Health News from Medical News Today


Friday, September 11, 2009

Oxford Handbook of Clinical Medicine - Нурууны өвдөлт

Нурууны өвдөлт ихээхэн түгээмэл бөгөөд ихэнх тохиолдолд аяндаа засардаг боловч хор хөнөөлтэй шалтгаан байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Анамнезаас анхаарах гол зүйлүүдэд: 1) Нурууны өвдөлтийн эхлэл: гэнэт (гэмтэлтэй холбоотой) эсвэл аажим? 2) Хөдөлгөөн болон мэдрэхүйтэй холбоотой шинж тэмдэг байна уу? 3) Давсаг эсвэл гэдэс өртөгдсөн байна уу?
Өвдөлт хөдлөх үед улам муудаж тайван үед намдаж байвал ихэвчлэн механик шалтгаантай байна. Хэрэв тайван байхад өвдөх нь ихсээд байвал үрэвслийн гаралтай байж болохыг бодох хэрэгтэй.

Үзлэг
1) Өвчтөнг хөл дээр нь зогсоож бүсэлхийгээр урагш/хажуу тийш нугалах тэнийлгэх хөдөлгөөний далайц болон уян байдлыг хэмжинэ.
2) Мэдрэлийн хомсдолыг шалгах: хошного орчмын мэдрэхүй, хөлөн дэхь дээд болон доод хөдөлгөөний нейроны (UMN & LMN) шинжүүдийг шалгах
3) Ерөнхий өвчиний тархалтыг илтгэх шинжүүдийг шалгах

Арын ёзоорын цочрол
Энэ нь тухайн хэсгээр мэдрэлжүүлэгдэж буй арьсны өвдөлтийн шалтгаан болдог ба ханиах, бөхийх зэрэгт улам их хөндүүрлэнэ. Ласейгийн шинж илрэнэ. Энэхүү шинж нь түрүүлгээ харан хэвтэж байгаа өвчтөний шулуун тэнийлгэсэн хөлийг дээш өргөхөд өгзөг /ууц/нөгөө хөлөнд хөндүүрлэх ба хөлийг 45 °-аас дээш өргөх боломжгүй байна. Энэ нь ууцны нугалам хоорондын дискийн пролапс мэдрэлийн ёзоорыг цочроож буйг илтгэнэ. (Энэ сорилын дүгнэлт гаргах чадамж муу байдаг тул үүнийг иймэрхүү тохиолдолыг бүгдийг илрүүлэх алтан стандарт гэж үзэж болохгүй. Нуруугаар өвдөхгүй *хэвийн* байгаа хүмүүсийн 20-30%-д нь MRI –гаар жийргэвчийн ивэрхий илэрдэг). Энэхүү шинжийн мэдрэг чанар нь 0.9; өвөрмөц чанар нь 0.26 байдаг.

Мэдрэлийн мэс заслын яаралтай тусламж
Морины (ахар) сүүлийн (cauda equina) хурц дарагдал: Хоёр талдаа солигдох байдлаар юмуу эсвэл билатерал (хоёр талын) ёзоорын гаралтай өвдөлт хөлөнд илрэх, суудлын мэдээ алдалт (хошногоны эргэн тойронд хоёр талдаа), болон давсаг юмуу гэдэсний үйл ажиллагаа хямрах.
Нугасны хурц дарагдал: Билатерал (хоёр талын) өвдөлт , дарагдсан түвшинд LMN (lower motor neurone) шинжүүд, UMN (upper motor neurone) болон дарагдлаас доош мэдрэхүйн өөрчлөлт, хошногоны хуниасны хямрал зэрэг үүснэ.
Шалтгаанууд: (аль ч хэлбэрийн дарагдалд ижил байна): ясны метастаз (рентгенд алдагдсан pedicle-ийг илрүүлэх) , миелома, нугас юмуу нуруу орчимын хавдар, туберкулёз, буглаа.
Яаралтай эмчилгээ эргэшгүй өөрчлөлт үүсэхээс сэргийлнэ: жийргэвчийн ивэрхийн үед ламинэктоми хийх, буглааг суллах, дарагдлыг бууруулах, хавдрын үед туяа эмчилгээ хийнэ.

Шинжилгээнүүд
Нугасны дарагдал, миелопати, нурууны хавдар, уйланхай, цус харвалт болон буглаа зэргийг оношлоход MRI хамгийн сайн арга ( миелографи, тойм рентген болон CT шинжилгээнүүд эргэлзээтэй байдаг) юм. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, УЭТХ (миелом, халдвар , хавдруудын үед), мочевин, электролитууд, креатинин, PSA (түрүү булчирхайн өвөрмөц антиген) болон ясны дүрс оношилгооны “халуун цэг” нь хавдрыг оношлоход туслана.

Шалтгаанууд
Нас нь байж болохуйц шалтгааныг тодорхойлно.

15-30 насанд
: Жийргэвчийн ивэрхий, гэмтэл, хугарал, нурууны нугалмайн анкилоз, ууцны нугалам мултрах (спондилолистез, ж.нь, бүсэлхийн 5-р нугалам ууцны 1-р нугалмай дээгүүр гулсан мултрах), жирэмсэн байх.
30-50 насанд: нурууны элэгдэлтэт өвчин, жийргэвчийн ивэрхий, хорт хавдар (уушиг, хөх, түрүү булчирхай, бамбай, бөөрний хавдрууд).
50-иас дээш насанд: ясны доройтол, яс сийрэгжих, Пагетийн өвчин, хорт хавдар, миелом (ийлдсийн электрофорез хийлгэнэ) бүсэлхийн суваг/нурууны хажуугийн завсарын стеноз.

Ховор шалтгаан
Cauda equina-н хавдар, нурууны халдвар (голдуу стафилококкийн, мөн Proteus; Escherichia coli; S.typhi; сүрьеэ). Ихэнхдээ системийн халдварын шинжгүй байна.

Эмчилгээ
Өвөрмөц шалтгаанд өвөрмөц эмчилгээ нь шаардлагатай. Ихэнхдээ шалтгаан нь олддоггүй, тийм үед бол эмпирик эмчилгээ хийнэ. Үүнд даамжирхаас сэргийлэх; physiotherapy юмуу гар заслын эмчилгээ орно. Өвчин намдаах болон ажил, амьдралаа үргэлжлүүлэх нь хэвтэрт байхаас дээр байдаг (хэвтэрт бол 3 хоногоос илүү байх нь тэр бүр зохистой биш-ихэвчлэн хатуу дэвсгэрийг зөвлөдөг боловч баримтаар дундаж нь илүү дээр байдаг ажээ. N=313; Lancet 2003 1599), эсвэл physiotherapy хийнэ. Зарим өвчтөнд жийргэвч, эпидурал юмуу мэдрэлийн уг уруу тариа хийх, мөн нурууны нүхийг зүсэх (foramenotomy), нурууг бөхлөх эсвэл ламинэктоми зэрэг мэс заслын ажилбарууд шаардагдаж болно.

Хор хөнөөлтэй нурууны өвдөлт болохыг харуулдаг онцлог шинжүүд:
• 20 наснаас залуу юмуу 55-аас дээш настай бол
• Зодуулсан гэмтэл
• Өгзөгний мэдрэлийн ээлжлэн дахих өвдөлт
• Өгзөгний мэдрэлийн хоёр талын өвдөлт
• Хөл сулрах
• Жин алдах
• Шалтгаан нь тодрохгүй халуурах, УЭТХ ихсэх ( > 25мм/ц)
• Стероид хэрэглэж байгаа
• Давшингуй, үргэлжилсээр байгаа механик биш өвдөлт
• Системийн өвчтэй, эмийн донтой, ХДХВ тээгч байх
• Нурууны бүх чиглэлийн хөдөлгөөнд өвдөлт илрэх
• Ясны байршмал эмзэглэл
• Нэгээс дээш ёзоорын түвшинд ТМС-ийн дутагдал илрэх
• Нурууны цээжний хэсгээр өвдөх юмуу хөндүүрлэх
• Мэдрэлийн ёзоорын дарагдлын шинж хоёр талд илрэх
• Урьд өмнө хорт хавдартай байсан түүхтэй

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл