УДИРТГАЛ
Сүүлийн 40 жилийн хугацаанд ясны чөмөгний трансплантаци болон цус үүсгэх үүдэл эсийн трансплантацийг олон тооны хорон болон болон бус эмгэгүүдийн эмчилгээнд өргөн хэрэглэх нь нэмэгдсээр байна. Дэлхийн II дайны дараах “Хүйтэн дайн”-ы айдас нь хүний биед бид цацраг туяаны үзүүлэх үр нөлөөг сонирхох сонирхлыг идэвхижүүлсэн юм.
Амьтан дээрх эрт үеийн судалгаагаар ясны чөмөг нь цацраг туяаны нөлөөнд хамгийн мэдрэг эрхтэн болохыг тогтооцон байдаг. Хожим нь ясны чөмөгний эсүүдийг дахин суулгаж цацраг туяанд хүндээр өртөгдсөн амьтадыг аврахад ашиглаж байжээ. 1950 оноос лейкемийг эмчлэхийн тулд өвчтөнүүдэд аминд аюултай тунгаар цацраг туяа өгч эхэлсэн байдаг. Энэхүү эмчилгээг дагалдаж олон тооны гематологийн үзүүлэлтүүд сэргэж байсан боловч эцсийн дүндээ бүх өвчтөнүүд хорт хавдар дахин сэдрэх эсвэл халдварын улмаас нас барцгааж байв. 1950 болон 1960 онуудад барагцаалбал 200 гаруй аллоген чөмөгний трансплантаци хүнд хийгдсэн боловч урт хугацааны амжилт гараагүй байна. Хэдий тийм ч энэ хугацаанд нэг өндгөн эсийн ихрүүдийг ашиглаж хийгдсэн трансплантаци хангалттай хэмжээний амжилтад хүрч байсан бөгөөд энэ талбар дэхь эмнэлзүйн судалгааг үргэлжлүүлэхэд шийдвэрлэх үндэс суурийг тавьж өгсөн юм.
Ясны чөмөг
1968 онд ясны чөмөгний трансплантацийн хувьд анхны томоохон эргэлт тохиолдсон нь Х холбоот лимфопенийн дархлаа дутмагшилтай болон Вискот-Альдрихийн хамшинж бүхий тохиолдолуудад амжилттай аллоген трансплантаци хийгдсэн явдал юм. Энэхүү амжилт нь араасаа апластик анемид үр дүнтэй трансплантаци хийсэн тухай хожимоо лейкемийн үед үр дүнтэй трансплантаци хийгдсэн тухай мэдээллүүдийг дагуулсан байна. Эдийн тохирооны шинжилгээ гүнзгийрч, Үндэсний Ясны Чөмөгний Донорын Хөтөлбөр (NMDP) зэрэг ясны чөмөгний донорын бүртгэл бий болсон нь хоорондоо холбоо хамааралгүй доноруудыг хэрэглэх асуудалд түлхэц болж улмаар трансплант хүлээж авах боломжтой өвчтөнүүдийн тоог өргөжүүлсэн юм.
Хүйн цус
1988 онд Фанконын анеми бүхий залуу хүүд түүний төрсөн дүүгийнх нь төрөх үед хүйн цуснаас цуглуулсан цусыг ашиглаж амжилттай трансплантаци хийсэн байдаг. Өвчтөн өнөөг хүртэл амьд бөгөөд эрүүл мэндийн хувьд сайн байгаа. 1992 онд лейкемитэй өвчтөний эмчилгээнд ясны чөмөгний оронд хүйн цусыг амжилттай хэрэглэж трансплантаци хийсэн байна. Сүүлийн хэдэн арван жилд хүйн цусыг хэрэглэх нь хурдацтай тархаж байгаа бөгөөд 2000 илүү трансплантыг хүйн цусыг үүдэл эс болгон ашиглаж гүйцэтгээд байгаа юм. Ясны чөмөг ашигладаг байсан ямарваа өвчин эмгэгийн үед хүйн цусыг трансплант болгож ашигласаар байна. (Хүйн цусны давуу болон сул талыг үзнэ үү)
Цочмог лимфобластын лейкеми (ALL)-тай, хүний лейкоцитийн антигений (HLA) 1 юмуу 2 антиген тохироогүй хүйн цусаар трансплантаци хийгдсэн 503 хүүхэд дэхь лейкемигүйгээр амьд яваа хугацаа 5 жил байгаа нь ясны чөмөгний трансплант хийгдсэн 282 хүүхдийн амьд явах хувьтай харьцуулахад ижил байгаа юм. Хүйн цусанд эсийн тоо хязгаарлагдмал байдаг нь үүнийг хүүхдүүдэд эсвэл залуу насанд хүрэгчдэд хэрэглэх төдийгөөр хязгаарлаж байна. Хүйн цусанд дээр хийгдэж буй судалгаа шинжилгээ өргөжихийн хэрээр нэг өвчтөнд олон нэгжийг ашиглах нь иймэрхүү эх сурвалжийг бүх өвчтөнд тогтмол хэрэглэх боломжтой болгох юм.
Захын цусны үүдэл эс
Ясны чөмөг болон хүйн цусан дээр нэмэлтээр захын цусны үүдэл эс (PBSC)-ийг үүдэл эсийн эх сурвалж маягаар хэрэглэх байдал түүнийг анх 1980 онд эхлүүлснээс хойш нилээд өргөн дэлгэр болж байна. PBSC трансплантыг ашиглах нь маргаантай байсаар байна.
СУУРЬ МЭДЭЭЛЭЛ
Үүдэл эсийн эх сурвалж
Амжилттай трансплантацид ашиглагддаг хамгийн чухал эсүүд нь цус үүсгэх үүдэл эсүүд юм. Одоогийн байдлаар трансплантацид зориулагдсан үүдэл эсийн гол эх сурвалжид ясны чөмөг, захын цус болон хүйн цус багтаж байна. Эдгээрийг янз бүрийн доноруудаас авдаг. Эдгээрийг реципиентээс авч байвал үүнийг аутолог гэнэ. Харин реципиентээс өөр хэн нэгнээс авч байвал аллоген гэж нэрлэдэг.
Аллоген доноруудын 3 төрөл байдаг нь синген, холбоо хамааралтай болон холбоо хамааралгүй донорууд юм. Донор нь нэг өндгөн эсийн ихэр байвал энэхүү донацийг синген гэдэг. Эдгээр нэрүүд нь холбоо хамааралтай аллоген донор бол цусан төрлийн, холбоо хамааралгүй донорууд нь донорын бүртгэл болон хүйн цусны банкаар дамжуулж тодорхойлогдсон гэдэг санааг агуулж байдаг. Нэгтгэн дүгнэвэл дараах байдалтай байна:
Үүдэл эсийн эх сурвалж
Үүдэл эсийн эх сурвалж
o Аутолог
o Аллоген
§ Синген (нэг өндгөн эсийн ихэр)
§ Холбоо хамааралтай
§ Холбоо хамааралгүй
Үүдэл эсийн төрөл
o Ясны чөмөгний
o Хүйн цусны
o PBSC
Хүйн цусны давуу тал ба сул талууд
Хүйн цусыг ясны чөмөг ашигладаг байсан ямарваа өвчин эмгэгийн үед трансплант болгож ашиглаж болно. Хэдий тийм ч доор дурьдсан хүчин зүйлүүд хүйн цусны хэрэглээг хязгаарлаж эсвэл өдөөж өгдөг.
- Нэг тус бүрээс бага хэмжээний эсүүд цуглуулагддаг нь реципиентийн хэмжээнд хязгаарлалт болдог. Хэдий тийм ч 100кг-аас илүү жинтэй өвчтөнд амжилттай трансплантаци хийгдсэн тухай тэмдэглэгдсэн байдаг. Нэг өвчтөнд олон тооны хүйн цусны нэгжийг ашиглах байдлыг үнэлж буй сүүлийн үеийн эмнэлзүйн туршилт судалгаанууд энэхүү хязгаарлалтыг даван гарах боломж олгож болох юм. Судалгааны үр дүнгүүд хоёр хүйн цусны трансплантацийг хийх боломжтой, аюулгүй, үр дүнтэй болохыг харуулж байгаа юм.
- Хүйн цусыг ашиглах үед нийтлэгээр биеийн килограм жин бүрт цөөн эс шаардагддаг.
- Анхдагч эсүүд (primitive cells)-ийн хувь ясны чөмөгийг бодвол хүйн цусанд их байдаг
- Түүнчлэн хүйн цусан дахь эсүүд пролифератив байдлын хувьд өндөр байдаг ба ясны чөмгөн дэхь эсүүд нийтлэгээр хуваагдах идэвхи сул байдаг.
- Эдгээр онцлог байдлуудыг үл харгалзвал, хүйн цусны нэгж бүхий энграфт (трансплант хийгдсэн үүдэл эсүүд ясны чөмгөн дэхь байрлалаа олох үйл явц) нь зөвхөн ганц удаа оролдлого хийгддэг бол ясны чөмөгний донорын хувьд хэрэв эхний трансплант суулгалтаар энграфт амжилтгүй болбол донор дахин трансплант өгч болдог.
- Хүйн цус нь энграфт явагдахгүй байх хувь өндөр байхтай холбоотой байдаг. Энэ нь ялангуяа ясны чөмөг дутагдалын эмгэгүүд (ялангуяа апластик анеми)-ийн үед илэрхий ажиглагдана.
- Түүнчлэн хүйн цусаар трансплантаци хийхэд нейтрофилийн энграфт саатах нь түгээмэл (ясны чөмөгний трансплантацийн хувьд 10-14 өдөр, захын цусны үүдэл эсийн хувьд 7-12 өдөр байдаг бол хүйн цусны хувьд 23 өдөр байдаг)
Хүйн цусны давуу талуудад процедурт зарцуулах хугацаа богино, шилжүүлэн суулгалтын эсрэг эзэн биеийн эмгэг (GVHD) цөөн тохиолддог, энграфтад хүрэхийн тулд цөөн тооны эс шаардлагатай болдог зэрэг юм.
ТРАНСПЛАНТАЦИ ХИЙХ ЗААЛТУУД
Хорон бус эмгэгүүд
Хорон бус эмгэгүүд
Удамшлын бодисын солилцооны эмгэгүүд – Адренолейкодистрофи, Харлерийн хамшинж, метахроматик лейкодистрофи, остеопороз болон бусад
Удамшлын дархлааны эмгэүүд – Хүнд хавсарсан иммунодистрофи, Вискот-Альдрихийн хамшинж болон бусад
Олдмол дархлаа дутмагшлын хамшинж – ХДХВ (цочмог мейлоид лейкеми (AML) бүхий ХДХВ-ийн халдвартай нэг өвчтөн эсийн гадаргуугийн CCR5 уураг [энэ уураг нь ХДХВ хүний эс рүү нэвтрэхэд амин чухал үүрэгтэй]-ийг арилгасан донороос аллоген ясны чөмөгний трансплантаци хийгдэж эмчлэгдсэн. Хамгийн сүүлийн мэдээгээр өвчтөний биеийн байдал сайн байгаа бөгөөд ясны чөмөгний трансплантаци хийгдсэний дараагаар 2 жилийн турш ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгээгүй байгаа)
Удамшлын улаан эсийн эмгэгүүд – Цэвэр улаан эсийн аплази, хадуур эст эмгэг, бета-талассеми болон бусад
Чөмөг дутмагшсан байдлууд – Хүнд апластик анеми, Фанконийн анеми болон бусад
Аутоиммун эмгэгүүд (туршлагын шатанд ашиглагдаж байна) – Системийн склероз, өсвөр насныхны хүнд системийн ревматоид артрит, чонон яр, олон хэлбэрт склероз (multiple sclerosis), Кроны өвчин болон бусад
Хорон / премалигнант эмгэгүүд
Цочмог лимфобластын лейкеми (ALL)
Цочмог миелоид лейкеми (AML)
Архаг миелоид лейкеми (CML)
Өсвөр насныхны миеломоноцитийн лейкеми
Миелодиспластик хамшинж
Сийвэнт эсийн эмгэгүүд
Ходжкины ба Ходжкины бус лимфома
ДОНОР ХАЙХ ПРОЦЕСС
Нэгэнт эмгэг процесс тодорхойлогдсон бол трансплантийг боломжит эмчилгээ гэж авч үзэх ба тохирох донорыг тогтоох ёстой. Хамгийн сайн тохироотой байсны үр дүнд хүндрэл хамгийн бага байна. Аллоген трансплантийн хувьд HLA эдийн тохироо тодорхойлолтыг яаралтай гэр бүлийн гишүүдэд хийх ба эхний шатанд серологийн тохироог ашиглана. Бүрэн тохирсон гэр бүлийн гишүүн байх нь хамгийн нийцтай байх боломж олгодог. Учир нь тэд цөөн тооны HLA антигенийг дундаа хуваалцаж байдаг. I болон II ангийн HLA антиген нийцлийг шинжилж, харьцуулна. I ангид HLA-A, HLA-B болон HLA-C ордог. II ангид HLA-DR, HLA-DP болон HLA-DQ ордог. 6-аас 6 тохироо гэдэг нь HLA-A, HLA-B болон HLA-DR-ийн тус бүр 2 аллелийг шинжлэхийг хэлдэг. Ердийн шинжилгээгээр эдгээр 6 антигенийг гэр бүлийн гишүүдийн дунд шалгаж үздэг.
Хэрэв донор болон реципиентүүдэд 6-аас 6 тохироо үгүй бол тэднийг тохироогүй гэнэ. Зөвхөн 6-аас 3 тохирооүй байвал гаплотип донор гэдэг. Холбоо хамааралгүй доноруудад ерөнхийдөө мөн 6-аас 6 тохироог хайх боловч дээр дурьдсан 12 аллелийг лавлаж үзэх нь нийтлэг байдаг.
Энэхүү лавлагаа нь трансплант хийх эмчид энграфт болохгүй байх болон GVHD-ийн эрсдэлийг тодорхойлоход тусалдаг. Түүнчлэн донорын нас (залуу байх тусам сайн), хүйс (эмэгтэйн үүдэл эсийг эрэгтэйд өгөх нь тохиромжтой бус), цитомегаловирусын серологи (CMV сөрөг байвал тавилан сайн), жирэмслэлт болон цус сэлбүүлж байсан өгүүлэмж болон биеийн жинг анхаарч үзнэ.
Цусан төрлийн бус донорыг хайх бүртгэл
Гэр бүлийн гишүүдээс тохирох донор тодорхойлогдоогүй тохиолдолд ихэнхидээ цусан төрлийн бус донорыг хайх үйл ажиллагаа эхэлдэг. Энэ нь ихэвчлэн ясны чөмөгний донорын бүртгэл болон хүйн цусны банкнаас хайх зэргээс бүрдэнэ. Хамгийн том донорын бүртгэл NMDP бөгөөд өнөөг хүртэл 9000 илүү реципиентэд ясны чөмөг болон үүдэл эсийг олгож буй хариуцлагатай байгууллага юм. Нэгдсэн Улс дахь хамгийн том хүйн цусны банк бол Нью-Йоркийн Хүйн Цусны Банк бөгөөд энэ банк 32000 илүү нэгжийг цуглуулаад байна. Испани дахь хүйн цусны банк 25000 илүү дээжийг цуглуулж, боловсруулаад байгаа ба Австралийн хүйн цусны бүртгэл 17000 дээжийг бүртгэжээ. Түүнчлэн нэмэлт хэд хэдэн хүйн цусны банк Нэгдсэн Улс, Европ, Азид үйл ажиллагаа явуулж байгаа ба эдгээр нь сайн дурын доноруудаас цусны банкинд цусаа өгөхийг уриалах замаар дээжээ цуглуулж байна.
NMDP нь 4 сая илүү боломжит донорын мэдээллийн лавлагааг агуулж байдаг. Түүнчлэн NMDP нь 14 олон улсын бүртгэлээс хайлт хийдэг ба эдгээр бүртгэлийн газруудтай хамтын ажиллагааны гэрээний дагуу ажилладаг. Дэлхий Нийтийн Ясны Чөмөгний Донор (BMDW)-д 2007 оны 7 сарын байдлаар 43 орон дахь 53 бүртгэлийн байгууллага, 21 орон дахь 37 хүйн цусны бүртгэгч, 11,386,999 боломжит донор болон хүйн нэгжийн багц мэдээлэл бүтгэгдээд байна. NMDP-ээс хийгдэх урьчилсан хайлт мөн адил BMDW-ээс хайх хайлтыг багтааж байдаг.
Түүнчлэн ашгийн төлөөх хүйн цусны банкууд ихэвчлэн жирэмсэн эхчүүдээс төрсний дараа хүйн цусны цуглуулалт болон нөөцлөлт хийхийн тулд төлбөр төлж ажиллаж байна. Нийтлэгээр боловсруулалтын болон нөөцлөлтийн төлбөрийг төлнө. Өнөө үед аутологууд хувийн банкуудад хүйн цусаа хадгалуулах байдал ховор боловч хэрэглэгдэж байна. Тооцооноос харвал хүйн цусаа хадгалуулсан хүмүүс 20000-д 1 буюу түүнээс бага байгаа юм. Тиймээс түгээмэл зөвлөмж болгож буй зүйл бол хэрэв боломжтой бол хүмүүс хүйн цусаа олон нийтийн банкуудад өгөхийг зөвлөж байна.
Цусан төрлийн бус донор хайх үйл явц
Үйл явц реципиентийн ДНХ-HLA тохироог тодорхойлохоос эхлэх ба энэ нь серологийн аргаас илүү нарийвчлалтай тохироо тодорхойлох аргачлал юм. Үүний дараа бүртгэлийн мэдээллийн баазаас урьдчилсан хайлтыг хийнэ. Урьдчилсан хайлт хийхэд төлбөргүй ба үр дүн ихэвчлэн 24 цагийн дотор бэлэн болно. Боломжит донорыг авах хүсэлт тавигдвал албан ёсны хайлт эхлэх ба үүнд боломжит донорын II ангийн эд тохироог тодорхойлох, сонгогдсон тохироонд баталгаажуулах тохироо тодорхойлолт хийгдэх зэрэг багтана. Энэ нь реципиент юмуу түүний даатгагчаас төлбөр шаардана. Донор авах хүсэлт тавигдсан үед тэд шинжилгээнд орох бөгөөд энэ нь лабораторийн шинжилгээ, вирусийн скрининг, бодит үзлэг болон мэдээллийн хэсгийг багтаасан байна.
Донор тохиромжтой гэж үзсэн тохиолдолд цуглуулалт хийх өдрийг товлоно. Ясны чөмөг эсвэл PBSC-ийг трансплантаци хийгдэх тухайн өдөр цуглуулах ба цуглуулалтаас хойш 24 цагийн дотор реципиентэд сэлбэнэ. Хүйн цусыг реципиентэд нөхцөл бүрдүүлэлт хийж эхлэхээс өмнө трансплантын төв рүү тээвэрлэнэ. Трансплантаас хойш нэг жил болох хүртэл донорыг реципиентээс хамгаалж нэргүй байлгадаг. Энэ үед хэрэв хоёр тал хүсвэл тэдгээрийн талаарх мэдээллийг солилцож болдог.
ТРАНСПЛАНТ ХИЙХ ҮЙЛ ЯВЦ
Трансплант хийх үйл явц ерөнхийдөө дараах 5 үе шатад хуваагдана.
Трансплант хийх үйл явц ерөнхийдөө дараах 5 үе шатад хуваагдана.
- Нөхцөл бүрдүүлэлт
- Үүдэл эс сэлбэлт
- Нейтропенийн шат
- Энграфтийн шат
- Энграфтийн дараах үе
Нөхцөл бүрдүүлэлт
Нөхцөл бүрдүүлэлтийн үе ихэвчлэн 7-10 өдөр үргэлжилнэ. Энэ үеийн зорилго бол хими, туяа эмчилгээ эсвэл хоёуланг хийж хорон эмгэгийг арилгах, шинэ үүдэл эс үл нийцлээс сэргийлэх болон шинэ эсүүдэд орон зай бий болгоход юм. Нөхцөл бүрдүүлэлтийн үеийн хамгийн түгээмэл дэглэм бол бүх биеийн иррадиаци (TBI) болон циклофосфамид эсвэл бусульфан (Myleran, Busulflex) эмчилгээ юм. Өөр бусад олон тооны хослолуудыг мөн ашигладаг ба түгээмэл хэрэглэгддэг нь fludarabine, etoposide, melphalan, cytarabine болон thiotepa бөгөөд эдгээрийг дээр дурьдсан эмүүд дээр нэмэлтээр хэрэглэдэг. Түүнчлэн антитимоцит глобулин (ATG) зэрэг Т эсийн эсрэг агентуудыг суулгалт үл нийцлээс сэргийлж зарим тохиолдолд нэмж өгдөг. Өвчтөнүүдэд ихэнхдээ нөхцөл бүрдүүлэлтэд сайн тэсвэрлэдэг боловч бөөлжилтийн эсрэг эмчилгээг ач холбогдол өгөхүйц дотор муухайралтаас сэргийлэхийн тулд хэрэглэдэг.
Үүдэл эсийг боловсруулах ба сэлбэх
Үүдэл эс сэлбэлт ихэвчлэн 1 цагийн орчим хугацаанд хийгддэг боловч энэ нь сэлбэж буй хэмжээнээс хамаарч янз бүр байна. Хэрэв заалт байвал сэлбэлт хийхийн өмнө үүдэл эсүүдийг боловсруулдаг. GVHD-г бууруулахын тулд Т эсийн хорогдуулалт (деплеци) хийгдэнэ. Үүнийг ихэвчлэн гаплотип тохироо бүхий трансплант юмуу ач холбогдол өгөхүйц зэрэглэлийн үл тохироо бүхий трансплантуудад хийгддэг. Үүдэл эсийн CD34+ сонголт хийгдэж болох ба Т эсийн хорогдуулалт юмуу хавдар-цэвэршүүлэх аль нэг зорилгоор хийгддэг. Түүнчлэн олон төвүүдэд энграфтийг сайжруулахын тулд трансплантын өмнө эсийн хэсгүүдийг ex vivo өтгөрүүлэлт хийдэг.
Сэлбэлтийн өмнө реакциас сэргийлж өвчтөнийг урьдчилж ацетоаминофен болон дифенгидраминаар эмчилсэн байна. Дараа нь эсүүдийг төвийн венийн катетераар дамжуулж сэлбэх ба энэ процесс нь цус сэлбэлттэй олон талаар адил байдаг. Анафилакс, эзэлхүүний хэт ачаалал болон түр зуурын GVHD зэрэг нь голлох байж болох хүндрэлүүд юм.
Түүнчлэн үүдэл эсийн бүтээгдэхүүнүүд нь диметил сульфоксид (DMSO)-оор урьдчилж хөлдөөх-нөөшлөлт хийгдсэн байдаг нь аманд эвгүй амт амтагдах, эвгүй үнэр мэдэгдэхийн зэрэгцээ бөөрний дутагдалын шалтгаан болж болно.
Нейтропенийн шат
Энэ үеийн турш (2-4 долоо хоног) өвчтөн үндсэндээ үр нөлөө бүхий дархлаа тогтолцоогүй болсон байдаг. Эдгэрэлт муу байх ба өвчтөн халдварт өртөмтгий байна. Дэмжих тусламж болон эмпирик антибиотик эмчилгээ энэ шатыг амжилттай давж гарах боломжоор хангадаг. Энэ үеийн эрт үед энгийн герпес вирус (HSV) чухал шалтгаант эмгэг төрөгч болдог. Ихэвчлэн энэ нь урьд өмнөх халдварын эргэн идэвхижлээс бий болсон байдаг. Мөн түүнчлэн энэ үеийн турш арь болон гэдэсний организм зэрэг эндоген флорууд ихээхэн түгээмэл анхаарал татсан организмууд болдог. Эмнэлэгээс шалтгаалсан халдварууд магадгүй хамгийн том эрсдэл байж болно. Учир нь эдгээр нь түгээмлээр стандарт антибиотикийн дэглэмд тэсвэртэй байдаг. Өргөн хүрээний бактерийн эсрэг эмчилгээг хийгдэж байхад мөөгөнцөрийн үржилт тохиолдож болно.
Нийтлэгээр өргөн хүрээний антибиотик эмчилгээг эхлүүлсний дараах 5-7 хоногт цөөн шинж тэмдэг илрэх ба мөөгөнцөрийн эсрэг агентуудаар эмпирикээр эмчилнэ. Энэ үед амфотерицин гол түшиг тулгуур болдог. Гэдэс халдваргүйжүүлэгчид (гэдэсний флорыг бууруулахын тулд уухаар антибиотик) хэрэглэх эсэх нь маргаантай байна. Эдгээр нь олон тооны эерэг цусны өсгөвөрүүдэд бууруулах нөлөө үзүүлж байсан боловч тавиланд ач холбогдол өгөхүйц түлхэц өгөөгүй байна. Халдварын эрсдэл дээр нэмэгдээд хоол-тэжээлийн байдал мөн гол асуудал болдог. Амаар хэрэглэх хэрэглээг ихэвчлэн дээд зэргээр бууруулна. Учир нь хүнд зэргийн мукозит ихэнхи өвчтөнд үүсдэг. Бүрэн парэнтераль хоололт олгох бөгөөд энэ нь ихэвчлэн бүрэн хангалттай байдаг, ялангуяа хүүхдүүдэд.
Энграфтийн шат
Энэ үеийн турш (хэдэн долоо хоног) мукозит болон бусад олдмол гэмтэлүүд арилах байдлаар эдгэрэлтийн процесс эхэлдэг. Түүнчлэн халуун буурч эхлэх ба халдварууд түгээмлээр арилж эхэлдэг. Энэ үед тавигдах хамгийн том шаардлага нь GVHD-ийн менежмент болон вирусийн халдвараас сэргийлэх (ялангуяа CMV) зэргийг багтаадаг. Биет, хатуу тогтоц бүхий эрхтэн трансплантаци хийх үед эрхтэн үл нийцэл гол саад тотгор болдог. Хэдий тийм ч цус үүсгэгч эсийн трансплантацийн үед дархлаа тогтолцоо трансплантаци хийгдсэн эрхтэний нэг хэсэг болдог тул шинэ дархлаа тогтолцоо бүхэл биемахбод руу дайрч болно. Ийм зүйл тохиолдвол үүнийг GVHD гэж нэрлэдэг.
GVHD нь ерөнхийдөө арьс, ходоод-гэдэсний зам болон элгийг хамарч тууралт, цэврүүшилт, суулгалт болон гипербилирубинемийн шалтгаан болно. Аллоген цус үүсгэгч үүдэл эсийн трансплант хийгдсэн өвчтөнүүд GVHD-ийн эсрэг хамгаалахын тулд нийтлэгээр нэг юмуу түүнээс олон дархлаа дарангуйлах эмүүд хэрэглэдэг.
GVHD-ийн сайн тал нь суулгалтын эсрэг лейкемик (GVL) үр нөлөө байдаг нь мөн адил илэрнэ. Түүнчлэн өвчтөнүүдэд венийн-бөглөрөлтөт эмгэг (VOD) гэгддэг байдал бий болно. VOD-ийн шалтгаан хийгээд хамгийн үр дүнтэй менежмент тодорхойгүй хэвээр байна. VOD нь турах, ялтас сэлбэлтийн дөжрөлт болон гипербилирубинеми гэсэн гурвалаас тогтдог. Энэ процессийн үед элэгний бичил цусны эргэлтэд тромботик элемент хуримтлагдсанаар элэгний гэмтэл бий болдог. Дэмжих тусламж болон болгоомжтой шингэн сэлбэх менежмент амин чухал. Антифибринолитик эмчилгээ өвчтөнд ирэх ашиг тусыг сайжруулдаггүй.
Энграфтийн дараах шат
Энэ үе хэдэн сараас хэдэн жилээр үргэлжилнэ. Энэ шатыг илтгэх шинж тэмдэгүүдэд аажим тэвчил үүсэх, дархлаа дарангуйлагдлаас гарах, архаг GVHD менежмент хийгдэх, дархлаа дахин тогтолт баримтаар нотлогдох зэрэг орно. Т эсийн хорогдуулалт эсвэл тохироогүй эсвэл гаплотип эх сурвалжаас хийгдсэн трансплантийн үед дархлаа дахин тогтолт саатах юмуу бүрэн бус явагдана. Нөхцөл бүрдүүлэх дэглэмийн нэг хэсэг болж TBI хийгдсэн өвчтөнүүд ихэвчлэн ач холбогдол өгөхүйц дэлүүний дисфункцитай байна.
Ихэнхи өвчтөнүүдэд дахин дархлаажуулалт шаардлагатай ба ихэвчлэн транспланцийн дараах нэг жилд хийгдэнэ. Нийтлэгээр энэ нь татрангийн эсрэг дархлаажуулалтаар эхлэх ба дархлаажуулалтаас өмнө болон баримтаар батлагдсан хариу урвал илэрсний дараах хамгийн багадаа нэг сард титерийг үзнэ. Татрангийн эсрэг дархлаажуулалтын хэрэглээ нь наснаас хамаардаг. Татрангийн эсрэг вакцин дээр нэмэлтээр идэвхигүйжүүлсэн полиовирусийн вакцин (IPV) хийдэг. Уухаар полио вирусийн вакцин хийхгүй байх нь зүйтэй. Бүх өвчтөнд жил бүр томуугийн вакцин хийх нь зүйтэй. Хэрэв татрангийн вакцин хийснээр хамгаалахуйц титер бий болсон бол Haemophilus influenza, пневмококк болон гепатит В-ийн цуврал вакцинжуулалт хийнэ.
Нийтлэгээр 2 жилийн дараа улаанууд, гахайн хавдар, улаан бурханы гуравт вакцин (MMR)-ийг зөвхөн дээр дурьдсан вакцинаар амжилттай дархлаажсан, дархлаа дарангуйлалтаас гараад 6 буюу түүнээс дээш сар болж байгаа, архаг GVHD-гүй өвчтөнүүдэд хийнэ. Хэрэв өвчтөн улаан бурханы эсрэг хангалттай титертэй бол дархлаажуулалт хийхгүй байж болно. Хэрэв боломжтой бол бүхий л амьд вирусийн вакцинаас зайлсхийх нь зүйтэй.
Эх сурвалж:
www.emedicine.com / Bone marrow transplantation
Эх сурвалж:
www.emedicine.com / Bone marrow transplantation
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team