Health News from Medical News Today


Friday, July 27, 2012

Дүрс оношлогооны атлас - Гуурсан хоолойн багтраа

Эрхэм хэрэглэгч, уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Хэсэг хугацаанд шинэ мэдээ, мэдээлэл хүргээгүй удсанд та бүхнээс хүлцэл эрье. www.imedinfo.org сайтын хамт олон өөрсдийн хүч, бололцоонд тулгуурлан medical books, medical poster зэрэг төслүүдийг хэрэгжүүлэн хүргэж байгаа билээ. Эдгээр төслийн хүрээнд та бүхэнд "USMLE шалгалтын албан ёсны гарын авлага", "Зүрхний хэт авиан шинжилгээний өнгөт атлас", "Яаралтай тусламжийн эмч нарт зориулсан ЭКГ" зэрэг ном гарын авлагууд, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр монгол хэл дээрх анагаах ухааны постерууд та бүхэнд хүрч хэрэглэгч та бүхнээс чамгүй талархал, санал шүүмжийг хүлээн авч буйдаа бид бүхэн баяртай байна.

Энэ удаад манай хамт олны зүгээс "Дүрс оношлогооны атлас" нэртэйгээр дахин нэг гарын авлагыг бүтээн хүргэхээр ажиллаж буйгаа мэдэгдэхэд таатай байна. Тус гарын авлага эмч болхоор суралцаж буй анагаахын сургуулийн оюутнууд, шинэ залуу эмч нарт дүрс оношлогооны чиглэлээр бага ч болов мэдлэг хуримтлуулж, рентген зураг, СТ скан зэрэгт дүгнэлт хийж чаддаг болоход тус болно гэж найдаж байна.

Энэ удаагийн нийтлэлдээ бид тус гарын авлагын эхний хэсгээс "Гуурсан хоолойн багтраа"-ы үеийн дүрс оношлогоонд илрэх өөрчлөлтүүдийг хүргэж байна.  

Гуурсан хоолойн багтраа
Багтраа хөдлөлийн үед цээжний рентген зурагт уушигны агааржилт ихэссэн зураглал илэрдэг. Энэ нь аль нэг сегментийн түвшин дэхь ателектазтай хавсарсан байж болно. Зарим үед аминд аюулгүй голтын эмфизем тохиолддог. Багтраа хөдлөл бүрийн хооронд рентген зураг ихэвчлэн хэвийн байдаг. Цөөн тооны өвчтөнүүдэд гуурсан хоолой орчмын зузаарал бий болдог. 


Хүндрэлүүд:
  • Харшлын гаралтай гуурсан хоолой-уушигны аспергилоз, энэ нь доор дурьдсан шинжүүдээр илэрнэ:
    • Уушигны үүд орчмын проксимал бронхиэктаз
    • Салсаар дүүрч тэлэгдсэн гуурсан хоолой (салсархаг бөглөөс)
    • Сегментийн ателектаз
Хэвийн цээжний рентген зураг
Багтрааны үед бронхийн агчил хоорондын үеүдэд цээжний рентген зураг хэвийн байна. 

  

Багтрааны үед гуурсан хоолойн агчил болох үеийн цээжний рентген зураг. Амьсгалсан агаар уушгинд хоригдсоны улмаас уушигны агааржилт ихэссэн нь байдал. Гуурсан хоолойн агчилтыг эмчилсний дараа рентген зураг хэвийн болсон. 

Голтод хуримтлагдсан агаар бүхий багтраа

Сумаар зүрх болон том судаснуудыг хүрээлсэн хийг заав. 
Харшлын гаралтай гуурсан хоолой-уушигны аспергилоз / Гуурсан хоолойн талст

42 настай эрэгтэй, удаан хугацаагаар багтраатай байгаа болон дахин давтан хатгаа болж стероид болон антибиотикоор эмчлүүлж байсан өгүүлэмжтэй. Дээрхи цээжний рентген зурагт дээд дэлбэнд ателектазийг санагдуулмаар үл ялиг ялгагдаж буй нэвчдэс илэрчээ. Энэ нь хажуу байрлал дахь зурагт сайн харагдаж байна. 


Харшлын гаралтай гуурсан хоолой-уушигны аспергилоз

Дээрх рентген зурагт харгалзах, нэгэн ижил хугацаанд хийгдсэн СТ сканаар гуурсан хоолойд салсархаг бөглөөс байгааг тогтоожээ. Өвчтөний захын цусны шинжилгээнд эозинофилез (1200/мм3) илэрсэн ба IgE-ийн түвшин ихээр нэмэгдсэн байжээ. Өвчтөний сийвэнд дархан тунадасжуулалт ( immunoprecipitin) хийхэд aspergillus fumigatus эерэг байсан бөгөөд цэрний өсгөвөрт aspergillus fumigatus ургасан байна. Өвчтөнийг харшлын гаралтай гуурсан хоолой-уушигны аспергилоз гэж оношлон стероидоор эмчилсэн ба үүний үр дүнд дээрхи нэвчдэс арилсан байна. 


 Гуурсан хоолойн ивэрхий

Гуурсан хоолой салсан бөглөөний улмаас бөглөрч, тэлэгдсэнээр "бээлийтэй хуруу"-ы шинж илэрчээ. Энэ нь харшлын гаралтай гуурсан хоолой-уушигын аспергилозтой төстэй байдал юм. 

Голтод хий хуримтлагдсан эмнэлзүйн тохиолдол


Багтраатай гэсэн өгүүлэмжтэй 32 настай эмэгтэй. Тэрээр цацлагаа хэрэглэхээ больсны дараагаас хүнд зэргийн амьсгаадалт болон амьсгал шуухиналт илэрсэн. Яаралтай тусламжийн тасагт түүнд интубаци тавьж эрчимт эмчилгээнд шилжүүлжээ. 



Дээрхи өвчтөний СТ шинжилгээнд дараах зүйлс илэрсэн байв.
  1. Арьсан доорхи эмфизем
  2. Голтод хуримтлагдсан хий
  3. Пневмоторакс
  4. Баруун дээд дэлбэн коллапс болсон
Доод зүслэгээр хоёр талын пневмоторакс болон пневмоперитониумыг баталсан. 


Нэг өдрийн дараа хоёр талд цээжний гуурс тавьж цээжний хөндийд хуримтлагдсан хийг гадагшлуулсан. Баруун дээд дэлбэнгийн ателектаз тогтвортой байсаар байсан бөгөөд зүүн талд хэвлийн хөндийд хуримтлагдсан хийг хялбар үнэлэх боломжтой болсон байв. Энэхүү тохиолдол нь цулцангийн урагдал голт, арьсан доорхи эд, цээжний гялтангийн хөндий болон ховор тохиолдолд хэвлийн хөндийд хий хуримтлагдахад хүргэдэг болохыг харуулж байна. 

Сумны үзүүрээр өрцийг заав. Сумаар хэвлийн хөндийд хуримтлагдсан хийг заав.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл