Health News from Medical News Today


Thursday, January 19, 2012

Хүйн цуснаас ялгасан үүдэл эсээр 1-р хэлбэрийн чихрийн шижингийн тавиланг өөрчилнө

Хүйн цуснаас ялгасан үүдэл эс нь 1-р хэлбэрийн чихрийн шижин бүхий хүмүүсийн дархлаа тогтолцооны Т эсүүдийг дахин боловсруулснаар эдгээр өвчтөнүүдийн нойр булчирхайн дахин инсулин нийлэгжүүлж эхлэх ба улмаар инсулин тарих хэрэгцээг бууруулах боломжтой юм. Энэ бол Чикаго дахь Иллиноисын Их Сургуулийн Dr Yong Zhao-аар удирдуулсан судалгааны багийнхны нээлт бөгөөд BMC Medicine сэтгүүлийн өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригийн дугаарт нийтлэгджээ. 

1-р хэлбэрийн чихрийн шижин нь биемахбодийн өөрийн дархлаа тогтолцоо нойр булчирхай дахь инсулин нийлэгжүүлэгч арлын бета эсүүдийг довтолж, устгасны улмаас үүсдэг. Үүний үр дүнд биемахбод инсулин үйлдвэрлэж чадахгүй болох ба энэ нь цусан дахь глюкозын хэмжээ аюултай түвшинд хүртэл нэмэгдэх шалтгаан болж биемахбодийн бүхий л эрхтэнүүдийг гэмтээдэг. 
Судлаачид өгүүллийн удиртгал хэсэгт дурьдахдаа хулгана болон чихрийн шижин бүхий хүний эс дээрхи сорилын үр дүнгээс харвал хүйн цуснаас үүсэлтэй мултипотент эсүүд нь зохицуулагч Т эсүүд болон хүний нойр булчирхайн арлын бета эс өвөрмөц Т эсийн клоныг өөрчлөх замаар аутоиммун хариу урвалыг хянах боломжтой гэжээ.

Хүйн цус гэдэг нь хүүхэд төрсний дараа ихэс болон хүйнээс цуглуулсан цус юм. Энэ нь олон төрлийн цусны болон удамшлын эмгэгийг эмчлэх чадамжтай үүдэл эсүүдийн баялаг эх үүсвэр болдог. 

Судалгааны бүтээлдээ судлаачид тэдний хэлж буйгаар "Үүдэл эсээр боловсруулах эмчилгээ"-г хэмээх процедурыг хэрхэн бий болгосныг дурьдсан байна. Ингэхдээ чихрийн шижинтэй өвчтөний цусыг хаалттай-гогцоот системээр эргэлдүүлсэн ба энэхүү систем нь бүхий л цуснаас лимфоцитийг (Т эсүүдийг багтаасан дархлаа тогтолцооны анги) салгах ба улмаар салгаж авсан эсүүдээ эрүүл донороос авсан хүйн цусны үүдэл эстэй хамт 2-3 цагийн турш өсгөвөрлөж бий болсон "дахин боловсорсон лимфоцит"-ийг өвчтөний цусны эргэлт рүү буцаан оруулдаг ажээ. 

Энэхүү жижиг, нээлттэй сонголт бүхий, фаз 1/фаз 2 судалгаанд тэд 1-р хэлбэрийн чихрийн шижин бүхий 15-41 насны (дундаж нас 29), 1-21 жилийн хугацаанд чихрийн шижинтэй байгаа (медиан 8) өгүүлэмжтэй 15 өвчтөнийг оролцуулсан байна. 

3 өвчтөнөөс бусад (эдгээр нь хяналтын бүлэг байв) бүх өвчтөн "Үүдэл эсээр боловсруулах эмчилгээ"-нд нэг удаа орсон. Хяналтын бүлгийг боловсруулаагүй эсээр буюу хуурамч эмчилгээгээр эмчилжээ. 

Судлаачид өвчтөнүүдийн явцыг эмчилгээнээс хойш 4, 12, 24 болон 40 долоо хоногийн дараа шалгаж үзжээ. Эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн 6 нь бага хэмжээний үлдэгдэл бета эсийн үйл ажиллагаатай (дунд зэргийн 1-р хэлбэрийн чихрийн шижин), бусад 6-д нь үлдэгдэл бета эсийн үйл ажиллагаа байхгүй (хүнд зэргийн 1-р хэлбэрийн чихрийн шижин) байсан. 

Судалгааны үр дүнгээс харахад дунд зэргийн 1-р хэлбэрийн чихрийн шижин бүхий 6 өвчтөнд өдөрт хэрэглэх инсулины хэрэглээ 12 дахь долоо хоногт 38%-иар буурсан бол хүнд зэргийн 1-р хэлбэрийн чихрийн шижин бүхий 6 өвчтөнд 25%-иар буурсан байв. Хяналтын бүлэгт инсулины тунгийн хэрэглээнд өөрчлөлт гараагүй байна. 

"Үүдэл эсээр боловсруулах эмчилгээ" хийгдсэн бүх өвчтөнүүдэд бета эсүүд хэр сайн ажиллаж байгааг хэмжихэд ашигладаг биомаркер болох С пептидийн (энэ нь нойр булчирхайд үйлдвэрлэгдсэн инсулины төгсгөл хэсгийн фрагмент уураг юм) түвшин сайжирсан байжээ. 

С пептидийн түвшин 24 дэхь долоо хоног хүртэл тасралтгүй нэмэгдэж байсан ба судалгааны төгсгөлд (40 дэхь долоо хоногт) тохиромжтой хэмжээнд хүрсэн байна.

Жао хэвлэлийнхэнд хэлэхдээ:

"Бид мөн эдгээр өвчтөнүүдэд зарим аутоиммун хяналт сайжирч байгааг тогтоосон. "Үүдэл эсээр боловсруулах эмчилгээ" нь эмчилгээний бүлгийн хүмүүсийн цусан дахь зохицуулагч Т эсийн эзлэх хувийг нэмэгдүүлж байв. TGF-beta1 зэрэг дархлаа тогтолцооны бусад маркерууд мөн адил сайжирсан" гэжээ. 

Судлаачид өөрсдийн бүтээлдээ дархлаа тогтолцооны үйл ажиллагааны сайжралыг нарийвчлан тайлбарлахдаа:

"Үүдэл эсээр боловсруулах эмчилгээг хүлээн авсан хүмүүст хам-эрчимжүүлэгч молекулууд (ялангуяа CD28 болон ICOS )-ын экспресс нэмэгдэж, CD4+CD25+Foxp3+ Tregs-ийн тоо нэмэгдсэн ба Th1/Th2/Th3 цитокины тэнцвэр сэргэсэн" гэж тайлбарлажээ. 

Жао хүйн цусны үүдэл эсүүд дэхь аутоиммун зохицуулагч AIRE (аутоиммун зохицуулагч ген, уг генд кодлогдсон уураг) нь энэхүү өөрчлөлтүүдтэй холбоотой гэж үзэж байгаа ба энэ нь нойр булчирхайн арлын бета эсүүдийн нөхөн сэргэлтийг өдөөж байна гэжээ. 

Эх сурвалж: 

Type 1 Diabetes Reversed With Stem Cells From Cord Blood


0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив