Health News from Medical News Today


Tuesday, December 1, 2009

ХДХВ/ДОХ-ын талаарх асуулт, хариулт


ХДХВ гэж юу вэ?

Хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ) нь дархлаа тогтолцооны эсүүдийг халдварлуулж тэдгээрийн үйл ажиллагааг устгаж, алдагдуулдаг. Вирусын халдварын улмаас дархлаа тогтолцоо давшингуй муудаж улмаар дархлаа дутмагшилд хүргэнэ. Дархлаа тогтолцоо дутмагшилтай болсоноор өвчин эмгэг болон халдвартай тэмцэх үүргээ удаан биелүүлж чадахгүй болдог. Хүнд дархлаа дутмагшилтай холбоотой халдварыг оппортунист халдвар гэдэг ба учир нь эдгээр нь дархлаа тогтолцоо муудсаны улмаас давуу байдал олж авдаг байна.

ДОХ гэж юу вэ?

United States Centers for Disease Control and Prevention (CDC) болон European Centre for the Epidemiological Monitoring of AIDS (EuroHIV)-ийн тодорхойлсоноор дархлалын олдмол хомсдол (ДОХ) гэдэг нь шинж тэмдэг ажиглагдах нөхцөл байдал юм. ДОХ гэдгийг ХДХВ-ийн халдварын гүнзгийрсэн шатанд, ямар нэг оппортунист халдвар 20-иос дээш тохиолдсон юмуу ХДХВ хамааралт хавдар тодорхойлогдсон үед хэрэглэдэг.

ХДХВ хэрхэн дамждаг вэ?

ХДХВ нь хамгаалалтгүй бэлгийн хавьтал (вагинал болон анал) болон халдвартай хүнтэй аман секс хийх, бохирлогдсон цус юүлэх, бохир зүү, тариур болон бусад хурц үзүүртэй багаж хэрэгсэлээр дамжина. Энэ нь мөн жирэмсэн болон төрөх үед эхээс урагт болон хөхөөр хооллоход дамждаг.

ХДХВ-ийн халдвар бүхий хүнд ДОХ хэр хурдан бий болох вэ?

Энэ хугацаа хүн бүрт янз бүр байна. Эмчлээгүй тохиолдолд ХДХВ-ийн халдвар бүхий хүмүүсийн ихэнхэд нь ХДХВ хамааралт шинж тэмдэг 5-10 жилийн дотор бий болно. Хэдий тийм ч ХДХВ-ийн халдвар авсанаас хойш ДОХ-ыг оношилох хооронд 10-15 жил, заримдаа түүнээс удаан байна. Ретровирусийн эсрэг эмчилгээ нь халдвартай хүний вирусийн ачааллыг бууруулсанаар өвчиний явцыг удаашруулдаг.

Ямар түээмэл тохиолдох аминд аюултай оппортунист халдвар ХДХВ/ДОХ бүхий хүний амьдралд тохиолддог вэ?

Сүрьеэ нь жил бүр ХДХВ бүхий 250000 хүний амь насыг авч оддог. Энэ нь Африк дахь нийт ХДХВ бүхий хүмүүсийн үхлийн нэгдүгээрт орох шалтгаан ба дэлхий нийтээрх ХДХВ бүхий хүмүүсийн үхлийн тэргүүлэх шалтгаан болж байна. ХДХВ/Сүрьеэгийн явцыг бууруулахад эрүүл мэндийн тусламжийн 3 гол цөм стратеги амин чухал
• Идэвхитэй сүрьеэгийн тохиолдолын илрүүлэлтийг эрчимжүүлэх
• Урьдчилан сэргийлэх изониазид эмчилгээ
• Сүрьеэгийн халдварын хяналт

ХДХВ бүхий хэдэн хүн амьдарч байна вэ?

ДЭМБ болон UNAIDS-ийн тооцоогоор 2008 оны эцсээр ХДХВ бүхий 33,4 сая хүн амьдарч байна. Тухайн жил барагцаалбал 2,7 сая хүн шинээр халдвар авч, ДОХ-ын улмаас 2 сая орчим хүн нас барсаны 280000 нь хүүхдүүд байгаа юм. ХДХВ-ийн халдварын гуравны хоёр нь Африкийн суб-Сахарын бүсэд байна.

Сексээр дамжих ХДХВ-ийн эрсдэлийг хэрхэн хязгаарлах вэ?

• Секс хийх бүртээ эрэгтэй юмуу эмэгтэй бэлгэвчийг зөв хэрэглэх
• Нон-пенетратив секс
• Халдваргүй болон бусад эрсдэлт хүчин зүйлгүй хамтрагчдаа үнэнч байх
• Сексийг тэвчих

Эрэгтэйн хөвч таслалт нь ХДХВ дамжихаас урьдчилан сэргийлэх үү?

Сүүлийн үеийн судалгаанууд эрэгтэйн хөвч таслалт нь сексээр ХДХВ авах эрсдэлийг бууруулдаг гэж үзэж байна. Хэдий тийм ч энэ нь 100% үр дүнтэй биш бөгөөд хөвчөө таслуулсан эрчүүд нь халдварлагдаж болно. Хэрэв хөвч таслуулах мэс заслын дараа шарх бүрэн эдгээрээгүй бол халдвар дамжих эрсдэлийг улам нэмэгдүүлнэ. Түүнчлэн хөвчөө таслуулсан ХДХВ эерэг эрчүүд нь хамтрагчдаа халдвар дамжуулах боломжтой.
Эрэгтэйн хөвч таслалт нь өнөөг хүртэл мэдэгдээд буй ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх бусад аргыг орлохгүй харин урьдчилан сэргийлэх олон талт стратегийн нэг хэсэг байж болох юм.

ХДХВ-ээс сэргийлэхэд бэлгэвч хэр үр дүнтэй вэ?

Чанарын баталгаатай эрэгтэй болон эмэгтэй бэлгэвч нь одоо үед бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) үүн дотроо ХДХВ-ийн халдвараас хамгаалах хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц бүтээгдэхүүн юм. Бэлгийн ажил бүрийн үед зөв хэрэглэх юм бол бэлгэвч нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх батлагдсан арга юм.

Эмэгтэй бэлгэвч гэж юу вэ?

Эмэгтэй бэлгэвч нь бөх бат, зөөлөн, тунгалаг полиуретанаар хийгдсэн, хурьцалын өмнө үтрээнд оруулж бүрхдэг. Энэ нь үтрээг бүхэлд нь бүрхэж жирэмслэлт болон БЗДХ үүн дотрооо ХДХВ-ийн эсрэг хамгаалалт болдог ба хурьцал бүрийн үед зөв хэрэглэх хэрэгтэй.

ХДХВ-ийн сорил ямар ач холбогдолтой вэ?

Өөрийн ХДХВ-ийн статусыг мэдсэнээр хоёр чухал ач холбогдолтой
• ХДХВ эерэг гэдгээ мэдсэнээр та шинж тэмдэг илрэхээс өмнө шаардлагатай алхамууд болох эмчилгээ, тусламж болон дэмжлэгийг авах боломжтой болох ба улмаар өөрийн амьдралыг хэдэн жилээр уртасгах боломжтой болно.
• Та өөрийгөө халдвар авсан гэдгийг мэдсэнээр ХДХВ-ийг бусдад тараахаас сэргийлэх боломжтой болно.

Ретровирусын эсрэг эм гэж юу вэ?

Ретровирусын эсрэг эмүүд нь ХДХВ-ийн эмчилгээ урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэгддэг. Эдгээр нь бие махбодь дахь вирусын өсөлт үржилтийг саатуулж, зогсоосноор ХДХВ-тэй тэмцдэг.

Ретровирусын эсрэг эмчилгээний орчин үеийн статус ямар байна вэ?

2008 оны эцсээр буурай болон дунд хөгжилтэй орнуудын ойролцоогоор 4 сая хүмүүс ХДХВ-ийн ретровирусын эсрэг эмчилгээг аваад байна. 2003 оныг хүртэл эмийн өндөр үнэтэйгээс шалтгаалж эрүүл мэндийн суурь тусламж муу байсан ба буурай болон дунд хөгжилтэй орнуудад санхүүгийн дутмаг байдал нь ретровирусын эсрэг хам эмчилгээг ашиглахад саад болж байв. Гэвч сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засгийн зүгээс ХДХВ-ийн эмчилгээнд хандуулах анхаарал нэмэгдэж байна.

ХДХВ-г эмчлэх эмчилгээ бий юу?

ХДХВ-г эмчлэх эмчилээ байхгүй. Гэвч ретровирусын эсрэг эмчилгээг тасралтгүй, сайн дагаж мөрдсөнөөр биемахбодь дахь ХДХВ-ийн явцыг зогсоосонтой дүйхүйц хэмжээнд саатуулж болно.

ХДХВ бүхий хүмүүст өөр ямар төрлийн тусламж хэрэгтэй вэ?

Ретровирусын эсрэг эмчилгээнээс гадна ХДХВ бүхий хүмүүст нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг ихээхэн хэрэгтэй байдаг. Сайн хоол тэжээл, аюулгүй ус болон хувийн ариун цэвэр сахих нь ХДХВ бүхий хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахад мөн адил туслана.

Эх сурвалж: World Health Organization: Q&A on HIV/AIDS

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл