Health News from Medical News Today


Wednesday, January 28, 2009

Oxford Handbook of Clinical Medicine - Зүрхний бах

Зүрхний бах нь сэдрээх хүчний нөлөөгөөр хэнхдэгийн төв хэсгээр хөндүүрлэх юмуу давчуурах, амсхийхэд намжих мэтээр давтагдах шинж бүхий зүрхний булчингийн цус хомсдолоос улбаатай өвчин юм. Өвдөлт нь зүүн гар (эсвэл 2 гар), хүзүү, эрүү, шүд рүү дамжина. Өвдөлтийг сэтгэл хөдлөл, хүйтэн салхи болон хатуу хоол сэдрээнэ. Хавсрах шинж тэмдэг: амьсгаадах, бөөлжих, хөлрөх, тамир алдрах.

Шалтгаан
Олонхи тохиолдолд титэм судасны атеромын шалтгаантай байх ба цөөн тохиолдолд цус багадалт, гол судасны хавхлагийн нарийсал, зүрхний хэм түргэсэлттэй хэм алдагдал, гипертрофийн шалтгаант бөглөрөлтөт кардиомиопати (HOCM - hypertrophic obstructive cardiomyopathy), артерийн судасны үрэвсэл (артерит) болон жижиг судасны эмгэгийн улмаас үүсдэг. Мөн “Х хамшинж”-ийн бүрдэл байдлаар илрэх нь ажиглагддаг.

Эмнэлзүйн хувилбар
Зүрхний тогтвортой бах: ачааллын үед сэдэрч, амсхийхэд намжина.
Зүрхний тогтворгүй бах: энэ үед ялихгүй ачааллын үед юмуу тайван үед илрэх өвдөлтийн давтамж олшрох юмуу өвдөлтийн шинж ноцтой болдог. Мөн зүрхний шигдээсээр хүндрэх эрсдэл нэмэгдэнэ.
Тайван үед илрэх зүрхний бах (decubitus angina): Хэвтэж байх үед өвдөлт үүснэ. Prinzmetal-ийн зүрхний бах: Титэм судасны агчлаас үүснэ (ховор тохиолддог, хавхлага тогтвортой нарийссанаас үүсч болно).


Шинжилгээ
Зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлтгүй, эсвэл ST доошлох, Т шүд тэгшрэх юмуу сөрөг болох (урвах), зүрхний шигдээсийн хожуу шинж гарна. Хэрвээ тайван үед зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлтгүй бол ачаалалтай зүрхний бичлэг, таллийн скан юмуу титэм судасны ангиографийн шинжилгээ хийнэ. Ялган оношлох: цус багадалт, чихрийн шижин, цусны тослог ихдэх, бамбайн даавар ихдэх, артерийн судасны аврага эсийн гаралтай үрэвсэл.

Эмчилгээ
Амьдралын хэв маягийг өөрчлөх: тамхи татахыг зогсоох, дасгал хөдөлгөөн хийх, жин хасах.
Удирдагдах эрсдэлт хүчний зохицуулалт: Артерийн даралт ихдэх, чихрийн шижин г.м.

- Аспирин (75-150мг/24цаг) нас баралтыг 34% бууруулна.
- β-адренорецептор хориглогч эм: Атенолол 50-100мг/24цаг уулга, цээрлэх заалттай бол (гуурсан хоолойн багтраа, уушигны архаг бөглөрөлтөт өвчин, зүүн ховдлын дутал, зүрхний хэм цөөрөх, титэм судасны агчил) хэрэглэж болохгүй.
- Нитрат: Өвдөлтийн үед 30 минут тутамд нитроглицерин цацлагаар юмуу шахмалаар хэлэн дор тавь. Урьдчилан сэргийлэх зорилгоор нитроглицерин уулгах юмуу мононитрат изосорбидийг 10-30мг уулгах (хоногт 2 удаа; 8 цаг нитрат хэрэглэхгүй бол тэвчилээс сэргийлэгдсэн гэж үз) эсвэл удаан үйлчилгээт нитрат (Imdur® 60мг/24цаг) өг. Сонголт хийх хувилбар: арьсанд нитратын наалт хийх юмуу үрэл уулгах. Гаж нөлөө: толгой өвдөх, артерийн даралт буурах болно.
- Кальцийн суваг хориглогч эм: Амлодипин 5мг/24цаг; дилтиазем 90- 180мг/12цаг уулгана.
- Нийт холестерин >5ммol/L байвал статин өг.
- Калийн суваг идэвхижүүлэгч, nicorandil 10-30мг/12цаг сонгох эсэхийг шийд.

Зүрхний тогтворгүй бахын үед эмнэлэгт хэвтүүлж, яаралтай эмчил.

Лавлагаа тусламж авах заалт
Оношлогоонд эргэлзэх; гэнэт шинээр илрэх зүрхний бах; зүрхний шигдээсийн дараах юмуу титэм судас сэргээх мэс заслын дараагаар зүрхний бах дахих; зүрхний эмэнд тэсвэрлэг бах; зүрхний тогтворгүй бах, мөн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэрхшээлтэй бөгөөд ердийн ачаалалд тэсвэртэй; <70настай хүнийг лавлагаа тусламж авахаар илгээнэ.

Титэм судас сэтгүүрдэн тэлэх
Percutaneous transluminal coronary angioplasty (PTCA)

Энэ нь нарийссан судсанд тэлэгч тавих арга юм.
Заалт: Эмийн эмчилгээнд үр дүн муутай юмуу тэсвэртэй байх, титэм судас сэргээх мэс заслын эмчилгээ хийх боломжгүй зүрхний тэсвэртэй бах, титэм судас сэргээх мэс заслын эмчилгээ өмнө нь хийлгэсэн тохиолдол, бүлэн уусгах эмчилгээ хийлгэсэн хүнд хүчтэй нарийслын шинж юмуу ачаалалын сорил эерэг гарах зэрэг заалтаар титэм судас сэтгүүрдэн тэлэх ажилбар хийнэ. Титэм судас сэтгүүрдэн стентээр тэлэх ажилбар болон эмийн эмчилгээний үр дүнг харьцуулж үзэхэд зүрхний бахын өвдөлтийг сайн намдаадаг хэдий ч зүрхний ноцтой асуудалууд тулгарах нь олширч (зүрхний шигдээс, титэм судас сэргээх мэс засал хийлгэх г.м), нас баралт ялихгүй ихэсдэг ажээ.
Хүндрэл: Дахин нарийсах (6 сарын дотор 20-30%); титэм судас сэргээх яаралтай мэс засал (<3%); зүрхний шигдээс (<2%); титэм судас сэргээх төлөвлөгөөт мэс засал (<0.5%). Эмээр-бүрсэн стент тавихад нарийсал дахих нь эрс багасна. Тромбоцитийн наалдацыг намдаах үйлдэлтэй эм, ялангуяа clopidogrel стентийн дараа бүлэнт бөглөрөл үүсэх эрсдэлийг бууруулдаг. Мөн тромбоцитийн гликопротейн IIb/IIIa-саатуулагч (Eptifibatide) судсаар хэрэглэхэд ажилбархамааралт цус хомсдлын тулгамдсан асуудал гарах нь багасдаг.

Титэм судас сэргээх мэс засал
Coronary artery bypass graft (CABG)

Заалт: Зүүн титэм судасны эмгэг; олон судасны өвчин; элдэв хэлбэрийн ноцтой нарийсал; титэм судсанд тэлэгч тавих боломжгүй юмуу үр дүнгүй байх; зүрхний тэсвэрлэг бах; зүрхний шигдээс; мэс заслын бэлтгэл хангах (судас болон хавхлагын мэс засал). Титэм судас сэргээх мэс засал болон тэлэх ажилбарын үр дүнг харьцуулахад эхнийхэд нь шинж тэмдэг богино хугацаанд арилж, эргэж эмчилгээнд ирэх хугацаа нь уртсаж байгаа бөгөөд харин тэлэх ажилбарын үр дүнд нөхөн сэргэх хугацаа болон ор хоног нь богиносож байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл