Health News from Medical News Today


Saturday, December 3, 2011

Ханиад (Сommon cold / Простуда)

Шинж тэмдэг
  • Хамраас шингэн нус гарах, найтаалгах
  • Хоолой хуурайшиж, хөндүүрлэх
  • Хамрын салст улайж, хавагнасны улмаас хамар битүүрэх
  • Хүзүүний тунгалагийн зангилаа томрох
Ерөнхий ойлголт
Ханиад нь амьсгалын дээд замыг халдварлуулах чадвартай маш олон төрлийн вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Бид байнга эдгээр вирустай харьцаж байдаг ч бидний ихэнх нь жилд нэг буюу хоёр удаа ханиад тусдаг. Эндээс харахад эзэн биеийн тэсвэрт чанар алдагдах буюу дархлаа сулрах нь ханиад тусах гол нөхцөл болдог байна.
Өвчний нууц үе 12-72 цаг үргэлжилдэг бөгөөд шинж тэмдэг нь халдвар авснаас хойш дунджаар 8-16 цагийн дараа эхэлдэг. Ихэнхдээ хоолой өвдөж эхэлдэг бөгөөд үүний дараагаас нус гарч, хамар битүүрч, найталгаж эхлэх ба дараагийн 2-3 өдөрт шинж тэмдэг нь хүндэрдэг. Мөн халуурах, ядрах, толгой өвдөх, булчингаар өвдөх, үнэрлэх мэдрэмж алдагдаж болно.
Халдвар авсан хүмүүсийн 30% нь ханиаж, 20%-д нь хоолой сөөх ба эдгээр нь 7 хоног хүртэл хугацаагаар үргэлжилдэг. Ерөнхийдөө шинж тэмдэг 7-11 өдөр үргэлжилдэг. Ховор тохиолдолд түүнээс удаан хугацаагаар шинж тэмдэг нь илэрсээр байдаг. Нярай бага насны хүүхдэд зөвхөн хамраас ялгадас гарах шинжээр илэрдэг. Сургуулийн насны хүүхдэд хамар битүүрэх, ханиалгах, нус гарах шинж илэрч, дунджаар 10 хоног үргэлжилдэг. Халдвар нь уушигны архаг өвчин, харшилыг сэдрээх магадлалтай байдаг.
Ханиадыг бусад төстэй шинжүүд илэрдэг өвчнүүдээс (томуу, харшил) ялгах нь хүндрэлтэй. Томуу нь илүү хүнд шинжүүдээр илэрдэг бөгөөд тахлын байдлаар тархдаг. Халуураагүй, харшлын асуумжтай, өмнө нь улирлын чанартай дээрх шинжүүд илэрч байсан гэсэн өгүүлэмжтэй, ямар нэгэн халдварыг илтгэх шинжүүд байдаггүйгээрээ харшилаас ялгагддаг.

Өрнийн анагаах ухааны эмчилгээ
Ханиад нь вирусээр үүсгэгддэг тул дархлаа сайжруулж, шинж тэмдгийг намдаахаас өөр эмчилгээ хийдэггүй. Антибиотикууд нь вируст нөлөөлдөггүй тул ханиадны үед хэрэглэдэггүй.
Булчингийн өвдөлт, халууралтын үед аспирин буюу парацетамол ууж болно. Гэхдээ 21-ээс доош насныханд аспирин уулгаж болохгүй. Учир нь салхин цэцэг, томуу зэрэг вирусын халдваруудын үед аспирин хэрэглэвэл Рейн хамшинж үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Рейн хамшинж нь ховор боловч амь насанд аюултай тархи, элэгний эмгэгийг үүсгэдэг.
Найтаалгалт намдаах, нус, нулимс гоожихыг багасгахын тулд гистамины ялгаралтыг бууруулдаг антигистаминуудыг ууж болно. Эдгээр бүлгийн эмүүд нь нойрмог болгодог тул анхаарал шаардсан үйлдлүүд болох машин жолоодох үедээ хэрэглэхээс зайлсхийх, мөн унтахын өмнө хэрэглэхэд тохиромжтой. 2-р үеийн антигистаминууд нь нойрмог болгох гаж нөлөөгүй байдаг тул тэдгээрийг хэрэглэж болно.
Хамрын битүүхлийг арилгахын тулд фенилпропоналамин, фенилэфрин, псевдоэфрин агуулсан эмүүдийг хэрэглэж болно.
Ханиалга намдаах эмүүдийн тоонд декстрометорфан, дифенгидрамин, носкапин зэрэг ордог.
Гаа, камфор зэрэг нь тайвшруулж, сэрүүцүүлж, битүүрлийг арилгаж, энэ төрлийн шинж тэмдгийг намдаадаг.

Ханиад тусахад нөлөөлөх хүчин зүйлс

Дархлаа тогтолцоог хэвийн байлгах нь томуу тусахаас сэргийлэх хамгийн суурь алхам юм. Хэрвээ хүн жилд 1-2 удаа ханиад томуу тусвал энэ нь дархлаа муу байгаагийн илрэл юм. Эрүүл дархлаа тогтолцоотой байх нь тухайн хүний хоол тэжээлийн байдлаас ихээхэн шалтгаалдаг.
Түүнчлэн дархлааг бууруулж, халдварт өртөмтгий болгодог нэг хүчин зүйл нь стресс бөгөөд бие махбодийн, сэтгэл хөдлөлийн, оюуных аль нь ч байж болно. Стрессийн хариу урвалын үед бөөрний дээд булчирхайгаас ялгардаг бодисууд нь сэрээ булчирхайн үйл ажиллагааг дарангуйлж, идэвхийг бууруулдаг. Ихэнх тэжээлийн бодисууд нь бидний дархлааны гол булчирхай болох сэрээ булчирхайг бөөрний дээд булчирхайн дааврын нөлөөллөөс хамгаалдаг. Тодруулж хэлбэл, А, С аминдэмүүд, бета-каротин, цайр болон бусад антиоксидантууд нь стресс болон чөлөөт радикалын улмаас сэрээ булчирхайг гэмтэхээс сэргийлж, дархлааны үйл ажиллагааг сайжруулна. Маш их стресстэй хүмүүс, дархлаа муудсан, эсвэл хорт бодисуудтай харьцдаг хүмүүс дээрх бодисуудыг хэрэглэж байх хэрэгтэй.
Архи, тамхи, эмийн бодисууд, цусны глюкоз, триглицерид, холестеролын хэмжээ их байх, чихэрлэг зүйлс ихээр хэрэглэх, орчны хүчин зүйл, харшил зэрэг нь бидний дархлааг муудахад хүргэдэг.

Байгалийн анагаах ухааны эмчилгээ
Нэгэнт ханиад хүрсэн бол хурдан эдгэхэд хэд хэдэн зүйл тус нэмэр болдог. Дархлаа нь хэвийн эрүүл хүмүүст ханиад 2-3 өдөр л үргэлжилдэг. Хэдийгээр байгаль эмчилгээний олон аргыг хэрэглэж байгаа ч ханиад 2-хон хоногт эдгэрэх боломжгүй. Байгалийн гаралтай бодисуудыг хэрэглэж байхдаа богино хугацаанд эдгэрнэ гэж найдаж хэрэггүй. Үнэндээ ханиадны эсрэг байгалийн эмчилгээнүүд нь шинж тэмдгийг намдаахаас илүүтэйгээр бие махбодийг тэтгэж, тэнхрүүлдэг тул богино хугацаанд шинж тэмдэг хүндэрдэг.
Ханиадны үед илэрч байгаа ихэнх шинж тэмдгүүд нь биемахбодийн хамгаалах механизмын дүнд илэрдэг. Жишээ нь, халдварын бидний цусны эсүүд болон бусад эдээс ялгардаг дархлаа идэвхижүүлдэг интерферон нь томуу-төст шинж тэмдгийн илрэлтэй холбоотой. Өөр нэг жишээ гэвэл халдварын үеийн халууралт бөгөөд хэдийгээр халууралт нь биед тааламжгүй байдаг ч гэсэн халууралтыг бууруулах нь өвчний хугацааг уртасгадаг. Ерөнхийдөө халуун хэт ихсээгүй тохиолдолд (400С-ээс их) халуун бууруулах шаардлагагүй. Эдгээр болон бусад шалтгаануудын улмаас ханиадыг байгалийн эмчилгээгээр эмчлэх үед тухайн хүн нилээд тааламжгүй байдалд байдаг. Гэхдээ ханиад бол тийм ч удаан үргэлжилдэггүй өвчин юм.

Ерөнхий дэглэм
Ханиад туссан үед сайн амарч, хэвтрийн дэглэм баримтлах хэрэгтэй. Сэтгэл санаагаар уналгүй, ханиадыг бие махбод өөрөө эдгэрүүлж чадна гэдэгт итгэх хэрэгтэй. Хамраа цэвэрлэх, найтаах хэрэг гарвал хүмүүсээс хол очиж, салфетканд нийх буюу салфеткаар дарж найтаагаад түүнийгээ хаяж, гараа угааж байх хэрэгтэй. Ингэх нь таны гэр бүлийнхэн, ойр дотныхон, найз нөхдөд ханиад тусахаас сэргийлэх болно. Даарч хөрөхгүй, дулаан хувцаслаж байх шаардлагатай. Учир нь таны бие махбод ханиадтай ядаж байхад түүний хажуугаар таныг хүйтнээс хамгаалахад энерги зарцуулах хэрэгтэй болдог. Халуун, ууртай шүршүүрт орох буюу халуун уураар утах нь хуурайшсан хоолойг чийглэж, хамрын битүүрлийг арилгахад тусалдаг. Хэрвээ хоолой өвдсөн бол 45-р бүлэгт (Хоолойн өвдөлт) дурьдагдсан уусмалуудаар хоолойгоо зайлж болно.

Амралт болон нойрсолт
Бидний дархлаа тогтолцоо нь парасимпатик мэдрэлийн тогтолцооны нөлөөгөөр сайн үйл ажиллагаатай байдаг. Ургал мэдрэлийн тогтолцооны энэ хэсэг нь биднийг амарч, бясалгал хийж, тайвшрах үед дархлааны үйл ажиллагаа идэвхиждэг. Хамгийн гүн нойрны үед дархлаа сайжруулах хүчтэй үйлдэлтэй бодисууд ялгарч, дархлааны үйл ажиллагаа сайжирдаг. Нойр, амралтын ач холбогдлыг нь юутай ч зүйрлэшгүй чухал юм. Сайн амарснаар гуурсан хоолойн болон уушигны үрэвсэл үүсэхээс сэргийлдэг. Орой сайн унтаж амрахын тулд унтахынхаа өмнө тал аяга вино ууж болно. Үүнээс их хэмжээгээр уувал дархлаа дарангуйлах үйлчлэл үзүүлдэг.

Хөнгөн хэлбэрийн дасгал
Дасгал хийснээр цусны эргэлтийг сайжруулж, халдвартай тэмцэх эсрэг биеүдийн биеэр эргэлдэн очиход туслах болно. Тийм учраас 15-30 минут алхах буюу хөнгөн дасгал хөдөлгөөн хийж байвал зохино.

Хоолны дэглэм

Шингэн
Шингэн хэрэглэх нь хэд хэдэн ач холбогдолтой. Амьсгалын замыг хучдаг салст бүрхэвч хуурайшиж, вируст өсөж үржих боломжийг олгодог. Шингэн хангалттай хэмжээгээр хэрэглэж, ууршуулагчийг хэрэглэх нь амьсгалын замыг чийгшүүлж, вирусын халдварыг саатуулдаг. Шингэн хангалттай хэмжээгээр уух нь цагаан эсийн үйл ажиллагааг сайжруулж, цусанд ууссан бодисуудыг шингэлэхэд тусалдаг.
Ямар төрлийн шингэн хэрэглэх нь маш чухал нөлөөтэй. Элсэн чихрийн найрлага ихтэй, жишээ нь глюкоз, сахароз, фруктоз, зөгийн бал, жүржийн шүүс зэргийг их хэрэглэх нь цагаан эсийн бактерийг устгах үйлчлэлийг бууруулдаг. Хэрэглэхийн өмнө жимсний шүүсүүдийг сайтар шингэлэх хэрэгтэй. Концентрацижуулсан жүржийн шүүс уух нь сайнаасаа илүү муу үр дүнтэй. Буцалсан бүлээн ус нь хамгийн сайн сонголт болдог хэдий ч ургамлын цайнууд, ногооны шүүс зэргийг ч хэрэглэхэд гэмгүй.

Сармис
Антибиотикийн үйлдэлтэй энэ ургамал нь бактер, вирус, мөөгөнцрийг устгаж ханиадыг хурдан эдгэрүүлдэг. Сармисны нэмэлт 2-3 капсулаар өдөрт 3 удаа уух буюу түүхий сармис өдөрт 1 хумсыг хэрэглэнэ.

Тахианы шөл
Тахианы шөлийг удаан хугацааны туршид ханиадны эмчилгээнд хэрэглэж ирсэн. 1 аяга халуун тахианы шөл нь таны хамрын битүүрлийг арилгахад тусална. Тахианы шөлөнд хамрын салс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг бодис байдаг бөгөөд энэ нь вирусын эсрэг таны биеийн анхан шатны хамгаалах механизм болдог.

Зөгийн бал
Нэгэн судалгаагаар сагадайн (buckwheat) зөгийн бал нь ханиадны сиропуудаас илүүтэйгээр ханиалгыг намдааж, шөнийн ханиалгалтыг багасгаж байжээ. Илүү бараан өнгийн зөгийн бол нь цайвраасаа антиоксидантын найрлагаар илүү байдаг бөгөөд сагадайн зөгийн бал нь хамгийн бараан өнгийн зөгийн бал юм. Зөгийн балыг унтахаас өмнө уух нь хүүхдүүдэд ханиалгыг намдааж, илүү тайван нойрсоход тусалж байсан байна.

Элсэн чихэр
Дээр хэлсэнчлэн элсэн чихрийн хэрэглээ, хэдийгээр байгалийн гаралтай ч гэсэн дархлааг муутгадаг. Энэ нь С аминдэм болон глюкоз нь цагаан эс рүү зөөвөрлөгдөхөд хоорондоо өрсөлддөгтэй холбоотой. Хэт их сахар хэрэглэснээр С аминдэмийн хэмжээ буурч, цагаан эсийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг.

Аминдэм болон эрдэс

С аминдэм
Ханиадны үед хоёр цаг тутамд С аминдэмийг 500-1000 мг-аар хэрэглэх нь эдэд хангалттай хэмжээгээр хүрдэг. Богино хугацаанд их тунгаар хэрэглэх нь гаж нөлөө үзүүлдэггүй. Мөн С аминдэмийн нэмэлтийг уухын хажуугаар энэ аминдэмээр баялаг жимсний шүүс, жимсийг хэрэглэх хэрэгтэй. Жүрж, грейпфрут, аньсны шүүс нь С аминдэмийг хангалттай хэмжээгээр агуулдаг.
С аминдэм нь хог түүгч мэт үйлчилж, вирусын хаягдлыг ч оролцуулан олон төрлийн хаягдлыг түүж зайлуулдаг. С аминдэм нь ханиадны үргэлжлэх хугацааг долоо хоногоос 2-3 хоног болгон богиносгодог. Мөн найтаах, ханиах зэрэг бусад шинж тэмдгүүдийн илрэлийг багасгадаг. Висконсины Их сургуульд хийгдсэн нэгэн судалгаанаас үзвэл өдөрт 4 удаа 500 мг-аар С аминдэм уусан хүмүүс уугаагүй хүмүүсээсээ 50%-аар цөөн шинж тэмдэг илэрч байжээ.
Хэдийгээр С аминдэм нь вирусын болон бактерийн эсрэг үйлдэлтэй ч, гол механизм нь эзэн эсийн тэсвэрт байдлыг сайжруулдаг. Энэ аминдэм нь цагаан эсийн нийлэгжлийг идэвхижүүлэн, интерфероны хэмжээг нэмэгдүүлж, эсрэг биеийн хариу урвалыг сайжруулж, сэрээ булчирхайн ялгарлыг нэмэгдүүлж, холбогч эдийн бүрэн бүтэн байдлыг сайжруулах гэх мэт олон үйлдлийг үзүүлдэг.

Цайр
Цайр нь дархлааг хэвийн байлгахад маш чухал үүрэгтэй. С аминдэмийн адилаар цайр нь ханиадыг өдөөдөг олон төрлийн вирусын эсрэг шууд үйлдэл үзүүлдэг. Дабл-блайнд эмнэлзүйн судалгаанаас үзвэл цайрын глюконатын хүлхмэл нь ханиадны үргэлжлэх хугацааг 7 өдрөөр (дунджаар 4 өдөр) богиносгож байжээ. Хүлхмэл нь элементийн цайр 23 мг-ыг агуулдаг бөгөөд эхний үед давхарлаж уугаад, түүнээс хойш сэрүүн байх 2 цаг тутамдаа нэгийг хүлхэхийг зөвлөдөг. 7 өдрийн дараа гэхэд 37 хүний цайраар эмчлүүлсэн хүмүүсийн 86% нь шинж тэмдэггүй болж, харин пласебо-оор эмчлэгдсэн хүмүүсийн 46% нь сайжирсан байжээ. Энэ судалгааг хийсэн судлаачид тухайн хэсэг газарт цайрын тун хангалттай байх нь ханиадны вирусын репликацийг саатуулахад хангалттай гэж үзжээ. Цайрын нэмэлтийг, ялангуяа хүлхмэл хэлбэрээр хэрэглэх нь маш чухал эмчилгээ болдог. Нэг муу тал нь цайрын хүлхмэл нь муухай амттай байдаг. Цайрыг их тунгаар, удаан хугацаагаар хэрэглэхэд гаж нөлөө үзүүлж болно.

Бета-каротин буюу А аминдэм
Бета-каротиний нэмэлт (өдөрт 180 мг-аар) нь маш сайн дархлаа сайжруулах үйлдэлтэй. Маш хүчтэй антиоксидант болох бета-каротин нь ямар ч бодисоос илүү сэрээ булчирхайг хамгаалдаг. А аминдэм нь бета-каротин шиг антиоксидант үйлдэлгүй ч дархлаанд маш сайнаар нөлөөлдөг. Халдварын эсрэг хэмээн нэрлэгддэг энэхүү витамин нь амьсгалын замын ханын бүрэн бүтэн байдлыг хангаж, шүүрлийн байдлыг тогтворжуулдаг. Мөн А аминдэм нь вирус урсгах маш хүчтэй үйлчлэл үзүүлдэг.

Ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд
Ихэнх ургамлууд бактер, вирус, мөөгөнцрийн эсрэг антибиотикийн үйлдэлтэй байдаг. Ургамлууд нь байгалийн антибиотикоос ч сайн үйлчилдэг. Зарим ургамал дархлаа сайжруулах нөлөө сайтай байдаг. Дараах ургамлууд нь дархлааг их сайжруулдаг хүчтэй үйлдэлтэй байдаг: Echinacea angustifolia (purple coneflower), Hydrastic Canadensis (goldenseal), Glycyrrhiza glabra (чихэр өвс) болон Astragalus membranaceus (астрагалусын үндэс).

Astragalus membranaceus
Энэ ургамал нь дархлааг сайжруулдаг ба өвчний эсрэг бие махбодын тэсвэрт байдлыг сайжруулдаг. Хятадад хийгдсэн эмнэлзүйн судалгаанаас үзвэл ханиадны үргэлжлэх хугацааг богиносгож, тохиолдлыг бууруулж байжээ.
Астрагалус нь интерфероны нийлэгжил, ялгарлыг ихээр нэмэгдүүлдэг. Интерферон эсийн гадаргууд холбогдож, вирусын халдвараас сэргийлдэг уургийн нийлэгжлийг идэвхижүүлдэг. Бусад ургамал нь үүнтэй адил зарим шинжийг агуулдаг ба эдгээрт Echinacea spp, Eupatorium perforliatum (boneset), Ligustrum lucidum, Glycyzzhiza glabra (чихэр өвс) орно.

Голденсийл (Goldenseal) болон Эхинаци (Echinacea)
Эдгээр ургамлын капсулыг ханиад дөнгөж эхлэх үед хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Голденсийл нь элгийг идэвхижүүлдэг бөгөөд элэгний нэг үүрэг нь халдварыг цэвэршүүлэх явдал юм. Хамар, ам, хоолойн салстын эдгэрэлтийг дэмждэг. Эхинаци нь цус, тунгалагийг цэвэрлэж, халдвар эсэргүүцэгч эсрэг биеийг биеэр эргэлдүүлж, хорт бодисыг гадагшлуулдаг. Нэг буюу хоёр капсулаар өдөрт 2 удаа 2 долоо хоног хүртэлх хугацаагаар ууна.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд

С аминдэм, 500-1000 гр-аар 2 цаг тутамд (хэрвээ суулгалт үүсвэл тунг багасга)
Биофлавоноид, 1000 мг/өдөрт
А аминдэм, 25000 ОУН/өдөрт
Бета-каротин, 200000 ОУН/өдөрт
Цайрын хүлхмэл, элементийн цайр 23 мг агуулсан хүлхмэлийг долоо хоногийн турш сэрүүн байгаа 2 цаг тутамдаа хүлхэх. Энэ тунгаар удаан хугацаагаар хэрэглэх нь дархлаа дарангуйлах үйлчлэл үзүүлдэг.

Ургамлын гаралтай бүтээгдэхүүн

Echinacea angustifolia (purple coneflower/эхинация), Hydrastic Canadensis (goldenseal/гидрастис), Glycyrrhiza glabra (чихэр өвс) болон Astragalus membranaceus (астрагалусын үндэс)
Эдгээр ургамлуудыг дараах тунгаар халдварт процессийн үед ууна. Өдөрт 3 удаа доорх тунгаар хэрэглэнэ.

  • Хатаасан үндэс (эсвэл цай хэлбэрээр), 1-2 гр 
  • Хөлдөөж-хатаасан үндэс, 500-1000 мг 
  • Хандмал (1:5), 4-6 мл (1-1.5 цайны халбага) 
  • Шингэн ханд (1:1), 0.5-2.0 мл (1/4-1/2 цайны халбага) 
  • Нунтагласан хатуу ханд (4:1), 250-500 мг
Хэрвээ чихэр өвсийг удаан хугацаанд хэрэглэх болвол калийн нэмэлтийг давхар хэрэглэх хэрэгтэй. 

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл