Health News from Medical News Today


Thursday, December 2, 2010

ПРЕЭКЛАМПСИ/ЭКЛАМПСИ


ШАЛТГААН
Генетик, иммунологи, дотоод шүүрэл, хоол тэжээл болон халдвар зэрэг нь преэклампсийн шалтгаанд тооцогддог тул энэхүү эмгэгийг “олон онолын эмгэг” гэдэг. Эрчимтэй судалгаа шинжилгээнээс үл хамаарч тодорхойлогч шалтгаан олдоогүй байсаар байна. Төрсөний дараа эмгэг хурдан үгүй болдогоос шалтгаалж эмгэг үүсэхэд хүргэдэг шалтгааны талаарх ихэнх анхаарал ихэс, УОШ хальс, болон урагт төвлөрдөг.
Эмгэгийн үүсэлд умай-ихэсийн ишеми голлох үүрэгтэй байж болох бөгөөд энэ нь умайн спирал болон радиал артериуд дахь хэвийн физиологийн өөрчлөлтийн дутагдалаас бий болдог. Ишеми нь мөн архаг даралт ихсэлт юмуу дархлаа хамааралт ихэсийн судасны гэмтэл зэрэг голлох судасны эмгэгүүдийн улмаас бий болж болно. Ишеми нь харьцангуйгаар миометрийн судаснуудын интрамурал эсэргүүцэл нэмэгдсэнээс шалтгаалж бий болж болох ба энэхүү нөхцөл байдал нь анх төрж буй том урагтай эмэгтэй, ихэр урагтай, ураг орчмын шингэний ихдэлт зэргийн улмаас миометрийн эсэргүүцэл хүчтэй болсонтой холбоотой байдаг.
Умай-ихэсийн ишемийн үр дүнд токсинуудын нийлэгжил, ялгарал бий болох бөгөөд энэ нь цусны эргэлтэнд орсоноор өргөн хүрээтэй эндотелийн дисфункцийн шалтгаан болдог. Эдгээр токсинуудын шинж чанарыг бүрэн төгс тогтоогоогүй байгаа боловч эдгээр нь хүчилтөрөгчийн чөлөөт радикал болон липидийн пероксидууд байж болох юм. Эндотелийн дисфункци нь янз бүрийн бүлгийн, хэсэг газарт нийлэгждэг судас агшаагч болон судас тэлэгч медиаторуудын хоорондох тэнцвэргүй байдалд хүргэнэ. Преэклампси нь судас тэлэгч простагландин Е2 (PGE2) болон простациклин, судас агшаагч PGF-ийн төрлүүд болон тромбоксанын харьцаа буурах зэргээр простагландины нийлэгжилийн гажуудалтай холбоотой байдаг.
Хэвийн жирэмсэнд простациклин (PGI2)-ы нийлэгжил 4-5 дахин нэмэгдэж харин тромбоксан А2-ийн нийлэгжил харьцангуй өөрчлөлтгүй юмуу бага зэрэг нэмэгдсэн байдаг. PGI2 нь судасны эсэргүүцэл болон ялтасын аггрегаци буурахтай холбоотой байдаг. Даралт ихсэлт бүхий жирэмсэнд PGI2-ийн нийлэгжил хэвийн жирэмсэнтэй адил түвшин хүртэл нэмэгддэггүй ба тромбоксан А2 өөрчлөлтгүй хэвээр байдаг. PGI2-г тромбоксан А2-т харьцуулсан харьцаа даралт хэвийн эмэгтэйтэй харьцуулахад харьцангуй буурдагаас захын судасны эсэргүүцэл болон ялтасын идэвхижил нэмэгдэхэд хүрдэг.
Азотын оксид, судас тэлэгчид, ялтасын идэвхижил дарангуйлагчийн нийлэгжилийн харьцангуй дутмагшил, эндотелин-I-ийн нийлэгжил нэмэгдэх зэргээс болж эндотелийн өөрчлөлт мөн илэрдэг. Эндотелин-I нь туйлын чадалтай судас нарийсгагч, ялтас идэвхижүүлэгч юм. Хэсэг газрын судас идэвхит эдгээр субстанцуудын нийлэгжилийн энэхүү шилжилт нь судас нарийсалтыг өдөөдөг. Урхи маягийн үр нөлөө нь өргөн хүрээтэй артериол нарийсалтын шалтгаан болсноор өөр бусад судасны сүлжээн дэхь гипоксит/ишемит гэмтэл, системийн даралт ихсэлт, ихэсийн ишеми улам муудахад хүргэдэг. 
 
ЭМГЭГ ЖАМ
Преэклампсийн шалтгаан тодорхойгүй байгаа боловч эмгэг жамын үндсэн эмгэг өөрчлөлт нь ерөнхий судас агчилт байдаг. Цусны даралт ихсэлт нь зүрхний гаргалт болон системийн судасны эсэргүүцэл нэмэгдсэнээс бий болдог. Жирэмсэний сүүлийн гурван сар дахь преэклампси болон эклампси бүхий эмчлэгдээгүй жирэмсэн эмэгтэйн зүрхний гаргалт хэвийн жирэмсэн субьектээс ач холбогдол өгөхүйц ялгаагүй байдаг. Хэдий тийм ч системийн судасны эсэргүүцэл ач холбогдол өгөхүйц нэмэгддэг.
Преэклампси болон эклампси бүхий өвчтөний бөөрний цусны урсгал болон түүдгэнцэрийн филтрацийн хувь (GFR) жирэмсэний ижил хугацаанд буй хэвийн жирэмсэнтэй харьцуулахад ач холбогдол өгөхүйц бага байна. Бөөрний цусан хангамж буурах нь өгсөх артериолын системийн нарийсалтын үр дүн байдаг. Энэхүү өгсөх судас нарийсалт нь эцэстээ түүдгэнцэрийн мембраны гэмтэлд хүргэх ба ингэснээр түүдгэнцэрээрх уургийн нэвчимхий чанар нэмэгдэж протейнурид хүргэдэг. Бөөрний судас нарийсалт болон GFR буурах нь мөн олигоурийн шалтгаан болдог.
Преэклампси болон эклампси бүхий өвчтөнүүдэд тархины судасны эсэргүүцэл мөн адил байнга өндөр байдаг. Таталт байхгүй даралт ихсэх эмгэг бүхий өвчтөнүүдэд тархины цусны урсгал хэвийн хязгаарын дотор байдаг нь ауторегулятор феномений үр дүн юм. Хэдий тийм ч таталт бүхий өвчтөнүүдэд тархины цусны урсгал болон хүчилтөрөгчийн хэрэглээ хэвийн жирэмсэн субьектээс ач холбогдол өгөхүйц бага байдаг. Үүний адил преэклампси бүхий өвчтөнүүдийн умай-ихэсийн цусны эргэлт дэхь цусны урсгал буурч, судасны эсэргүүцэл нэмэгдсэн байдаг. Умай-ихэсийн цусан хангамжид хийсэн өнгөт урсгалт Допплерийн шинжилгээ нь преэклампси бүхий өвчтөнд судасны эсэргүүцэл нэмэгдэлт бий болсон байдгийг тогтоожээ. 
 
ЭМГЭГ СУДЛАЛ
Преэклампси болон эклампситай холбоотой сонгодог гурван голлох эмгэг судлалын гэмтэл байдаг. 1
) спирал артерийн миометрийн сегментийн децидуажилт үгүй болох 2) түүдгэнцэрийн хялгасан судасны эндотелиоз 3) олон эрхтэн дэхь цус алдалт болон некроз, энэ нь артериолын нарийсалтын шалтгаантай байж болхоор. Преэклампси/эклампсийн үеийн умай-ихэсийн эмгэг өөрчлөлт нь спирал артерийн миометрийн хэсэг дэхь децидуажилт үгүй болдогоор тодорхойлогдоно.
Хэвийн нөхцөлд трофобластын инвази нь спирал артерийн булинлаг болон уян давхарга фибриноид болон фиброз эдээр солигдож үүний улмаас том, мушгиралдсан, бага эсэргүүцэлтэй сувгууд миометрээр тархсаны үр дүн байдаг. Преэклампсийн үед энэхүү өөрчлөлт нь ихэнхдээ децидуа хэсгийн судаснуудаар хязгаарлагдах ба үүний үр дүнд спирал артерийн миометрийн хэсгийн диаметр 60 хувиар буурдаг. Ихэсийн шигдээсийн хэмжээ бараг бүх преэклампси бүхий жирэмсэнд нэмэгдсэн байдаг.
Преэклампси/эклампсийн нийтлэг бөөрний гэмтэл нь “түүдгэнцэрийн хялгасан судасны эндотелиоз” бөгөөд энэ нь электрон микроскопиор хамгийн сайн харагддаг. Энэхүү өөрчлөлт нь түүдгэнцэрийн хялгасан судасны эндотелийн илэрхий хавагналт болон эндотель эсүүдийн хооронд фибриноид материал хуримтлагдсанаар илэрдэг. Гэрлийн микроскопид түүдгэнцэрийн диаметр нэмэгдэж түүдгэнцэрийн булцуу ойрын сувганцарын хүзүү рүү бултайж, янз бүрийн зэрэглэл бүхий эндотель болон мезенгиаль эсүүдийн хавагналтаар илэрнэ.
Артериолын вазоспазм нь харьцангуй богино хугацаагаар (1 цаг) үргэлжилэхэд мэдрэг паренхимийн эсүүдийн гипокси, үхжил шалтгаан болж чаддаг. Удаан үргэлжилсэн (3 цаг) вазоспазм нь элэг, ихэс болон тархи зэрэг амин чухал эрхтэнүүдийн шигдээст хүргэнэ. Элгэнд үүдэн вен орчмын үхжил болон цус алдалт тохиолдож болох ба капсулын доорхи гематом нь ховор тохиолдох хүндрэл болдог. Тархинд хэсэг газрын цус алдалт болон үхжил тохиолдоно. Торлогт артерийн судасжилтад эмнэлзүйн цонх бий болох ба вазоспазм нь нүдний уг дурандалтаар харагдана. Торлогийн цус алдалт нь туйлын аюултай шинж гэдэгийг анхаарч үзэх хэрэгтэй ба учир нь энэ нь бусад амин чухал эрхтэнүүд дэхь ижил феномений дохио болдог. 
 
ЭМНЭЛЗҮЙ БОЛОН ЛАБОРАТОРИЙН ИЛРЭЛҮҮД
Преэклампси болон эклампсийн олон тооны эмнэлзүй, лабораторийн илрэлүүд нь эндотелийн дисфункци болон судас агчилтаар тайлбарлагдана. 
 
АНГИОТЕНЗИНЫ МЭДРЭГЖИЛТ
Преэклампси үүсч буйг илтгэх эрт үеийн нэг шинж нь ангиотензин II-ын үр нөлөөтэй судас нарийсгах тун багасах юм. Хэвийн жирэмсэнд диастолын даралтыг 20мм м.у.б-аар нэмэгдүүлэхэд шаардлагатай ангиотензины хэмжээ нэмэгдсэн байдаг бол преэклампси үүсэх үед үр нөлөөтэй судас агшаах тун багасдаг. 
 
БИЕИЙН ЖИНГИЙН НЭМЭГДЭЛ БОЛОН ХАВАН
Эмгэгээр биеийн жин нэмэгдэх хийгээд хавагналт эрт үед тохиолдох ба эсийн гаднах шингэн хуримтлалыг илтгэнэ. Энэхүү хуримтлал нь хялгасан судасны нэвчимхий чанар нэмэгдсэнтэй холбоотой ба ингэснээр шингэн судаснаас судасны гаднах зай руу нэвчихэд хүргэдэг. Улмаар ихэнх преэклампсийн үед биеийн нийт шингэний эзэлхүүн нэмэгдэх боловч судсан доторх эзэлхүүн багасдаг. Гематокрит мөн нэмэгдэх ба энэ нь харьцангуй гиповолеми болон гемоконцентрацийг илтгэнэ. 
 
ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТ
Ихэвчлэн илэрдэг дараагийн шинж нь цусны даралт ихсэлт, ялангуяа диастолын даралт ихсэлт бөгөөд энэ нь захын судасны эсэргүүцэлийн өөрчлөлтийг сайн дүрслэн харуулна. Төрөхийн өмнөх үед цусны даралтын өөрчлөлт эмгэгээр шингэн баригдалт үүссэний дараах хэдэн өдрөөс долоо хоногийн дараа тохиолдож болно. 
 
ПРОТЕЙНУРИ
Төрөхийн өмнөх үед гипертензи үүссэний дараах хэдэн өдөр юмуу хэдэн долоо хоногт протейнури тохиолдоно. Хэрэв эмгэг төрөх үед юмуу төрсөний дараахан анх илэрсэн бол протейнури тохиолдол хэдэн цагаас заримдаа хэдэн минут болж багасдаг. Преэклампси/эклампсийн протейнури нь түүдгэнцэр дэхь уургийн нэвчимхий чанарын нэмэгдэлт бүхий өгсөх артериолын нарийсалтын улмаас илүүтэй бий болдог. 
 
БӨӨРНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Эрт үеийн өөрчлөлт нь сийвэнгийн шээсний хүчлийн концентраци нэмэгдэх байж болно. Креатинины клеринс буурах ба сийвэнгийн креатинин, үлдэгдэл азотын түвшин өснө. Бөөрний хамрагдалт нь ач холбогдол өгөхүйц олигоури болон хурдацтай бөөрний дутагдал болж даамжирна. 
 
БҮЛЭГНЭЛТИЙН СИСТЕМ
Тромбоцитопени нь хамгийн түгээмэл эмгэг өөрчлөлт. Хэвийн жирэмсэнд ялтасын тоо буурах хандлагатай байх боловч <100,000 эс/мм3 гэсэн үзүүлэлт нь яах аргагүй эмгэг бөгөөд преэклампсийн бусад шинжүүдтэй харьцуулахад энэ нь хүнд эмгэгийн баталгаа юм. ДВС тохиолдож болох ба ялангуяа ихэсийн төрөлхийн ховхролт байгаа бол. Цус задралын өвөрмөц хослол, элэгний үйл ажиллагааны сорил нэмэгдэх, ялтасын түвшин бага байх (HELLP) хамшинж нь ДВС-ийн эмнэлзүйн шинжгүйгээр тохиолдож болох ба хэрэв цусны даралт хэвийн юмуу дөнгөж бага зэрэг нэмэгдсэн байвал эдгээр нь хүнд преэклампсийн шинж болдог. 
 
ЭЛЭГНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Элгэнд вазоспазм нь хэсэг газрын цус алдалт болон шигдээсийг бий болгох ба энэ нь баруун дээд квадрат юмуу аюулхай орчмын өвдөлт, сийвэнгийн энзим (АлАТ, АсАТ)-ийн түвшин нэмэгдэхэд хүргэдэг. Элэгний урагдал нь преэклампсийн ховор, аюултай хүндрэл бөгөөд ихэвчлэн HELLP хамшинжтэй холбоотой байна. Хэрэв ач холбогдол өгөхүйц цус задрал илэрсэн бол билирубины түвшин ихэнхдээ нэмэгдэнэ. 
 
ИХЭСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Умай-ихэсийн судасны сүлжээн дэхь вазоспазмын үр дүнд ихэсийн шигдээс бий болж умай-ихэсийн цусан хангамж буурна. Энэ нь эцэстээ умайд өсөлт саатах (IUGR) хэлбэрийн ургийн доройтол, олигогидрамниоз, ургийн зүрхний цохилтын эмгэг өөрчлөлт зэрэгт хүргэнэ. Их хэмжээний ихэсийн шигдээс нь ихэсийн арын цус алдалт юмуу ховхролтын үр дүнд бий болж болох ба энэ нь перинатал урхаг үлдэлт болон нас баралтын чухал шалтгаан болдог. 
 
ТӨВ МЭДРЭЛИЙН СИСТЕМД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Торлогийн вазоспазмын зэрэглэлээс хамаарч хараа бүрэлзэх, толбо бий болох, скотом зэрэг харааны гажуудал илэрнэ. Рефлексүүдийн мэдрэг байдал нэмэгдэх юмуу гиперрефлекси зэрэг нь төв мэдрэлийн системийн өртөлтийн туйлын таагүй шинж бөгөөд таталт ойрхон буйг илтгэнэ. 

Эх сурвалж:
Essentials of Obstetrics and Gynecology / Part two: Obstetrics / Hypertensive Disorders of Pregnancy / Preeclampsia/Eclampsia

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив