Health News from Medical News Today


Tuesday, June 19, 2012

Зүрхний хэт авиан шинжилгээний өнгөт атлас: Парастернал богино тэнхлэгийн харалт

Эрхэм хэрэглэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. 

www.imedinfo.org сайтын хамт олон хэрэглэгч, уншигч та бүхэндээ дэлхийн бусад орнуудад анагаах ухааны чиглэлээр бичигдсэн ном, гарын авлагуудыг орчуулан хүргэх ажлыг хийж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн төдийгүй эргээд харахад бид бүхэн хэрэглэгч нарынхаа хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээлүүдийг цувралаар орчуулан хүргэсэн байна. 

Бид өнгөрсөн он болон энэ оны эхний хагаст АНУ-д эмчлэх эрх авахад өгдөг USMLE шалгалтын албан ёсны гарын авлагыг цуврал байдлаар орчуулан хүргэсэн нь манай оронд анагаах ухааны чиглэлээр суралцдаг, ажилладаг эмч, оюутнуудыг талархал сайшаалыг хүлээсэн бүтээл болсонд бид баяртай байдаг юм. 

Түүнчлэн бид "Яаралтай тусламжийн эмч нарт зориулсан ЭКГ" хэмээх олон улсын эмч нарт хэдийн танил болсон бүтээлийг орчуулж дуусаад одоогийн байдлаар редакторын түвшинд явж байгаа бөгөөд тун удахгүй номын худалдаагаар дамжуулж та бүхний гарт хүрэх болно. 

Энэ удаад бид бүгдийн зүгээс зүрхний хэт авиан шинжилгээнд анхлан суралцагчдад зориулсан "Эхокардиографийн өнгөт атлас" номыг орчуулан та бүхэнд өргөн барьж байна. Тус ном нь эхокардиографийн чиглэлээр суралцаж буй эмч нарт шинжилгээг хэрхэн гүйцэтгэх арга аргачлал, өвөрмөц өвчнүүдийн үед хэрхэн эхокардиографийн шинжилгээг хийх зэрэг өргөн хүрээний мэдээллийг өндөр чанартай зураг, дүрслэлийн хамт хүргэж байгаа тул анхлан суралцаж буй хүн бүрийн гарын доорхи ном болно байх гэж бид найдаж байна. 


Monday, June 18, 2012

Атеросклероз үүсэх эмгэг жамын онолууд

Тодорхойлолт
Америкийн Зүрхний Нийгэмлэгийн (2002) дурьдсанаар атеросклероз нь судасны ханын зузаарал болон хатуурлаар тодорхойлогддог том болон дунд голчтой артериудын эмгэг юм. Энэ үед товруу гэж нэрлэх субстанци артерийн судасны дотор давхаргад хуримтлагддаг. Хугацаа өнгөрөх тусам энэхүү хуримтлал артерийн судсыг хангалттай хэмжээгээр нарийсгах улмаар цусны урсгалыг ач холбогдол өгөхүйцээр бууруулах хэмжээнд хүртэл томорно. Атеросклероз зүрхийг цусаар хангадаг артерийг хамарсан байгаа үед эцэстээ зүрхний булчингийн цусан хангамжийг хязгаарласнаар зүрхний өвдөлт (бах), зүрхний агшилт жигд бус болох (хэм алдагдал) болон бусад асуудлуудын шалтгаан болдог. Товруу нь мөн амархан задарч, шархалж болдог. Шархалсан товруун дээр бүлэн (тромбо) бүрэлдэж болох ба ингэснээр артерийн судсыг бөглөх эсвэл задарч биеийн бусад хэсэг рүү зөөвөрлөгдөж болдог (эмболи). Аль нэг нь тохиолдоход зүрхийг тэжээдэг судсыг (титэм артери)-д бөглөрөл үүсгэж улмаар миокардийн шигдээс бий болно. Хэрэв атеросклероз тархийг тэжээдэг артерийг хамарсан байвал тухайн хүнд түр зуурын ишемийн дайрлага (TIA) юмуу харвалт бий болно. Хэрэв гар эсвэл хөлний цусан хангамж буурвал энэ нь алхах, гараа хөдөлгөхөд бэрхшээлтэй болгох ба улмаар үхжил үүсгэдэг. 

Sunday, June 17, 2012

Нярайн цус задрах эмгэг

Нэг зүйлийн доторх хоорондоо ялгаатай бодьгалиуд дахь дасан зохицох дархлааны хариу урвалын ялгаа

Дасан зохицох дархлааны хариу урвал нь сээр нуруутны зүйлд бичил организмын эсрэг хамгаалах зорилгоо үүсч бий болсон байдаг. Хэдий тийм ч “өөрийн бус” гэж танигдсан ямарваа зүйлс энэхүү хариу урвалын бай болох ба энэхүү хариу урвал нь нэг зүйлийн доторх биемахбодиудын хоорондох молекулын ялгаатай байдал руу мөн чиглэсэн байна. Тухайн эсрэгбие зүйлийн зарим гишүүдэд илэрдэг боловч бусад гишүүдэд илэрдэггүй эсрэгтөрөгч шинж чанартай детерминантын эсрэг чиглэсэн байхыг полиморф хувилбарын илрэл гэх ба эдгээр детерминантуудын эсрэг чиглэсэн эсрэгбиеүдийг алло-эсрэгбиеүд гэнэ. Магадгүй хамгийн сайн мэддэг алло-эсрэгбиеүд нь бидний цусны бүлгийг тодорхойлоход ашигладаг эсрэгбиеүд юм. А бүлгийн улаан эс агуулсан хүмүүс В бүлгийн цустай хүмүүсийн улаан эстэй харилцан үйлчилдэг алло-эсрэгбиеийг агуулсан байдаг. АВ бүлгийн улаан эс агуулсан хүмүүст алло-эсрэгбие байхгүй ба О бүлгийн улаан эстэй хүмүүст А болон В бүлгийн улаан эсийн аль алинтай нь харилцан үйлчлэх эсрэгбиеүд агуулагдаж байдаг (Зураг 19.1). Эдгээр алло-эсрэгбиеүд нь бодит байдалд бидний гэдсэнд байршдаг грам сөрөг бактериудын бүрхүүлд агуулагдах эсрэгтөрөгчөөс үүсдэг. Ийм төрлийн эсрэгтөрөгчүүд нь цусны АВО бүлгийн нүүрс-устөрөгч бүтэцтэй эсрэгтөрөгчтэй солбицон урвалд ордог эсрэгбиеүдийг идэвхижүүлдэг. 

Friday, June 15, 2012

Харшил ба зүрх судасны тогтолцоо

Хураангуй: Харшилт эмгэгүүдийн хамгийн аюултай, аминд халтай илрэл нь анафилакс ба энэ нөхцөл байдлын үед эмнэлзүйд илэрч буй голлох шинж тэмдэгүүд ба аминд аюултай үр дагаварт хүргэх зэрэгт зүрх судасны тогтолцоо гол үүрэгтэй байдаг. Зүрх нь харшлийн урвалын үед чөлөөлөгддөг химийн медиаторуудын эх сурвалж хийгээд бай эрхтэн болдог. Шигүү мөхлөгт эсүүд хүний зүрхэнд ихээр байршдаг ба ингэхдээ томоохон титэм артериудын адвентицийн эргэн тойронд болон жижиг интрамурал судаснуудтай ойрхон харьцах боломжтой байдлаар давамгайлж байрладаг. Зүрхний шигүү мөхлөгт эсүүд харшил төрүүлэгч (аллерген), хавсаргын хүчин зүйлс, ерөнхий мэдээгүйжүүлэгч болон булчин сулруулагч зэрэг янз бүрийн өдөөгчдийн нөлөөгөөр идэвхижих боломжтой. Дархлааны гаралтай идэвхижсэн хүний зүрхний шигүү мөхлөгт эсүүдээс ялгарсан медиаторууд ховдолын үйл ажиллагаа, зүрхний хэм болон титэм артерийн тонуст хүчтэй нөлөөлдөг. Гистамин, цистейнил лейктриенүүд болон ялтас идэвхижүүлэгч хүчин зүйл (PAF) нь сөрөг инотроп нөлөө үзүүлэх ба миокардийн депрессийг өдөөж энэ нь анафилаксийн шокийн эмгэг жамыг ач холбогдол өгөхүйц дэмжиж өгдөг байна. Түүгээр зогсохгүй зүрхний шигүү мөхлөгт эсүүд хэсэг газарт ангиотензины тогтолцоог идэвхижүүлдэг химаза болон ренинийг ялгаруулдаг ба ингэснээр цаашид артериолын судас нарийсалтыг өдөөдөг. Ишемийн гаралтай зүрхний эмгэгтэй болон тэлэгдэлийн кардиомиопатитай өвчтөнүүдэд зүрхний шигүү мөхлөгт эсүүдийн тоо болон нягтшил нэмэгдсэн байдаг. Энэ байдал нь яагаад эдгээр нөхцөл байдлууд аминд аюултай анафилаксын эрсдэлт хүчин зүйлс болдогийг тайлбарлахад тусалж болох юм. Зүрхний шигүү мөхлөгт эсийн идэвхижилд оролцдог механизмыг сайтар ойлгох нь системийн анафилаксаас сэргийлэх, түүнийг эмчлэхэд түлхэц болох юм. 

Түлхүүр үг: Анафилакс, зүрх, шигүү мөхлөгт эс, медиаторууд

Tuesday, June 12, 2012

Гистамин, Шигүү мөхлөгт эс ба Зүрхний дутагдал: Энд ямар нэг холбоо хамаарал байгаа юу?

Бид олон жилийн өмнөөс гистамины рецептор зүрхэнд байдаг тухай мэддэг билээ. 1990-ээд оны эхээр хүний Н1 болон Н2 рецепторуудыг тодорхойлсон байдаг бол үүний араас хэдэн жилийн дараа Н3 болон Н4 рецепторуудыг тодорхойлсон байдаг. Гистамин нь байгалиас биемахбодийн бүхий л хэсгүүдэд тодорхойлогддог биемахбодий бүрэлдэхүүн хэсэг болдог ба ялангуяа төв мэдрэлийн систем, шигүү мөхлөгт эс, ходоодны салст болон базофиль эсэд илүүтэй тодорхойлогддог. Н1 рецептор нь Gα-q11-тай холбогдсоноор олон тооны эсийн доторхи дохио дамжилтыг идэвхижүүлдэгийн дотор цагирагт аденозин монофосфат (цАМФ) болон цагирагт гуанозин монофосфат (цГМФ) багтдаг. Зүрхэнд гистамин нь Н1 рецептороор дамжуулж тосгуур-ховдолын зангилааны сэрэл дамжуулах хугацааг удаашруулдаг. Мөн Н2 гистамины рецептор зүрхэнд тодорхойлогддог ба Gα-s уурагтай холбогдож цАМФ-аар дамжуулж хронотропик болон инотропик идэвхижүүлэх нөлөө үзүүлнэ. Н2 гистамины рецептор нь мөн даралт буурах, нүүр халуу оргиж улайх, толгой өвдөх, ходоодны хүчил ялгарал нэмэгдэх, судасны нэвчимхий чанар ихсэлтийг дэмжиж өгдөг. Тиймээс мөн чанартаа гистамин бол жинхэнэ мэдрэлийн гаралтай даавар юм. 

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл