Health News from Medical News Today


Saturday, May 9, 2009

Хавдарын эмчилгээний зарчим: Хими эмчилгээ

ЭСИЙН БИОЛОГИ

Хорт хавдарын ургалтыг тодорхойлох дүр зураг нь эсийн хяналтгүй ургалт бөгөөд үүнд ДНХ-н репликаци чухал шаардлагатай. Бүх эсийн амьдралын мөчлөгт хоёр онцгой үе байдаг. Митозийн (М үе) турш эсийн хуваагдал явагдах ба интерфаз нь дараалсан митозын хоорондох үе юм.
Интерфаз нь хоорондоо ялгаатай гурван үетэй. G1 үе энэ үеийн үргэлжлэх хугацаа нь янз бүр байх ба диплоид ДНХ агуулдагаар тодорхойлж болно. ДНХ-н нийлэгжил байхгүй боловч РНХ болон уургийн нийлэгжил тохиолдоно. Богино S үеийн турш ДНХ хуулбарлагдана. Үүний дараагаар G2 үе эхлэх ба энэ нь тетраплоид ДНХ агуулдагаар тодорхойлогддог. Энэ үед РНХ болон уургийн нийлэгжил үргэлжилж эсийн хуваагдалд бэлдэнэ. Митозын үед хромосомын ДНХ-н хос бүрдэл тус бүрийг охин эс нэг нэгээр өвлөн авснаар ДНХ-н диплоид бүтэц сэргэнэ. Митозын дараагаар зарим эсүүд эсийн мөчлөгийг түр зуур юмуу бүр мөсөн орхиж G0 буюу амралтын үед ордог.
Хавдарын ургалтын хувь нь идэвхитэй хуваагддаг эсүүдэд илүү байна. G0 үед буй эсийн тоо цөөхөн бол ургалтын хувь өндөр байж хавдарын-томролтын хугацаа хурдан байдаг.
Хими эмчилгээний эмүүд болон туяа нь first-order kinetics-ээр эсүүдийг үхүүлдэг ба аль ч арга нь тодорхой тунгаар тогтмол тооны эсийг үхүүлдэг бөгөөд тухайн үед байгаа эсийн тоотой хамааралгүй байдаг. Эдгээр эмчилгээний арга нь идэвхитэй хуваагдаж буй эсүүдийн эсрэг үр нөлөөтэй үйлчилдэг ба учир нь амралтын G0 үед буй эсүүд нь үхлийн гэмтэлийн дараагаар нөхөн сэргэх чадвар сайн байдаг байна. Харамсалтай нь уул хоёр эмчилгээний арга нь хурдтай хуваагддаг хэвийн эсүүд болох ходоод гэдэсний замын салст, ясны чөмөг болон үсний фолликул зэргийг мөн дарангуйлдаг ажээ.

ХИМИ ЭМЧИЛГЭЭ

1950 оны үеэс нэвтэрсэн анагаах ухааны ололт амжилтуудын нэг бөгөөд хориокарцинома болон өндгөвчний хөврөлийн эсийн хавдар зэрэг зарим тархмал хорт хавдарын үеийн үр дүнтэй эмчилгээ юм.

ХИМИ ЭМЧИЛГЭЭНИЙ ЭМИЙН АНГИЛАЛ

Хими эмчилгээний эмүүдийн үйлдэл нь ерөнхийдөө бөөмийн ДНХ-г эвдэж улмаар эсийн хуваагдалыг дарангуйлдаг. Эдгээрийг эсийн мөчлөгтэй харилцан үйлчлэх байдлаар нь 2 дэд төрөлд хуваагддаг.
1. Эсийн мөчлөгт өвөрмөц бус эмүүд. Алкилжуулагч эмүүд болох cisplatin болон paclitaxel орох бөгөөд тэдгээр нь эсийн мөчлөгийн аль ч үед хамаагүй үйлчилж гэмтээдэг. Эдгээр нь мөчлөгт буй эсүүдийн зэрэгцээ амралтанд буй эсүүдийг гэмтээж болдог ч paclitaxel нь илүү мэдрэг юм.
2. Эсийн мөчлөг өвөрмөц эмүүд. Эдгээр нь эсийн мөчлөгийн гагцхүү нэг үеийн турш үйлчилж үхүүлэх нөлөө үзүүлнэ. Жишээ нь hydroxyurea болон methotrexate голчлон S үеийн турш, bleomycin G2 үед үйлчилдэг бол vinca alkaloid нь М үед үйлчилдэг байна.

ХИМИ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРЧИМ

Хими эмчилгээний эмүүдийг урьд өмнө хавдарын үед өгч туршсан тодорхой эмүүдэд үндэслэн сонгоно. Эмүүдийг ихэвчлэн системийн байдлаар (судсаар) хэрэглэх ба энэ үед хавдар түүний анатомийн байрлалаас хамааралгүй эмчлэгддэг. Хэсэг газрын концентрацийг нэмэгдүүлэхийн тулд зарим эмүүдийг хэсгийн байдлаар хэрэглэж болдог. Үүнд интраартериаль, интратекаль юмуу интракавиталь (өндгөвчний хавдарын үеийн интраперитонеаль эмчилгээ) байдлаар хэрэглэж болно.
Хими эмчилгээг цагаан эсийн тоо 3000/mm3-аас бага болсон эсвэл ялтасын тоо 100,000/mm3-аас бага болсон үед хийхгүй. Эмчилгээнээс 7-14 хоногийн дараа цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийх ба чөмөгний дарангуйлагдлын зэргээс шалтгаалж дараагийн тунг бууруулж болно. Тунг бууруулах нь зайлшгүй чухал бөгөөд учир нь хими эмчилгээ нь ходоод гэдэсний зам, элэг эсвэл бөөр зэрэг бусад эрхтэнд хортой нөлөө үзүүлдэг.
Хими эмчилгээний эмүүдэд түр зуурын болон тогтмол тэсвэрт байдал үүсч болно. Түр хугацааны тэсвэрт байдал нь ихэвчлэн судасжилт муутай томоохон хавдартай холбоотой байх ба үүний үр дүнд эд дэхь эмийн концентраци буурах болон эсийн мөчлөгийн G0 үеийн харьцангуй тэсвэртэй эсийн харьцаа нэмэгддэг. Тогтмол тэсвэрт байдал нь фенотопийн тэсвэрт байдал (phenotypic resistance) үүсгэгч аяндаа үүсэх мутацийн үр дүн байдаг ба ихэвчлэн томоохон хавдарын үед тохиолдоно. Тогтмол тэсвэрт байдал нь мөн хими эмчилгээний эм биед өргөн тархсанаас бий болж болно.

ХИМИ ЭМЧИЛГЭЭНИЙ ЭМҮҮД

Алкилжуулагч эмүүд
Алкилжуулагч эмүүдийн цитотоксик нөлөө нь тэдний ДНХ-г алкилжуулах чадварын үр дүн бөгөөд үүний дүнд ДНХ-н утаслагуудын хооронд хөндлөн холбоо үүсэж ДНХ-н репликаци саатуулагдана.

Антиметаболитууд
Антиметаболитууд нь хэвийн завсрын зуучлагчидтай ихээхэн төстэй бүтэцтэй байж биохимийн урвалыг өөрчилдөг ба үүний улмаас бодисын солилцооны хориг үүснэ. Жишээ нь methotrexate нь дигидрофолат редуктаза энзимыг сонгомлоор дарангуйлах ба үүний улмаас гидрофолат тетрагидрофолатад хувирах нь саатуулагдана. Тетрагидрофолат нь метилжих урвалд орж нуклейн хүчлийн дэд нэгж болох пурин, пириминдины нийлэгжилтэд зайлшгүй хэрэгтэй бүтээгдэхүүнийг үүсгэнэ.

Антибиотикууд
Антибиотик нь байгальд тохиолдох хавдарын эсрэг эмүүд бөгөөд Streptomyces-ийн зарим зүйлээс сайтар боловсруулж гаргаж авна. Үйлдлийн механизм нь тодорхойгүй бөгөөд цор ганц үйлдэл үзүүлдэггүй. Гэвч энэ бүлгийн ихэнх эмүүд нь ДНХ-н хос хеликсийн утаслагуудын хооронд харицан үйлчилж хүчилтөрөгч хамааралт утаслагын эвдрэлийн шалтгаан болсноор ДНХ болон РНХ-н нийлэгжлийн аль алиныг нь дарангуйлдаг.

Ургамлын алкалоидууд
Ихээхэн түгээмэл ургамлын алкалоидууд нь vinca алкалоидууд бөгөөд periwinkle ургамлаас гаргаж авна. Эдгээрт vincristine болон vinblastine ордог. Эдгээр нь өсөлтийн токсин бөгөөд эсийн бичил гуурсанцаруудын хооронд нэвтрэн метафазийг хориглодог ажээ.
Бусад ургамлын алкалоидод mandrake ургамлын экстракт болох etoposide (VP16), Номхон далайн yew модны экстракт болох paclitaxel (Taxol) зэрэг epipodophyllotoxin орно. Docetaxel (Taxotere) нь paclitaxel-ийн анхны хагас нийлэг аналог юм. Etoposide-ийн үйлдлийг дан утаслаг ДНХ-н эвдрэлийн шалтгаан болдогоор тайлбарладаг. Paclitaxel нь бичил гуурсанцаруудтай хялбар холбогдон тэдгээрийн полимержилт болон тогтворжилтын шалтгаан болно.

Бусад эмүүд
Cisplatin нь эмэгтэйчүүдийн хавдарын чухал эмүүдийн нэг бөгөөд утаслаг хоорондын болон утаслагын доторх холбоос үүсгэн ДНХ-н нийлэгжилтийг дарангуйлдаг. Carboplatin нь Cisplatin-ы аналог ба үйлдлийн механизм болон үр нөлөө нь түүнтэй төстэй ч ходоод гэдэс болон бөөрөнд үзүүлэх хортой нөлөө бага байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл