Удиртгал
Зөөврийн хэт авиан шинжилгээний багажийг гялтангийн эмгэг өөрчлөлтүүдийг
үнэлэх болон гялтангийн хөндийд дренажийн катетер байрлуулах болон цээжний
хатгалт, түүнтэй холбоотой гялтан болон гялтангийн доор байрлалтай уушигны
массаас аспираци хийх зэрэг процедуруудыг хянаж чиглүүлэхэд өвчтөний орны
дэргэд ашигладаг. Гол зорилго бол гялтангийн эмгэгүүдийн шинж чанарыг
тодорхойлох болон гялтанд нэвтрэлт хийх процедуруудын нарийвчлал хийгээд
аюулгүй байдлыг сайжруулах юм.
Давуу тал
Цээжний хэт авиан шинжилгээ нь гялтанг шинжилдэг уламжлалт рентген
шинжилгээнүүдээс хэд хэдэн давуу талтай. Үүнд туяаны нөлөөлөл байхгүй,
зөөвөрлөхөд хялбар, тухайн бодит агшин дахь дүрслэлийг харах боломжтой, динамик
дүрслэлийг гүйцэтгэх боломжтой.
Хэт авиан шинжилгээ нь гялтангийн шингэний байрлалыг тодорхойлох тал дээр
бодит үзлэгийг бодвол үлэмж давуутай байх ба цээжний хатгалтын үед гарах
хүндрэлийн хувь бага байхтай холбоотой байдаг. Түүнчлэн хэт авиан хяналт нь
бодит үзлэгийн хяналлтай хатгалттай харьцуулахад шингэнийг амжилттай соруулж
авах магадлалыг нэмэгдүүлдэг. Жишээлбэл хэт авиан хяналтгүй амжилтгүй цээжний
хатгалт хийгдсэн 17 өвчтөний судлахад 15-д нь хэт авиан хяналттай цээжний
хатгалт амжилттай хийгдсэн байна.
