Health News from Medical News Today


Sunday, January 23, 2011

Жирэмсэний даралт ихсэх эмгэгүүд


Жирэмсэний даралт ихсэх эмгэгүүд нь эхийн болон перинатал нас баралт, урхаг үлдэлтийг дэмжигч гол хүчин зүйл болдог. Эдгээр нь эхэд ихэс салалт, судсанд цус түгмэл бүлэгнэх хамшинж (DIC), бөөрний дутагдал, элэгний дутагдал, төв мэдрэлийн системийн цус алдалт болон харвалтын шалтгаан болдог. Ураг болон нярайн зүгээс гарах хүндрэлд өсөлт хязгаарлагдах, эрт төрөх болон перинатал нас баралт ордог. Centers for Disease Control (CDC)-оос сүүлд мэдээлснээр преэклампси/эклампси нь Нэгдсэн Улс дахь эхийн нас баралтын гуравдугаарт орох шалтгаан болж байгаа ба энэ нь голчлон төв мэдрэлийн системийн цус алдалтаас болдог. Жирэмсэн үеийн даралт ихдэх хавсарсан өөрчлөлтүүдийн тархалт судалгаанд оролцсон хүн ам болон ашигласан шалгуураас хамаарч 12-22%-ийн хооронд янз бүр байдаг. Харин преэклампси/эклампси хамшинж нийт жирэмсэнд ойролцоогоор 5-8% тохиолддог. 
 
АНГИЛАЛ БА ТОДОРХОЙЛОЛТ

Даралт ихсэх эмгэгүүдийн ерөнхий ангилалд Working Group Report on High Blood Pressure in Pregnancy (2000)-ийн зөвлөмжийг ашигладаг ба үүнийг American College of Obstetricians and Gynecologists (ACOG)-оос 2002 онд зөвшөөрсөн байдаг.

Цусны даралтын үзүүлэлт эхийн байрлал болон жирэмсэний хугацаа зэргээс хамаарч янз бүр байдаг. Эхийн цусны даралт зүүн хажуу байрлалд бага байх хандлагатай байдаг бол суугаа байрлалд өндөр байдаг. Дээш харж хэвтсэн байрлалд зарим жирэмсэн эмэгтэйчүүдэд даралт нэмэгдсэн байдаг бол бусдад нь дээш харсан байрлалд доод хөндийн вен умайгаар дарагдсанаас гипотензи бий болдог. Байрлалын өөрчлөлтөөс гадна цусны даралт хэвийн үед жирэмсэний эхний болон хоёрдугаар гурван сард буурдаг ба гуравдугаар гурвсан сард жирэмсэний өмнөх түвшинөөс өсдөг.
Систолын цусны даралт 140мм м.у.б-аас их юмуу тэнцүү, диастолын цусны даралт 90мм м.у.б-аас их юмуу тэнцүү өвчтөнд даралт ихдэлт гэсэн оношийг сэжиглэнэ. Цусны даралтын үзүүлэлтийг эмэгтэйг хамгийн багадаа 10 минут амруулсаны дараа суугаа байрлалд хэмжих нь зүйтэй. Артерийн даралтыг мөн хажуугаар хэвтсэн байрлалд хэмжижи болох боловч үзүүлэлтийг баруун тосгуурын түвшинд хэмжих нь зөв хэмжигддэг. Эмнэлэгт хэвтэж буй өвчтөнд суугаа болон хажуугаар хэвтсэн байрлалын аль аль үзүүлэлтийг ашигладаг. Цусны даралтыг хэмжих манжетийн урт хамгийн багадаа бугалганы 1.5 дахин тойрох хэмжээний байх нь зүйтэй ба диастолын даралтыг тодорхойлоход тавдугаар Коротковын авиаг ашиглана. 
 
ПРЕЭКЛАМПСИ/ЭКЛАМПСИ

Преэклампси нь зөвхөн жирэмсэнтэй холбоотой илэрдэг хамшинж бөгөөд жирэмсэний сүүлийн хагаст даралт ихсэлт болон протейнури шинжээр илэрдэг эмгэг юм. Преэклампсийг сонгодогоор эхний жирэмслэлтэд тохиолддог эмгэг гэж авч үздэг боловч олон төрсөн эмэгтэйд мөн тохиолдож болох ба ялангуяа хэрэв ихэр урагтай, чихрийн шижинтэй болон архаг даралт ихсэлттэй зэрэг урьдал хүчин зүйл байгаа бол олон төрсөн эмэгтэйд ч тохиолдож болно. Преэклампси жирэмсэний хоёрдугаар гурван сарын эхэн үед үүсч байвал hydatidiform mole болон хориокарцинома байж магадгүй гэж авч үзнэ.
Преэклампсиг оношлоход дараах хоёр шалгуур амин чухал: 1). Өмнө нь цусны даралт хэвийн байсан эмэгтэйд жирэмсэний 20 долоо хоногийн дараа даралт ихсэлт бий болсон эсэх (систолын цусны даралт 140мм м.у.б эсвэл диастолын цусны даралт ≥90мм м.у.б) 2). Протейнури, 24 цагийн шээсэнд ≥0.3г уураг тодорхойлогдох. Энэ нь ихэвчлэн шээсний шинжилгээний 1+ гэсэн үзүүлэлттэй тохирдог.
Өнгөрсөн үед систолийн цусны даралт 30мм м.у.б-аар нэмэгдэх эсвэл диастолын цусны даралт 15мм м.у.б-аар нэмэгдэхийг преэклампсийн шинж гэж авч үздэг байсан. Учир нь урьд өмнө нь жирэмсэний гуравдугаар гурван сард цусны даралт физиологийн байдлаар нэмэгддэг гэж үздэг байсан ба жирэмслэхээс өмнөх цусны даралтын суурь үзүүлэлтийн талаарх нарийн тодорхой, өргөн хэрэглэгддэг үзүүлэлт байгаагүй. Хэрэв цусны даралт 140/90мм м.у.б-аас доош хэвээр байвал энэхүү өсөлт нь оношлогооны ач холбогдолгүй юм. Хэдий тийм ч үүнийг үл харгалзан цусны даралтын өсөлтийг анхаарч байх нь зүйтэй ба учир нь энэхүү өсөлт нь бүрэн преэклампсийн хамшинж үүсэх урьдал нөхцөл болдог. Доод мөчдийн хаван нь хэвийн жирэмслэлтийн үед ихээхэн түгээмэл. Гар болон нүүрний хаван нь илүүтэй преэклампситай холбоотой байдаг боловч хэрэв үүнийг даралт ихсэлт болон протейнури дагалдаагүй бол энэ нь преэклампси хамшинжийн оношийн ач холбогдолгүй.
Преэклампси нь дотроо даралт ихсэлтийн хүндийн зэрэг, протейнурийн хэмжээ болон бусад эрхтэн систем өртөгдсөнөөс хамаарч хөнгөн болон хүнд гэсэн хэлбэрүүдэд хуваагддаг. 15-2 хүснэгт дэхь жагсаалтууд нь хүнд преэклампсийн оношилгоонд зориулсан өвөрмөц шалгуур юм. Хэрэв преэклампси бүхий эмэгтэйд энэхүү хүснэгтийн жагсаалт дахь ямар нэг шинж тэмдэг илэрсэн бол тэрээр хүнд эмгэгтэй байх ихээхэн магадлалтай бөгөөд энэ нь эхийн болон перинатал нас баралт их байхтай холбоотой байна.
Урхаг үлдэлт өндөртэй хүнд преэклампсийн хувилбар нь HELLP хамшинж юм. Энэхүү хамшинж нь гемолиз, элэгний энзимийн нэмэгдэлт, ялтасын тоо багасалт (тромбоцитопени) бүхий преэкламптик эмэгтэйд тохиолдоно. Преэклампсийн нийтлэг илэрлүүдээс эсрэгээр HELLP хамшинж бүхий өвчтөн нь олон төрсөн, 25-аас дээш настай, 36 долоо хоногоос бага жирэмсэний хугацаатай байдаг. Өвчтөнүүдийн 20%-д эхэндээ гипертензи байхгүй, 30% нь цусны даралт бага зэргийн ихсэлттэй, 50% нь цусны даралт ихсэлт өндөр байна. 
 
ЭКЛАМПСИ

Эклампси нь жирэмсэн эмэгтэйд бусад шалтгаант таталтаас ялгаагүйгээр тонуст-клоник таталт илрэх юм. Хүнд преэклампси бүхий өвчтөн нь таталт үүсэх өндөр эрсдэлтэй байх боловч таталт нь хөнгөн преэклампсийн үед мөн тохиолдож болно. Эклампсийн таталт мөн преэклампсийн сонгодог шинжүүдээс өмнө тохиолдож болдог. Ерөнхийдөө эклампси бүхий өвчтөнүүдийн 25%-д нь төрөхийн өмнө таталт бий болдог бол 50%-д нь төрөх үед, 25%-д нь төрсөний дараа (ихэвчлэн төрсний дараах эхний 24-48 цагт) таталт бий болдог. Энд бусад шалтгаан таталтуудыг анхаарч үзэх нь чухал, ялангуяа эклампсийн өвөрмөц бус хэлбэрүүдийн (төрсөний дараах 48 цагаас хойшхи таталт г.м) үед. 
   
ЖИРЭМСЭНИЙ ДАРАЛТ ИХСЭЛТ

Жирэмсэний даралт ихсэлт гэсэн оношийг даралт ихсэлт протейнуригүйгээр жирэмсэний 20 долоо хоногийн дараа анх удаа илрэх эсвэл төрсөний дараах 48-72 цагийн дотор үүсээд төрсөний дараах 12 долоо хоногийн дотор арилж байвал оношилно. Энэхүү нөхцөл байдлыг эрт үеийн преэклампсигаас ялгахад туйлын хэцүү. Жирэмсэний даралт ихсэлт бүхий эмэгтэйчүүдийн ач холбогдол өгөхүйц хувьд нь цаашид протейнури бий болох ба жирэмсэний сүүлийн шатанд бүрэн преэклампсийн хамшинж бий болдог. Жирэмсэний даралт ихсэлт оношийг жирэмслэлт протейнури үүсэлгүйгээр бүрэн явагдсан, цусны даралт төрсөний дараах 12 долоо хоногоос өмнө эргэн хэвийн болж байгаа үед зөвхөн ретроспектив байдлаар тавьдаг.

Эх сурвалж:

Essentials of Obstetrics and Gynecology / Part two: Obstetrics / Hypertensive Disorders of Pregnancy

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл