Health News from Medical News Today


Thursday, March 4, 2010

Мөнгөн усны хордлого

Мөнгөн усны хордлого нь мөнгөн ус болон мөнгөн ус бүхий нэгдэлээс шалтгаалсан эмгэг юм. Мөнгөн ус нь хүнд металл бөгөөд хүрээлэн буй орчинд хэд хэдэн хэлбэртэйгээр тохиолддог. Эдгээр нь бүгд хангалттай өндөр тунгаараа хортой нөлөө үзүүлэх боломжтой байна. Түүний исэлдэлийн зэрэг 0 буюу Hg0 хэлбэр нь хий болон шингэн металл хэлбэртэй оршдог бол Hg+ хэлбэр нь органик бус давс хэлбэртэй, Hg+2 хэлбэр нь органик бус давс болон органик мөнгөн ус байдалтай оршдог. Эдгээр 3 бүлэг нь үзүүлэх нөлөөний хувьд ялгаатай байна. Мөнгөн ус нь тархи, бөөр болон уушгинд хортой нөлөө үзүүлнэ. Мөнгөн усны хордлогын улмаас хэдэн хэдэн өвчин үүсдэгт акродин (ягаарах өвчин), Hunter-Russell-ийн хам шинж болон Минаматын өвчин ордог.
Түгээмэл илрэх шинж тэмдэгт мэдрэхүйн алдагдал (харах, сонсох, ярих), гажуу мэдрэхүй болон тэнцвэр алдагдах орно. Шинж тэмдэгийн төрөл хийгээд илрэх зэрэглэл нь хорны шинж чанар, тун болон хоронд өртсөн хэлбэр, хугацаанаас хамаарна.



Шинж тэмдэг
Мөнгөн усны хордлогын түгээмэл шинж тэмдэгт захын нейропати (парастез, загатналт, хорсох болон өвдөлтөөр илрэнэ), арьсны өнгө өөрчлөгдөх (хацар, хурууны үзүүр, хөлийн хуруунууд ягаарах), хавагнах, арьс гуужих орно.
Мөнгөн ус нь илүүдэл катехоламин, эпинефринийг багасгах замыг дарангуйлсанаар гипергидроз (хэт их хөлрөх), тахикарди (зүрхний цохилт хэвийнээс тогтвортой их байх), мөнгөн усны шалтгаант птиализм (гиперсаливаци-шүлс ихээр ялгарах) болон гипертензи (даралт ихдэлт)-д хүргэдэг. Мөнгөн ус нь S-adenosyl-methionine-ийн идэвхигүй болгодог ба энэ нь catechol-o-methyl transferase-аар дамжсан катехоламины катаболизмд амин чухал байдаг.
Мөнгөн усны хордлогод өртсөн хүүхэд нь улаан хацар болон хамартай, улайлттай уруултай, үс шүд хумс уналттай, түр зуурын бижрүүтэй, гипотони (булчин сулрал)-тай, фотофобиатай байна. Өөр бусад шинж тэмдэгт бөөрний дисфункци (Фанконийн хам шинж) юмуу мэдрэл-сэтгэцийн шинж тэмдэгүүд (сэтгэлийн хөөрөл-эмоци ихтэй, ой санамж муудалт) орно.
Эмнэл зүйд илрэх өөрчлөлтүүд нь феохромоцитома юмуу Кавасакийн өвчинтэй төстэй байдаг.


Санаатай мөнгөн ус залгисан өвчтөн. Уушигны талбайд мөнгөн ус хуримтлагдсан байдал.


Органик бус мөнгөн усны хордлого бүхий хүүхэд. Өвчтөний алган дээр цацагдмал улайлт бүхий гүвдрүү болон гүвдрүүт цэврүүнцэр илэрсэн байна.


Элемент байдалтай мөнгөн усанд хүрсэний улмаас үүссэн мөнгөн усны хүнд хордлого бүхий хүүхдийн арьсны гуужилт

Шалтгаан
Загас удаан хугацаагаар хэрэглэх нь хүнд хоол боловсруулах замаар дамжих мөнгөн усны хордлогын чухал эх үүсвэр болдог. Хэдий тийм ч ургамал хийгээд амьтан нь мөнгөн усны биохуримтлал бүхий хөрс, ус, агаараар дамжуулж мөнгөн усыг агуулсан байдаг. Мөнгөн усаар бохирлогдсон агаараар амьсгалсанаар, мөнгөн усны тунадас агуулсан хүнс хэрэглэснээр, мөнгөн усны хольц бүхий ломбоор шүд ломбодох үед ялгарсан мөнгөн усны уурнаас, элемент байдалтай мөнгөн ус асгарсан үед юмуу флюресцент ламп (флюресцент ламп нь мөнгөн усны уурыг цахилгаан ашиглан өдөөх дээр үндэслэдэг. Өдөөгдсөн мөнгөн усны атомууд нь богино долгионт хэт ягаан туяаг үүсгэх ба энэ нь улмаар фосфор болон флюресцент үзэгдэх гэрэл үүсгэх шалтгаан болдог байна)-ыг буруу байрлуулах зэрэг мөнгөн ус болон мөнгөн ус агуулсан эд зүйлсийг буруу, зохисгүй хэрэглсэнээс болж хордож болно.
Хүнээс шалтгаалсан эх үүсвэр болох нүүрс шатаалтын дүнд ойролцоогоор атмосфер дэхь мөнгөн усны хагас нь бий болдог бол байгалийн эх үүсвэрт галт уулын дэлбэрэлтээс үлдсэн мөнгөн ус бий болно. Хүнээс үүдэлтэй мөнгөн усны гуравны хоёр нь цахилгаан станцийн нүүрсний шатаалтаас үүсдэг нь тогтоогджээ. Хүнээс үүдэлтэй бусад эх үүсвэрт алт хайлуулалт, төмөрлөг бус металл үйлдвэрлэлт, цемент үйлдвэрлэлт, хог шатаалт, цогцос шатаалт, идэмхий шүлт үйлдвэрлэлт, ширэм болон ган хайлуулалт, мөнгөн усны үйлдвэрлэлт (ихэвчлэн батерей үйлдвэрлэлт) болон биомассын шатаалт орно.
Жижиг хэмжээний алтны уурхайд ажилладаг ажилчид нь мөнгөн усны хордлогод өртөх эрсдэл ихтэй байдаг. Учир нь энд мөнгөн усыг түүхийгээр нь ашигладаг байна.


Жижиг уурхайд мөнгөн ус ашиглан алт олборлох байдал

Мөнгөн ус болон түүний олон тооны химийн нэгдэл, ялангуяа органик мөнгөн усны нэгдэл нь шууд хавьталын үед хоригоор хурдан нэвтэрдэг ба зарим тохиолдолд (диметилмеркури г.м) арьс хангалттай хамгаалж чаддаггүй. Мөнгөн ус болон түүний нэгдэлүүд нь химийн лаборатори, эмнэлэг, шүдний эмнэлэг болон флюресцент гэрлийн ламп, батерей, тэсрэх бодис үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд түгээмэл хэрэглэгддэг.

Хордлогын механизм
Мөнгөн ус нь өндөр урвалжит чанартай хорт бодис бөгөөд түүний гэмтээх өвөрмөц механизмыг тогтооход бэрхшээлтэй байдаг ба ихэвчлэн хордлогын механизм мэдэгдэлгүй үлддэг. Мөнгөн ус нь төв мэдрэлийн тогтолцоо, дотоод шүүрэл, бөөр болон бусад эрхтэнийг гэмтээж ам, буйл, шүд зэрэгт хортой нөлөө үзүүлнэ. Удаан хугацаанд өртөх юмуу мөнгөн усны уураар гүн хордсоноор тархи гэмтэх ба эцэстээ үхэлд хүргэнэ. Мөнгөн ус болон түүний нэгдэлүүд нь ураг, нярайд ихээхэн хортой. Жирэмсэн үедээ мөнгөн усны хордлогод өртсөн эмэгтэйгээс зарим үед хүнд төрөлхийн гажигтай хүүхэд төрдөг.
Хүүхэд насандаа мөнгөн усны хордлогод өртөхөд мэдрэлийн бүрхүүл бүрэн хэлбэржихэд саад болсоноор мэдрэлийн хүнд үр дагаварт хүргэнэ. Энэ нь мөнгөн ус миелин хэлбэржихийг дарангуйлдагтай холбоотой.
Зарим нотолгоогоор мөнгөн усны хордлого нь Young-ийн хам шинж (эрэгтэйчүүдэд бронхиэктази болон спермийн тоо багасах) үүсэх урьдач нөхцөл болдог ажээ.
Мөнгөн усны хордлогын үзүүлэх нөлөө нь элемент хэлбэрийн мөнгөн ус, органик бус мөнгөн уст нэгдэл (мөнгөн усны давсууд) юмуу органик мөнгөн усны нэгдэл зэргийн алинаар нь хордсоноос хамаарна.

Элемент хэлбэрийн мөнгөн ус
Шингэн мөнгөн ус нь хоол боловсруулах зам болон арьсны хавьталаар муу абсорбцлогддог. Мөнгөн усны уур ялгарсантай холбоотой элемент мөнгөн ус нь хордуулах боломжтой болно. Амьтанд суурилсан мэдээллээр хоол боловсруулах замаар орсон мөнгөн ус нь гэмтээгүй хоол боловсруулах замаар 0,01%-аас бага абсорбцлодог ажээ. Хэдий тийм ч энэ нь цутгалан гэдэсний эмгэгтэй үед тэр болгон үнэн байдаггүй. Санамсаргүй залгисны улмаас системийн хордлого болох нь ховор. Амиа хорлохоор завдаж судсаар тарих үед системийн хордлого илэрдэггүй. Хэдийгээр тооны судалгаагаар тогтоогдоогүй ч шингэн, элемент хэлбэрийн мөнгөн усны физик шинж чанар нь гэмтээгүй арьсаар абсорбцлогдохыг хязгаарладаг ба хоол боловсруулах замаар маш бага абсорбцлогддог. Мөнгөн усны уурын зарим нь арьсаар шингэх боловч энэ замаарх шимэгдэлт нь амьсгалаар орох мөнгөн усны ойролцоогоор 1%-тай тэнцэнэ.
Амьсгалсан мөнгөн усны уурын ойролцоогоор 80% нь амьсгалын замаар абсорцлогдох ба эндээсээ цусны эргэлтэнд нэвтэрч бүх биеэр тархана. Мөнгөн усны уураар архагаар амьсгалах үед мөнгөн усны концентраци хэдий 0,7-42μg/m3-ийн хооронд бага байхад тремор, танин мэдэх үйл муудах, нойрны гажуудалд хүргэх зэрэг үр нөлөө үзүүлдэг болохыг тохиолдолын хяналттай судалгаагаар тогтоожээ.

Органик бус мөнгөн усны нэгдэлүүд
Мөнгөн ус нь мөнгөн усны хлорид зэрэг органик бус давс байдалтай тохиолдоно. Мөнгөн усны давс нь голчлон хоол боловсруулах зам болон бөөрөнд нөлөөлдөг ба бөөрний хүнд гэмтэлийн шалтгаан болдог. Хэдий тийм ч энэ нь цус-тархины хоригоор амархан нэвтэрдэггүй. Тиймээс мөнгөн усны давс нь удаан үргэлжилсэн юмуу хүнд хордлого биш л бол мэдрэлийн гэмтэл бага зэрэг л үүсгэнэ. 2 янзын исэлдлийн зэрэгтэй мөнгөн ус (Hg+ болон Hg2+) нь давс үүсгэхэд оролцох ба мөнгөн усны давс нь нэг валенттай болон хоёр валенттай хоёр хэлбэрээр аль алинаар нь тохиолддог. 2 валенттай мөнгөн усны давс нь 1 валенттай ижил хэмжээний мөнгөн усны давсыг бодвол илүү хортой байдаг. Учир нь түүний усанд уусах байдал илүү байдаг тул хоол боловсруулах замаар шимэгдэх нь хурдан байна.
Hg(CN)2 нь нэн хортой мөнгөн усны нэгдэл юм. Хэрэв хоол боловсруулах замаар орвол мөнгөн ус болон цианидын аль алиных нь хордлогын улмаас аминд аюултай нөхцөл байдал бий болно. Hg(CN)2 нь биемахбодид амьсгалаар, залгиснаар болон арьсаар нэвтрэх боломжтой. Амьсгалаар орсон мөнгөн усны цианид нь залгиур болон амьсгалын замыг цочрооно. Hg(CN)2 нь халаалт эсвэл хүчил, хүчлийн ууртай харилцан үйлчилсэнээр хорт мөнгөн ус болон цианидын уур ялгарах ба энэ нь ханиалгалт болон цэр бүхий бронхит, уушигны эдийн цочролын шалтгаан болдог. Нүдтэй харилцан үйлчилсэн тохиолдолд түлэгдэлт, нүдэнд бор толбо тогтох, удаан хугацаагаар өртсөн тохиолдолд захын хараанд нөлөөлнө. Арьсанд хүрэлцсэн үед арьсны харшил, цочрол болон арьсны өнгө саарал болдог.
Ул мөр төдий хэмжээний мөнгөн усны нэгдэлийн архаг хордлого нь яваандаа биемахбодид мөнгөн усны хуримтлалыг бий болгодог. Энэ нь биемахбодоос зайлуулагдахад хэдэн сараас, хэдэн жил шаардлагатай болдог. Мөнгөн усны цианидад хэт өртөснөөр бөөрний гэмтэл, мөнгөн усны хордлого, гар салганах, цочромтгой болох, буйл хөндүүрлэх, шүлс ялгарал ихсэх, металлын амт амтагдах, хоолны дуршил алдагдах, ой санамж алдагдах, зан чанар өөрчлөгдөх болон тархины гэмтэлд хүргэнэ. Их хэмжээний тунд нэг удаа өртөхөд гэнэтийн үхэлд хүргэдэг.
Мөнгөн усны цианид нь нөхөн үржихүйн гэмтэлийн шалтгаан болдог эсэх нь тодорхойгүй байна. Органик бус мөнгөн усны нэгдэл [Hg(CN)2] нь хүний тератоген гэж тооцогддоггүй ч тэдгээр нь хөгжиж буй үр хөврөлийг гэмтэхэд хөшүүрэг болдог ба эрэгтэй, эмэгтэйчүүдийн үр тогтолтыг бууруулдаг.
Мөнгөн усны оксицианидыг залгисан өвчтөн нь 5 цагийн дараа, мөнгөн усны хордлогын шинж тэмдэг илрэхээс өмнө цианидын хордлогын улмаас нас бардаг. Hg(CN)2-ийг залгисан өвчтөнг хяналтад авчирсан эхэн үед цочмог цианидын хордлогын шинж тэмдэг илэрдэг ба эдгэрэхийн өмнөхөн мөнгөн усны хордлогын шинж тэмдэг илэрдэг байна. Цианидын хордлогын зэрэг нь цианид ион ходоодонд чөлөөлөгдөх эсэхээс хамаардагийг анхаарах хэрэгтэй ба үүнд нөлөөлөх хүчин зүйлст залгигдсан хэмжээ, ходоодны хүчилшилт, ходоодны агуулагдахууны эзэлэхүүн зэрэг орно. Hg(CN)2 молекул нь цэвэр ус болон суурийн уусмалд диссоциацлагдахгүй үлддэг бол хүчилшилт ихсэхэд диссоциацлагдах нь нэмэгддэг. Ходоодны хүчиллэг өндөр байх нь цианид ион үүсэлтийг нэмэгдүүлсэнээр цианидын хордлого болох магадлалыг нэмэгдүүлнэ.

Органик мөнгөн усны нэгдэлүүд
Мөнгөн усны нэгдэлүүд нь элемент хэлбэрийн мөнгөн уснаас илүү их хортой байна. Мөнгөн усны органик нэгдэлүүд нь туйлын хортой байх ба тархи болон элэгний гэмтэл үүсэх шалтгаан болдог. Хамгийн аюултай мөнгөн усны нэгдэл нь диметил мөнгөн ус бөгөөд арьсан дээр хэдхэн микролитер асгарах эсвэл латекс бээлийн дээр асгарахад л үхлийн шалтгаан болдог.
Метилмөнгөн ус нь органик мөнгөн усны голлох эх сурвалж юм. Энэ нь хүрээлэн буй орчинд хүнс тэжээлийн гинжин хэлхээгээр биохуримтлал үүсгэх ба зарим зүйлийн амьтадын популяцид өндөр концентрацитай байдаг. Ихэвчлэн туна болон сэлэм хошуут загас зэрэг том загасны зүйлд жижиг загасны зүйлээс их байдаг. Нэгдсэн Улсын Food and Drug Administration (FDA) болон the U.S. Environmental Protection Agency (EPA)-аас хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүд, хүүхдээ асарч буй эхчүүд болон залуу хүүхдүүд сэлэм хошуут загас, аварга загас, king mackerel and tilefish (golden bass) зэргийг хэрэглэхээс бүрэн зайлсхийх, цагаан туна загасны хэрэглээг долоо хоногт 170гр-аас хэтрүүлэхгүй байх, бусад бүх загасыг болон дунт загасыг долоо хоногт 340гр-аас хэтрүүлэхгүй байхыг зөвлөдөг.
Насанд хүрсэн хүмүүст метил мөнгөн усанд анх хордсоноос хойш шинж тэмдэг илэрч эхэлтэл урт хугацаанд далд хэлбэрээр байна. Ингэж удаан хугацаанд далд хэлбэртэй байдгийг тайлбарлах ямар нэг тайлбар мэдэгдээгүй байгаа юм.


Зарим загасанд агуулагдах мөнгөн усны хэмжээг харьцуулсан нь

Анхны шинж тэмдэг бадайрахаар илрэх нь түгээмэл бөгөөд түүний араас хурдацтайгаар хүнд үр нөлөө гарч ирэн заримдаа ком болон нас баралтаар төгсөнө. Хордлогын улмаасх гэмтэл илрэх нь мөнгөн усны оргил хэмжээгээр тодорхойлогдох ба өртөгдсөн хугацаанаас хамаарахгүй.
Этил мөнгөн ус нь бактерийн эсрэг агент болох этил мөнгөн усны тиосалицилат (цаашид Тиомерсал гэнэ)-ын задралын бүтээгдэхүүн ба үүнийг хэсгийн антисептик болон вакцинжуулалтын үеийн халдвараас сэргийлэх зорилгоор ашиглана. Түүний шинж чанар нь метил мөнгөн ус шиг дорвитой судлагдаагүй. Цуснаас маш хурдан цэвэрлэгдэх ба хагас задралын хугацаа 7-10 өдөр байж метил мөнгөн уснаас илүү хурдан бодисын солилцоонд ордог. Энэ нь метил мөнгөн ус шиг цус-тархины хоригоор нэвтрэх чадваргүй ч энгийн диффузээр тархи руу нэвтэрнэ.
Органик мөнгөн усанд өртөж болох бусад эх үүсвэрт фенил мөнгөн усны ацетат болон фенил мөнгөн усны нитрат орно. Эдгээрийг гэрийн нөхцөлд мөөгөнцөрийн эсрэг будагч байдлаар хэрэглэдэг байсан боловч 1990 оноос хордлогын тохиолдол бүртгэгдэх болсоноор хэрэглэхээ больсон байна.

Оношилгоо
Элемент хэлбэрийн болон органик бус мөнгөн усны хордлогын оношилгоо нь урьд өмнө өртөж байсан өгүүлэмж, бодит үзлэгийн өөрчлөлт болон биемахбодийн мөнгөн усны ачаалал нэмэгдэлт зэргийг багтаасан байна. Цусан дахь мөнгөн усны концентраци ихэвчлэн 6 μg/L-ээс бага, хоол хүнсэндээ загас ихээр хэрэглэдэг бол концентраци нь 200 μg/L-ээс их байх боловч энэ нь элемент хэлбэрийн болон органик бус мөнгөн усны хордлогыг сэжиглэж буй тохиолдолд тус болдоггүй. Учир нь мөнгөн ус нь хагас задралын хугацаа багатай байдаг. Хэрэв архаг өртөлттэй бол шээсэн дэхь түвшинг авах ба 24 цагийн шээсийг цуглуулах нь нэг удаагийнхаас найдвартай байна. Хелатжуулах эмчилгээ хийлгэж буй өвчтөнд шээснээс дээж авах нь бэрхшээлтэй буюу боломжгүй байдаг ба учир нь энэхүү эмчилгээ нь дээжин дэхь мөнгөн усны хэмжээг нэмэгдүүлж өгдөг.
Органик мөнгөн усны хордлогын оношилгоо нь бүх цусны оношилгоо болон үсний анализад тулгуурлах ба энэ нь шээсэнд мөнгөн усны түвшин үзсэнээс илүү найдвартай байна.

Урьдчилан сэргийлэлт
Мөнгөн ус болон түүний нэгдэлүүдийг зайлуулах, өртөлтийг бууруулсанаар мөнгөн усны хордлогоос сэргийлж болно. Олон засгийн газар болон хувийн хэвшлийнхэн мөнгөн усны хортой хэрэглээг зохицуулах талаар хичээл зүтгэл гаргаж байна. Жишээ нь Европын холбоонд 2011 оны 3 сарын 15-аас мөнгөн ус болон зарим мөнгөн уст нэгдэлийг экспортлохыг хориглож байгаа билээ.

Эмчилгээ
Мөнгөн усны эх үүсвэрийг тодорхойлох, зайлуулах нь чухал. Бохирдолыг арилгах үүднээс хувцасыг тайлуулж, арьсыг саван болон усаар угааж, физиологийн уусмалаар нүдийг зайлах хэрэгтэй. Мөнгөн усны хлорид зэрэг органик бус мөнгөн усыг залгисан бол өөр бусад идэмхий бодис залгисан үеийнх шиг арга хэмжээ авна. Хүнд мөнгөн усны хордлогын шинж тэмдэг илэрсэн юмуу лабораторын шинжилгээгээр их хэмжээний мөнгөн усны ачаалал илэрсэн өвчтөнд яаралтай хелатжуулах эмчилгээ хийх стандарттай.
Цочмог органик бус мөнгөн усны хордлогын үеийн хелатжуулах эмчилгээг DMSA, 2,3-dimercapto-1-propanesulfonic acid (DMPS), D-penicillamine (DPCN), юмуу dimercaprol (BAL)-аар хийнэ. FDA-ээс зөвхөн DMSA-ийг хүүхдийн мөнгөн усны хордлогын үед хэрэглэхийг сайшаасан байдаг. FDA-аас сайшаасан метил мөнгөн ус болон этил мөнгөн усны хелатор байхгүй байгаа ч DMSA-г метил мөнгөн усны хүнд хордлогын үед ихээхэн түгээмэл хэрэглэдэг. DMSA-г ууж хэрэглэх ба гаж нөлөө багатай, BAL, DPCN болон DMPS-аас дээр гэж үздэг. Alpha-lipoic acid (ALA) нь цочмог мөнгөн усны хордлогын эсрэг хамгаалах агент бөгөөд мөнгөн усанд өртсөний дараа удалгүй хэрэглэнэ. Тунг зөв тохируулах шаардлагатай ба тохироогүй тун нь хордлогыг нэмэгдүүлдэг. Glutathione болон N-acetylcysteine (NAC) зарим эмч нар зөвлөдөг ч бөөр болон тархин дахь мөнгөн усны концентраци нэмэгдсэн үед хэрэглэнэ. Туршилт шинжилгээгээр селен болон мөнгөн ус нь харилцан үйлчилдэгийг тогтоосон байдаг ч эпидемиологийн судалгаагаар селен нь метил мөнгөн усны гаж нөлөөний эсрэг хамгаалдаг талаар багахан нотолгоо олджээ.
Эргэлзээтэй тохиолдолд өвчтөнд хелатжуулах агентийг хэрэглэсний дараа шээсний шинжилгээ авч хелатжуулах агент хэрэглэхээс өмнөх шээсний шинжилгээтэй харьцуулж үзнэ.

Тавилан
Мөнгөн усны олон хортой нөлөө нь хэрэв өртөлтийг таслан зогсоовол өвөрмөц эмчилгээ юмуу байгалийн зайлуулалтаар хагас, бүтэн байдлаар эргэх боломжтой байдаг. Хэдий тийм ч хүнд, урт хугацааны өртөлт нь үл эргэх гэмтэлийг ялангуяа ураг, нярай болон залуу хүүхдүүдэд үүсгэнэ.

Эх сурвалж:

1. http://en.wikipedia.org/wiki/Mercury_poisoning
2. http://emedicine.medscape.com/article/819872-overview
3. http://www.mercury-poison.com/fish_list.htm
4. http://www.ghana-mining.org/ghweb/en/ma/mincom/mcprojects/mcprojects-ma.html

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл