Health News from Medical News Today


Monday, November 7, 2011

Цусны эргэлтийн шунт

Зүүнээс-баруун шунтын үед артерийн цусны урсгал захын хялгасан судаснуудаар дамжилгүй венийн систем руу эргэж ордог. Баруунаас-зүүн шунтын үед системийн венийн (харьцангуй деоксигенаци болсон) цус уушигны хялгасан судсаар дамжилгүй шууд артерийн систем руу ордог.
Ургийн цусны эргэлтийн үед (→А)
-       Системийн цусны эргэлт бага эсэргүүцэлтэй (ихэс!)
-       Уушигны цусны эргэлт өндөр даралттай (→В2)
-       Уушигны цусны эргэлт өндөр эсэргүүцэлтэй (уушиг тэлэгдээгүй, гипоксийн        гаралтай судас нарийсалттай; →C)
-       Зууван цонх (FO) болон Боталлын артерийн цорго (DA)-оор дамжсан баруунаас-зүүн шунттай
тус тус байдаг.
Төрөх үед доор дурьдсан чухал өөрчлөлтүүд бий болно.
1.    Ихэс рүү очих хүйн артери хавчигдах юмуу аяндаа нарийссанаас захын эсэргүүцэл нэмэгдэх ба улмаар системийн даралт өснө.
2.    Уушиг тэлэгдэх ба цулцангийн РО2 өссөнөөр уушигны судасны эсэргүүцэл багасна (→С). Үүний үр дүнд уушгиар дамжих цусны урсгал нэмэгдэх ба уушигны артериуд дахь даралт буурна
3.    Үүний үр дүнд зууван цонх (FO) болон артерийн цорго (DA)-оор дамжих шунт физиологиор өөрчлөгдөж баруунаас-зүүн байсан нь зүүнээс-баруун (зүүн тосгуураас-баруун тосгуур луу, аортаас-уушигны артери луу) болно.
4.    Эдгээр шунтууд хэвийн үед төрөх үед юмуу төрсний дараахан хаагддаг ба ингэснээр системийн болон уушигны цусны эргэлтүүд цуваа байдалтай болно.

Эмгэг шунтууд нь битүүрээгүй цорго (битүүрээгүй эсвэл тогтвортой артерийн цорго [PDA]; →Е) юмуу битүүрээгүй зууван цонх (PFO)-оос, тосгуур юмуу ховдолын хоорондын таславчийн гажиг (ASD юмуу VSD) эсвэл артери-венийн фистулийн шалтгаантай байна. Зарчмын хувьд шунтын хэмжээ болон чиглэл нь дараах зүйлсээс хамаарна. 
  • Шунтын нээлхийн хөндлөн огтлолын талбай 
  • Холбоотой судсууд болон хөндийнүүдийн хоорон дахь даралтын зөрүү (→D)
      Хэрэв нээлхий харьцангуй жижиг бол дээрхи хоёр нь хоёул голлох тодорхойлогч хүчин зүйл болно (→D1). Хэдий тийм ч шунт үйл ажиллагааны хувьд судасны хөндийтэй ижилхэн бол (жишээ нь аорт болон уушигны артери, тосгуур болон тосгуур, ховдол болон ховдолын хооронд) хөндлөн огтлолын талбай ихтэй байх ба хоёр судас болон хөндий дахь даралт бараг тэнцүү болдог. Энэ тохиолдолд шунтын чиглэл болон эзэлхүүн 
  •  Шунтаар холбогдсон судас юмуу хөндийн урсгалын эсэргүүцэл (→D2, PDA г.м) 
  • Түүнчлэн тэдгээрийн уян хатан байдлаар (=эзэлхүүний уян хатан байдал, VSD-ийн үеийн ховдолын ханууд, →D3) тодорхойлогдоно.
Хэвийн үед артерийн цорго (DA) нь төрсний дараа судас тэлэгч простагландинуудын концентраци буурсны улмаас хэдэн цагийн дотор, хамгийн ихдээ 2 долоо хоногийн дотор хаагддаг. Хэрэв битүүрээгүй хэвээр үлдвэл (PDA) ургийн үеийн баруунаас-зүүн шунт зүүнээс-баруун шунтаар болно (→Е, дээд хэсэг). Учир нь системийн болон уушигны эргэлт дэхь эсэргүүцэл эсрэг чиглэлд солигддог. Чагналтаар өвөрмөц урсгалын шуугиан сонсогдох ба диастолыг бодвол систолын үед илүү чанга байна (“machinery шуугиан"). Хэрэв шунт холбоосын хөндлөн огтлолын талбай жижиг бол аортын даралт уушигны артери дахь даралтаас өндөр хэвээр үлдэх (→D1, ∆P) ба шунтын эзэлхүүн цаашид бага байх бөгөөд уушигны артерийн даралт бараг л хэвийн байна. Хэрэв шунт холбоосын хөндлөн огтлолын талбай том бол шунтын эзэлхүүн мөн адил их байж баруун ховдолын хэвийн шахалтын эзэлхүүн дээр нэмэгдэж үүний үр дүнд уушигны цусны урсгал болон зүүн зүрхний хөндийнүүд рүү орох урсгал ихээхэн нэмэгдэнэ (→E, зүүн талд). Дасан зохицох үед зүүн ховдолын шахалтын эзэлхүүн нэмэгдэх (Франк-Старлингийн механизм: ховдолын гипертрофи болох боломжтой) ба ингэснээр зүүн ховдол дахь эзэлхүүний ачаалал урт хугацаанд нэмэгдэнэ (→E, зүүн талд), ялангуяа уушигны судасны эсэргүүцэл төрсний дараа маш бага байх үед (дутуу нярай г.м). Нярайн зүрхний гипертрофи болох чадамж хязгаарлагдмал тул их хэмжээний эзэлхүүн нь ихэвчлэн амьдралын эхний сард зүүн ховдолын дутагдалд хүргэдэг.    
Нөгөө талаар хэрэв төрсний дараа уушигны судасны эсэргүүцэл (Rpulm) төрсний дараа харьцангуй өндөр хэвээр байвал (→Е, баруун талд) цоргоор урсах шунтын эзэлхүүн хөндлөн огтлолын талбай том байхыг үл харгалзан харьцангуй бага байх ба зүүн ховдолын ачаалал дунд зэрэг нэмэгдэж урт хугацаанд дасан зохицох боломжтой болно. Хэдий тийм ч эдгээр нөхцөл байдлуудын үед уушигны артерийн даралтын түвшин аортынхтай адил байдаг тул уушигны (уушигны артерийн) гипертензи тохиолддог (→E, баруун талд, хуудас 214 ). Хэрэв энэ нь удаан хугацаагаар үргэлжилбэл уушигны судасны ханын гэмтэл болон гипертрофид хүргэх ба улмаар дарал болон эсэргүүцэл өснө. Эцэст нь цоргоор урсах шунт баруунаас-зүүн болж өөрчлөгдөж болно (→Е, зүүн доод хэсэгт). Артерийн битүүрээгүй цоргоос алс байрлах аортын цус энэ үед уушигны артерийн нэмэлт цустай (хүчилтөрөгчөөр дутмаг) холилдоно (биеийн доод хэсгийн цианоз; хөлийн хуруунууд хөхрөх боловч гарын хуруунууд хөхрөхгүй). Дасан зохицлын дараагийн үед баруун зүрхэнд даралтын ачаалал бий болж баруун ховдолын гипертрофи болох ба эцэст нь баруун ховдолын дутагдал бий болно. Хэрэв үйл ажиллагааны гаралтай уушигны артерийн регургитаци тохиолдвол (уушигны гипертензиэс шалтгаалсан) энэ нь баруун ховдолын дутагдал үүсэлтийг хурдасгана. Учир нь баруун ховдолд нэмэлт эзэлхүүний ачаалал бий болдог. Эмийн аргаар простагландины нийлэгжлийг дарангуйлах замаар, мэс заслын аргаар, транскатетераар артерийн битүүрээгүй цоргыг эрт үед нь хааснаар уушигны гипертензиэс сэргийлнэ. Хэдий тийм ч шунтын чиглэл өөрчлөгдсөн хожуу үед цоргыг хаах нь гипертензийг улам хүндрүүлдэг.
Том хэмжээтэй тосгуур хоорондын таславчийн гажиг нь эхэн үед зүүнээс-баруун шунтын шалтгаан болдог. Учир нь баруун ховдол зүүн ховдолыг бодвол илүү уян хатан байдаг нь диастолын үед үед бага эсэргүүцэлтэйгээр дүүрэх боломж олгох ба улмаар зүүн ховдолыг бодвол илүү их эзэлхүүнийг багтаах боломжтой байдаг. Хэдий тийм ч энэхүү эзэлхүүний ачаалал баруун ховдолын гипертрофийн шалтгаан болох үед баруун ховдолын уян хатан байдал буурч баруун тосгуурын даралт нэмэгдэх ба шунтын чиглэл өөрчлөгдөнө.  


Эх сурвалж: 
Color Atlas of Pathophysiology / Heart and Circulation / Circulatory Shunts, page 202-205


0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл