Health News from Medical News Today


Monday, October 24, 2011

Гурван хавтаст болон уушигны артерийн хавхлагуудын гажиг

Стенозтой эсвэл регургитацитай баруун зүрхний хавхлагуудын үр дагаваруудын зарчим зүүн талынхтайгаа адил (хуудас 194-201). Ялгаатай байдал нь цусны эргэлтийн урсгал дагуу (уушигны артери) болон урсгал сөрөх (хөндийн венүүд) шинж чанараас улбаатай байдаг.
Ховор тохиодох гурван хавтаст хавхлагын стенозын шалтгаан нь ихэвчлэн хэрэхийн халууралт байх ба гурван хавтаст хавхлагын регургитаци мөн ижилхэн шалтгаантай байх бөгөөд ихэвчлэн хавсарсан байдлаар митрал хавхлага эмгэгт өртсөн байна. Гурван хавтаст хавхлагын регургитаци мөн төрөлхийн байж болно. Жишээлбэл: Эбштейний аномалийн үед гурван хавтаст хавхлагын таславч талын хавтас баруун ховдол руу хэтэрхий гүн орж холбогдсон байдаг (баруун ховдол тосгууржих). Хэдий тийм ч ихэнхи гурван хавтаст хавхлагын регургитаци үйл ажиллагааны шалтгаантай байна (баруун ховдолын тэлэгдэл болон дутагдал). Уушигны артерийн хавхлагын гажигууд мөн адил ховор. Уушигны артерийн стеноз (PS) ихэвчлэн төрөлхийн байх ба шунттай хавсарсан байдаг (хуудас 204). Харин уушигны артерийн регургитаци (PR) ихэвчлэн үйл ажиллагааны гаралтай байна (гүнзгийрсэн уушигны гипертензи г.м).

Tuesday, October 11, 2011

Атеросклероз - Гэмтэлд үзүүлэх хариу урвалын онол

Атеросклероз бол архаг үрэвсэлт өөрчлөлт юм. Энэ нь эндотел гэж нэрлэгддэг артерийн судасны хамгийн дотор давхаргын гэмтэлээс эхлэлтэй гэж үздэг.  Ross-ийн бий болгосон “Гэмтэлд үзүүлэх хариу урвал”-ын онол (1999 он)-оор эндотел эсүүд нь зөвхөн өөрчлөгдсөн LDL-ээр (өөрчлөгдсөн LDL [modified LDL]-ийн онол) гэмтээд зогсохгүй өөр бусад олон хүчин зүйлээр гэмтдэг байна. Үүнд сийвэнгийн гомоцистейний концентраци нэмэгдэх, гипертензи болон халдварын гаралтай микро-организм. Эндотелийн дисфункци гэдэгт липопротейн болон бусад сийвэнгийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэвчүүлэх чанар, адгезийн молекулуудын экспресс, өсөлтийн хүчин зүйлсийн боловсролт нэмэгдэх зэрэг орох бөгөөд эдгээр нь моноцит, макрофаг болон Т лимфоцитийн наалдалтыг нэмэгдүүлдэг байна. Эдгээр эсүүд нь эндотелиэр миграци хийж эндотелийн доод давхаргад байршина. Судасны хананд макрофагууд липидийг хуримтлуулснаар том хөөмөг эсүүд (foam cells) болно. Хөөмөг эсүүд өсөлтийн хүчин зүйлс болон цитокин ялгаруулах бөгөөд энэ нь гөлгөр булчингийн эсүүдийн миграцийг идэвхижүүлж, неоинтимийн пролиферацийг идэвхижүүлж, липид хуримтлахыг цаашид үргэлжлүүлж, эндотелийн дисфункцийг дэмжиж өгнө. Хөөмөг эсүүд, Т эсүүд болон гөлгөр булчингийн эсүүд эцэст нь өөхлөг давхаргыг бий болгоно.

Monday, October 10, 2011

Аортын регургитаци

Аортын хавхлага хаагдсаны аортын даралт (PAo) харьцангуй удаан буурдаг ба харин зүүн ховдол дахь даралт (PLV) дөнгөж цөөн хэдхэн мм м.у.б хүртэл хурдан буурдаг бөгөөд ингэснээр энд урвуу даралтын зөрүү (PAo>PLV) бий болдог. Аортын регургитацийн үед (AR, өөрөөр дутагдал гэдэг) хавхлага нягт хаагддаггүй ба тиймээс зүүн ховдолоос түрүүчийн ховдолын систолын үед хөөгдөж гарсан цусны зарим хэсэг нь диастолын үед урвуу даралтын зөрүүнээс болж зүүн ховдол руу буцаж урсдаг (регургитацийн эзэлхүүн; →A).
 
Шалтгаан. Аортын регургитаци нь төрөлхийн аномали (хоёрдогч шохойжилт бүхий хоёр хавтастай хавхлага г.м) юмуу (ихэнхи тохиолдолд) хавтасууд дахь үрэвсэлт өөрчлөлт (хэрэхийн халууралт, бактерийн гаралтай эндокардит), аортын угийн эмгэгүүд (тэмбүү, Марфаны хамшинж, Рейтерийн хамшинж зэрэг артритууд) эсвэл гипертензи, атеросклерозын үр дүнд бий болсон байдаг.

Monday, October 3, 2011

Аортын стеноз

Аортын хавхлагын хэвийн нээгдэлтийн талбай 2.5-3.0см2 байна. Энэ нь зүүн ховдол болон аортын хооронд даралтын зөрүү (PLV-PAo; →А1, цэнхэр хэсэг) харьцангуй бага байхад тайван үед (систолын үед 0.2л/сек) төдийгүй биеийн ачааллын үед ч цусыг хөөхөд хангалттай. Аортын стенозын үед ([AS] бүх архаг хавхлагийн гажгийн 20%) зүүн ховдолын хоосрох процесс алдагддаг. Аортын стенозын шалтгаанууд (→А, зүүн дээд хэсэгт) байхын зэрэгцээ хавхлагын доорхи болон хавхлагын дээрх стеноз, хавхлагын төрөлхийн нарийсалт малформаци (шинж тэмдэг илрэх нас <15 нас) байж болно. Хожуу үед тохиолдох нь (65-аас дээш насанд) ихэвчлэн хавхлага төрөлхийн хоёр хавтаст малформацитай байхаас улбаатай ба энэ байдал нь хожуу үед шохойжилтоор дамжиж хавхлагыг нарийсалттай болгоно (цээжний радиограммаас харна уу). Эсвэл энэ нь анхнаасаа хэвийн гурван хавтастай хавхлага хэрэхийн үрэвслийн улмаас нарийссан байж болно. 65 наснаас хойш шинж тэмдэг өгөх болсон аортын стеноз нь ихэвчлэн шохойжилт бүхий дегенератив өөрчлөлтөөс шалтгаалсан байна.

Monday, September 26, 2011

ST сегментийн өргөлтгүй цочмог титмийн хамшинжийн үеийн дахин судасжуулалт

ST сегментийн өргөлтгүй цочмог титмийн хамшинж нь цочмог титмийн хамшинжийн ихээхэн түгээмэл хэлбэр бөгөөд судсан дотуурх титмийн интервенци хийгдэж буй өвчтөнүүдийн томоохон бүлэгт илэрдэг. Анагаах болон судсан дотуурх эмчилгээний ахиц дэвшлийг үл харгалзан эхний нэг сарын дараах нас баралт болон урхаг үлдэлт өндөр хэвээр байгаа ба ST сегментийн өргөлттэй өвчтөнүүдтэй адил тэнцүү байна. Хэдий тийм ч ST сегментийн өргөлтгүй цочмог титмийн хамшинж бүхий өвчтөнүүд нь ихээхэн хувьсамтгай тавилан бүхий өвчтөнүүдийн маш олон төрлийн бүлгүүдийг бүрдүүлдэг. Тиймээс эрт үеийн эрсдэлийн үнэлгээ эмийн болон судсан дотуурх эмчилгээний стратегийг сонгоход амин чухал. Титмийн ангиографи болон дахин судасжуулалтын эцсийн зорилго ихэвчлэн 2 давхар байдаг нь: зовиурыг арилгах, тавиланг богино болон урт хугацаанд сайжруулах юм. Амьдралын чанар, эмнэлэгт байх хугацаа болон байж болох эрсдэл зэрэг нь бүгд инвазив болон эмийн эмчилгээтэй холбоотой байдаг тул эмчилгээний стратегийг шийдэхдээ анхаарч үзнэ. 

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл