Health News from Medical News Today


Thursday, May 20, 2010

Men With Asthma And Eczema May Have Lower Cancer Risk

Хэрэв та астма юмуу экземтэй бол таны гиперреактив дархлаа тогтолцоо тань зарим түгээмэл хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулж өгдөг тухай American College of Allergy, Asthma and Immunology (ACAAI)-ийн шинжлэх ухааны сэтгүүл болох Annals of Allergy, Asthma & Immunology-д нийтлэгдсэн судалгаанд дурьджээ.

Тус судалгааны нийтлэлийг удирдагч Mariam El-Zein, PhD (INRS-Institut Armand-Frappier, Laval, Québec, Canada)-ийн дурьдсанаар "Астма болон экзем зэрэг харшилт нөхцөл байдлын гиперреактив дархлаа тогтолцоо нь малигнант эсийг зайлуулах биемахбодийн чадавхийг нэмэгдүүлж өгснөөр хорт хавдарын эрсдэлийг багасгаж өгдөг" ажээ. Тэрээр мөн "Бидний судалгаанд хамрагдсан астма бүхий эрэгтэйчүүд ходоодны хорт хавдартай болох магадлал, экземтэй эрэгтэйчүүд уушигны хорт хавдартай болох магадлал эдгээр харшилт нөхцөл байдал байхгүй эрэгтэйчүүдтэй харьцуулахад тус тус бага байсан" гэж мэдэгдсэн байна.

Хүн амд суурилсан тохиолдол хяналтын судалгаа нь Montreal, Québec-т 3300 хорт хавдар бүхий эрэгтэй өвчтөн, 500 хяналтын бүлгийг хамарч 7 жилийн турш явагдсан ба odds ratio-г астма юмуу экзем хийгээд 20 илүү төрлийн хорт хавдар түүн дотроо түгээмэл тохиолдох 8 төрлийн хорт хавдар (ходоод, бүдүүн гэдэс, шулуун гэдэс, уушиг, түрүү булчирхай, давсаг, арьс болон тунгалагийн булчирхайн) тус бүртэй хоорондын холбоо хамаарлыг харьцуулах байдлаар тооцжээ.

Харшил судлаач, American College of Allergy, Asthma and Immunology-ийн гишүүн Jonathan Bernstein, MD хэлэхдээ "Бид харшилт нөхцөл байдал нь хэрхэн хорт хавдарын эрсдэлийг бууруулдагийг бүрэн тайлбарлаж чадаагүй боловч энэхүү судалгаа нь найдвар төрүүлж байна" гэжээ. Тэрээр мөн "Бид цаашдын судалгаагаа үргэлжлүүлж энэхүү холбоо хамаарал болон дархлаа тогтолцоо хорт хавдарын эрсдэлийг бууруулахад гүйцэтгэдэг үүргийг судлана гэж итгэж байна" хэмээжээ.

Эх сурвалж:
Men With Asthma And Eczema May Have Lower Cancer Risk

Friday, April 9, 2010

НҮБ-ын Хүүхдийн өсөлтийн стандарт - The WHO Child Growth Standards




НҮБ-аас хүүхдийн өсөлтийн стандартыг тус байгууллагын Олон төвт Өсөлтийн Лавлагаа Судалгаа (Multicentre Growth Reference Study)-аар цуглуулагдсан мэдээ материалыг ашиглан шинэчлэн сайжруулсан байна. Мөнч түүнчлэн биемахбодийн өсөлтийн муруй болон хөдөлгөөний хөгжлийг үнэлэх арга замыг боловсронгуй болгосны зэрэгцээ стандартыг хангахад шаардлагатай багаж хэрэгсэлийн талаар тусгажээ.

Энэ талаар дэлгэрэнгүйг The WHO Child Growth Standards-аас уншиж танилцаж болох юм байна.

Wednesday, April 7, 2010

TIMI - Thrombolysis In Myocardial Infarction

TIMI гэдэг нь 'Thrombolysis In Myocardial Infarction’ гэсэн үгийн товчлол бөгөөд энэ нь судсан дотуурх титмийн интервенци (percutaneous coronary intervention), зүрх судасны эмгэгийн тромболиз дээр төвлөрч хийгдсэн хэд хэдэн судалгааны бүлгийн нэр юм.
Эдгээр судалгаанд үндэслэж гарсан ‘цусны урсгалын TIMI ангилал’ нь судсан дотуурх титмийн ангиопластийн үед титэм судасны цусны урсгалыг 0-3 түвшингөөр илэрхийлж дүгнэдэг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд буй онооны систем юм.

• TIMI 0 урсгал (цусан хангамжгүй) - гэдэг нь титмийн бөглөрлөөс цааш ямар нэг урсгал байхгүйг илтгэнэ
• TIMI 1 урсгал (цусан хангамжгүй нэвтрэлт) – бөглөрлөөс цааш титмийн бүдэгхэн урсгал байгаа боловч титмийн алсын хэсэг бүрэн дүүрэхгүй
• TIMI 2 урсгал (цусан хангамж дутмаг) – титмийн урсгал удаан боловч алсын хэсгийг бүрэн дүүргэх урсгалтай
• TIMI 3 урсгал (цусан хангамж бүрэн) – титмийн алсын хэсгийг бүрэн дүүргэх хэвийн урсгал

‘TIMI эрсдэлийн оноо’ нь цочмог титмийн хам шинжийн дараах нас баралт болон давтан шигдээс, ишеми үүсэх эрсдэлийг баримжаалах боломж олгоно.

TIMI Risk Score for UA/NSTEMI

1. 65 буюу түүнээс дээш настай байх +1 оноо
2. Титэм артерийн эмгэгийн 3 буюу түүнээс дээш эрсдэлтэй байх +1 оноо
3. Титэм артерийн стеноз 50% буюу түүнээс дээш байх +1 оноо
4. Сүүлийн 7 өдөр аспирин хэрэглэсэн +1 оноо
5. Хүнд бахын тохиолдол сүүлийн 24 цагт 2 ба түүнээс илэрсэн +1 оноо
6. ST сегментийн өөрчлөлт 0,5 мм-ээс дээш +1 оноо
7. Зүрхний маркерууд илэрсэн +1 оноо

1 оноо – 14 өдөрт бүх шалтгаант нас баралт, шинэ болон дахисан миокардийн шигдээс, яаралтай дахин судасжуулах шаардлагатай хүнд давтан ишеми болох магадлал 5%
2 оноо - 14 өдөрт бүх шалтгаант нас баралт, шинэ болон дахисан миокардийн шигдээс, яаралтай дахин судасжуулах шаардлагатай хүнд давтан ишеми болох магадлал 8%
3 оноо - 14 өдөрт бүх шалтгаант нас баралт, шинэ болон дахисан миокардийн шигдээс, яаралтай дахин судасжуулах шаардлагатай хүнд давтан ишеми болох магадлал 13%
4 оноо - 14 өдөрт бүх шалтгаант нас баралт, шинэ болон дахисан миокардийн шигдээс, яаралтай дахин судасжуулах шаардлагатай хүнд давтан ишеми болох магадлал 20%
5 оноо - 14 өдөрт бүх шалтгаант нас баралт, шинэ болон дахисан миокардийн шигдээс, яаралтай дахин судасжуулах шаардлагатай хүнд давтан ишеми болох магадлал 26%
6 болон 7 оноо - 14 өдөрт бүх шалтгаант нас баралт, шинэ болон дахисан миокардийн шигдээс, яаралтай дахин судасжуулах шаардлагатай хүнд давтан ишеми болох магадлал 41%

TIMI Risk Score for STEMI

1. Наслалт
a. Хэрэв <65 бол +0 оноо b. Хэрэв 65-74 бол +2 оноо c. Хэрэв >75 бол +3 оноо
2. Чихрийн шижинтэй юмуу Даралт ихэддэг эсвэл Цээжний бахтай +1 оноо
3. Систолын даралт <100мм м.у.б +3 оноо 4. Зүрхний цохилт <100удаа/мин +2 оноо 5. Killip-ийн ангилалаар II-IV зэрэгт байх +2 оноо 6. Биеийн жин <67кг +1 оноо 7. Урд ханын ST сегментийн элеваци юмуу LBBB илрэх +1 оноо 8. Эмчилгээний хугацаа >4цаг байх +1 оноо

0 оноо – 30 өдөрт бүх шалтгаант нас баралт 0,8%
1 оноо - 30 өдөрт бүх шалтгаант нас баралт 1,6%
2 оноо - 30 өдөрт бүх шалтгаант нас баралт 2,2%
3 оноо - 30 өдөрт бүх шалтгаант нас баралт 4,4%
4 оноо - 30 өдөрт бүх шалтгаант нас баралт 7,3%
5 оноо - 30 өдөрт бүх шалтгаант нас баралт 12,4%
6 оноо - 30 өдөрт бүх шалтгаант нас баралт 16,1%
7 оноо - 30 өдөрт бүх шалтгаант нас баралт 23,4%
8 оноо - 30 өдөрт бүх шалтгаант нас баралт 26,8%
9 оноо - 30 өдөрт бүх шалтгаант нас баралт 35,9%
10 оноо - 30 өдөрт бүх шалтгаант нас баралт 35,9%
11 оноо - 30 өдөрт бүх шалтгаант нас баралт 35,9%
12 оноо - 30 өдөрт бүх шалтгаант нас баралт 35,9%
13 оноо - 30 өдөрт бүх шалтгаант нас баралт 35,9%
14 оноо - 30 өдөрт бүх шалтгаант нас баралт 35,9%

Killip-ийн ангилал нь цочмог миокардийн шигдээс бүхий өвчтөнүүдийн эрсдэлийг үнэлэхэд хэрэглэдэг ангилалын систем юм. Энэ ангилалаар миокардийн шигдээсийн дараах эхний 30 хоногт өвчтөнүүдийн нас барах эрсдэлийг үнэлдэг.

Killip-ийн ангилал I – Зүрхний дутагдалын эмнэлзүйн шинж тэмдэггүй
Killip-ийн ангилал II – уушгинд шажигнууртай, зүрхний 3-р авиа өргөлттэй, юугуляр венийн даралт ихэссэн
Killip-ийн ангилал III – уушгины цочмог хавантай
Killip-ийн ангилал IV – зүрхний гаралтай шок юмуу гипотензитэй (хэмжихэд систолын даралт 90мм м.у.б-аас бага) болон захын судасны агшилт батлагдсан (олигоури, цианоз, хөлрөлт)

Killip-ийн ангилалаар 95%-ийн итгэх интервалтайгаар өвчтөний тавилан дараах байдалтай байна.

Killip class I: 81/250 өвчтөн; 32% (27–38%). Нас баралтын хувь 6%.
Killip class II: 96/250 өвчтөн; 38% (32–44%). Нас баралтын хувь 17%.
Killip class III: 26/250 өвчтөн; 10% (6.6–14%). Нас баралтын хувь 38%.
Killip class IV: 47/250 өвчтөн; 19% (14–24%). Нас баралтын хувь 67%

Эх сурвалж:
http://en.wikipedia.org/wiki/TIMI
http://www.mdcalc.com/timi-risk-score-for-uanstemi
http://www.mdcalc.com/timi-risk-score-for-stemi
http://jama.ama-assn.org/cgi/content/abstract/284/7/835
http://circ.ahajournals.org/cgi/content/abstract/102/17/2031
http://en.wikipedia.org/wiki/Killip_class

Friday, April 2, 2010

Discoid Lupus Erythematosus - Дискоид чонон яр

Тодорхойлолт
Ерөнхий ойлголт

Дискоид чонон яр (DLE) нь архаг, сорвижилт, атрофи үүсгэдэг, гэрэлд мэдрэг дерматоз (арьсны үрэвсэлийн бус гэмтэл) юм. Дискоид чонон яр нь системийн чонон яр (SLE) бүхий өвчтөнд тохиолдож болох ба дискоид чонон яр бүхий зарим өвчтөнд (<5%) системийн чонон яр бий болдог байна. Зарим өвчтөнүүд цочмогдуу арьсны чонон яр (SCLE)-ын гэмтэлтэй байдаг бол зарим нь эрвээхэй хэлбэрийн тууралттай байна. Дискоид чонон яр бүхий өвчтөнүүд нь цөөн тохиолдолд системийн чонон ярыг ангилахад ашигладаг 4 болон түүнээс дээш шалгуурыг хангасан байдаг. Серологийн эмгэг өөрчлөлт түгээмэл бус. Нарнаас хамгаалах тос, хэсгийн кортикостероид болон антималарийн эмүүдэд ихэвчлэн үр нөлөөтэй байна.

Эмгэг жам
Дискоид чонон яр нь генетикийн урьдал нөхцөл бүхий хүмүүст тохиолдох магадлалтай боловч яг тодорхой генетик холбоо тодорхойлогдоогүй байна. Дискоид чонон ярын эмгэг жам бүрэн тодорхойгүй. Үүнийг дараах байдлаар таамаглаж байна. Хэт ягаан туяаны нөлөө болон стрессийн улмаас кератиноцит эс дэхь халууны цохилтын уураг (heat shock protein) идэвхижих ба энэхүү уураг нь гамма (дельта) Т эс хамааралт эпидермисийн эсийн эс-хордуулах урвалыг идэвхижүүлдэг байж болох юм.

Тархалт
Нэгдсэн Улсад

Дэлхий нийтээр системийн чонон ярын тархалт 100,000 хүн амд 17-48 тохиолдол байдаг. Системийн чонон яр нь 40-60 насанд хамгийн их тохиолдох ба ойролцоогоор эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 10 дахин их тохиолддог байна. Арьсны чонон яр (CLE) нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 2-3 дахин их тохиолддог. Дискоид чонон яр нь арьсны чонон яр бүхий өвчтөнүүдийн 50-85%-д тохиолддог байна.

Нас баралт/урхаг үлдэлт
Дискоид чонон яр бүхий өвчтөнүүд нь цөөн тохиолдолд эмнэлзүйд ач холбогдол өгөхүйц системийн өвчлөлтэй байна. Энэхүү эмгэгийн үеийн гэмтэлүүд нь сорвижилт болон атрофиг үүсгэнэ. Сорвижилт үс уналт нь гол бэрхшээл болдог.

Арьстаны хамаарал
Дискоид чонон яр нь цагаан арьстан болон азичуудыг бодвол Африкийн Америкчуудад үл ялиг түгээмэл байна.

Хүйс
Эрэгтэй эмэгтэйн харьцаа 1:2

Насны хамаарал
Ямарч насанд тохиолдож болох ч 20-40 насанд хамгийн түгээмэл. Дундаж нас ойролцоогоор 38 байна.

Эмнэлзүй
Анамнез

• Өвчтөн бага зэргийн загатнах эсвэл өвчний улмаас үүссэн гэмтэл нь хааяа өвдөх гэсэн зовиуртай байх боловч ихэнх өвчтөн нь шинж тэмдэггүй байна.
• Дискоид чонон яр бүхий өвчтөнүүдийн 5% буюу түүнээс бага нь хавсарсан системийн өвчлөлтэй байна.
• Артралги юмуу артрит тохиолдож болно.
• Өвчтөнд системийн чонон ярын шинж тэмдэг илэрч болно. Үүнд плеврит, перикардит, мэдрэлийн өвчлөл болон бөөрний өвчлөл зэргийн шинж тэмдэгүүд орно.
• Дискоид чонон яр бүхий өвчтөнд хэд хэдэн арьсны эмгэг тэмдэглэгдэх юмуу өргөн тархалттай байж болно.
o Чонон ярын архаг гэмтэлүүдийн хортой өөрчлөлт байж болох ба хэдий ховор боловч меланомын бус арьсны хавдарт хүргэнэ. Хар арьст хүмүүст архаг гэмтэлүүдэд нөсөөжилт хангалтгүй, архаг үрэвсэл хавсрах юмуу нарны гэрлийн нөлөөлөл үргэлжилснээс арьсны хавдарт өртөх нь илүүтэй байна.
o Муцины хуримтлал нь чонон ярын гистопатологийн хүчин зүйл бөгөөд зарим өвчтөнд томоохон хэмжээний муцины хуримтлал үүссэн байна.
o Чонон яр бүхий өвчтөнүүдэд Porphyria cutanea tarda илэрч гардаг. Ихэвчлэн антималарийн эмүүдийг анх хэрэглэхэд порфири илэрдэг байна.
o Псориаз нь чонон яр бүхий өвчтөнүүдэд түгээмэл байна.

Бодит үзлэг
Дискоид чонон ярын гэмтэлүүд нь ихэвчлэн онцлог байна. Анхдагч гэмтэл нь эритроматозны гүвдрүү юмуу үл ялиг багаас-дунд зэргийн хайрсжилт бүхий товруу байна. Гэмтэл даамжрах тусам хайрс зузаарч наалдамхай болж, төв буюу идэвхигүй хэсгээрээ гипопигментаци бүхий, идэвхитэй хүрээ хэсгээрээ гиперпигментаци бүхий нөсөөжилт өөрчлөлт гарна. Наалдамхай хайрсын улмаас үсний булцуу бөглөрдөг (булцууны бөглөрөл). Хайрсыг хуулах үед түүний дор жижиг ур харагдах ба энэ нь үсний булцууны амсартай харьцаж байдаг. Үүнийг хивсний хадаас (carpet tack)-ы шинж гэнэ. Энэхүү өөрчлөлт нь дискоид чонон ярын үед харьцангуй өвөрмөц байна.


Нүүрэн дээрх дискоид чонон яр


Дискоид чонон ярын архаг сорвижилт гэмтэл

Гэмтэлүүд нь төвөөсөө гадагш тархах ба нийлэх хандлагатай. Гэмтэл хуучрах тусам үсний булцуу кератин уургийн бөглөөгөөр бөглөрөх ба үүний улмаас булцууны амсар тэлэгдэж ирдэг ба үүнийг булцууны бөглөрөл буюу нээлттэй булцуу гэнэ. Энэхүү гэмтэл нь хэдэн жилийн турш тогтвортой байх ба аажим тархах хандлагатай. Атрофи болон сорвижилтын үр дүнд идэвхитэй гэмтэл дарагддаг.


Чихний concha дахь дискоид чонон ярын гэмтэл. Үсний булцууны бөглөрөл.

Ямарваа цаг хугацаанд тухайн хүнд бий болсон гэмтэлүүд нь эдгээр онцлогуудын аль нэгийг юмуу бүгдийг агуулсан байж болно. Эрт үеийн гэмтэлийг цочмогдуу арьсны чонон яраас ялгахад бэрхшээлтэй. Хуйх нь өвчлөлд өртөж болох түгээмэл талбай бөгөөд үүний улмаас тогтонги үс уналт бий болно.


Дискоид чонон ярын сорвижилтын улмаас бий болсон үс уналт


Өргөн тархалттай сорвижилт үс уналт

Дискоид чонон яр бүхий өвчтөнүүд нь голдуу 2 дэд бүлэгт хуваагдана. Байршмал болон өргөн тархалттай. Байршмал дискоид чонон ярын үед зөвхөн толгой болон хүзүү өртөгддөг бол өргөн тархалттай дискоид чонон ярын үед бусад талбай өртөгддөг. Өргөн тархалттай өвчлөл бүхий өвчтөнүүд нь ихэвчлэн гематологийн болон серологийн эмгэг өөрчлөлтүүдтэй байх ба системийн чонон яр үүсэх хандлага ихтэй, эмчлэхэд илүү төвөгтэй байна.


Арьсны архаг чонон ярын их биеийн гэмтэл

Дискоид чонон яраас ялгаатай хэд хэдэн түгээмэл бус архаг арьсны чонон ярын хувилбар тэмдэглэгдсэн байдаг. Салст бүрхүүл гэмтэлд өртөж болох ба энэ нь арьсны дискоид чонон яртай адил байна. Алга болон ул өвчлөлд өртөж болох ч ийм тохиолдол өвчтөнүүдийн 2-оос бага хувьд тохиолдоно.


Дискоид чонон ярын алганы гэмтэл

Дискоид чонон ярын гэмтэл нь гипертрофик болон үү маягийн байж болно. Энэхүү дэд хэлбэр нь үү маягийн гэмтэлээр илрэх ба ихэвчлэн гарны тэнийлгэгч гадаргууд тохиолдоно. Чонон ярын гипертрофик гэмтэлийг үү, кератоакантомаз юмуу хавтгай эст карциномагаас ялгах ёстой. Эдгээр гэмтэлүүд нь эмчлэхэд ихээхэн төвөгтэй байна.


Сарвууны ар талд гарсан чонон ярын гипертрофик гэмтэл.

Шалтгаан
Дискоид чонон яр бүхий өвчтөнүүд нь генетикийн урьдач нөхцөлтэй байж болно. Хэдий тийм ч энэхүү өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг яг тодорхой генетикийн хүчин зүйл тодорхойгүй байна. Өвчин нь голчлон хэт ягаан туяанд өртсөний дараагаар илэрдэг боловч бусад өдөөгч болон цочроогч хүчин зүйлүүд мөн дэмждэг. Toll-like рецептор патогенезид оролцдог байж болно.

Ялгах оношууд
Actinic Keratosis
Psoriasis, Plaque

Dermatomyositis
Rosacea

Granuloma Annulare
Sarcoidosis

Granuloma Faciale
Squamous Cell Carcinoma

Keratoacanthoma
Syphilis

Lichen Planus
Warts, Nongenital

Lupus Erythematosus, Subacute Cutaneous

Шинжилгээ
Лабораторийн шинжилгээ

• Серологийн шинжилгээ
o Дискоид чонон яр бүхий зарим өвчтөнүүд (ойролцоогоор 20%)-д бөөмийн эсрэг эсрэгбие (ANA) дээжинд эерэг гардаг. HEp-2 эс (human epidermoid cancer cells) нь одоо үед лабораторид ашиглаж буй хамгийн түгээмэл дээж юм.
o Анти-Ro (SS-A) аутоэсрэгбие өвчтөнүүдийн ойролцоогоор 1-3%-д илэрдэг.
o Antinative DNA (double-stranded or nDNA) юмуу anti-Sm эсрэгбие нь ихэвчлэн системийн чонон ярыг илтгэдэг ба зарим өвчтөнд (<5%) илэрч болно.
• Бусад лабораторийн өөрчлөлт
o Цитопени илэрч болно
o Зарим өвчтөнд эритроцитын тунах хурд ихэснэ
o Ревматоид фактор эерэг байж болно
o Хавсаргын түвшин багасч болно
o Шээсний шинжилгээнд протейнури бүхий бөөрний өвчлөл илэрч болно

Бусад сорилууд
• Иммунпатологи
o Дермис-эпидермисийн холбоосонд иммунглобулин болон хавсарга хуримтлагдах нь чонон ярын онцлог дүр зураг юм. Гэмтсэн арьс юмуу хэвийн арьснаас (гэмтээгүй) эд авч шинжилнэ. Хэвийн арьсны биопсиг өвчинд өртөгдсөн юмуу өртөгдөөгүй гадаргуугаас авч болно. Гэмтээгүй, өвчинд өртөөгүй арьсанд сорил хийхийг чонон ярын туузан сорил (LBT) гэнэ.
o Дискоид чонон яр бүхий өвчтөнүүдийн ойролцоогоор 90%-д шууд иммунфлюресцент (DIF) сорил эерэг гардаг хэдий ч гэмтсэн арьсны суурийн мембраны бүсэд иммун урвалжууд илрэх нь чонон ярын үед өвөрмөц биш бөгөөд арьсны олон төрлийн үрэвсэлт өвчнүүдийн үед илэрч болно. Хуучин гэмтэл юмуу маш эрт үеийн гэмтэлүүд нь иммунфлюресцений микроскопид сөрөг байх хандлагатай байдаг. Зөвхөн системийн чонон яр бүхий өвчтөнд чонон ярын туузан сорил (LBT) эерэг байж суурийн мембраны бүсэд их хэмжээний иммун урвалжууд тодорхойлогдоно. LBT нь мэдрэг хийгээд өвөрмөц чанарын аль алиныг агуулахгүй ба ихэвчлэн серологийн шинжилгээгээр өөрчлөгдөж байдаг.


Дискоид чонон яр. Сүүрийн мембраны бүсийн дагуу С3 хавсаргын өргөн зурвас илэрсэн байна. (Direct immunofluorescence)

Гистологи өөрчлөлт
Дискоид чонон ярыг батлах онцлог гистопатологийн гэмтэлүүдэд суурийн эсийн давхаргын вакуоль гэмтэл, суурийн мембран зузаарах, үсний булцууны бөглөрөл, гиперкератоз, эпидермисийн атрофи, тогтворгүй нөсөөжилт болон периваскуляр, дайвар орчмын болон субэпидермал байрлал дахь үрэвсэлийн эсийн нэвчдэс (ихэвчлэн лимфоцитийн) зэргүүд орно. Ихэнх тохиолдолд дермис муцинаар баялаг байна. Гистопатологийн дүр зургууд нь гэмтэлийн төрөл болон хугацаанаас хамаарч ялгаатай байдаг.


Дискоид чонон яр. Эпидермис нимгэрсэн, гиперкератоз, өнгөц болон гүн дэхь дермисийн судас болон дайвар орчмын лимфоцит давамгайлсан эсийн нэвчдэс. (H&E)


Дискоид чонон яр. Фолликул орчмын тодрол бүхий дермисийн өнгөц болон гүн дэхь эсийн нэвчдэс. (H&E)


Тумид төрлийн дискоид чонон яр. Дермист муцин их хуримтлагдсан байна. (Alcian blue)

Эмчилгээ
Эмийн эмчилгээ

• Дискоид чонон ярын менежментийн зорилго нь өвчтөний гадаад байдлыг сайжруулах, одоо байгаа гэмтэлийг хянах, сорвижилтыг хязгаарлах, цаашид гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэнэ.
• Хэдий ховор боловч өвчтөнд ноцтой системийн эмгэг байж болох эрсдэлтэйг зөвлөнө. Ердийн эмнэлзүйн үнэлгээг энгийн лабораторийн шинжилгээтэй хавсрах нь анхдагч арьсны өөрчлөлтөөс системийг хамарсан өөрчлөлт үүсэх боломжтой эсэхийг үнэлэхэд хангалттай байдаг.
• Эмчилгээ нь нарнаас хамгаалах арга хэмжээнээс эхлэх ба үүнд нарнаас хамгаалах тос, хамгаалах хувцас, дадал зуршилаа өөрчлөх зэрэг орно. Гоо сайхны арга хэмжээ болох хамгаалах нүүр будалт, хиймэл үс зэргийг сонгосон өвчтөнүүдэд зөвлөж болно.
• Тамхи татах нь антималарийн агентийн үр нөлөөг бууруулах ба тамхи татдаг болон дам тамхидалтанд өртдөг өвчтөнүүдэд тамхидалтыг зогсоох арга хэмжээг зөвлөх хэрэгтэй.
• Стандарт эмийн эмчилгээнд кортикостероид (хэсгийн юмуу гэмтэлийн дотоодод хэрэглэх) болон антималариуд орно. Антималари нь тамхи татдаг өвчтөнүүдэд үр нөлөө багатай боловч дискоид чонон яр нь эдгээр өвчтөнүүдийг муутгах боломжтой. Сонгодог эмчилгээнд ауранофин, талидомид, уухаар болон хэсэг газар хэрэглэх ретиноид болон дархлаа дарангуйлах эмүүд орно. Талидомидыг ерөнхийдөө антималарид тэсвэртэй өвчтөнүүдэд хэрэглэнэ. Ихэнх өвчтөнүүдэд антималарийн улмаас хүндрэл тохиолдоогүй бол түүнийг талидомид эмчилгээний турш үргэлжлүүлэх нь зүйтэй. Түүнчлэн леналидомид зарим өвчтөнүүдэд тустай байж болно.
• Хэсгийн кортикостероидыг эмчилгээнд үр дүнгүй юмуу хэсэг газрын өвчлөлийн үед сонгоно. Жишээ нь кортикостероид бүхий угаагч шингэн юмуу хөөс нь хуйханд сайн нөлөөтэй бол сулхан агентуудыг нүүрэнд хэрэглэнэ. Хүчтэй агентуудыг гипертрофик гэмтэлд хэрэглэнэ.
• Хэсгийн кальцинеурин дарангуйлагчидыг чонон ярын арьсны гэмтэл бүхий өвчтөнүүдэд мөн хэрэглэнэ. Түүнчлэн хэсгийн ретиноидууд тус болдогийг тэмдэглэсэн байдаг. Эцэст нь нэгэн өвчтөнд хэсгийн имиквимод үр дүнтэй байсныг тэмдэглэжээ.
• Кортикостероидыг гэмтэлийн дотор тарих нь тусгаар гэмтэлийн эмчилгээнд тустай. Аль нэг газарт тарьсан кортикостероидын хэмжээ нь атрофи холбоотой байх боломжтой тиймээс шингэлсэн концентрацийг зөвлөдөг. Түүнчлэн эмчлэгч эмч нь стероидын системийн хордлого үүсэхээс сэргийлж тарилгын нийт тунг аль болох хязгаарлах ёстой.
• Дархлаа дарангуйлагчидаас метотрексатыг авч үзэж болно. Системийн кортикостероид үр дүн багатай үед азатиоприн болон микофенолат мофетил хэрэглэхэд метотрексатаас үр нөлөөтэй байсныг тэмдэглэжээ.

Мэс заслын эмчилгээ
• Сорвижсон гэмтэлийг түлэлтээр зүсэж авах боломжтой боловч зарим өвчтөнд дахин идэвхижил тэмдэглэгддэг.
• Илэрхий телангиэктаз бүхий гэмтэлд лазер эмчилгээ тустай байна. Эмчилгээний энэ хэлбэрийн үед дахин идэвхижил байж болохыг анхаарна.
• Жижиг бүлгийн өвчтөнүүдэд хийсэн судалгаагаар дискоид чонон ярын гэмтэлд пульсаци бүхий лазер эмчилгээ үр дүнтэй болох нь тогтоогджээ.

Зөвлөгөө
• Ревматологич – үеийг хамарсан үед
• Нефрологич – бөөрийг хамарсан үед
• Интернист – системийн өвчлөлийг үнэлэх бол
• Офталмологич – Гидроксихлорохинин юмуу хлорхинин эмчилгээг хянах

Хоолны дэглэм
Өвөрмөц хоолны дэглэм зөвлөхгүй

Амьдралын хэмнэл
Архаг арьсны чонон ярыг нарны гэрэл болон бусад хэт ягаан туяаны өртөлт хүндрүүлэх тул өглөө эртний болон үдээс хойш зэрэг нарны тусгал хүчтэй үед нарны гэрэлд өртөхөөс зайлсхийхийг зөвлөнө. Наран шарлагын ор зэрэг хуурамч гэрлийн эх үүсвэрээс зайлсхийх хэрэгтэй.

Эмүүд
Эмийн эмчилгээний зорилго нь урхаг үлдэц болон хүндрэлээс сэргийлэхэд чиглэнэ. Гидроксихлорхинин болон хлорхинин фосфатыг дискоид чонон ярын эмчилгээнд үр нөлөөтэй гэж үзэж байна. Жижиг бүлгийн нээлттэй судалгаагаар зарим өвчтөнд доор дурдсан эмүүд тустай гэж үзэж байна. Үүнд дапсон, ауранофин, хинакрин, талидомид, изотретиноин, ацитретин, азатиоприн, микофенолат мофетил, фенитоин, интерферон болон химерик моноклон эсрэгбие орно.

Хүндрэл
• Сорвижилт болон атрофи байж болох ч гэмтэлийн эрт үед эмчилвэл сэргийлэх боломжтой
• Хүнд системийн өвчлөл ховор боловч хэрэв тохиолдвол өвчтөний аминд аюултай үр дагавар үүсч болно
• Малигнант дегенераци ховор. Түлж авсан гэмтэл дотор шинэ ургалт бий болбол яаралтай авна.

Тавилан
• Архаг арьсны чонон яр бүхий өвчтөний тавиланд нас баралтыг тооцож үзсэн байдаг. Хэдий тийм ч олонх өвчтөнд тэдний гэмтэл тасралтгүй өвдөх, сорвижилт, атрофийн улмаас зэрэмдэг болох нь бий.
• Сэдрэлт байж болно, ялангуяа хавар болон зун

Өвчтөний боловсрол
• Өвчтөнд нарнаас хамгаалах техникийг зааж өгөх ба нарнаас хамгаалах тос, малгай болон хамгаалах хувцасыг зохистой ашиглахад сургана.
• Тамхинаас гархыг зөвлөнө
• Системийн өвчлөл байж болохыг өвчтөнд тайлбарлаж өгөх.

Эхсурвалж:
eMedicine Specialties / Dermatology / Connective Tissue Diseases / Lupus Erythematosus, Discoid

http://www.pathconsultddx.com/pathCon/diagnosis?pii=S1559-8675%2806%2970715-X
Harrison’s Principles of Internal Medicine, 16th edition, page 317

Friday, March 26, 2010

Aortic Dissection - Аортын дизсекци




Гэнэтийн хүчтэй цээжний өвдөлт нь аортын цочмог дизсекцийн эхний илрэл байж болно. Аортын интима дахь жижиг ханзархай нь богино хугацаанд аортын хананд зай завсар гаргаж улмаар хурдацтай дүүрэх хуурамч хөндийг (шар сумаар заав) бий болгодог. Энэхүү нөхцөл байдал нь амин аюултай ба яаралтай эмчилгээ шаардлагатай.


Зураг дээр ширээ түшин сууж байгаа Их Британийн хаан II Георг нь аортын дизсекцийн бүртгэгдсэн анхны тохиолдол юм. Эмч Michael DeBakey нь мөн адил аортын дизсекцитэй байсан ба тэрээр аортын дизсекцийн анхны мэс засал эмчилгээг санаачилж өөр дээрээ амжилттай хийсэн байдаг.


Нэгдсэн Улсад даралт ихдэлттэй өвчтөнүүдийн дунд аортын дизсекци нь түгээмэл тохиолддог ба бодит тархалтыг тогтооход бэрхшээлтэй байдаг. Ихэнх тооцоо нь задлан шинжилгээнд (зурагт үзүүлсэн шиг) суурилсан байх ба аортын дизсекци нь нийт цогцосны 1-3%-д тохиолддог. Жил бүр 1 сая хүнд ойролцоогоор 5-30 тохиолдол бүртгэгддэг. Эмнэлэгт хандсан 10000 өвчтөн бүрт аортын дизсекцийн нэг тохиолдол байдаг ба Нэгдсэн Улсад жил бүр 2000 тохиолдол бүртгэгддэг байна.


Аорт нь интима (хар сумаар заасан), медиа (шараар заасан) болон адвентиц (улаан сумаар заасан) гэсэн 3 давхаргаас тогтох ба тус бүр нь коллаген, эластин болон гөлгөр булчингийн эсийг өөр өөр хэмжээтэй агуулсан байдаг. Насжих тусам эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь задарч суурьсаг будагддаг субстанцаар солигдоно. Үүнийг дунд давхаргын цэврүүцэрт үхжил гэнэ. Эдгээр өөрчлөлт нь аортад байрласнаар ханзархай үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэх ба энэ нь цаашдаа дизсекцид хүргэдэг (зурагт үзүүлсэнээр). Энд дурдсан дунд давхаргын цэврүүнцэрт үхжилийг анх 1929 онд тодорхойлсон ба хэдийгээр судалгаа шинжилгээгээр дээрх процесст цэврүүнцэр, некрозын аль нь ч явагддагүйг тогтоосон боловч энэхүү нэр нь хэвээр үлдсэн байна.


Аортын дизсекци нь аортын интима дахь ханзархайгаас үүсэх ба энэ нь интимийн дор гематом үүсэх, хуримтлахад хүргэнэ. Улмаар аортад жинхэнэ болон хуурамч хөндий үүсэх ба энгийн ярианд үүнийг хос хөндийт аорт гэдэг. Хоёр хөндий бий болсоноор аортын хөндлөн хэмжээ өөрчлөгдөхгүй бөгөөд хуурамч хөндий хөгжихийн хэрээр жинхэнэ хөндийгөөр урсах цусны урсгалын хэмжээ багасч ирдэг байна. Дизсекци нь хэрэв перикардийн хөндийг хамарвал зүрхний тампонад үүсч болно.


Аортын дизсекцийн ангилалын 2 гол схем байдаг. DeBakey болон Stanford-ийн. Ангилал нь дизсекци аортын нумын аль хэсгийг хамарсан байна гэдэгт үндэслэнэ.
Зураг А: Stanford A эсвэл DeBakey I
Зураг В: Stanford A or DeBakey II
Зураг С: Stanford B or DeBakey III
Зураг D: Stanford A or DeBakey I, нэмэлтээр уруудах цээжний аортын ханзархай орсон байна.
Аортын нумын анхдагч дизсекци нь эдгээр ангилалын алинд нь ч хамаардаггүй.


Аортын цочмог дизсекцийн сонгодог илрэл нь гэнэтийн, хүчтэй цээжний өвдөлт юм. Харамсалтай нь дизсекцийг баттай тогтоох ямар нэг шинж тэмдэг байдаггүй ба анхны үзлэгээр дизсекцийн гуравны хоёр нь мэдэгдэлгүй өнгөрдөг ажээ. Түгээмэл илрэх шинж тэмдэгт цээжний урд талаар өвдөх, эрүүгээр өвдөх, далны хоорондуур урах мэт өвдөх, синкопи, харвалтын шинжүүд, ухаан балартах, өвөрмөц бус мэдрэлийн шинжүүд, амьсгаадалт, дизфаги, ортопноэ болон гемоптоз (цустай ханиах) орно. Шалтгааны талаар анамнезийг сайн авч дурдсан эрсдэлт хүчин зүйлсийн талаар асуусан байх шаардлагатай. Бодит үзлэгээр илрэх өөрчлөлтүүдэд гипертензи болон гипотензи, хоёр гарт цусны даралт ялгаатай байх, мэдрэл сульдал, зүрхний шинэ шуугиан, зүүн талд амьсгалах авиа сулрах болон зүрхний тампонадын шинжүүд орно.


Аортын дизсекци сэжиглэгдсэн бүх өвчтөнүүдэд ЭКГ хийх нь зүйтэй. Дизсекци нь аортын угийг хамарсан бол титмийн цусны урсгалыг саатуулна. Энэ нь ST сегментийн элеваци болоход хүргэх ба цочмог миокардийн шигдээсээс сайтар ялгах хэрэгтэй. Аортын дизсекцийн үед бүлэн хайлуулах эмүүдийг хэрэглэдэггүй. Хэдий тийм ч ЭКГ-д түгээмэл илрэх өөрчлөлт нь ST сегментийн депресс (хар сумаар заав) байдаг. ЭКГ-д гарах өөрчлөлтүүд нь аль титэм артерийн цусны урсгал саатсанаас шалтгаална.


Цээжний рентген зургийг аортын дизсекцийн оношилгооны эхний арга болгон ашиглах нь түгээмэл боловч мэдрэг хийгээд өвөрмөц биш юм. Голт өргөссөн байх нь хамгийн түгээмэл ба ялангуяа аортын өгсөх хэсгийг хамарсан дизсекци бүхий өвчтөнүүдэд. Бусад өөрчлөлтүүдэд аортын хос товгорын шинж, аортын хана шохойжиж дотогш шилжих, цагаан мөгөөрсөн хоолой баруун тийш шилжих, перикардийн шүүдэсжилт, зүрх томрох, зүрхний зүүн орой хэсэг бүдгэрэх, аортын хэлбэр алдагдах болон плеврийн шүүдэсжилт орно. Голт өргөсөхөд хүргэдэг бусад зүйлст лимфома, хавдар, аденопати болон томорсон бамбай булчирхай орно.


Аортын дизсекци хэрэв урагдсан бол цус тухайн талын плеврийн хөндийд орсноор гемотораксын шалтгаан болно. Рентген зурагт массив гемотораксын улмаас цээжний зүүн тал бүрэн бүдгэрсэн байна.


Допплертэй хэт авиан шинжилгээнд цусны урсгал илрэх, илрэхгүйд тулгуурлан жинхэнэ (улаан сум) болон хуурамч (шар сум) хөндийг ялгана. Хэт авиагаар мөн зүрхний хүчдэлийн үйл ажиллагааг үнэлэх, интимийн ханзархайн байрлалыг тогтоох, дизсекцийн тэлэлт, перикардийн шүүдэсжилт болон аортын дутагдал зэргийг ялангуяа аортын өгсөх хэсгийн дизсекци бүхий өвчтөнд тогтоох боломжтой.


CT нь аортын дизсекцийг найдвартай бөгөөд түргэн оношлох өөр нэг гайхалтай арга ба мэдрэг болон өвөрмөц байдал нь 90%-иас дээш байна. Тодосгогч бүхий CT сканаар дизсекцийн тэлэгдэлтийг харуулж, аортын жинхэнэ болон хуурамч 2 сувагийг тусгаарласан интимагийн таславчийг (шар сумаар заасан) тодорхойлж болно. Цуглуулсан зургийн тусламжтай 3 хэмжээст дүрслэлийг бий болгосноор мэс заслын төлөвлөгөөнд тусална. Дараалсан шинжилгээг мэс заслын дараах өвчтөн болон мэс заслын дараах хүндрэлийг үнэлэх зорилгоор хийдэг.


Соронзон резонанст дүрслэл (MRI) нь өөр нэгэн хөндлөн зүслэгт дүрслэлийн арга бөгөөд аортын дизсекцийг илрүүлэхэд мэдрэг хийгээд өвөрмөц чанар нь 90%-иас дээш байна. MRI-аар интимагийн ханзархайн байрлал, дизсекцийн тэлэгдэл болон аортын дутагдал илэрсэн эсэхийг найдвартай тогтоож болдог. MRI нь ямар нэг ионжуулах цацраг шаардахгүй бөгөөд зарим үр дүнг тодосгогчгүй гарган авах боломжтой. Энэ нь архаг дизсекци бүхий өвчтөний дахин давтагдах шинжилгээнд илүү тохиромжтой юм. Харамсалтай нь MRI нь яаралтай тусламжийн үед байнга хийгдээд байх боломжгүй байдаг.
Саггиталь gradient-echo MRI-д систолийн эрт үед урд байрлах жижиг жинхэнэ хөндийгөөс хойно байрлах том хуурамч хөндий рүү интимагийн ханзархайгаар цусны урсгал цоргин орж буй (улаан сумаар заав) нь харагддаг. Интимагийн таславч (шар сумаар заав) нь аортыг жинхэнэ болон хуурамч хөндий болгон хуваасан шугаман бүтэц юм.


Ангиографи нь аортын дизсекцийг оношлох сонгодог стандарт шинжилгээ юм. Энэ нь тухайн агшин дахь бодит байдлыг үзүүлэх ба мэс заслын төлөвлөгөөнд гайхалтай мэдээлэл өгдөг. Учир нь аортын нумаас гарсан судаснууд сайн ялгарсан байна. Жинхэнэ болон хуурамч хөндийг хоёуланг нь шууд шинжилж болно. Энэхүү процедурын үед тухайн аортын дизсекци муудах эсэх нь мэс засалчаас ихээхэн хамаарах ба ангиографи нь дизсекцийн бодит хүндрэл болдог. Орчин үеийн СТ болон MRI скантай болсон үед мэс заслын бус интервенци зөвлөсөн өвчтөнүүдэд ангиографи хийхээс татгалзах болсон.


Аортын дизсекцийн эмчилгээ нь миокардийн агшилтаас үүсэх урагч хүчийг бууруулахад чиглэсэн эрчимтэй цусны даралтын хяналтаас эхэлнэ. Энэхүү урагч хүч нь интимагийн давшингуй урагдал болон дизсекци цаашид томрох шалтгаан болдог. Нитропруссид, лабеталол болон дилтиазем зэрэг нь түгээмэл хэрэглэгддэг эмүүд юм. Наркотикууд болон опиатууд нь өвдөлтийг хянахад илүү тохиромжтой агентууд бөгөөд улмаар адренэрг идэвхижлийг бууруулдаг. Эмийн эмчилгээ нь хүндрэлгүй уруудах аортын дизсекцийн эмчилгээний сонголт юм. Өгсөх аорт болон аортын нумын дизсекцид яаралтай мэс засал хийгдэх ба ихэвчлэн Dacron-ийн залгаас ашиглан хуурамч хөндийг таглана. Мэс заслын нас баралт ойролцоогоор 10% байна. Судсан дотуурх мэс засал нь уруудах аортын дизсекцийн яаралтай, хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээ юм. Зурагт 1960 онд Michael DeBakey эмчийн мэс засал хийж байна. Michael DeBakey эмч нь дизсекцийн аневризмыг Dacron-ий залгаасаар анх удаа амжилттай зассан юм.


Мэс заслын нас баралт өндөр байдгаас судалгаа шинжилгээ нь аортын дизсекцийг эрт оношлох, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэж байна. Гөлгөр булчингийн миозины хүнд гинжний моноклон эсрэгбие (зурагт үзүүлсэн) болох биохимийн маркер нь найдвар төрүүлж байгаа юм. Энэхүү сорил нь дизсекцийн эхний 12 цагт мэдрэг ба өвөрмөц чанар 90%-аас дээш байдаг боловч миокардийн шигдээсийн үед хэвийн байдаг. Бусад шинжилгээ судалгааны ололт амжилт нь Ehlers-Danlos хамшинж болон Марфаны хамшинж зэрэг аортын дизсекцийн генетик урьдал байдал бүхий өвчтөнүүдийг тодорхойлоход төвлөрч байна.

Эх сурвалж: Dissection, Aortic: Slideshow

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл