Үргүйдэл гэдэг нь 1 жилийн турш ямар нэг хамгаалах арга хэрэгсэл хэрэглэлгүй бэлгийн харьцаанд орж байгаа боловч жирэмслэхгүй байхыг (шалтгаанаас үл хамаарч) хэлнэ. Үргүйдэлд нөхөн үржихүйн насны хосуудын ойролцоогоор 10-15% нь өртсөн байдаг. Нийт тархалт сүүлийн 50 жилд тогтвортой байгаа боловч шалтгаан хийгээд өвчтөний насны хувьд шилжилт хөдөлгөөн тохиолдож байгаа юм. Эмэгтэйн нас нэмэгдэх тусам үргүйдэлийн тохиолдох магадлал нэмэгдэж байдаг.
Үржих чадвартай байна гэдэг нь нөхөн үржих, үр тогтоох чадвартай байхаар тодорхойлогдоно. Энэхүү ойлголт нь жирэмслэх магадлал (сар бүр жирэмслэх боломж) болон хүүхэд төрүүлэх магадлал гэсэн ойлголтуудаас ялгаатай. Жирэмслэх магадлал нөхөн үржихүйн насны хүн амд тогтмол байх ба ойролцоогоор сар бүр 0,22 байна. Хүүхэд төрүүлэх магадлал сар бүр 0,15-0,18 байдаг.
Нийгэм хөгжихийн хэрээр гэр бүл төлөвлөлт, мэргэжлийн карьераа дээшлүүлэх зэргийг урьдал болгосноор зарим эмэгтэйчүүд 30 нас буюу түүнээс хойш насандаа хүүхэдтэй болхоор хойшлуулах болсон байна. Үүний улмаас эдгээр эмэгтэйчүүд үр тогтоход илүү бэрхшээлтэй болох ба зулбах эрсдэл нэмэгддэг ажээ. Учир нь жирэмслэх магадлал залуу эмэгтэйчүүдэд өндөр байх ба настай эмэгтэйчүүдэд бага байдаг.
Үр тогтоох эмчилгээ эрс сайжирсанаар олон өвчтөн эмнэлэгийн тусламжтай хүүхэдтэй болох боломжтой болж байна. Фалопийн гуурсны эмгэгтэй эсвэл урьд өмнө гуурсаа боолгож байсан эмэгтэй in vitro fertilization (IVF)-ын тусламжтай хүүхэдтэй болох боломжтой. Спермийн тоо маш бага эсвэл төмсөгийг шээсний сүвтэй холбосон гуурс байхгүй/хориг үүссэн боловч төмсөгний биопси болон төмсөгний дайврын аспирациар спермтэй болох нь нотлогдсон эрэгтэйчүүд цитоплазмын дотор сперм тарих (intracytoplasmic sperm injection (ICSI)) аргыг ашиглаж хүүхэдтэй болох техник 1991 оноос бий болоод байна. Эсийн өсгөвөрийн техник гүнзгий, боловсронгуй болсны үр дүнд жирэмслэх магадлал сайжирсаар байгаа юм.
Үргүйдлийн шалтгаан
Нөхөн үржихэд эмэгтэй болон эрэгтэйн нөхөн үржихүйн замын хамтын ажиллагаа, нэгдэл шаардлагатай байдаг. Үүнд дараах зүйлс багтана:
- Овуляцийн өмнөх ооцитын ялгарал хэвийн байх
- Сперматозоа хангалттай хэмжээгээр нийлэгжих
- Фалопийн гуурсын өргөссөн хэсэг рүү гаметуудын зөөгдөлт хэвийн байх (хэрэв үр тогтолт явагдсан бол)
- Хуваагдаж буй хөврөл зөөгдөлтийн үр дүнд эндометрийн хөндий рүү орж бэхлэгдэж, өсөж хөгжих
Үргүйдэл нь эрэгтэй болон эмэгтэйн хүчин зүйлүүдээс шалтгаалсан байж болдог. Нийт тохиолдолд эрэгтэй болон эмэгтэйн хүчин зүйлүүд ойролцоогоор 35% байдаг. Ихэвчлэн нэгээс олон хүчин зүйл байх ба эрэгтэй болон эмэгтэйн хүчин зүйл хавсарч тохиолдох нь үргүйдлийн ойролцоогоор 20% байна. Үлдсэн 10%-д шалтгаан тодорхойгүй байдаг.
Үргүйдлийн шалтгаан тодорхойгүй хосуудыг үргүйдэлийн шалтгааныг тайлбарлаж болохгүй эсвэл хэвийн үргүй хосууд (NICs) гэж ангилах ба энэхүү ойлголт нь үргүйдлийг оношлох бүх стандарт сорилуудын хариу хэвийн болохыг илтгэдэг. Хэвийн үргүй хосуудад үргүйдлийн бодит шалтгаан илрээгүй байх ба сперм болон ооцитын харилцан үйлчлэх үйл ажиллагаа алдагдсан, хөврөл амьдрах чадвар муу эсвэл бэхлэгдэх байрлалын гэмтэлтэй байж болно. Цаашдын шинижлгээгээр эдгээр хүмүүст өвөрмөц генийн мутаци юмуу уг ген угаас байхгүй байх нь үргүйдлийн шалтгаан болдог нь тогтоогдож болно.
Үргүйдлийн эрсдэлийг нэмэгдэхтэй холбоотой бусад амьдралын хэв маягийн хүчин зүйлүүдэд хүрээлэн буй орчин, мэргэжлийн хүчин зүйлүүд ордог. Үүнд: тамхи, марихуан, эмүүдийн хорт нөлөө, хэт их дасгал сургуулилт, хэт их турахтай холбоотой хангалтгүй хоолны дэглэм, хөгшрөх зэрэг багтана.
Үргүйдэлд хүргэх эмэгтэйн хүчин зүйлс
Үргүйдэлд хүргэх эмэгтэйн хүчин зүйлүүдийг дотор нь хэд хэдэн бүлэгт хувааж үздэг. Умайн хүзүүний, умайн, өндгөвчний, гуурсны болон бусад.
Үргүйдэлд хүргэх умайн хүзүүний хүчин зүйлс
Үргүйдэлд хүргэх умайн хүзүүний зүйл нь стеноз юмуу салс-спермийн харилцан үйлчлэлийн эмгэг өөрчлөлтөөс шалтгаалсан байна. Умайн хүзүү нь бэлгийн харьцааны дараа спермийн зөөвөрлөлт болон хөдөлгөөний чадвартай болоход голлох үүрэгтэй. Үргүйдлийн 5-10% нь умайн хүзүүний хүчин зүйлээс шалтгаалсан байдаг. Умайн хүзүүний салстын нийлэгжил болон шинж чанар цэврүү үүсэх шатны төгсгөл үеийн турш эстрогений концентрациас хамаарч өөрчлөгдөж байдаг.
Биений юмны мөчлөгийн эхэнд умайн хүзүүний салс бага хэмжээтэй, зууралдамхай, эс ихтэй байна. Салс тор маягийн бүтцийг үүсгэснээр энэ нь спермийг цааш нэвтрүүлдэггүй байна. Цэврүү үүсэх шатны дунд үед салстын шүүрэл нэмэгдэж овуляци болхоос ойролцоогоор 24-48 цагийн өмнө дээд хэмжээндээ хүрдэг.
Ус болон давсны концентраци нэмэгдсэнээр салсын физик шинж чанар өөрчлөгддөг. Салс нимгэн, усархаг, шүлтлэг, эс багатай юмуу эсгүй, натрийн хлоридын концентраци нэмэгдсэнээс уян болох ба микроскопид оймын навчны шинжийг өгдөг.
Биений юмны мөчлөгийн турших умайн хүзүүний амсарын өөрчлөлт
Овуляцийн өмнөх умайн хүзүүний цэвэр салс
Овуляцийн өмнөх салсад илрэх оймын навчны дүр зураг
Энэ үед салс өөрчлөгдөж олон тооны бичил сувгууд бий болсноор сперматозоа цааш нэвтрэх боломжтой болно. Цаашлах явцдаа сперматозоад нэгэн зэрэг идэвхижил явагдаж байдаг. Түүнчлэн эмгэг өөрчлөлт бүхий спертатозоанууд болон үрийн шингэнд буй эсийн хэлтэрхийнүүдийг шүүх үйлдэл үзүүлнэ.
Салсын шүүрэл дааврын өөрчлөлт болон эмүүдийн нөлөөгөөр алдагдаж болдог. Ялангуяа кломифен цитрат төст эмүүд нь салсын нийлэгжлийг бууруулдаг. Гипоэтрогенизм умайн хүзүүний салс зузаарах шалтгаан болсноор сперм умайн хүзүүгээр нэвтрэхийг алдагдуулдаг байна.
Умайн хүзүүний нарийсал сперм умайн хүзүүнээс умайн хөндий рүү нэвтрэхийг хориглосноор үргүйдлийн шалтгаан болж болно. Умайн хүзүүний нарийсал төрөлхийн юмуу мэс заслын процедур, халдвар, гипоэстрогенизм болон туяа эмчилгээний улмаас олдмолоор үүсэж болдог.
Үргүйдэлд хүргэх умайн хүчин зүйл
Умай нь хөврөлийн эцсийн зогсоол болдог бөгөөд энд ураг төрөх хүртэлээ өсөж, хөгждөг. Тиймээс умайн хүчин зүйлс нь анхдагч үргүйдэл, жирэмсэн үед ураг эндэх, эрт төрөл зэрэгтэй холбоотой байж болно. Умайн хүчин зүйлс нь төрөлхийн болон олдмол байж болно. Эдгээр хүчин зүйлс нь эндометр болон миометрт нөлөөлөх ба үргүйдлийн нийт тохиолдолын 2-5%-ийг эзэлдэг.
- Төрөлхийн гажигууд
- Мюллерийн сувгийн үүсэл хөгжил нь умай, фаллопийн гуурс, умайн хүзүү болон үтрээний дээд хэсгийн хэвийн анатомийн хэлбэр дүрс бий болоход ач холбогдолтой. Төрөлхийн мюллерийн сувгийн эмгэг өөрчлөлтүүд нь умай болон үтрээ бүрэн байхгүй байх (Rokitansky-Küster-Hauser хамшинж)-аас авхуулаад нум хэлбэрийн умай, үтрээний таславч (хөндлөн болон дагуу) зэрэг бага зэргийн гажиг хүртэл янз бүр байна.
- Сүүлийн 40 жилийн туршид ажиглагдсан хамгийн түгээмэл умайн гажигууд эмээр өдөөгдсөн байжээ. 1950 оны сүүл үеэс 1970 оны эхэн үе хүртэл диэтилстилбестрол (DES)-ыг дахин давтан зулбасан өгүүлэмжтэй өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэж байжээ. Олон жилийн дараа DES нь умайн хүзүүний гажигууд, умайн хөндийн хэвийн бус өөрчлөлтүүд (Т хэлбэрийн умай г.м), фаллопийн гуурсны үйл ажиллагааны өөрчлөлт, биений юм хэвийн бус болох, үтрээний цэвэр эст карцинома үүсэх шалтгаан болдог нь тогтоогдсон байна.
- 1988 онд American Fertility Society (AFS)-аас Мюллерийн сувгийн гажигуудын шинэ ангилалыг бий болгожээ. Энэхүү ангилалын зорилго нь эмнэлзүйн мэдээ, мэдээллийг цуглуулах, тэдгээрийн холбоо хамаарлыг тогтоох, өвчтөнд үзүүлэх тусламжид чиглэсэн цаашдын зөвлөмжийг бий болгоход чиглэж байв. Мюллерийн сувгийн гажигууд болон үргүйдлийн хоорондын холбоо хамаарал бүрэн тодорхойгүй байсаар байгаа юм.
- Нэг эвэр бүхий умай нь үтрээнд таславч үүсэхтэй холбоотой байдаг. Таславч бүхий умай нь мөн хөврөл бэхлэгдэлтийн асуудалууд, эхний гурван сар дахь ураг эндэлт зэргийн шалтгаан болж болдог.
- Олдмол гажигууд
- Эндометрит нь гэмтэл бүхий төрөлт, умайн хөндийг хусах, умайд ерөндөг тавих, умайн хөндийд хийгдэх ажилбарууд (миомэктоми, гистероскопи г.м)-тай холбоотой байх ба умайн хөндийн наалдац, синехи (Ашерманы хамшинж г.м) үүсгэж, умайн хөндийн хэсэгчилсэн болон бүрэн бөглөрөлийг бий болгож болдог.
- Ихэсийн үлдэгдлээс ихэсийн полип үүсч болно
- Умайн хөндийн болон салстын доорхи фиброид зэрэг нь ихээхэн түгээмэл бөгөөд эмэгтэйчүүдийн 25-50% нь үүнд өртсөн байдаг. Эдгээр нь Африк гаралтай эмэгтэйчүүдэд илүү түгээмэл бөгөөд хөндийн хэлбэр алдагдах, цусан хангамж буурах шалтгаан болдог. Эдгээр нь хөврөл бэхлэгдэлтийн дутагдал, ураг эрт үед амьгүй болох, эрт төрөлт, ихэс ховхрох зэргийг улам хүндрүүлдэг байна.
Үргүйдэлд хүргэх өндгөвчний хүчин зүйлс
Оогенез нь хөврөлийн амьдралын эхний гурван сараас өндгөвчинд явагдаж эхэлдэг ба жирэмсний 28-30 долоо хоногтойд бүрэн явагдаж дуусдаг байна. Үүний дараа ойролцоогоор 7 сая гаруй ооцит бий болсон байна. Эдгээр ооцитууд нь эхний мейоз хуваагдалын профазын шатанд саатсан байдалтай байдаг. Атрезийн процесс үргэлжилсэний улмаас олон тооны ооцитууд эргэх хөгжилд өртөнө. Төрөх үед ооцитуудын нөөц ойролцоогоор 2 сая хүртэл буурсан байдаг. Анхны биений юм ирэх үед ойролцоогоор 500000 ооцит үлддэг. Эдгээр ооцитууд нь менопауз (цэвэршилт) хүртэл нөхөн үржихүйн жилүүдийн туршид ашиглагддаг.
Овуляцийн процесс гипоталамус-өнчин тархи-өндгөвчний холбоо бүрэлдэн бий болохтой хамт эхлэх бөгөөд энэхүү процесст гонадотропин рилизинг дааврын (GnRH) зохицуулгын дор байдаг цэврүү идэвхижүүлэгч даавар (FSH), шар бие идэвхижүүлэгч даавар (LH) зэргийн хэвийн шүүрлийн үйл ажиллагаа шаардлагатай байдаг. Сар бүр цэврүүнүүдийн бүлэг дундаас цор ганц ооцит сонгогдож, давамгайлах шинжийг олж, овуляцийн өмнөх шатанд шилжинэ. Энэ процесс нь FSH-ийн шүүрэл, түүний зохицуулгын дор явагддаг. Цэврүү хөгжих явцад мөхлөгт эсүүдээс эстрадиол (E2)-ийн нийлэгжил нэмэгдэх ба үүний улмаас FSH-ийн шүүрлийг бууруулах байдлаар зохицуулдаг. Цаашид эерэг эргэх холбооны механизмаар дамжуулж эстрадиол нь LH-ийн шүүрлийн давалгааг бий болгох ба энэ нь овуляцийн процессийг (өндгөн эс гадагшлах) өдөөж, ооцитын мейоз хуваагдал буурахыг өдөөж, шар бие бий болохыг идэвхижүүлж, улмаар шар биеэс прогестрон ялгаруулж эхэлнэ.
Овуляцийн дисфункци нь биений юмны мөчлөгийн давтамж хийгээд хугацааны алдагдлаар тодорхойлогдоно. Хэвийн биений юмны мөчлөг 25-35 хоног үргэлжлэх ба дунджаар 28 хоног байна. Овуляцийн дутмагшил нь үргүйдлийн ихээхэн түгээмэл шалтгаан болдог. Овуляци тохиолдохгүй байх нь анхдагч биений юмгүйдэл (аменоррейя), хоёрдогч биений юмгүйдэл (аменоррейя) юмуу олигоменоррейятай холбоотой байна.
Анхдагч биений юмгүйдэл гэдэг нь 16 настайгаас эсвэл бэлгийн бойжил, хөх ургаснаас 3 жилийн дараа биений юм ирэхгүй байхыг хэлнэ. Хэвийн бус бэлгийн бойжлийн бүрдэлд багтах анхдагч биений юмгүйдэлийг дотор нь хоёр хувааж үздэг. Гипергонадотропик гипогонадизм болон гипогонадотропик гипогонадизм.
Гипергонадотропик гипогонадизм нь ихэвчлэн гонадын хөгжлийн дутмагшилтай холбоотой буюу Турнерийн хамшинжийн үед тохиолдоно. Энэ үед 45,Х кариотиптай, Х хромосом байхгүй байдаг. Эдгээр өвчтөнүүд нь хүүхдэрхэг зан төлөвтэй, биеийн өндөр намхан, хүзүүний илүүдэл арьстай, тохой гадагш эргэсэн зэрэг шинжүүд илэрдэг. Тэдний өндгөвчний оронд ул мөр төдий гонад байх боловч тэд жижиг умай болон хэвийн фаллопийн гуурс, үтрээтэй байна. Энэхүү эмгэгийн үед FSH болон LH-ийн түвшин нэмэгдэж, эстрогений түвшин багассан байдаг. Бусад хромосомын эмгэг өөрчлөлтүүдэд 46,ХХ кариотиптэй боловч нэг Х хромосомын богино юмуу урт гарны хэсэгчилсэн делеци бүхий хэлбэр, мозайцизм (Х/ХХХ, Х/ХХ/ХХХ, цэвэр гонадын дигенези г.м) зэрэг багтдаг. Анхдагч аменорейяд хүргэдэг гипергонадотропик гипогонадизм нь мөн зарим шүлтжүүлэгч хими эмчилгээ, аарцгийн туяа эмчилгээ хийлгэж байсан өгүүлэмжтэй өвчтөнүүдэд ажиглагддаг.
Анхдагч аменоррейя нь мөн GnRH-ийн нийлэгжил хангалтгүй байх, нейротрансмиттерийн гажуудалын улмаас хоёрдогчоор үүссэн гипоталамусын дутагдал (гипогонадотропик гипогонадизм) эсвэл бие даасан гонадотропины дутагдал бүхий өвчтөнүүдэд тохиолддог. Архаг өвчин эмгэгтэй, ихээр стресстдэг, өлөн зэлмүүн байдал болон тэжээлийн хомсдол зэрэг бусад шалтгаанууд байх боломжтой.
Анхдагч аменоррейтай холбоотой бүтцийн өөрчлөлтүүд нь төрөлхийн умайгүй, үтрээ, охин хальсгүй байх зэрэг юм.
Хоёрдогч аменоррей гэдэг нь урьд өмнө биений юм ирдэг байсан эмэгтэйд 6 буюу түүнээс дээш сараар биений юм ирэхгүй болохыг хэлдэг. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд жирэмслэлтийг үгүйсгэх нь зүйтэй. Жирэмслээгүй тохиолдолд энэхүү нөхцөл байдал нь бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, өнчин тархи зэрэг дотоод шүүрлийн үйл ажиллагааны алдагдалтай, дотоод шүүрлийн тогтолцооны хавдаруудтай холбоотой байдаг. Хоёрдогч аменоррейн нэг түгээмэл шалтгаан нь өндгөвчний эртэдсэн дутмагшил юм. Энэ нь өндгөвчний үйл ажиллагаа 40 наснаас өмнө байхгүй болохыг хэлдэг.
Олигоменоррей нь гипоталамус-өнчин тархи-өндгөвч гэсэн холбоосын үйл ажиллагааны алдагдал бөгөөд үргүйдэлтэй холбоотой хамгийн түгээмэл овуляцийн өөрчлөлт юм. Энэхүү өөрчлөлт бүхий өвчтөн нь биений юмны мөчлөг тогтворгүй гэсэн өгүүлэмжтэй байх ба биений юмны мөчлөг 35 хоногоос 2-5 сар хүртэл янз бүр, заримдаа үйл ажиллагааны бус умайн цус алдалттай, юмын юм ирэх хугацаа уртассан байдаг. Өвчтөнүүд нь гиперандрогенизм, батга, биений үс ургадаггүй хэсэгт үсжилт бий болох (нүүр, хацар г.м), үс халцрах зэрэг шинж тэмдэгтэй байж болно. Таргалалттай ихэнх тохиолдолд холбоо хамааралтай байж, таргалалт нь тавиланг улам муутгадаг. Эдгээр өвчтөнүүд үргүй биш боловч тэдний үр тогтох чадвар буурсан, жирэмслэлт таслагдах эрсдэл нэмэгдсэн байдгаас жирэмслэлтийн төгсгөл, үр дүн муу байдаг. Эдгээр эмэгтэйчүүдийн олонхи нь өндгөвчний олон уйланхайт хамшинжтэй байдаг.
Өндөр настай байх
Нас ахих тусам үргүйдлийн тархалт мэдэгдэхүйц нэмэгддэг. Түүнчлэн гэрлэлтийн хугацаанаас хамаарч үр тогтолт буурдаг. Учир нь бэлгийн харьцаанд орох нь харьцангуй цөөрч, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл хэрэглэж эхэлдэг байна. Мормон хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар 36 нас хүртэл тогтвортой байж, 40 нас хүртэл аажим буурч, 42 наснаас огцом багасдаг ажээ. Түүнчлэн Хойд Америкийн Hutterite хүн амын дунд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэлийг буруушааж үздэгээс 34 наснаас хойш үргүйдэл 11%, 40 наснаас хойш 33%, 45 наснаас хойш 87% байдаг ажээ.
In vitro үр тогтоолт хийсэн олон тохиолдолуудаас ижил төстэй үр дүнгүүд гарсан байдгийг дурьдвал: хромосомын гажуудал болон ооцитын чанар муу байх гэсэн 2 жишээ нь хөврөлийн амьдрах чадвар муу байх, хөврөлийн бэхлэгдэлт муудах, зулбалт нэмэгдэх зэргийн шалтгаан болдог ажээ. Донорын ооцитыг ашигладаг хөтөлбөрүүдэд хийсэн анализаар залуу өвчтөнүүд (21-30 настай)-ийн ооцит ашигласан настай реципиентүүдийн жирэмслэлтийн хувь assisted reproductive technologies (ART) ашигласан залуу өвчтөнүүдийнхтэй адил байжээ.
Үргүйдэлд хүргэх умайн гуурсны хүчин зүйлс
Фаллопийн гуурс нь нөхөн үржихүйд чухал үүрэг гүйцэтгэдэг. Овуляци болсоны дараа фимбри ооцитыг cul-de-sac-д хуримтлагдсан хэвлийн хөндийн шингэнээс шүүрч авна. Хучуур эдийн сормуусууд ооцитыг умайн гуурс (Фаллопийн гуурс)-ны өргөссөн хэсэг рүү зөөвөрлөдөг. Үр тогтоох чадвартай сперматозоа эвэрлэг хэсгийг дамжин эндометриас зөөгдөж улмаар Фаллопийн гуурсны өргөссөн хэсэгт ирснээр үр тогтолж явагдана. Хөврөл хуваагдалын эрт шатанд хөдөлгөөнд орж эхлэх ба бластоцистын шатандаа умайн хөндийд ирдэг (овуляци болсоноос 96-120 цагийн дараа).
Фаллопийн гуурсны эмгэг өөрчлөлт болон гэмтэл нь нөхөн үржихүйд саад болох ба умайн гаднах жирэмслэлтийн гол буруутан болдог. Фаллопийн гуурсны дистал хэсгийн бөглөрөлтийн улмаас хэвийн үед гуурснаас шүүрэх шүүрэл хуримтлагдаж гуурс чинэрч, тэлэгдэх ба үүний үр дүнд хучуур эдийн сормуус гэмтдэг (гидросальпинкс).
Үргүйдэлтэй холбоотой бусад умайн гуурсны хүчин зүйлүүд нь төрөлхийн юмуу олдмол аль аль шалтгаантай байж болно. Фаллопийн гуурс төрөлхийн байхгүй байх нь умайд аяндаа бий болсон торсионы улмаас үхжил, реабсорбци явагдсаны улмаас бий болно. Гуурсыг сонгомлоор боох, сальпингоэктоми нь олдмол шалтгаан болдог.
Үргүйдэлд хүргэх хэвлийн хөндийн хүчин зүйлс
Умай, өндгөвч, Фаллопийн гуурс зэрэг нь хэвлийн хөндийн ижил зайд хамтран оршдог. Хэвлийн хөндийн анатомийн гажиг, физиологийн үйл ажиллагаа алдагдах үүнд халдвар, адгези, өндгөвчний масс зэрэг нь үргүйдлийн шалтгаан болж болдог. Аарцгийн үрэвсэлт эмгэг, аарцгийн хөндийн урьд өмнөх мэс заслаас хоёрдогчоор үүссэн хэвлийн хөндийн наалдац, эндометриоз, өндгөвчний уйланхайн урагдал зэрэг нь Фаллопийн гуурсны хөдөлгөөнийг алдагдуулах эсвэл фимбрид хориг үүсгэснээр гидросальпинксийг үүсгэдэг. Том миома, аарцгийн масс, cul-de-sac-ийн хориг зэрэг нь хэвлийн шингэн хуримтлахыг саатуулах ба ооцитыг шүүрч авах хэвийн механизмыг саатуулдаг. Өндгөвч орчмын наалдац өндгөвчийг бүрхсэн капсул үүсгэснээр овуляцийн үед өндгөвчнөөс ооцит чөлөөлөгдөх хэвийн процессийг саатуулснаар үргүйдэлд хүргэх механик хүчин зүйл болдог.
- Аарцгийн үрэвсэл өвчнүүд
- Өнгөрсөн зуунд заг хүйтэний халдвартай холбоотой аарцгийн үрэвсэлт өвчин нь түгээмэл байв. Өнөө үед заг хүйтэн умайн гуурсны эмгэгийн үед чухал үүрэгтэй байгаа боловч хламид давамгайлах шинжтэй болж байна.
- Westrom аарцгийн үрэвсэлт өвчинтэй гэж оношлогдсон, энэ нь лапароскопийн шинжилгээгээр батлагдсан Швед эмэгтэйчүүдэд үргүйдэл 21% байгааг тогтоожээ.
- Аарцгийн үрэвсэлт эмгэгээр дахин давтан өвдөх нь Фаллопийн гуурс гэмтэх магадлалыг нэмэгдүүлдэг ба анхны удаад энэ нь 34% байдаг бол хоёр болон гуравдахь удаагаа өвдсөн эмэгтэйчүүдэд 54% болж нэмэгдсэн байдаг.
- Аарцгийн үрэвсэлт эмгэг нь эмнэлзүйгээр оношлогдож умайн хүзүүний ялгадсын өсгөвөр, заг хүйтэн, халамидыг илрүүлэх серологийн эсрэгбие ашигласан шинжилгээгээр батлагддаг.
- Олонхи тохиолдолд аарцгийн цочмог үрэвсэл эмгэгийн дараа давтан үзүүлдэггүйн улмаас хэдэн жилийн дараа гистеросальпингограм юмуу лапароскопийн шинжилгээгээр умайн гуурсны бөглөрөл тохиолдолын байдлаар илэрдэг нь урьд өмнө өвчилж байсныг илтгэх үзүүлэлт болдог байна.
- Эндометроз
- Эндометроз нь үл мэдэгдэх, нууцлаг өвчин хэвээр байгаа бөгөөд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд үүнд өртдөг.
- Өвчтөний нас нэмэгдэх, цөөн төрөхтэй холбоотой тохиолдол нэмэгдэнэ.
- Өвчний үүсэл хөгжлийг урьдчилан хэлэх боломжгүй. Аарцгийн өвдөлт болон нөхөн үржихүйн алдагдал зэрэг нь эндометриоз бүхий өвчтөнүүдийн хэлдэг голлох 2 зовиур байдаг.
- Эндометрозод зориулагдсан генийн гажиг тогтоогдоогүй байгаа боловч эндометрийн эдэд хромосомын гажиг ажиглагддаг, гэр бүлд эндометрозын өгүүлэмжтэй тохиолдолд эрсдэл 7 дахин нэмэгддэг зэрэгт үндэслэн генетикийн холбоо хамааралтай байж болно хэмээн үздэг.
- Эндометрозын гэмтэл нь микроскопи болон макроскопид харагдах байдал хүртэлээ янз бүр байна. Сонгодог эндометроз нь хар-хөх өнгийн нөсөө маягийн харагдах ба давсагны хэвлийн хөндийн гадаргуу, өндгөвч, Фаллопийн гуурс, cul-de-sac болон гэдэс зэргийг хамарсан байж болно. Сонгодог бус эндометроз улаан, бор шаргал эсвэл цагаан өнгийн гэмтэл болон цэврүү байдалтай харагдана. Эцсийн оношийг биопсигоор авсан эдэд эндометрийн строма болон булчирхай тодорхойлогдсоноор батлагдана.
- Анхдагч болон хоёрдогч үргүйдлийн үеийн эндометрозын тохиолдол хүн амд янз бүр байна.
- Хүнд эндометроз нь Фаллопийн гуурсны гэмтэл болон өндгөвчний наалдацад хүргэснээр үргүйдлийн илэрхий шалтгаан болно. Бага зэргийн, хөнгөн эндометроз үргүйдлийн шалтгаан болдог эсэх нь маргаантай байсаар байна.
- Бага зэрэглэлийн, хөнгөн эндометроз нөхөн үржихүйг бууруулдаг болохыг дараах механизмуудаар тайлбарладаг.
- Хэвлийн хөндийн макрофагууд нэмэгдсэнээр спермийн фагоцитоз нэмэгддэг
- Сперм zona pellucidа-д холбогдох нь буурах
- Хэвлийн хөндийн лимфоцитийн пролифераци
- Цитокины түвшин нэмэгдэх
- Иммуноглобулины нийлэгжил нэмэгдэх
- Хөврөлийг хордуулах хор бий болох
- Natural killer эсийн гажуу идэвхижил
- Эндометроз нь шар биеийн шатны дутагдал, олиго овуляци, шар бие болсон боловч хагараагүй цэврүүний хамшинж зэрэг өндгөн эс ялгаралын өөрчлөлттэй холбоотой байдаг. Аарцгийн өвдөлт эндометрозын үед түгээмэл шинж тэмдэг болох боловч зарим өвчтөнүүдэд оношилгооны зорилгоор үргүйдлийг үнэлэхээр лапароскопи хийхэд тохиолдолоор оношлогддог байна.
Үргүйдэлд хүргэх эрэгтэйн хүчин зүйл
Үргүйдэлд хүргэх эрэгтэйн хүчин зүйлийг дотор нь төмсөгнөөс өмнөх, төмсөгний, төмсөгний дараах шалтгаантай гэж хувааж үздэг.
Төмсөгний өмнөх хүчин зүйлс
Үргүйдэлд хүргэх төмсөгний өмнөх хүчин зүйлд гипоталамус, өнчин тархи, нөхөн үржихүйн захын эрхтэнүүдийн төрөлхийн болон олдмол өвчин эмгэг багтах бөгөөд эдгээр нь гипоталамус-өнчин тархины холбоог гэмтээдэг. Эдгээр эмгэгүүдэд шалтгаан тодорхойгүй гипогонадотрофик гипогонадизм, пролактинома, гонадотропины дутагдал болон Кушингийн өвчин орно.
Төмсөгний хүчин зүйлс
Төмсөгний хүчин зүйлс нь удамшлын болон удамшлын бус байж болно. Клайнфельтерийн хамшинж нь эрэгтэйчүүдийн үргүйдэлд хүргэх хамгийн түгээмэл хромосомын шалтгаан болох ба энэ нь төмсөгний анхдагч дутмагшлын үр дүн байдаг. Удамшлын бус хүчин зүйлст эмүүд, туяа, халдвар, гэмтэл болон варикоцеле орно.
Наслалт мөн эрэгтэйчүүдийн нөхөн үржих чадварт нөлөөлнө. Эрчүүд насжих тусам тестостероны түвшин буурч, гонадотропины түвшин нэмэгдэж, спермийн концентраци болон үрийн шингэний хэмжээ өөрчлөгдөж, сексийн дур сонирхол буурдаг. Насжих тусам эмэгтэйчүүдийн нөхөн үржих чадвар илэрхий буурдагтай харьцуулбал эрэгтэйчүүд нөхөн үржих чадвараа хадгалсаар байдаг.
Төмсөгний дараах хүчин зүйлс
Төмсөгний дараах хүчин зүйлсийн улмаас сперм сувганцарт системээр хэвийн зөөгдөх боломжгүй болсон байна. Эдгээр хүчин зүйлс нь төрөлхийн юмуу олдмол байж болно. DES хэрэглэж байсан эмэгтэйтэй бэлгийн харьцаанд ордог байсан эрэгтэйчүүд сувганцарын бөглөрөлтэй болсон байдаг ажээ. Уйланхайт хатуурал өвчтэй эрэгтэйчүүд төрөлхийн хоёр талын vas deferens-гүй байх нь ажиглагддаг. Түүнчлэн халдвар, мэс заслын процедур болон гэмтэл зэрэг нь сувганцарын бөглөрлийн шалтгаан болж болно.
Хоёр хүйсэнд хоёуланд нь нөлөөлөх хүчин зүйлс
Хүрээлэн буй орчин болон мэргэжлээс шалтгаалах хүчин зүйлс
Үргүйдэлд хүргэх хүрээлэн буй орчны хүчин зүйлст анхаарал хандуулах байдал өсөн нэмэгдсээр байна. Үрийн шингэнд хийгдсэн 1985 оны анализыг 1960 оны анализтай харьцуулахад түүнд агуулагдах спермийн концентраци 20%-иар буурсан байжээ.
Хэт их туяаны нөлөөлөл нь хөврөлийн эсүүдийг гэмтээдэг. Хар тугалга, бусад хүнд металл, пестицидтэй харьцах зэрэг нь эрэгтэйчүүдийн үргүйдэлтэй холбоотой байна. Хэт их дулаан, богино долгион, хэт авианы нөлөөлөл зэргийг үргүйдэлийг өдөөгч хүчин зүйлс гэж үзэх байдал бий болсоор байна.
Тамхи, марихуан болон бусад эмүүдийн хорт нөлөөлөл
Эрэгтэй, эмэгтэй аль ч хүйст тамхидалт нь үргүйдэлтэй холбоотой байдаг. Туршилтын амьтдад никотин, олон цагирагт ароматик нүүрсус нь сперматогенезийг хориглож, төмсөгний хэмжээг багасгадаг ажээ. Эмэгтэйчүүдэд тамхи нь умайн хүзүүний салс, хучуур эдийн сормуусын хөдөлгөөнийг алдагдуулах ба гаметийн зөөвөрлөлтөд нөлөөлдөг.
Марихуан болон түүний метаболит болон делта-9-тетрагидроканабинол нь LH болон FSH-ийн ялгаралыг бууруулж улмаар эмэгтэйчүүдэд овуляцийн өөрчлөлт, шар биеийн шатны дисфункци зэргийг өдөөдөг байна. Марихуаны хэрэглээ нь эрэгтэйчүүдэд спермийн тоог бууруулах, чанарыг муутгах байдлаар нөлөөлдөг. Геройн, коккаин хэрэглэх нь үүнтэй адил үр нөлөөг өдөөдөг ба аарцгийн үрэвсэл эмгэг, ХДХВ-ийн халдварын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Архаг архидалт өндгөвчний дисфункцийг өдөөдөг ба улмаар нөхөн үржихүйд нөлөөлнө. Эрэгтэйчүүдэд архи хэрэглэх нь тестостероны нийлэгжилд нөлөөлж, спермийн концентрацийг бууруулна. Архидалт мөн бэлгийн сулралын шалтгаан болдог.
Дасгал хөдөлгөөн
Дасгал хөдөлгөөн нь биемахбодийн хэвийн, идэвхитэй байдлын нэг хэсэг болдог. Хэдий тийм ч дааж давшгүй их дасгал хөдөлгөөн хортой, ялангуяа алсын зайн гүйгчдэд. Гүйлт нь эндорфины ялгаралыг идэвхижүүлэх ба хэт их эндорфин ялгарах нь FSH болон LH-ийн хэвийн нийлэгжилд нөлөөлж, овуляцийн өөрчлөлтүүд болон шар биеийн шатны дисфункцийг өдөөдөг. Үүний улмаас хөврөл бэхлэгдэхгүй байх, эхний гурван сард зулбах шалтгаан болдог. Эрэгтэйчүүдэд хэт их дасгал хөдөлгөөн нь олигоспермитай холбоотой байна.
Хэт их турах, тураал
Нэгдсэн Улсад таргалалт нь эрүүл мэндийн гол чухал асуудал болдог. Хэт их таргалах, хэт их турах зэрэг жингийн өөрчлөлтийн аль аль нь нөхөн үржихүйд нөлөөлнө. Анорексийн неврозтой холбоотой жин алдалт юмуу булеми нь гипоталамусын гаралтай аменоррейг өдөөнө. Таргалалт ановуляци болон олигодисменоррейтай холбоотой байж болдог. Эрэгтэйчүүдэд таргалалт нь спермийн чанар муудахтай холбоотой байна.
Эх сурвалж:
http://emedicine.medscape.com/article/274143-overview#a1
http://emedicine.medscape.com/article/274143-overview#aw2aab6b3
Эх сурвалж:
http://emedicine.medscape.com/article/274143-overview#a1
http://emedicine.medscape.com/article/274143-overview#aw2aab6b3
0 сэтгэгдэл:
Post a Comment
Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team