Health News from Medical News Today


Monday, October 24, 2011

Гурван хавтаст болон уушигны артерийн хавхлагуудын гажиг

Стенозтой эсвэл регургитацитай баруун зүрхний хавхлагуудын үр дагаваруудын зарчим зүүн талынхтайгаа адил (хуудас 194-201). Ялгаатай байдал нь цусны эргэлтийн урсгал дагуу (уушигны артери) болон урсгал сөрөх (хөндийн венүүд) шинж чанараас улбаатай байдаг.
Ховор тохиодох гурван хавтаст хавхлагын стенозын шалтгаан нь ихэвчлэн хэрэхийн халууралт байх ба гурван хавтаст хавхлагын регургитаци мөн ижилхэн шалтгаантай байх бөгөөд ихэвчлэн хавсарсан байдлаар митрал хавхлага эмгэгт өртсөн байна. Гурван хавтаст хавхлагын регургитаци мөн төрөлхийн байж болно. Жишээлбэл: Эбштейний аномалийн үед гурван хавтаст хавхлагын таславч талын хавтас баруун ховдол руу хэтэрхий гүн орж холбогдсон байдаг (баруун ховдол тосгууржих). Хэдий тийм ч ихэнхи гурван хавтаст хавхлагын регургитаци үйл ажиллагааны шалтгаантай байна (баруун ховдолын тэлэгдэл болон дутагдал). Уушигны артерийн хавхлагын гажигууд мөн адил ховор. Уушигны артерийн стеноз (PS) ихэвчлэн төрөлхийн байх ба шунттай хавсарсан байдаг (хуудас 204). Харин уушигны артерийн регургитаци (PR) ихэвчлэн үйл ажиллагааны гаралтай байна (гүнзгийрсэн уушигны гипертензи г.м).


Үр дагаварууд. Гурван хавтаст хавхлагын стенозын үед баруун тосгуурын даралт (PRA) нэмэгдэх ба хавхлагаар урсах диастолын урсгал буурна. Үр дүнд нь зүрхний гаргалт багасна (хавхлагын нээлтийн талбай хэвийн үед 7см2, <1.5-2см2 болж буурахад). Зүрхний гаргалт бага байх нь биеийн ачааллыг хязгаарлана. Дундаж PRA 10мм м.у.б-аас өсөх нь венийн даралт нэмэгдэхэд хүргэх ба (төвийн венийн лугшилт дахь a долгион өндөр байх; хуудас 179) захын хаван болон тосгуурын фибрилляци тохиолдох боломжтой. Дундаж PRA цаашид нэмэгдвэл хавагнах хандлагатай болно. Хаван мөн гурван хавтаст хавхлагын регургитацийн үед тохиолдоно. Учир нь PRA систолын регургитацийн хэмжээгээр нэмэгдэж байдаг (төвийн венийн лугшилт дахь өндөр v долгион). Эбштейний аномалийн үеийн нөхцөл байдлаас ялгаатай нь гурван хавтаст хавхлагын регургитацийн шинж тэмдэгүүд л зөвхөн тохиолддог. Эбштейний аномалийн үед үүний зэрэгцээ уушигны артерийн гипертензи юмуу баруун ховдолын дутагдал мөн тохиолддог. Уушигны артерийн регургитаци бараг үргэлж үйл ажиллагааны гаралтай байх тул өвчтөнд үзүүлэх үр нөлөө нь үндсэн уушигны гипертензийн (хуудас 214) үр дагавраар голдуу тодорхойлогддог. Уушигны артерийн стеноз аортын стенозтой адил буюу ховдолын концентрик гипертрофигоор дасан зохицох ба биеийн ачаалал даах байдал хязгаарлагдаж (зүрхний гаргалт ↓) ядарч сульдах юмуу синкопи тохиолдож болно.
Чагналтаар баруун зүрхний хавхлагын гажигаас улбаатай өөрчлөлтүүд нь ихэвчлэн амьсгал авалтын турш чанга байна (венийн буцах урсгал нэмэгдсэнээс)

  • Гурван хавтаст хавхлагын стеноз: Зүрхний нэгдүгээр авиа салаалах, диастолын эрт үеийн гурван хавтаст хавхлагын нээгдэх чимээний араас дагалдсан диастолын шуугиан (гурван хавтаст хавхлагаар урсах урсгалын шуугиан). Энэхүү шуугиан синусын хэмнэлтэй үед систолын өмнө нэмэгддэг (тосгуурын агшилт).
  • Гурван хавтаст хавхлагын регургитаци: Регургитант урсгалын голосистолын (систолын үетэй давхацсан) шуугиан зүрхний гуравдугаар авиа (диастолын үеийн дүүрэлт нэмэгдсэний улмаас) болон зүрхний дөрөвдүгээр авиа (тосгуурын хүчилсэн агшилтын улмаас) илрэх (насанд хүрэгчдэд) эсвэл өргөлттэй болох (хүүхдүүдэд)
  • Уушигны артерийн стеноз: Зүрхний дөрөвдүгээр авиа тохиолдох юмуу өргөлттэй болох, хөөлтийн час хийх чимээ (ejection click) (хавхлагын доорхи юмуу хавхлагын дээрхи стенозын үед илрэхгүй), систолын үеийн урсгалын шуугиан
  • Уушигны артерийн регургитаци: Диастолын эрт үеийн регургитацийн шуугиан (Graham-Steell-ийн шуугиан)
 Эх сурвалж:
Color Atlas of Pathophysiology / Heart and Circulation / Defects of Tricuspid and Pulmonary Valves, page 202

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл