нөлөө үзүүлэх ба миокардийн депрессийг өдөөж энэ нь анафилаксийн шокийн эмгэг жамыг ач холбогдол өгөхүйц дэмжиж өгдөг байна. Түүгээр зогсохгүй зүрхний шигүү мөхлөгт эсүүд хэсэг газарт ангиотензины тогтолцоог идэвхижүүлдэг химаза болон ренинийг ялгаруулдаг ба ингэснээр цаашид артериолын судас нарийсалтыг өдөөдөг. Ишемийн гаралтай зүрхний эмгэгтэй болон тэлэгдэлийн кардиомиопатитай өвчтөнүүдэд зүрхний шигүү мөхлөгт эсүүдийн тоо болон нягтшил нэмэгдсэн байдаг. Энэ байдал нь яагаад эдгээр нөхцөл байдлууд аминд аюултай анафилаксын эрсдэлт хүчин зүйлс болдогийг тайлбарлахад тусалж болох юм. Зүрхний шигүү мөхлөгт эсийн идэвхижилд оролцдог механизмыг сайтар ойлгох нь системийн анафилаксаас сэргийлэх, түүнийг эмчлэхэд түлхэц болох юм. 

Түлхүүр үг: Анафилакс, зүрх, шигүү мөхлөгт эс, медиаторууд

Tuesday, June 12, 2012

Гистамин, Шигүү мөхлөгт эс ба Зүрхний дутагдал: Энд ямар нэг холбоо хамаарал байгаа юу?

Бид олон жилийн өмнөөс гистамины рецептор зүрхэнд байдаг тухай мэддэг билээ. 1990-ээд оны эхээр хүний Н1 болон Н2 рецепторуудыг тодорхойлсон байдаг бол үүний араас хэдэн жилийн дараа Н3 болон Н4 рецепторуудыг тодорхойлсон байдаг. Гистамин нь байгалиас биемахбодийн бүхий л хэсгүүдэд тодорхойлогддог биемахбодий бүрэлдэхүүн хэсэг болдог ба ялангуяа төв мэдрэлийн систем, шигүү мөхлөгт эс, ходоодны салст болон базофиль эсэд илүүтэй тодорхойлогддог. Н1 рецептор нь Gα-q11-тай холбогдсоноор олон тооны эсийн доторхи дохио дамжилтыг идэвхижүүлдэгийн дотор цагирагт аденозин монофосфат (цАМФ) болон цагирагт гуанозин монофосфат (цГМФ) багтдаг. Зүрхэнд гистамин нь Н1 рецептороор дамжуулж тосгуур-ховдолын зангилааны сэрэл дамжуулах хугацааг удаашруулдаг. Мөн Н2 гистамины рецептор зүрхэнд тодорхойлогддог ба Gα-s уурагтай холбогдож цАМФ-аар дамжуулж хронотропик болон инотропик идэвхижүүлэх нөлөө үзүүлнэ. Н2 гистамины рецептор нь мөн даралт буурах, нүүр халуу оргиж улайх, толгой өвдөх, ходоодны хүчил ялгарал нэмэгдэх, судасны нэвчимхий чанар ихсэлтийг дэмжиж өгдөг. Тиймээс мөн чанартаа гистамин бол жинхэнэ мэдрэлийн гаралтай даавар юм. 

Wednesday, January 11, 2012

Аспирин тогтмол хэрэглэх нь эрүүл хүмүүст ашиг тустай байхаас илүү хор хохиролтой байх магадлалтай

Зүрхний дайрлага, харвалт зэрэг зүрх-судасны эрсдэлийн талаар өгүүлэмжгүй эрүүл хүмүүст ердийн тунгаар аспириныг тогтмол хэрэглэх нь дотуур цус алдах эрсдэлд хүргэх буюу энэхүү эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээн UK-led судалгаанд үндэслэн онлайн Archives of Internal Medicine сэтгүүлийн Даваа гаригийн дугаарт нийтэлжээ.

Лондоны St George's University-ийн зүрх-судасны эмгэгээс урьдчилан сэргийлэлтийн профессор, тус нийтлэлийн ахлах судлаач Kausik Ray болон түүний багийнхан 100000 гаруй эрүүл хүмүүсийг хамарсан 9 эмнэлзүйн судалгааны мэдээ мэдээлэлд анализ хийсэн ба эдгээр хүмүүсийн хагас нь дунджаар 6 жилийн турш аспирин хэрэглэсэн, хагас нь плацебо хэрэглэсэн байна.

Тэд аспириныг өдөр бүр юмуу эсвэл аль нэг өдөр тогтмол хэрэглэх нь зүрх-судасны эмгэгийн тохиолдолыг 10%-иар бууруулдаг боловч энэхүү бууралтын ихэнх нь аминд аюултай бус зүрхний дайрлагад хамаарч байсан бөгөөд зүрхний дайрлагын улмаасх нас баралт, аминд аюултай болон аюулгүй харвалтуудад хамаарахгүй байсныг илрүүлжээ.
Тэд мөн энэхүү бага зэргийн ашиг тус бүхий үр нөлөө нь аминд аюултай байж болох дотуур цус алдалтын эрсдэлийг 30%-иар нэмэгдүүлдэг гэдгийг тогтоожээ.

Saturday, January 7, 2012

Биомаркерийн шинжилгээ зүрхний дайрлагын оношлогоог ач холбогдол өгөхүйц хурдасгана

JAMA сэтгүүлийн 12 сарын дугаарт нийтлэгдсэн судалгаанд үндэслэн цээжний өвдөлттэйгөөр яаралтай тусламжийн хэсэгт хүргэгдсэн өвчтөнүүдэд тропонин I, булчингийн эд дэхь уургууд зэрэг биомаркеруудын түвшинг одоо хэрэглэж буй болон шинээр бий болгосон өндөр мэдрэг тропонин илрүүлэлтийг ашиглан тогтоосноор зүрхний дайрлага гэсэн оношийг үгүйсгэх боломжтой гэжээ. Өвчтөнийг эмнэлэгт хүргэснээс 3 цагийн дараа биомаркеруудын түвшин өөрчлөгдөх нь зүрхний дайрлага гэсэн оношийг батлахад ихээхэн ашиг тустай байдаг ажээ. 

Цээжний хурц өвдөлт нь өвчтөнүүд яаралтай тусламжийн хэсэгт хандах хамгийн түгээмэл шалтгаан болдог. Судлаачдын бичсэнээр:

"Миокардийн ишемитэй байж болох дунд болон өндөр эрсдэлтэй хүмүүсийг эрт илрүүлэх нь амин чухал байдаг. Учир нь ингэснээр эрт үед, эрчимтэй эмчилгээ явуулахад ихээхэн ашиг тустай. Олон улсад мөрдөгдөж буй зөвшилцөлөөр бол миокардийн шигдээсийг тогтоох, миокардийн шигдээс гэж оношлохдоо голчлон зүрхний тропонины түвшин 99%-иар нэмэгдэх буюу хугацааны туршид нэмэгдэж, буурч өөрчлөгдөх дээр үндэслэж байна" гэжээ. 

Monday, October 24, 2011

Гурван хавтаст болон уушигны артерийн хавхлагуудын гажиг

Стенозтой эсвэл регургитацитай баруун зүрхний хавхлагуудын үр дагаваруудын зарчим зүүн талынхтайгаа адил (хуудас 194-201). Ялгаатай байдал нь цусны эргэлтийн урсгал дагуу (уушигны артери) болон урсгал сөрөх (хөндийн венүүд) шинж чанараас улбаатай байдаг.
Ховор тохиодох гурван хавтаст хавхлагын стенозын шалтгаан нь ихэвчлэн хэрэхийн халууралт байх ба гурван хавтаст хавхлагын регургитаци мөн ижилхэн шалтгаантай байх бөгөөд ихэвчлэн хавсарсан байдлаар митрал хавхлага эмгэгт өртсөн байна. Гурван хавтаст хавхлагын регургитаци мөн төрөлхийн байж болно. Жишээлбэл: Эбштейний аномалийн үед гурван хавтаст хавхлагын таславч талын хавтас баруун ховдол руу хэтэрхий гүн орж холбогдсон байдаг (баруун ховдол тосгууржих). Хэдий тийм ч ихэнхи гурван хавтаст хавхлагын регургитаци үйл ажиллагааны шалтгаантай байна (баруун ховдолын тэлэгдэл болон дутагдал). Уушигны артерийн хавхлагын гажигууд мөн адил ховор. Уушигны артерийн стеноз (PS) ихэвчлэн төрөлхийн байх ба шунттай хавсарсан байдаг (хуудас 204). Харин уушигны артерийн регургитаци (PR) ихэвчлэн үйл ажиллагааны гаралтай байна (гүнзгийрсэн уушигны гипертензи г.м).

Tuesday, October 11, 2011

Атеросклероз - Гэмтэлд үзүүлэх хариу урвалын онол

Атеросклероз бол архаг үрэвсэлт өөрчлөлт юм. Энэ нь эндотел гэж нэрлэгддэг артерийн судасны хамгийн дотор давхаргын гэмтэлээс эхлэлтэй гэж үздэг.  Ross-ийн бий болгосон “Гэмтэлд үзүүлэх хариу урвал”-ын онол (1999 он)-оор эндотел эсүүд нь зөвхөн өөрчлөгдсөн LDL-ээр (өөрчлөгдсөн LDL [modified LDL]-ийн онол) гэмтээд зогсохгүй өөр бусад олон хүчин зүйлээр гэмтдэг байна. Үүнд сийвэнгийн гомоцистейний концентраци нэмэгдэх, гипертензи болон халдварын гаралтай микро-организм. Эндотелийн дисфункци гэдэгт липопротейн болон бусад сийвэнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэвчүүлэх чанар, адгезийн молекулуудын экспресс, өсөлтийн хүчин зүйлсийн боловсролт нэмэгдэх зэрэг орох бөгөөд эдгээр нь моноцит, макрофаг болон Т лимфоцитийн наалдалтыг нэмэгдүүлдэг байна. Эдгээр эсүүд нь эндотелиэр миграци хийж эндотелийн доод давхаргад байршина. Судасны хананд макрофагууд липидийг хуримтлуулснаар том хөөмөг эсүүд (foam cells) болно. Хөөмөг эсүүд өсөлтийн хүчин зүйлс болон цитокин ялгаруулах бөгөөд энэ нь гөлгөр булчингийн эсүүдийн миграцийг идэвхижүүлж, неоинтимийн пролиферацийг идэвхижүүлж, липид хуримтлахыг цаашид үргэлжлүүлж, эндотелийн дисфункцийг дэмжиж өгнө. Хөөмөг эсүүд, Т эсүүд болон гөлгөр булчингийн эсүүд эцэст нь өөхлөг давхаргыг бий болгоно.

Monday, October 10, 2011

Аортын регургитаци

Аортын хавхлага хаагдсаны аортын даралт (PAo) харьцангуй удаан буурдаг ба харин зүүн ховдол дахь даралт (PLV) дөнгөж цөөн хэдхэн мм м.у.б хүртэл хурдан буурдаг бөгөөд ингэснээр энд урвуу даралтын зөрүү (PAo>PLV) бий болдог. Аортын регургитацийн үед (AR, өөрөөр дутагдал гэдэг) хавхлага нягт хаагддаггүй ба тиймээс зүүн ховдолоос түрүүчийн ховдолын систолын үед хөөгдөж гарсан цусны зарим хэсэг нь диастолын үед урвуу даралтын зөрүүнээс болж зүүн ховдол руу буцаж урсдаг (регургитацийн эзэлхүүн; →A).
 
Шалтгаан. Аортын регургитаци нь төрөлхийн аномали (хоёрдогч шохойжилт бүхий хоёр хавтастай хавхлага г.м) юмуу (ихэнхи тохиолдолд) хавтасууд дахь үрэвсэлт өөрчлөлт (хэрэхийн халууралт, бактерийн гаралтай эндокардит), аортын угийн эмгэгүүд (тэмбүү, Марфаны хамшинж, Рейтерийн хамшинж зэрэг артритууд) эсвэл гипертензи, атеросклерозын үр дүнд бий болсон байдаг.

Monday, October 3, 2011

Аортын стеноз

Аортын хавхлагын хэвийн нээгдэлтийн талбай 2.5-3.0см2 байна. Энэ нь зүүн ховдол болон аортын хооронд даралтын зөрүү (PLV-PAo; →А1, цэнхэр хэсэг) харьцангуй бага байхад тайван үед (систолын үед 0.2л/сек) төдийгүй биеийн ачааллын үед ч цусыг хөөхөд хангалттай. Аортын стенозын үед ([AS] бүх архаг хавхлагийн гажгийн 20%) зүүн ховдолын хоосрох процесс алдагддаг. Аортын стенозын шалтгаанууд (→А, зүүн дээд хэсэгт) байхын зэрэгцээ хавхлагын доорхи болон хавхлагын дээрх стеноз, хавхлагын төрөлхийн нарийсалт малформаци (шинж тэмдэг илрэх нас <15 нас) байж болно. Хожуу үед тохиолдох нь (65-аас дээш насанд) ихэвчлэн хавхлага төрөлхийн хоёр хавтаст малформацитай байхаас улбаатай ба энэ байдал нь хожуу үед шохойжилтоор дамжиж хавхлагыг нарийсалттай болгоно (цээжний радиограммаас харна уу). Эсвэл энэ нь анхнаасаа хэвийн гурван хавтастай хавхлага хэрэхийн үрэвслийн улмаас нарийссан байж болно. 65 наснаас хойш шинж тэмдэг өгөх болсон аортын стеноз нь ихэвчлэн шохойжилт бүхий дегенератив өөрчлөлтөөс шалтгаалсан байна.

Monday, September 26, 2011

ST сегментийн өргөлтгүй цочмог титмийн хамшинжийн үеийн дахин судасжуулалт

ST сегментийн өргөлтгүй цочмог титмийн хамшинж нь цочмог титмийн хамшинжийн ихээхэн түгээмэл хэлбэр бөгөөд судсан дотуурх титмийн интервенци хийгдэж буй өвчтөнүүдийн томоохон бүлэгт илэрдэг. Анагаах болон судсан дотуурх эмчилгээний ахиц дэвшлийг үл харгалзан эхний нэг сарын дараах нас баралт болон урхаг үлдэлт өндөр хэвээр байгаа ба ST сегментийн өргөлттэй өвчтөнүүдтэй адил тэнцүү байна. Хэдий тийм ч ST сегментийн өргөлтгүй цочмог титмийн хамшинж бүхий өвчтөнүүд нь ихээхэн хувьсамтгай тавилан бүхий өвчтөнүүдийн маш олон төрлийн бүлгүүдийг бүрдүүлдэг. Тиймээс эрт үеийн эрсдэлийн үнэлгээ эмийн болон судсан дотуурх эмчилгээний стратегийг сонгоход амин чухал. Титмийн ангиографи болон дахин судасжуулалтын эцсийн зорилго ихэвчлэн 2 давхар байдаг нь: зовиурыг арилгах, тавиланг богино болон урт хугацаанд сайжруулах юм. Амьдралын чанар, эмнэлэгт байх хугацаа болон байж болох эрсдэл зэрэг нь бүгд инвазив болон эмийн эмчилгээтэй холбоотой байдаг тул эмчилгээний стратегийг шийдэхдээ анхаарч үзнэ. 

Sunday, September 25, 2011

Митрал регургитаци

Митрал регургитацийн үед (MR заримдаа мөн митрал дутагдал гэдэг) митрал хавхлага өөрийн хавхлагийн үүргээ алддаг ба улмаар систолын үед зүүн ховдол дахь зарим цус зүүн тосгуур луу эргэж урсдаг (регургитаци). Үүний шалтгаан (түүнчлэн митрал хавхлагын пролапсийн [Barlow-ийн хамшинж]) тодорхойгүй ба ихэвчлэн хэрэхийн гаралтай юмуу бактерийн эндокардит, зүрхний титмийн эмгэг (хуудас 218) юмуу Марфаны хамшинж (удамшлын гаралтай, холбогч эдийг хамардаг эмгэг) байдаг.
Митрал хавхлага нь мөгөөрсөн цагирагт угсрагдсан байх ба урд болон арын хавтас нь энэхүү цагирагт бэхлэгдсэн байна. Эдгээр хавтасууд нь шөрмөсөн татлагаар ховдолын ханаас үүсэлтэй хөхлөг булчинтай холбогдсон байна. Зүүн тосгуур болон зүүн ховдолын ар ханууд нь энэхүү митрал аппаратын үйл ажиллагааны хэсэг болдог.
Дээр дурьдсан бүх шалтгаант эндокардит хавтас болон шөрмөсөн татлага агшиж, богиносох, зузаарах, илүү хөшүүн болох улмаар хавхлагын хаагдалтыг алдагдуулна. Хэрэв хавтасууд болон шөрмөсөн татлага их хэмжээгээр богиносвол систолын эхэн үеийн шуугиан (SM; →А, зүүн хэсэгт) бий болно.

Wednesday, June 29, 2011

Титмийн стент тавиулсны дараах ялтасын эсрэг, антикоагулянт эмчилгээ ба INR хяналт

Thursday, March 31, 2011

Эрдэмтэд зүрхний булчингийн аминд аюултай үрэвсэлийн шалтгааныг илрүүлжээ

Германы Хавдарын Судалгааны Төв (Deutsches Krebsforschungszentrum, DKFZ)-ийн эрдэмтэд Нэгдсэн Улсын эрдэмтэдтэй хамтран зүрхний булчингийн үрэвслийн шалтгаан нь өвөрмөц төрлийн дархлааны эсүүдийн довтолгоон болдогийг тогтоожээ. Эдгээр дархлааны эсүүд нь өөрийн биемахбодийн эд рүү довтолдог ба учир нь тэд боловсрох явцдаа зөвхөн зүрхний булчинд илэрдэг уургийн эсрэг тэвчил үүсч чаддаггүй ажээ.

Зүрхний булчингийн үрэвсэл юмуу миокардит зэрэг нь ихэнхдээ аминд аюултай зүрх томролын урьдал хүчин зүйл болдог. Олон тохиолдолд найдаж болох сүүлийн эмчилгээ нь зүрх шилжүүлэн суулгах байдаг. Олон жилийн туршид анагаах ухааны баримт нотолгоонууд энэхүү аюултай үрэвсэл нь аутоиммун урвал буюу дархлаа тогтолцоо өөрийн биемахбод руу довтолсноос шалтгаалдаг гэж үзэж байгаа юм.


Saturday, March 26, 2011

Судасны эмгэг: Салад яагаад хэрэгтэй вэ?

Цусны эргэлтийн системийн эмгэг буюу судасны эмгэг хөгжингүй орнуудад түгээмэл бөгөөд зүрхний дайрлага, харвалт, гэнэтийн үхэл зэрэгт хүргэдэг. Эдгээр эмгэгүүдэд зориулагдсан судас залгах мэс засал болон ангиопласти зэрэг эмчилгээнүүд байдаг ч эдгээр нь судасны гэмтэлийг өдөөж улмаар цусны судасны эсүүдийн хэт их пролиферацийг бий болгож цусны урсгал саатахад хүргэдэг. Азотын оксид (NO) нь судасны гөлгөр булчингийн эсүүдийн агшилт хийгээд эрүүл байдлыг хангахад чухал үүрэгтэй молекул бөгөөд олон тооны судалгаагаар судсан дахь эмгэг өөрчлөлт NO буурахтай холбоотой болохыг харуулсаар байна.

NO нь аргининаас нитрик оксид синтетаза (NOS) энзимийн тусламжтай нийлэгждэг. Brian Zuckerbraun болон түүний багийнхан (University of Pittsburgh, Pittsburgh, Pennsylvania)-ны шинэ судалгаагаар харханд судасны гэмтэл үүссэний дараа NOS-ийн зам тасалддаг болохыг тодорхойлж нитратаас NO үүсгэх хоёрдогч зам бий болдогийг тогтоожээ. Улмаар судасны гэмтэл үүсгэхээс өмнө нэмэлтээр нитрат бүхий хүнсээр хооллосон хархнуудад гэмтэлийн тархалт илэрхий хязгаарлагдаж байсан бол нитрат бага хүнсээр хооллосон хархнуудад судасны гэмтэл гүнзгий явагдаж байсан ажээ. Хамтрагчид болох John Cooke болон Yohannes Ghebremariam (Stanford University in Stanford, California) нарын дурьдсанаар хоолны дэглэм дахь энэхүү нитратын түвшин өндөр байдал нь ногоон навчаар баялаг хоол судсанд ач тустай байдгийг тайлбарлах нэгэн тайлбар гэжээ. Хэдий тийм ч өндөр тун бүхий хүнсний нэмэлт нь карциноген молекулуудыг үүсгэж болохыг анхааруулсан байна.


Thursday, January 27, 2011

Хэвлийн аортын аневризм


Хэвлийн аортын аневризм гэж юу вэ?
Хэвлийн аортын аневризм нь аортын ханын давшингуй хэврэгшилтээс шалтгаалж бий болох ба үүний улмаас судас тэлэгдэнэ (бөмбөлөг хэлбэртэй). Аневризм нь улам томорсоор байдаг ба оношилж, эмчлээгүй бол эцэстээ урагддаг. Аневризм нь аортод тохиолдох нь түгээмэл ба голчлон цээж болон хэвлийн артерид тохиолдоно.
Жил бүр аневризм урагдсантай холбоотой ойролцоогоор 15000 нас баралт тохиолддог. Аневризмын урагдал нь 50-аас дээш насныхны нас баралтын 10 дугаарт орох шалтгаан болж байна. Аневризмын урагдал нь яаралтай бөгөөд тухайн хүний амийг аврах, хүндрэлээс сэргийлэхийн тулд яаралтай процедур шаардлагатай болно.




Tuesday, January 25, 2011

Цээжний аортын аневризм

Цээжний аортын аневризм гэж юу вэ?
Аортын хана элэгдэж, цусаар шахагдан хэвийн бусаар тэлэгдэн, товойх нь аортын аневризмын шалтгаан юм.
Аневризмын өөрчлөлт цээжний аортад тохиолдохыг цээжний аневризм гэнэ. Аневризм нь аортын хоёр хэсэгт (цээжний болон хэвлийн) хоёуланд нь тохиолдохыг цээж-хэвлийн аневризм гэнэ.
Цээжний аневризм нь түүний байрлалаас шалтгаалж дотроо 3 дэд бүлэгт хуваагддаг: аортын өгсөх хэсгийн, аортын нумын, аортын уруудах хэсгийн буюу цээж-хэвлийн аневризм.
Дизсекци нь цээжний аортад нөлөөлдөг өөр нэг нөхцөл бөгөөд энэ үед аортын давхаргуудын хооронд цусны гажуу урсгал бий болсон байдаг. Дизсекци мөн адил аневризмын өөрчлөлтөд хүргэх ба эрт болон хожуу урагдал тохиолдоно.


Sunday, December 12, 2010

Ургамалд суурилсан хоолны дэглэм нь сийвэнгийн липипийн концентрацид тустай

Mета анализаар ургамалд суурилсан хоолны дэглэм нь сийвэнгийн липидийн концентрацид тустай гэж үзэж байна.

The Arterial Biology for the Investigation of the Treatment Effects of Reducing Cholesterol 6–HDL and LDL Treatment Strategies (ARBITER 6–HALTS) судалгаагаар гүрээний артерийн дотор болон дунд давхаргын зузааралд липид бууруулагч 2 хослолын эмчилгээний үр нөлөөг судалсан байна. Проспектив, тохиолдолын, зэрэгцээ бүлгийн, нээлттэй сонголт бүхий судалгаанд нийт 363 өвчтөн оролцож удаан задрал бүхий ниацин (2 g/d) болон ezetimibe (10 mg/d)-ийг тэдний урт хугацааны статин эмчилгээнд нэмсэн ажээ. Бүх судалгаанд оролцогчид нь тогтмол тун бүхий статины дагнасан эмчилгээгээр эмчлэгдэж байсан.Судалгаанаас өмнөх 3 сарын дотор өвчтөнүүдээс липипийн түвшинг авч үзэхэд LDL холестрол 100 mg/dL (2.6 mmol/L)-ээс бага, HDL холестрол 50 mg/dL (эрэгтэйд) буюу 55 mg/dL (эмэгтэйд) (1.3 буюу 1.4 mmol/L)-ээс бага байв. 14 сарын судалгааны төгсгөлд гүрээний ерөнхий артерийн дотор болон дунд давхаргын дундаж зузаан суурь үзүүлэлтээс өөрчлөгдөх байлаа.

Monday, November 22, 2010

Гүний венийн тромбоз ба тромбофлебит: Эмнэлзүй


Асуумж
Гүний венийн тромбозын шинж тэмдэг нь венийн буцах урсгалын бөглөрлийн зэрэг болон судасны ханын үрэвсэлийн зэргээс хамаарна. Өвчтөний орны дэргэд венийн тромбозыг оношлох нь амаргүй бөгөөд алдаа мадагтай байх нь бий. Ихэнхи тромбо нь венийн урсгалд ач холбогдол өгөхүйц бөглөрөл үүсгэдэггүй. Мөн түүнчлэн венийн коллатералууд хурдтай үүсч бий болдог бөгөөд венийн судасны ханын үрэвсэл туйлын бага байх нь бий. Үүний эсрэгээр олон тооны тромбын бус нөхцөл байдлууд нь гүний венийн тромбозыг сэжиглэх шинж тэмдэгийг бий болгодог. Судалгаануудаар доод мөчдийн гүний венийн тромбозыг эмнэлзүйгээр оношлох нь бэрхшээлтэй гэдгийг дахин давтан тэмдэглэсээр байгаа юм.
Ихэнх өвчтөнүүд шинж тэмдэггүй байна. Хэдий тийм ч доор дурьдсан өгүүлэмжүүдтэй байж болно.

Sunday, October 10, 2010

Титмийн артерийн эмгэгийн үеийн omeprazole-тай болон omeprazole-гүй clopidogrel-ийн хэрэглээ

Background
Ходоод гэдэсний замын хүндрэл нь антитромботик эмчилгээний чухал асуудал болдог. Протоны шахуургын хориглогч (PPI) эмүүд нь эдгээр хүндрэлүүдийг бууруулдаг гэж үздэг боловч ялтасын эсрэг хосолсон эмчилгээ бүхий өвчтөнүүд дээр үүнийг батлах тохиолдолын судалгаа байхгүй байсаар байв. Саяхан PPI нь clopidogrel-ийн үр нөлөөг бууруулдаг талаарх судалгаанууд гарч байсан.

Methods
Бид ялтасын эсрэг хосолсон эмчилгээний заалт бүхий, clopidogrel-ийг omeprazole болон плацеботай хослуулан авч, нэмэлтээр аспирин хэрэглэж буй өвчтөнүүдийг сонгон авсан. Анхдагч ходоод-гэдэсний үр дагавар нь илт мэдэгдэхүйц болон далд цус алдалт, шинж тэмдэг бүхий ходоод-арван хоёр хуруу гэдэсний шарх юмуу шалбархай, түгжрэл, цооролт байв. Анхдагч зүрх судасны үр дагавар нь зүрх судасны шалтгаант нас баралт, аминд аюултай бус миокардийн шигдээс, дахин судасжуулах шаардлага болон харвалт байлаа.


Results
Бид нийт 5000 өвчтөнг хамруулахаар төлөвлөсөн боловч 3873 өвчтөн тохиолдолоор сонгогдож 3761-д нь үнэлгээ хийгдсэн болно. Бүх өвчтөнүүдээс 51 нь ходоод-гэдэсний замын ямар нэг хүндрэл тохиолдсон ба 180 хоног дахь omeprazole-ийн хүндрэлийн хувь 1.1%, плацебогийн хүндрэлийн хувь 2.9% байв (omeprazole-ийн аюулын харьцаа [hazard ratio] 0.34, 95% итгэх интервал [CI], 0.18-0.63; P<0.001). Плацеботай харьцуулахад omeprazole хэрэглэхэд ходоод-гэдэсний замын илэрхий цус алдалтын хувь буурч байжээ (аюулын харьцаа [hazard ratio] 0.13; 95% итгэх интервал, 0.03-0.56; P=0.001). Нийт 109 өвчтөнд зүрх судасны хүндрэл тохиолдсон ба omeprazole-ийн хүндрэлийн хувь 4.9%, плацебогийн хүндрэлийн хувь 5.7% байсан (omeprazole-ийн аюулын харьцаа [hazard ratio], 0.99; 95% итгэх интервал, 0.68-1.44; P=0.96) ба өндөр эрсдэл бүхий дэд бүлэгт ач холбогдол өгөхүйц ялгаа харагдаагүй байна. Хоёр бүлэгт хүнд гаж нөлөөний хувь ач холбогдол өгөхүйц ялгаагүй байсан ба харин omeprazole нь суулгалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байлаа.

Conclusions
Аспирин болон clopidogrel хэрэглэж буй өвчтөнүүдэд урьдчилан сэргийлэх байдлаар PPI хэрэглэх нь ходоод-гэдэсний цус алдалтын хувийг бууруулдаг. Omeprazole болон clopidogrel-ийн хооронд зүрх судасны талын илэрхий харилцан үйлчлэлгүй ажээ. Гэсэн хэдий ч бидний үр дүнгүүд нь PPI хэрэглэснээс үүдэлтэй зүрх судасны хүндрэлийн эмнэлзүйн ач холбогдолын ялгааг үгүйсгээгүй болно.

Clopidogrel with or without Omeprazole in Coronary Artery Disease

Wednesday, October 6, 2010

NSAID-ын хэрэглээ нь тосгуурын фибрилляцитай холбоотой

September 21, 2010 - Стероид бус үрэвсэлийн эсрэг эм (NSAID)-ийн хэрэглээ нь архаг тосгуурын фибрилляцитай холбоотой байдаг хэмээн нэгэн шинэ судалгаа (De Caterina R, Ruigómez A, and Rodriguez LAG. Long-term use of anti-inflammatory drugs and risk of atrial fibrillation. Arch Intern Med 2010; 170:1450-1455.)-д таамаглажээ. Хэдий тийм боловч судлаачид эдгээр эмүүд нь тосгуурын фибрилляцийн шалтгаан болдог гэдэгт итгэхгүй байгаа ба үнэн хэрэгтээ NSAID эмчилгээ шаардлагатай болдог үндсэн үрэвсэл үүнд буруутай байж болох юм гэж үзэж байна.

Dr Raffaele De Caterina (G d'Annunzio University, Chieti, Italy) болон түүний багийнхан NSAID хэрэглэгчидийн дунд архаг тосгуурын фибрилляцийн эрсдэл статистик ач холбогдол өгөхүйц 44%-иар нэмэгдсэн байгааг илрүүлсэн ба гэхдээ пароксизмал тосгуурын фибрилляцитай энэ нь ямар нэг холбоо хамааралгүй байжээ. Тэд мөн стероид хэрэглэх нь тосгуурын фибрилляцитай холбоотой талаарх урьд өмнөх нээлтүүдийг баталсан бөгөөд стероид хэрэглэдэг хүмүүст стероид хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад архаг тосгуурын фибрилляци үүсэх нь 1-2 дахин их байдгийг тогтоожээ. Судлаачид энэ тухай мэдээллээ Archives of Internal Medicine-ийн 2010 оны 9 сарын 13-ны дугаарт хэвлүүлсэн байна.

"Бидний нээлтийн байж болох тайлбар бол нэг талаас үндсэн үрэвсэлт нөхцөл байдал нь тосгуурын фибрилляци болох эрсдэлийг нэмэгдүүлдэг ба нөгөө талаас NSAID-ийг цаг алдалгүй хэрэглэх ёстойг сануулж байна" гэж судлаачид мэдэгджээ. Цаашдын судалгаанд зүүн ховдолын үйл ажиллагааны талаарх үзүүлэлт, тосгуурын хэмжээ болон үйл ажиллагаа, үрэвсэлийн маркеруудыг зайлшгүй оруулж өгөх нь биологи талаас илүү үнэмшилтэй тайлбар гаргахад тустай байх болно хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж:
NSAID Use Associated With Atrial Fibrillation

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл