Health News from Medical News Today


Sunday, June 17, 2012

Нярайн цус задрах эмгэг

Нэг зүйлийн доторх хоорондоо ялгаатай бодьгалиуд дахь дасан зохицох дархлааны хариу урвалын ялгаа

Дасан зохицох дархлааны хариу урвал нь сээр нуруутны зүйлд бичил организмын эсрэг хамгаалах зорилгоо үүсч бий болсон байдаг. Хэдий тийм ч “өөрийн бус” гэж танигдсан ямарваа зүйлс энэхүү хариу урвалын бай болох ба энэхүү хариу урвал нь нэг зүйлийн доторх биемахбодиудын хоорондох молекулын ялгаатай байдал руу мөн чиглэсэн байна. Тухайн эсрэгбие зүйлийн зарим гишүүдэд илэрдэг боловч бусад гишүүдэд илэрдэггүй эсрэгтөрөгч шинж чанартай детерминантын эсрэг чиглэсэн байхыг полиморф хувилбарын илрэл гэх ба эдгээр детерминантуудын эсрэг чиглэсэн эсрэгбиеүдийг алло-эсрэгбиеүд гэнэ. Магадгүй хамгийн сайн мэддэг алло-эсрэгбиеүд нь бидний цусны бүлгийг тодорхойлоход ашигладаг эсрэгбиеүд юм. А бүлгийн улаан эс агуулсан хүмүүс В бүлгийн цустай хүмүүсийн улаан эстэй харилцан үйлчилдэг алло-эсрэгбиеийг агуулсан байдаг. АВ бүлгийн улаан эс агуулсан хүмүүст алло-эсрэгбие байхгүй ба О бүлгийн улаан эстэй хүмүүст А болон В бүлгийн улаан эсийн аль алинтай нь харилцан үйлчлэх эсрэгбиеүд агуулагдаж байдаг (Зураг 19.1). Эдгээр алло-эсрэгбиеүд нь бодит байдалд бидний гэдсэнд байршдаг грам сөрөг бактериудын бүрхүүлд агуулагдах эсрэгтөрөгчөөс үүсдэг. Ийм төрлийн эсрэгтөрөгчүүд нь цусны АВО бүлгийн нүүрс-устөрөгч бүтэцтэй эсрэгтөрөгчтэй солбицон урвалд ордог эсрэгбиеүдийг идэвхижүүлдэг. 

Friday, June 15, 2012

Харшил ба зүрх судасны тогтолцоо

Хураангуй: Харшилт эмгэгүүдийн хамгийн аюултай, аминд халтай илрэл нь анафилакс ба энэ нөхцөл байдлын үед эмнэлзүйд илэрч буй голлох шинж тэмдэгүүд ба аминд аюултай үр дагаварт хүргэх зэрэгт зүрх судасны тогтолцоо гол үүрэгтэй байдаг. Зүрх нь харшлийн урвалын үед чөлөөлөгддөг химийн медиаторуудын эх сурвалж хийгээд бай эрхтэн болдог. Шигүү мөхлөгт эсүүд хүний зүрхэнд ихээр байршдаг ба ингэхдээ томоохон титэм артериудын адвентицийн эргэн тойронд болон жижиг интрамурал судаснуудтай ойрхон харьцах боломжтой байдлаар давамгайлж байрладаг. Зүрхний шигүү мөхлөгт эсүүд харшил төрүүлэгч (аллерген), хавсаргын хүчин зүйлс, ерөнхий мэдээгүйжүүлэгч болон булчин сулруулагч зэрэг янз бүрийн өдөөгчдийн нөлөөгөөр идэвхижих боломжтой. Дархлааны гаралтай идэвхижсэн хүний зүрхний шигүү мөхлөгт эсүүдээс ялгарсан медиаторууд ховдолын үйл ажиллагаа, зүрхний хэм болон титэм артерийн тонуст хүчтэй нөлөөлдөг. Гистамин, цистейнил лейктриенүүд болон ялтас идэвхижүүлэгч хүчин зүйл (PAF) нь сөрөг инотроп нөлөө үзүүлэх ба миокардийн депрессийг өдөөж энэ нь анафилаксийн шокийн эмгэг жамыг ач холбогдол өгөхүйц дэмжиж өгдөг байна. Түүгээр зогсохгүй зүрхний шигүү мөхлөгт эсүүд хэсэг газарт ангиотензины тогтолцоог идэвхижүүлдэг химаза болон ренинийг ялгаруулдаг ба ингэснээр цаашид артериолын судас нарийсалтыг өдөөдөг. Ишемийн гаралтай зүрхний эмгэгтэй болон тэлэгдэлийн кардиомиопатитай өвчтөнүүдэд зүрхний шигүү мөхлөгт эсүүдийн тоо болон нягтшил нэмэгдсэн байдаг. Энэ байдал нь яагаад эдгээр нөхцөл байдлууд аминд аюултай анафилаксын эрсдэлт хүчин зүйлс болдогийг тайлбарлахад тусалж болох юм. Зүрхний шигүү мөхлөгт эсийн идэвхижилд оролцдог механизмыг сайтар ойлгох нь системийн анафилаксаас сэргийлэх, түүнийг эмчлэхэд түлхэц болох юм. 

Түлхүүр үг: Анафилакс, зүрх, шигүү мөхлөгт эс, медиаторууд

Tuesday, June 12, 2012

Гистамин, Шигүү мөхлөгт эс ба Зүрхний дутагдал: Энд ямар нэг холбоо хамаарал байгаа юу?

Бид олон жилийн өмнөөс гистамины рецептор зүрхэнд байдаг тухай мэддэг билээ. 1990-ээд оны эхээр хүний Н1 болон Н2 рецепторуудыг тодорхойлсон байдаг бол үүний араас хэдэн жилийн дараа Н3 болон Н4 рецепторуудыг тодорхойлсон байдаг. Гистамин нь байгалиас биемахбодийн бүхий л хэсгүүдэд тодорхойлогддог биемахбодий бүрэлдэхүүн хэсэг болдог ба ялангуяа төв мэдрэлийн систем, шигүү мөхлөгт эс, ходоодны салст болон базофиль эсэд илүүтэй тодорхойлогддог. Н1 рецептор нь Gα-q11-тай холбогдсоноор олон тооны эсийн доторхи дохио дамжилтыг идэвхижүүлдэгийн дотор цагирагт аденозин монофосфат (цАМФ) болон цагирагт гуанозин монофосфат (цГМФ) багтдаг. Зүрхэнд гистамин нь Н1 рецептороор дамжуулж тосгуур-ховдолын зангилааны сэрэл дамжуулах хугацааг удаашруулдаг. Мөн Н2 гистамины рецептор зүрхэнд тодорхойлогддог ба Gα-s уурагтай холбогдож цАМФ-аар дамжуулж хронотропик болон инотропик идэвхижүүлэх нөлөө үзүүлнэ. Н2 гистамины рецептор нь мөн даралт буурах, нүүр халуу оргиж улайх, толгой өвдөх, ходоодны хүчил ялгарал нэмэгдэх, судасны нэвчимхий чанар ихсэлтийг дэмжиж өгдөг. Тиймээс мөн чанартаа гистамин бол жинхэнэ мэдрэлийн гаралтай даавар юм. 

Wednesday, May 23, 2012

Гистамин, Шигүү мөхлөгт эс ба Зүрхний дутагдал: Ямар нэг холбоо хамаарал бий юу?

Бид олон жилийн өмнөөс гистамины рецептор зүрхэнд байдаг тухай мэддэг билээ. 1990-ээд оны эхээр хүний Н1 болон Н2 рецепторуудыг тодорхойлсон байдаг бол үүний араас хэдэн жилийн дараа Н3 болон Н4 рецепторуудыг тодорхойлсон байдаг. Гистамин нь байгалиас биемахбодийн бүхий л хэсгүүдэд тодорхойлогддог биемахбодий бүрэлдэхүүн хэсэг болдог ба ялангуяа төв мэдрэлийн систем, шигүү мөхлөгт эс, ходоодны салст болон базофиль эсэд илүүтэй тодорхойлогддог. Н1 рецептор нь Gα-q11-тай холбогдсоноор олон тооны эсийн доторхи дохио дамжилтыг идэвхижүүлдэгийн дотор цагирагт аденозин монофосфат (цАМФ) болон цагирагт гуанозин монофосфат (цГМФ) багтдаг. Зүрхэнд гистамин нь Н1 рецептороор дамжуулж тосгуур-ховдолын зангилааны сэрэл дамжуулах хугацааг удаашруулдаг. Мөн Н2 гистамины рецептор зүрхэнд тодорхойлогддог ба Gα-s уурагтай холбогдож цАМФ-аар дамжуулж хронотропик болон инотропик идэвхижүүлэх нөлөө үзүүлнэ. Н2 гистамины рецептор нь мөн даралт буурах, нүүр халуу оргиж улайх, толгой өвдөх, ходоодны хүчил ялгарал нэмэгдэх, судасны нэвчимхий чанар ихсэлтийг дэмжиж өгдөг. Тиймээс мөн чанартаа гистамин бол жинхэнэ мэдрэлийн гаралтай даавар юм.

Wednesday, May 9, 2012

Улирлын чанартай харшил сайн зүйл байж магадгүй

Иелийн Анагаах Ухааны Сургууль болон Ховард Хьюзийн Анагаах Ухааны Хүрээлэнгийн судлаачид улирлын чанартай харшил нь таны эрүүл мэндийг тоосонцор болон бусад харшил төрүүлэгчээс илүү их гэмтээдэг хүрээлэн буй орчны хоруудаас дархлаа тогтолцоо таныг хамгаалж буй үйл хэрэгийг илтгэх шинж байж болох тухай таамаглал дэвшүүлснээ Nature сэтгүүлд нийтэлжээ.

Хэрэв та ханиалгаж, найтаалгаж, нүд чинь загатнаж зовиурлаж байгаа бол таны биемахбодийн хэт мэдрэгшил дээр дурьдсан үйл ажиллагааг явуулж буйг санаарай. Хүний биемахбодийн хамгаалах тогтолцоо нь өргөн хүрээтэй эмгэг төрөгчдөд тохирох янз бүрийн хариу урвалыг өөртөө агуулж байдаг.

1-р хэлбэрийн дархлааны хариу урвал нь голдуу халдварлагдсан эзэн эс юмуу эсвэл эмгэг төрөгчийг шууд устгадаг гэж үздэг.

2-р хэлбэрийн дархлааны хариу урвал 

Тус нийтлэл 2-р хэлбэрийн дархлааны хариу урвалд анхаарлаа хандуулжээ. Энэ төрлийн дархлааны хариу урвал нь биемахбодийн Т эсүүдийг идэвхижүүлэх түүнчлэн цочроогчийн эсрэг эсрэгбиеийг нийлэгжүүлэх замаар хүрээлэн буй орчны субстанциас биемахбодийг хамгаалдаг.

Thursday, January 19, 2012

Хүйн цуснаас ялгасан үүдэл эсээр 1-р хэлбэрийн чихрийн шижингийн тавиланг өөрчилнө

Хүйн цуснаас ялгасан үүдэл эс нь 1-р хэлбэрийн чихрийн шижин бүхий хүмүүсийн дархлаа тогтолцооны Т эсүүдийг дахин боловсруулснаар эдгээр өвчтөнүүдийн нойр булчирхайн дахин инсулин нийлэгжүүлж эхлэх ба улмаар инсулин тарих хэрэгцээг бууруулах боломжтой юм. Энэ бол Чикаго дахь Иллиноисын Их Сургуулийн Dr Yong Zhao-аар удирдуулсан судалгааны багийнхны нээлт бөгөөд BMC Medicine сэтгүүлийн өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригийн дугаарт нийтлэгджээ. 

1-р хэлбэрийн чихрийн шижин нь биемахбодийн өөрийн дархлаа тогтолцоо нойр булчирхай дахь инсулин нийлэгжүүлэгч арлын бета эсүүдийг довтолж, устгасны улмаас үүсдэг. Үүний үр дүнд биемахбод инсулин үйлдвэрлэж чадахгүй болох ба энэ нь цусан дахь глюкозын хэмжээ аюултай түвшинд хүртэл нэмэгдэх шалтгаан болж биемахбодийн бүхий л эрхтэнүүдийг гэмтээдэг. 
Судлаачид өгүүллийн удиртгал хэсэгт дурьдахдаа хулгана болон чихрийн шижин бүхий хүний эс дээрхи сорилын үр дүнгээс харвал хүйн цуснаас үүсэлтэй мултипотент эсүүд нь зохицуулагч Т эсүүд болон хүний нойр булчирхайн арлын бета эс өвөрмөц Т эсийн клоныг өөрчлөх замаар аутоиммун хариу урвалыг хянах боломжтой гэжээ.

Хүйн цус гэдэг нь хүүхэд төрсний дараа ихэс болон хүйнээс цуглуулсан цус юм. Энэ нь олон төрлийн цусны болон удамшлын эмгэгийг эмчлэх чадамжтай үүдэл эсүүдийн баялаг эх үүсвэр болдог. 

Monday, January 17, 2011

Дэлүүний дархлааны үүрэг


Хүний дэлүүний дархлааны үүрэг нь Билротын цагирагийн макрофагтай дэлүүний лимфойд эдийн харилцан үйлчлэлтэй холбоотой байдаг. Цагаан махам нь биеийн цорын ганц хамгийн том лимфоид эрхтэн юм. Бусад лимфоид эрхтэнүүдийн адил дэлүү нь лимфокин, эсрэгбиеийг нийлэгжүүлэх болон хавсаргын тогтолцоог идэвхижүүлэх замаар антигенийг барьж боловсруулах чадвартай. Хэдий тийм ч хэсгийн антигений идэвхижилд хариу үзүүлдэг тунгалагийн зангилаа болон салст холбоот лимфоид эдээс ялгаатай нь септицемийн үеийн цусаар эргэлдэгч бактери зэрэг цусаар тархсан антигений эсрэг хариу урвал үзүүлдэг. 

Моноклон эсрэгбие болон иммунгистологийн техник зэрэг шинэ арга гарч ирсэн нь эмгэг судлаачидад дурдсан эсүүдийн үүсэл гарал болон гистогенезийг тэдний гистологи болон топографийн хүрээлэлд судлах боломжийг олгож байна. Эдгээр техник нь лимфоцит болон макрофагийн эсрэгбиеийн нөөцийг ашигладаг бөгөөд дэлүүний иммунархитектурыг судалж иммунтопографийн зургийг бүтээдэг. 

Thursday, May 20, 2010

Men With Asthma And Eczema May Have Lower Cancer Risk

Хэрэв та астма юмуу экземтэй бол таны гиперреактив дархлаа тогтолцоо тань зарим түгээмэл хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулж өгдөг тухай American College of Allergy, Asthma and Immunology (ACAAI)-ийн шинжлэх ухааны сэтгүүл болох Annals of Allergy, Asthma & Immunology-д нийтлэгдсэн судалгаанд дурьджээ.

Тус судалгааны нийтлэлийг удирдагч Mariam El-Zein, PhD (INRS-Institut Armand-Frappier, Laval, Québec, Canada)-ийн дурьдсанаар "Астма болон экзем зэрэг харшилт нөхцөл байдлын гиперреактив дархлаа тогтолцоо нь малигнант эсийг зайлуулах биемахбодийн чадавхийг нэмэгдүүлж өгснөөр хорт хавдарын эрсдэлийг багасгаж өгдөг" ажээ. Тэрээр мөн "Бидний судалгаанд хамрагдсан астма бүхий эрэгтэйчүүд ходоодны хорт хавдартай болох магадлал, экземтэй эрэгтэйчүүд уушигны хорт хавдартай болох магадлал эдгээр харшилт нөхцөл байдал байхгүй эрэгтэйчүүдтэй харьцуулахад тус тус бага байсан" гэж мэдэгдсэн байна.

Хүн амд суурилсан тохиолдол хяналтын судалгаа нь Montreal, Québec-т 3300 хорт хавдар бүхий эрэгтэй өвчтөн, 500 хяналтын бүлгийг хамарч 7 жилийн турш явагдсан ба odds ratio-г астма юмуу экзем хийгээд 20 илүү төрлийн хорт хавдар түүн дотроо түгээмэл тохиолдох 8 төрлийн хорт хавдар (ходоод, бүдүүн гэдэс, шулуун гэдэс, уушиг, түрүү булчирхай, давсаг, арьс болон тунгалагийн булчирхайн) тус бүртэй хоорондын холбоо хамаарлыг харьцуулах байдлаар тооцжээ.

Харшил судлаач, American College of Allergy, Asthma and Immunology-ийн гишүүн Jonathan Bernstein, MD хэлэхдээ "Бид харшилт нөхцөл байдал нь хэрхэн хорт хавдарын эрсдэлийг бууруулдагийг бүрэн тайлбарлаж чадаагүй боловч энэхүү судалгаа нь найдвар төрүүлж байна" гэжээ. Тэрээр мөн "Бид цаашдын судалгаагаа үргэлжлүүлж энэхүү холбоо хамаарал болон дархлаа тогтолцоо хорт хавдарын эрсдэлийг бууруулахад гүйцэтгэдэг үүргийг судлана гэж итгэж байна" хэмээжээ.

Эх сурвалж:
Men With Asthma And Eczema May Have Lower Cancer Risk

Wednesday, February 18, 2009

Дархлааны эсүүд

Дархлааны хариу урвал нь олон төрлийн эсүүдийн харилцан үйлчлэлийн дүнд тэдгээрээс ялгарах уусамтгай молекулаар (цитокин) дамжин явагдана.

Залгиур эсүүд.

Мононуклеар залгиур эс. Эдгээр нь харьцангуй удаан амьдардаг мононуклеар эгнээний эсүүд бөгөөд ясны чөмөгний эх эсээс (stem cell) үүсч хүний биеийн янз бүрийн эрхтэнд тархан эмгэгтөрөгчтэй учрах хамгийн дөхөмтэй байршилд оршдог. Жишээ нь, Купферийн эс элэгний синусойдын цусны судасны дагуу цувран байрладаг бол үений хөндийд А эсүүд цуварч байрладаг. Эдийн макрофаг нь цусны моноцит эсээс үүсэлтэй, өөрөөр хэлбэл, цусан дахь моноцит эдэд нэвчин байршиж эдийн макрофаг болон хөгждөг. Моноцит/макрофаг нь антигенийг олон удаа залгих чадвартай бөгөөд антигенийг Т эсэд маш сайн илчилдэг.

Полиморф бөөмт нейтрофил. Залгиур эсийн нэг төрөл бол полиморф бөөмт нейтрофил юм. Цусны лейкоцитын дийлэнх хэсгийг нейтрофил бүрдүүлдэг бөгөөд үрэвслийн голомт руу хамгийн түрүүнд нүүдэллэдэг анхдагч залгиур эс юм. Нейтрофил нь фагоцитозыг зөвхөн нэг удаа хийгээд үхдэг богино настай эс байдаг.

Лимфоцит. Лимфоцит нь өвөрмөц дархлааны хариу урвалд гол үүргийг гүйцэтгэдэг.

В лимфоцит. В эс нь өөрийн гадаргууд илрэх антиген-өвөрмөц рецептороор (ВСR-В сеll receptor) антигентай харилцан үйлчлэх ба үүний үр дүнд B эс идэвхжин олширч сийвэнт эс болон хөгждөг. Сийвэнт эс эсрэгбие хэмээх уургийн молекулыг нийлэгшүүлнэ. Эсрэгбие нь гликопротейны полипептид гинжнээс тогтох ба цус, эдийн шингэнд агуулагдана. Үүссэн эсрэгбие нь В эсийг анх сэдээсэн тэр антигентай л холбогдох онцгой өвөрмөц бүтэцтэй молекул.

Т лимфоцит. Т эсийн хэд хэдэн бүлэг байх ба эдгээр нь өөр өөр үүргийг гүйцэтгэнэ. Мононуклеар залгиур эстэй харилцан үйлчилж вдэвхжин эсийн доторх эмгэгтөрөгчийг устгахад тусалдаг Т эсийг Тh1 (Т helper) гэж нэрлэдэг. Харин В эсийн хуваагдал, ялгаран хөгжил, эсрэгбиеийн үүсэлтийг дэмждэг Т эсийг Тh2 гэнэ. Нөгөө хэсэг нь хавдрын эс болон вирусээр халдварлагдсан эсийг задалж устгах үүрэгтэй CTL (Cytotoxic T Lymphocyte) буюу эс хордуулагч Т эс юм. Антиген илчлэгч эс буюу АРС-ийн (Antigen Presenting Cell) гадаргууд эдийн тохирооны их бүрдлийн молекултай (МНС-Major Histocompatibility Complex) холбогдон илчлэгдсэн антигенийг Т эсийн антиген өвөрмөц рецептор (ТСR-T cell receptor) танина. Энэ нь В эсийн ВСR-тай ижил үүрэгтэй. Т эс нь бусад эсэд дохионы үүрэг гүйцэтгэх цитокиныг ялгаруулах, эсвэл эс-эс хоорондын шууд харилцан үйлчлэлийн замаар үүргээ гүйцэтгэдэг. СТL нь вирусээр халдварлагдсан эсийг таньж устгадаг.

NK (Natural killer). Том мөхлөгт лимфоцит нь (LGLs-Large granular lymphocytes) хавдрын эс ба вирусээр халдварлагдсан эсийг өвөрмөцөр таньж устгана. СТL-ээс ялгаатай нь МНС молекулаа гээсэн эсвэл түүний илрэл нь багассан эсүүдийг таних чадвар өндөртэй юм. Эдгээр эсийг NK эс гэж нэрлэдэг.

Үрэвслийн бусад эсүүд.

Базофил ба шигүү мөхлөгт эс (ШМЭ). Эдгээр эсийн цитоплазмд том мөхлөгүүд орших ба цочруулын үйлчлэлээр задарч үрэвслийг үүсгэх болон дархлааны урвалыг хянах үйлчлэлтэй янз бүрийн медиаторууд чөлөөлөгдөнө. ШМЭ нь эд эрхтэний цусны судасны ойролцоо байрладаг учир зарим медиатор нь судасны эндотельд үйлчилдэг. Базофил нь ШМЭ-тэй төстэй үүрэгтэй ч цусаар байнга эргэлдэж байдаг эс юм.

Эозинофил. Эозинофил нь том хэмжээний шимэгч тухайлбал, шистосом зэрэгтэй холбогдож өөрийн мөхлөг дахь суурилаг уургаа ойр орчимд нь ялгаруулах замаар устгах чадвартай.

Тромбоцит. Эдгээр нь цус бүлэгнэх үед мөн дархан бүрдэл үүсэхэд идэвхжин үрэвслийн медиаторууд ялгаруулдаг.


Tuesday, February 17, 2009

Төрөлхийн ба өвөрмөц дархлаа

Дархлааны хариу урвал нь
1. Эмгэгтөрөгч болон бусад харийн биетийг таних
2. Таньсан эмгэгтөрөгчөө устгах, биеэс зайлуулах гэсэн үндсэн үйлээс бүрдэнэ.
Дархлааны хариу урвалыг
• Төрөлхийн буюу өвөрмөц бус (nonspecific immune system)
• Олдмол буюу өвөрмөц гэж хуваадаг. (specific immune system)
Төрөлхийн буюу байгалийн дархлаа нь антигенд тухайлсан өвөрмөц чанаргүй бол олдмол буюу өвөрмөц дархлаа нь тодорхой нэг антигенд өвөрмөц байдаг. Мөн төрөлхийн дархлаа нь тухайн эмгэгтөрөгч давтан халдварлахад түүнд тохирч хувирдагтүй бол өвөрмөц дархлаа нь улам боловсронгуй болж хувирч байдаг. Өөрөөр хэлбэл, өвөрмөц дархлааны хариу урвалын үед тухайн антигенд өвөрмөц санамжийн эсүүд (mеmогу сеll) үүсэх ба үүний үр дүнд тухайн эмгэгтөрөгч дахин халдварлахаас сэргийлж чаддаг. Тухайлбал, улаан бурхан, сахуугийн халдварын дараа насан туршийн дархлаа тогтдог. Өвөрмөц дархлаа нь дараах 2 үндсэн шинжтэй
• Дархлааны ой санамж
• Өвөрмөц чанар

Залгиур эс ба төрөлхийн дархлааны урвал. Лейкоцитын нэг чухал бүлэг бол залгиур эс юм. Үүнд: моноцит, макрофаг, полиморф бөөмт нейтрофил багтана. Эдгээр эсүүд нянтай холбогдон, залгиж устгадаг. Залгиур эсүүд нянгийн янз бүрийн хэсгүүдтэй өвөрмөц бусаар холбогдох чадвартай. Өөрөөр хэлбэл, нян бүрийг таньж, холбогдох механизм нь ижилхэн. Залгиур эсүүд нь халдварын эсрэг хамгаалалтын эхний шугаманд үйлчилдэг.
Лимфоцит ба өвөрмөц дархлааны хариу урвал. Лейкоцит эсийн бас нэг чухал бүлэг бол өвөрмөц дархлааны үндсэн хэсгийг бүрдүүлдэг лимфоцит юм. Лимфоцит нь цус, эдэд байршиж эсийн гаднах болоод эсийн доторх эмгэгтөрөгчийн аль алиныг өвөрмөцөөр таньдаг. Лимфоцитыг Т, В ба 0 эс гэсэн үндсэн 3 бүлэгт хуваана. В эсүүд нь антиген гэж нэрлэдэг бай молекулыг өвөрмөцөөр таньж улмаар эсрэгбие хэмээх уургийн молекулыг үйлдвэрлэдэг. Эсрэгбие нь эсийн гаднах антигентай холбогдож түүнийг саармагжуулна. Антиген гэдэг нь эмгэгтөрөгчийн гадаргуугийн молекул эсвэл түүний ялгаруулж буй хор юм. Т лимфоцит нь дархлааны өвөрмөц хариу урвалд олон янзын үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал, В эсийн ялгаран хөгжил, эсрэгбие үүсэлтийг зохицуулах, залгиур эсүүдтэй харилцан үйлчилж залгисан эмгэгтөрөгчийг устгахад туслах, вирусээр халдварлагдсан эсийг таньж устгах гэх мэт.
Лимфоцит ба залгиур эсийн харилцан үйлчлэл. Дархлааны хариу урвалд лимфоцит ба залгиур эсүүд харилцан үйлчилж нэг нэгнийхээ идэвхийг зохицуулж байдаг. Тухайлбал, зарим залгиур эсүүд антигенийг залгин боловсруулж Т эсэд танигдах хэлбэрт хувирган Т эсийг өдөөнө. Үүнийг антиген илчлэх гэдэг. Т эс цитокин ялгаруулж залгиур эсийг идэвхжүүлэх ба залгисан эмгэгтөрөгчийг устгахад дэм болно. Мөн В эсээс ялгарах эсрэгбие нь антигенийг хучиж залгиур эсийн антиген таних чадварыг нэмэгдүүлдэг. Энэхүү харилцан үйлчлэлийн дүнд аливаа халдварын эсрэг төрөлхийн болон өвөрмөц дархлааны эффектор механизмууд оролцох боломжтой болдог.
Халдварын эхэн үед төрөлхийн дархлааны урвал давамгайлдаг бол хожуу шатанд нь өвөрмөц дархлааны урвал өрнөнө. Дархлааны санамжийн эсүүд үүссэнээр эмгэгтөрөгч дахин халдварлахад богино хугацаанд илүү үр дүнтэй хариу урвал өрнүүлэх боломжтой болдог.

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл