Хүйн цуснаас ялгасан үүдэл эс нь 1-р хэлбэрийн чихрийн шижин бүхий хүмүүсийн дархлаа тогтолцооны Т эсүүдийг дахин боловсруулснаар эдгээр өвчтөнүүдийн нойр булчирхайн дахин инсулин нийлэгжүүлж эхлэх ба улмаар инсулин тарих хэрэгцээг бууруулах боломжтой юм. Энэ бол Чикаго дахь Иллиноисын Их Сургуулийн Dr Yong Zhao-аар удирдуулсан судалгааны багийнхны нээлт бөгөөд BMC Medicine сэтгүүлийн өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригийн дугаарт нийтлэгджээ.
1-р хэлбэрийн чихрийн шижин нь биемахбодийн өөрийн дархлаа тогтолцоо нойр булчирхай дахь инсулин нийлэгжүүлэгч арлын бета эсүүдийг довтолж, устгасны улмаас үүсдэг. Үүний үр дүнд биемахбод инсулин үйлдвэрлэж чадахгүй болох ба энэ нь цусан дахь глюкозын хэмжээ аюултай түвшинд хүртэл нэмэгдэх шалтгаан болж биемахбодийн бүхий л эрхтэнүүдийг гэмтээдэг.
Судлаачид өгүүллийн удиртгал хэсэгт дурьдахдаа хулгана болон чихрийн шижин бүхий хүний эс дээрхи сорилын үр дүнгээс харвал хүйн цуснаас үүсэлтэй мултипотент эсүүд нь зохицуулагч Т эсүүд болон хүний нойр булчирхайн арлын бета эс өвөрмөц Т эсийн клоныг өөрчлөх замаар аутоиммун хариу урвалыг хянах боломжтой гэжээ.
Хүйн цус гэдэг нь хүүхэд төрсний дараа ихэс болон хүйнээс цуглуулсан цус юм. Энэ нь олон төрлийн цусны болон удамшлын эмгэгийг эмчлэх чадамжтай үүдэл эсүүдийн баялаг эх үүсвэр болдог.