Health News from Medical News Today


Saturday, August 22, 2009

Cardiopulmonary Resuscitation (CPR)

Introduction
Зүрх уушигны сэхээн амьдруулалт нь цээж дарах болон хиймэл амьсгалуулалтаас бүрдэх ба зүрх зогссон үед цусны эргэлт хийгээд хүчилтөрөгчийн хангамжийг барихад хэрэглэгддэг.

Жил бүр Нэгдсэн улсад 300000 илүү зүрх зогсолт тохиолддог ба эмнэлэгийн бус нөхцөлд амьд үлдэх хувь 10%-аас бага байдаг бол эмнэлэгийн нөхцөлд 20% байна. Түүнчлэн судалгаагаар зүрх уушигны сэхээн амьдруулалт хийгээгүй минут бүрд амьд үлдэх магадлал 10-15%-иар буурч байдаг гэж үзжээ. Зүрх зогссон үеэс минутын дотор зүрх уушигны сэхээн амьдруулалтыг хийж эхэлбэл амьд үлдэх магадлал 2-3 дахин ихэсч сайжирдаг байна.

Энэхүү нийтлэл нь зүрх уушигны сэхээн амьдруулалтад чиглэсэн ба энэ нь сэхээн амьдруулах тусламжийн зөвхөн нэг тал нь юм. Эмийн эмчилгээ, зүрхний дефибрилляци, амьсгалын замын инвазив процедур болон олон төрлийн оношилгооны маневрууд зэрэг бусад үйлдэл нь энэ сэдвийн хүрээнд багтаагүй болно.

Indications
Зүрх уушигны сэхээн амьдруулалтыг ухаангүй байгаа, пульсгүй болох нь тогтоогдсон аливаа хүнд яаралтай хийнэ. Зүрхний цахилгаан идэвхижлийн үнэлгээг хурдавчилсан "rhythm strip" бичсэнээр зүрх зогсолтын төрөлийн талаарх нарийвчилсан дүгнэлтийг өгч улмаар нэмэлт эмчилгээний сонголтыг зааж өгнө.

Зүрхний үр нөлөө бүхий цахилгаан идэвхижил алдагдах нь өөрөө аяндаа үүсэх цусан хангамжгүй арритмийн үед, заримдаа малигнант арритмийн улмаас бий болно. Ихээхэн түгээмэл цусан хангамжгүй арритмийг дурдвал

o Ховдолын фибрилляци (VF)
o Пульсгүй ховдолын тахикарди (VT)
o Пульсгүй цахилгаан идэвхижил (PEA)
o Асистол
o Пульсгүй брадикарди

Ховдолын фибрилляци болон пульсгүй ховдолын тахикардийн үед яаралтай дефибрилляци хийх нь амьд үлдэх хувийг сайжруулдаг хэдий ч хэмнэлийг тодорхойлохын өмнө зүрх уушигны сэхээн амьдруулалтыг эхлэх нь зүйтэй ба дефибрилляторыг авчирч цэнэглэх хүртэл тасралтгүй үргэлжлүүлэх нь зүйтэй. Түүнчлэн зүрх уушигны сэхээн амьдруулалтыг дефибриллятороор шок өгсөний дараа залгуулан яаралтай сэргээн хийж пульсаци бий болтол үргэлжлүүлэх хэрэгтэй. Зүрх уушигны сэхээн амьдруулалтын үед ингэж “шокийн өмнөх завсарлага” авсанаар бага зэргийн дефибрилляциар амжилтанд хүрч өвчтөнийг сэргээдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Seattle дэхь эмнэлэгээс гадуурх зүрх зогсолтыг хамарсан нэгэн судалгаанд ховдолын фибрилляцийн үед дефибрилляци хийснээр өвчтөнүүдийн 84%-д пульс буцаад сэргэж байсан байна. Дефибрилляци нь ихэнх тохиолдолд ихээхэн үр дүнтэй бөгөөд ашиглахад хурдан байдаг.

Contraindications
o Зүрх уушигны сэхээн амьдруулалтын цорын ганц, туйлын эсрэг заалт нь Сэхээн амьдруулахаас татгалзах-Do Not Resuscitate (DNR) буюу тусгайлсан удирдамжид тодорхойлсоны дагуу тухайн хүн зүрх зогссон тохиолдолд сэхээн амьдруулахгүй байхыг хүссэн үед зүрх уушигны сэхээн амьдруулалт хийхгүй
o Зүрх уушигны сэхээн амьдруулалт хийх харьцангуй эсрэг заалт нь эмнэлэгийн мэргэжилтэн сэхээн амьдруулах аливаа оролдлого нь хий хоосон, бүтэлгүй гэдгийг мэдсэн, энэ нь дэлгэцийн хяналтат шинжилгээгээр бүрэн төгс батлагдсан байх юм.

Anesthesia
Зүрх зогссон хүн нь ухаангүй байдаг тул зүрх уушигны сэхээн амьдруулалт хийх үед ихэнхдээ мэдээгүйжүүлэх агент хэрэггүй байдаг.

Equipment
Зүрх уушигны сэхээн амьдруулалт нь ихээхэн энгийн дүрэмтэй ба тусгай багаж хэрэгсэлгүйгээр ямарч газар хийж болно.

Нийтлэг урьдчилан сэргийлэлт (бээлий, маск, өмсгөл г.м)-ийг авсан байх нь зүйтэй. Хэдий тийм ч зонхилон тохиолдох эмнэлгээс гадуурх зүрх уушигны сэхээн амьдруулалтын үед дурдсан хамгаалалтгүй байхад зүрх уушигны сэхээн амьдруулалт хийх явцад өвчин дамжиж байсан тохиолдол байдаггүй.

Зүрх уушигын сэхээн амьдруулалтыг багаж хэрэгсэлгүй хийх боломжтой ч зөв техникээр гүйцэтгэх нь амин чухал

Зарим эмнэлэг болон яаралтай тусламж үзүүлэгч төвүүд нь механик цээж дарагч төхөөрөмжийг хэрэглэдэг боловч судалгаагаар эдгээр төхөөрөмж нь өндөр чанартай гарын даралтаас илүү үр нөлөөтэй байж чаддагүй байна

Түүнчлэн эрүүл мэндийн бусад системд зүрх уушигны сэхээн амьдруулалтыг цахим байдлаар хянах хэрэгсэл нэвтрүүлж, тусламж үзүүлэгчидийг видео кассетаар хангаж байгаа ба ингэснээр зүрх уушигны сэхээн амьдруулалтын үеийн цээжний даралтын чанарыг сайжруулахад нэмэр болж байгаа юм

Амьсгалуулах хэрэгсэл байхгүй үед хиймэл амьсгалыг тусламж үзүүлэгч ам-ам техник ашиглан өгч болно

Advanced Cardiac Life Support (ACLS)-ийн тусламж үзүүлэгч (эмч, сувилагч, эмнэлэгийн мэргэжилтэн) өвчтөний мөгөөрсөн хоолой руу шууд эндотрахеал гуурс оруулах (интубаци тавих)-ыг аргыг сонгон хийж болох ба ингэснээр амьсгалуулах үйл ажиллагаа ихээхэн ашигтай, үр нөлөөтэй хийгдэнэ

Зүрх зогссон үед хэрэглэгддэг нэмэлт төхөөрөмж нь зүрхний дефибриллятор юм. Энэхүү төхөөрөмж нь өвчтөний цээжинд байрлуулсан 2 электродоор цахилгаан шок өгдөг бөгөөд зүрхний хэвийн цусаар хангагч хэмнэлийг сэргээж өгдөг

Positioning
Зүрх уушигны сэхээн амьдруулалт нь өвчтөн харьцангуй хатуу гадаргуу дээр түрүүлгээ харж хэвтсэн байхад ихээхэн хялбар бөгөөд үр дүнтэй хийгддэг. Ингэснээр өвчүүний даралтыг үр дүнтэй гүйцэтгэх боломжтой. Гудас болон зөөлөн материал дээр үзүүлж буй зүрх уушигны сэхээн амьдруулалт нь үр нөлөө багатай байна.

Эрүүл мэндийн тусламж үзүүлэгч нь даралт өгөхдөө өвчтөний дээр хангалттай өндөрт байрлах ба өөрийн биеийн жинг ашиглан цээжин дээр хангалттай хэмжээгээр дарна.









Зүрх уушигны сэхээн амьдруулалтын байрлал. Video courtesy of Daniel Herzberg, 2008.

o Эмнэлэгийн нөхцөлд өвчтөн төмөр дамнуурга юмуу орон дээр байгаа үед ихэвчлэн орыг доошлуулах эсвэл тусламж үзүүлэгч шаттай сандал дээр зогсох хэрэгтэй болдог
o Эмнэлэгээс гадуурх нөхцөлд өвчтөн ихэвчлэн шалан дээр байрласан байдаг ба тусламж үзүүлэгч өвчтөний биеийн дагуу өвдөглөсөн байдалтай байна.

Technique
Ухаангүй, насанд хүрсэн хүнд зүрх уушигны сэхээн амьдруулалт нь амьсгалын замыг чөлөөлөх маневр болох толгойх гэдийлгэх, эрүүг өргөх үйлдлээр эхлэх ба өвчтөн амьсгалж байгаа эсэхийг тогтооно.

Амьсгалуулж эхлэхийн өмнө өвчтөний ам руу харж амьсгалын замыг тагласан гадны биед байгаа эсэхийг шалгаж улмаар саадыг арилгана. Амьсгалын замд саадтай байгаа үед зүрх уушигны сэхээн амьдруулалт хийхэд амьсгалуулалт хийгээд хүчилтөрөгчөөр хангах явц үр дүнгүй болдог ба гипоксеми улам хүндрэхэд хүргэнэ.

Үр дүнтэй ам-амаар амьсгалуулалт нь амьсгалуулалт бүрийн үед цээж тэлэгдэж байгаагаар тодорхойлогддог. Цээжний тэлэгдэл ажиглагдахгүй байх нь амыг хангалттай битүүлж үмхээгүйг юмуу амьсгалын замын бөглөрөл байгааг илтгэнэ. Энэ мэт 2 амьсгалуулалтыг цээжний 30 даралт бүрийн дараагаар залгуулан өгч байх нь зүйтэй (зүрх уушигны сэхээн амьдруулалтын 30:2 цикл). Амьсгалуулалт дуусангуут даралтыг дахин эхлүүлнэ.
o Боломжтой бол barrier device (pocket mask or face shield) хэрэглэнэ
o Ихэнх тохиолдолд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч нь эерэг даралтын амбуу маскийг (BVM) хэрэглэдэг ба энэ нь уутыг шахах үед агаарыг уушиг руу шахаж өгдөг.
o Зарим нэмэлт төхөөрөмжийг амбуу масктай цуг хэрэглэж болох ба үүнд oropharyngeal болон nasopharyngeal гуурсууд орно.

Хэрэв өвчтөн амьсгалахгүй бол тусламж үзүүлэгч ам юмуу амбуу маск ашиглан 2 амьсгалуулалт өгнө

Ам-амаар амьсгал өгөх. Аврагч эрүүг өргөн амьсгалын замыг баттай чөлөөлөн хамрын нүхийг битүүлж чимхэн агаар нэвтрүүлэхгүй битүүмжилнэ. 2 амьсгал өгсөний дараа залгуулж 30 даралт хийнэ.


Ам-амаар амьсгал өгөх.









Зүрх уушигны сэхээн амьдруулалтын амьсгалуулалт. Video courtesy of Daniel Herzberg, 2008.

Ам-амаар техникийг дараах байдлаар гүйцэтгэнэ.
o Өвчтөний хамрын нүхийг чимхэж хаана
o Тусламж үзүүлэгч амаараа өвчтөний амыг бүрэн таглаж байхаар байрлуулна
o Тусламж үзүүлэгч ойролцоогоор 1 секундын турш өвчтөний цээжийг тэлэгдтэл хангалттай хүчээр амьсгал өгнө

Амбуу маск юмуу амьсгалын замын инвазив техникийг дараах байдлаар гүйцэтгэнэ.
o Тусламж үзүүлэгч маск болон өвчтөний нүүрний хоорондох зайг баттай битүүмжилнэ.
o Уутыг нэг гараараа ойролцоогоор 1 секундын турш базах ба хамгийн багадаа 500мл агаарыг өвчтөний уушиг руу шахаж оруулна.

Дараагаар нь тусламж үзүүлэгч өвчтөний гүрээний юмуу гуяны пульсийг шалгана

Хэрэв өвчтөн пульсгүй байвал цээжний даралтыг эхлүүлнэ


Цээжний даралт өгөх байдал. Аврагч гараа тэнийлгэн өвчүүний голд давхарлан байрлуулна. Цээжний даралтыг минутанд 100 даралт байхаар бодож өгнө.









Зүрх уушигны сэхээн амьдруулалтын цээжний даралт. Video courtesy of Daniel Herzberg, 2008.


o Нэг гарыг өвчтөний өвчүүн дээр байрлуулж нөгөө гарыг эхний гарын дээр байрлуулах ба хуруунуудыг орооцолдуулж атгана
o Тохойг тэнийлгэсэн байх ба тусламж үзүүлэгч өвчтөний чанх дээрээс тулна
o Тусламж үзүүлэгч цээжийг 1,5-2 инчээр доош дарна
o Цээжийг чөлөөлж бүрэн тэлэгдэх боломж олгоно
o Гараа байранд нь хэвээр байлгах ба даралтыг минутанд 100 удаа байхаар тооцож 30 удаа давтана

30 даралтын дараа 2 амьсгал өгнө

Энэхүү бүхэл бүтэн процессыг пульс дахин бий болтол юмуу өвчтөнийг эцсийн тусламж үзүүлэхээр тээвэрлэх хүртэл давтана

Цээжний даралтыг аль болох хурдан байлгах ба өөр нэг тусламж үзүүлэгч эхний тусламж үзүүлэгч ядрах үед солигдон хийхэд бэлэн байх нь зүйтэй

Тусламж үзүүлэхдээ даралтын хооронд өвчтөн дээр тулж болохгүй ба ингэснээр цээж тэлэгдэхгүй байх, цусны урсгал муудахаас сэргийлнэ.

Интубаци тавигдсан өвчтөнд даралтыг тасралтгүй өгсөөр байх ба ингэх үедээ минутанд 8-10 байхаар бодож амьсгал өгнө

Дээр дурдсан техникүүд нь basic cardiac life support (BCLS)-ийн удирдамжид дурдсан зүрх уушигны сэхээн амьдруулалтын өвөрмөц техник юм. Эмнэлэгийн нөхцөлд эсвэл эмнэлэгийн мэргэжилтэн хийгээд мэргэшсэн тусламж үзүүлэгч эмнэлэгээс гадуурх нөхцөлд зүрх зогссон тохиолдолтой тулгарвал Advanced Cardiac Life Support (ACLS)-ийн удирдамж дахь эм хэрэглэх, ЭКГ мониторинг, дефибрилляци хийх болон амьсгалын замын инвазив процедур зэрэг зүрх зогсолтын үеийн ихээхэн үр нөлөө бүхий эмчилгээг авч хэрэгжүүлнэ.

Pearls
Зүрх уушигны сэхээн амьдруулалтын үед цээжийг дарахдаа санаж байх гол зүйл нь хурдан хүчтэй түлхэх юм

Цээжийг дарахдаа ядарталаа аль болох хурдан дарна. Эхний аврагч ядарсан үед өөр тусламж үзүүлэгч солигдоход бэлэн байх нь зүйтэй

Тусламж үзүүлэхдээ даралтын хооронд өвчтөн дээр тулахгүй байх хэрэгтэй ба ингэснээр цээж тэлэгдэхгүй байх, цусны урсгал муудахаас сэргийлнэ

Хурдан, өндөр чанартай зүрх уушигны сэхээн амьдруулалтыг үзүүлэх (зүрх зогссон минутаас эхлэн) нь амьд үлдэхэд шийдвэрлэх хүчин зүйл юм

Хэрэв тусламж үзүүлэгч сэхээн амьдруулалтыг зөв хийх эсэхдээ эргэлзэж байгаа бол зүрх уушигны сэхээн амьдруулалт хийхээр оролдох нь юу ч хийхгүй байснаас дээр болохыг анхаараарай. Ихэнх хүмүүст ам-амаар амьсгалуулалт хийх нь эвгүйцмээр зүйл байдаг. Хэрэв амьсгал өгөхөд тийм ч тохиромжтой биш санагдвал цээжний даралтыг дангаар хийх нь юу ч хийхгүй байснаас дээр байдаг.

Complications
Цээжний даралтыг гүйцэтгэх явцад хавирга юмуу өвчүүний хугарал тохиолдож болдог боловч иймэрхүү хугарлын тохиолдол ихэнхдээ бага байдагийг анхаарах хэрэгтэй

Инвазив бус амьсгалуулалтын аргыг (ам-амаар, амбуу маскаар) ашиглан хиймэл амьсгал хийх үе ходоод хийлэгдэх нь элбэг. Энэ үед өвчтөн бөөлжиж улмаар амьсгалын зам бөглөгдөх юмуу аспираци болоход хүрнэ. Энэхүү асуудалыг агаарыг улаан хоолой руу орохоос сэргийлсэн инвазив гуурсыг амьсгалын замд оруулсанаар арилгаж болно.

Зүрх уушигны сэхээн амьдруулалтыг яг ёсоор нь хийх үед тусламж үзүүлэгч нэлээд ядардаг. Өндөр чанартай зүрх уушигны сэхээн амьдруулалтыг тогтвортой хийж, тусламж үзүүлэгчийг ядраахгүй, гэмтээхгүй байхын тулд боломжтой бол шинэ тусламж үзүүлэгч 2-3 минут тутамд солигдож байх нь зүйтэй. (жишээ нь тусламж үзүүлэгчид солигдох буюу цээж дарагчийг амарч байх зуур өөр аврагч зүрх уушигны сэхээн амьдруулалтыг үргэлжлүүлэх)

American Heart Association CPR Guidelines
2005 онд American Heart Association Emergency Cardiovascular Care Committee (ECC)-аас зүрх уушигын сэхээн амьдруулалтын шинэ удирдамжийг гаргажээ. Энэхүү удирдамжаар даралт/амьсгалуулалтын харьцаа 15:2 байсныг 30:2 болгон өөрчилж даралтад чухал ач холбогдол өгчээ.

Сүүлийн үеийн зарим судалгаагаар эмнэлэг болон яаралтай тусламжийн төвүүд дэхь зүрх уушигны сэхээн амьдруулалтын чанарыг ажиглахад тусламж үзүүлэгчид зүрх уушигны сэхээн амьдруулалтыг ECC-ийн удирдамж дахь стандартын дагуу гүйцэтгэхгүй байжээ. Ялангуяа тусламж үзүүлэгчид нь цээжний даралтын гүн болон тоог дутуу хийж, өгч буй амьсгалуулалт нь өндөр хувьтай байсан байна. Бусад судалгаагаар цээж даралтын тоо болон гүн нь амьд үлдэхэд хангалтгүй байгааг тогтоосон байна.

Дэлхий нийтээрх зүрх уушигны сэхээн амьдруулалтын судалгаан дахь өөр нэг идэвхитэй хэлцэгдэж буй маргаан нь эмнэлэгээс гадуурх нөхцөлд тусламж үзүүлэгч зүрх уушигны сэхээн амьдруулалт хийж байх бүхий л хугацаанд амьсгалуулалт өгөх эсэх асуудал юм. Зарим судалгаагаар амьсгал өгч байх зуур даралтыг зогсоох нь өвчтөнд гарах үр дүнд муу байж болно гэж зөвлөдөг. Тусламж үзүүлэгч 2 амьсгал өгөх зуур даралтаа зогсоосноор цусны урсгал мөн адил зогсож, өмнөх даралтуудын үед бий болгосон цусны даралт түргэн унахад хүргэдэг байна. Энэхүү мэдээллийг ECC 2010 онд гарах зүрх уушигны сэхээн амьдруулалтын дараагийн удирдамждаа анхаарах болно гэжээ.

Эх сурвалж: www.emedicine.com / Clinical Procedures / Cardiothoracic Procedures / Cardiopulmonary Resuscitation (CPR)

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл