Health News from Medical News Today


Monday, July 13, 2009

TGN 1412 моноклон эсрэгбиеийн туршилт

Würzburg/London (2006 оны 3 сар) - Лондон дахь хувийн судалгаа, шинжилгээний төвийн туршилтад оролцсон 6 хүн хүндээр өвчилжээ. Тэд Германд үйлдвэрлэсэн эмийн бодисыг туршилтандаа хэрэглэсэн байна. "Туршилтанд оролцсон хоёр эрэгтэйн биеийн байдал маш хүнд, харин үлдсэн дөрвөн хүний биеийн байдал сайжирч байна" гэж Лондоны Northwick Park эмнэлгийнхэн мэдээлжээ. Өвчтөнүүд дээрх эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж эмчлүүлж байгаа юм байна.
Урьд нь эрүүл саруул байсан 18 - 40 насны эдгээр эрчүүд Америкийн Parexel International нэртэй хувийн судалгааны төвийн туршилтад оролцсон байна. Дээрх судалгааны төв туршилтандаа Германы Würzburg хотын TeGenero фирмд үйлдвэрлэсэн "TGN 1412" эмийн бодисыг хэрэглэсэн ажээ. Энэ эмийн бодисыг мултисклероз зэрэг автоиммун өвчин, ревматоид артрит, зарим лейкеми өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэхээр гаргаж авсан бөгөөд судалгааны нэгдүгээр шатны хүрээнд анх удаа хүн дээр туршсан байна.
Туршилтанд оролцогсод энэ эмийн бодисыг хэрэглэсэнээс хэдхэн цагийн дараагаар хүндээр өвдөж, бүх бие нь хөөж хавдсан байна гэж BBC -ийн ажилтан мэдээлжээ. Эмч нарын ярьж байгаагаар дээрх шинж тэмдэг нь "үрэвслийн реакц" бөгөөд энэ нь дотоод эрхтэнүүдийн дутагдалд хүргэдэг байна. Эсрэг биеийн нэг хэсэг нь "хүний бус" гаралтай учраас дархлалын систем түүнийг "харийн" гэдгийг таньсанаар олон эрхтнүүдийн функц нэг дор алдагдахад хүрэх вий гэж болгоомжилж байсан нь бодитой болсон байна.

Клиникийн өмнөх судалгаагаар дээрх гаж нөлөө ердөө илрээгүй гэж Parexel International судалгааны төвийнхөн болон TeGenero фирмийнхэн өөрсдийгөө хамгаалсаар байна. "Эмийн бодисын туршилтын үед ийм сөрөг реакц гарах нь тун ховор. Энэ бол маш азгүй, ер бусын тохиолдол боллоо. Бид судалгааны үед бүх л заавар, дүрмийг маш сайн баримталсан" гэж төвийн төлөөлөгч онцлон дурьджээ.

Энэ судалгааг анагаах ухаан, эрүүл мэндийн халамжийг зохицуулах товчооноос (Medicines and Healthcare products Regulatory Agency, MHRA) зөвшөөрсөн бөгөөд хүндрэл гарсаны дараагаар судалгааны ажлыг зогсоож, бусад орнуудын зөвшөөрөл олгодог байгууллагуудад мэдэгдсэн байна.

Германы Langen хотын Paul-Ehrlich институтын хэлсэнээр Parexel International нь өмнө нь Германд дээрх "TGN 1412" эмийн бодисыг турших зөвшөөрөл авахаар өргөдөл өгч байсан бөгөөд зарим нэг учир дутагдалтай зүйлүүдийг шинэчилж, зассанаар туршилт явуулах зөвшөөрлийг авч байжээ. Гэсэн хэдий ч Parexel International -ийнхэн Германд туршилтаа явуулахаа больсон байна.

Бичсэн: monmedline

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив