Health News from Medical News Today


Monday, October 10, 2011

Аортын регургитаци

Аортын хавхлага хаагдсаны аортын даралт (PAo) харьцангуй удаан буурдаг ба харин зүүн ховдол дахь даралт (PLV) дөнгөж цөөн хэдхэн мм м.у.б хүртэл хурдан буурдаг бөгөөд ингэснээр энд урвуу даралтын зөрүү (PAo>PLV) бий болдог. Аортын регургитацийн үед (AR, өөрөөр дутагдал гэдэг) хавхлага нягт хаагддаггүй ба тиймээс зүүн ховдолоос түрүүчийн ховдолын систолын үед хөөгдөж гарсан цусны зарим хэсэг нь диастолын үед урвуу даралтын зөрүүнээс болж зүүн ховдол руу буцаж урсдаг (регургитацийн эзэлхүүн; →A).
 
Шалтгаан. Аортын регургитаци нь төрөлхийн аномали (хоёрдогч шохойжилт бүхий хоёр хавтастай хавхлага г.м) юмуу (ихэнхи тохиолдолд) хавтасууд дахь үрэвсэлт өөрчлөлт (хэрэхийн халууралт, бактерийн гаралтай эндокардит), аортын угийн эмгэгүүд (тэмбүү, Марфаны хамшинж, Рейтерийн хамшинж зэрэг артритууд) эсвэл гипертензи, атеросклерозын үр дүнд бий болсон байдаг.

Monday, October 3, 2011

Аортын стеноз

Аортын хавхлагын хэвийн нээгдэлтийн талбай 2.5-3.0см2 байна. Энэ нь зүүн ховдол болон аортын хооронд даралтын зөрүү (PLV-PAo; →А1, цэнхэр хэсэг) харьцангуй бага байхад тайван үед (систолын үед 0.2л/сек) төдийгүй биеийн ачааллын үед ч цусыг хөөхөд хангалттай. Аортын стенозын үед ([AS] бүх архаг хавхлагийн гажгийн 20%) зүүн ховдолын хоосрох процесс алдагддаг. Аортын стенозын шалтгаанууд (→А, зүүн дээд хэсэгт) байхын зэрэгцээ хавхлагын доорхи болон хавхлагын дээрх стеноз, хавхлагын төрөлхийн нарийсалт малформаци (шинж тэмдэг илрэх нас <15 нас) байж болно. Хожуу үед тохиолдох нь (65-аас дээш насанд) ихэвчлэн хавхлага төрөлхийн хоёр хавтаст малформацитай байхаас улбаатай ба энэ байдал нь хожуу үед шохойжилтоор дамжиж хавхлагыг нарийсалттай болгоно (цээжний радиограммаас харна уу). Эсвэл энэ нь анхнаасаа хэвийн гурван хавтастай хавхлага хэрэхийн үрэвслийн улмаас нарийссан байж болно. 65 наснаас хойш шинж тэмдэг өгөх болсон аортын стеноз нь ихэвчлэн шохойжилт бүхий дегенератив өөрчлөлтөөс шалтгаалсан байна.

Monday, September 26, 2011

ST сегментийн өргөлтгүй цочмог титмийн хамшинжийн үеийн дахин судасжуулалт

ST сегментийн өргөлтгүй цочмог титмийн хамшинж нь цочмог титмийн хамшинжийн ихээхэн түгээмэл хэлбэр бөгөөд судсан дотуурх титмийн интервенци хийгдэж буй өвчтөнүүдийн томоохон бүлэгт илэрдэг. Анагаах болон судсан дотуурх эмчилгээний ахиц дэвшлийг үл харгалзан эхний нэг сарын дараах нас баралт болон урхаг үлдэлт өндөр хэвээр байгаа ба ST сегментийн өргөлттэй өвчтөнүүдтэй адил тэнцүү байна. Хэдий тийм ч ST сегментийн өргөлтгүй цочмог титмийн хамшинж бүхий өвчтөнүүд нь ихээхэн хувьсамтгай тавилан бүхий өвчтөнүүдийн маш олон төрлийн бүлгүүдийг бүрдүүлдэг. Тиймээс эрт үеийн эрсдэлийн үнэлгээ эмийн болон судсан дотуурх эмчилгээний стратегийг сонгоход амин чухал. Титмийн ангиографи болон дахин судасжуулалтын эцсийн зорилго ихэвчлэн 2 давхар байдаг нь: зовиурыг арилгах, тавиланг богино болон урт хугацаанд сайжруулах юм. Амьдралын чанар, эмнэлэгт байх хугацаа болон байж болох эрсдэл зэрэг нь бүгд инвазив болон эмийн эмчилгээтэй холбоотой байдаг тул эмчилгээний стратегийг шийдэхдээ анхаарч үзнэ. 

Sunday, September 25, 2011

Митрал регургитаци

Митрал регургитацийн үед (MR заримдаа мөн митрал дутагдал гэдэг) митрал хавхлага өөрийн хавхлагийн үүргээ алддаг ба улмаар систолын үед зүүн ховдол дахь зарим цус зүүн тосгуур луу эргэж урсдаг (регургитаци). Үүний шалтгаан (түүнчлэн митрал хавхлагын пролапсийн [Barlow-ийн хамшинж]) тодорхойгүй ба ихэвчлэн хэрэхийн гаралтай юмуу бактерийн эндокардит, зүрхний титмийн эмгэг (хуудас 218) юмуу Марфаны хамшинж (удамшлын гаралтай, холбогч эдийг хамардаг эмгэг) байдаг.
Митрал хавхлага нь мөгөөрсөн цагирагт угсрагдсан байх ба урд болон арын хавтас нь энэхүү цагирагт бэхлэгдсэн байна. Эдгээр хавтасууд нь шөрмөсөн татлагаар ховдолын ханаас үүсэлтэй хөхлөг булчинтай холбогдсон байна. Зүүн тосгуур болон зүүн ховдолын ар ханууд нь энэхүү митрал аппаратын үйл ажиллагааны хэсэг болдог.
Дээр дурьдсан бүх шалтгаант эндокардит хавтас болон шөрмөсөн татлага агшиж, богиносох, зузаарах, илүү хөшүүн болох улмаар хавхлагын хаагдалтыг алдагдуулна. Хэрэв хавтасууд болон шөрмөсөн татлага их хэмжээгээр богиносвол систолын эхэн үеийн шуугиан (SM; →А, зүүн хэсэгт) бий болно.

Thursday, September 22, 2011

Митрал стеноз

Митрал (хавхлагийн) стеноз (MS)-ийн хамгийн түгээмэл шалтгаан нь хэрэхийн эндокардит ба ховор тохиолдолд хавдар, бактерийн ургалт, шохойжилт болон тромбо шалтгаан болдог. Маш ховор тохиолдолд төрөлхийн юмуу олдмол стеноз митрал стеноз төрөлхийн тосгуур хоорондын таславчийн гажигтай хавсарсан байна (хуудас 204, Lutembacher-ийн хамшинж).
Диастолийн үед митрал хавхлагын хоёр хавтас шөрмөсөн татлагын хооронд нээлттэй хэвээр байна (А1). Хавхлагын цагирагийн түвшин дэх бүрэн нээлтийн талбай (OA) хэвийн үед 4-6см2 байна. Эндокардитад өртсөн үед шөрмөсөн татлага сунаж, нээлтийн талбай багасах ба хавтасууд зузаан, илүү хөшүүн болдог. Эхокардиографид урд хавтасын диастолын үед хойшлох хөдөлгөөн удааширч, А-ийн муруйлт багасах юмуу харагдахгүй болж, E-F хавтгай болж тодорхойлогдоно. E-С-ийн амплитут мөн багасна. Арын хавтас урагш чиглэлтэй хөдөлнө (хэвийн үед хойшоо хөдөлдөг). Түүнчлэн хавхлагын зузааралт мөн ажиглагдана (А3 дээр ягаанаар). Зүрхний авиануудын бичлэгээр (А2) зүрхний нэгдүгээр авиа чангарч (QRS бүрдэлийн эхлэлтэй холбоо хамааралтай), удааширна (90мс-ээс их, хэвийн үед 60мс байна). Зүрхний хоёрдугаар авиа митрал opening snap (MOS)-ийн араас дагалдах ба энэхүү MOS нь зүрхний оройд хамгийн сайн сонсогдоно. Хэрэв нээлтийн талбай 2.5см2-аас бага бол шинж тэмдэг (амьсгаадах, ядрах, цустай ханиах г.м) хүчилсэн биеийн ачааллын үед үүсч бий болно. Эдгээр шинж тэмдэг нээлтийн талбай <1.5см2 болсон үед өдөр тутмын ердийн ачааллын үед илрэх ба нээлтийн талбай <1см2 болсон үед тайван үед илэрч гарна. Нээлтийн талбай <0.3см2 болвол амьд явах боломжгүй.

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл