Health News from Medical News Today


Friday, February 6, 2009

Oxford Handbook of Clinical Medicine - Өвөрмөц хэлбэрийн уушигны үрэвсэл

Пневмококкийн
Пневмококкийн уушигны үрэвсэл нь нянгийн гаралтай уушигны үрэвслүүдийн дотроос хамгийн түгээмэл тохиолддог. Бүх насныхан тусдаг ч ахимаг настан, архаг архичид, дэлүү авахуулах мэс заслын дараа, дархлаа суларсан, зүрхний архаг өвчин болон уушигны хууч өвчтэй хүмүүс илүү өвчлөмтгий байдаг. Эмнэл зүйн онцлог: халуурах, гялтангийн үрэвсэл, уруул дээр хомхой долоох шинжүүд юм. Цээжний рентген зурагт нэвчдэс сүүдэр гарна. Эмчилгээ: амоксициллин, бензилпенициллин, цефалоспорин.

Стафилококкийн
Стафилококкийн уушигны үрэвсэл нь томуугийн халдварын халдварын хүндрэл байдлаар эсвэл залуу, ахимаг насны, судсаар эм тариа хэрэглэгчид, лейкеми, лимфома, цистик фиброз (CF) зэрэг өвчтэй хүмүүст ихэвчлэн тохиолдоно. Стафилококкийн уушигны үрэвсэл нь хоёр талын хөндийт бронхопневмонийн шалтгаан болдог. Эмчилгээ: флуклоксациллин.

Клиебсиеллийн
Клиебсиеллийн уушигны үрэвсэл нь ахимаг насныханд тохиолдох ба ихэвчлэн уушигны дээд дэлбэнг хамарсан хөндийт уушигны үрэвслийн шалтгаан болдог. Эмчилгээ: цефуроксим.

Псевдомонос
Псевдомонос нь бронхэктаз болон цистик фиброзын нийтлэг патоген юм. Түүнчлэн эмнэлэг дэхь халдвар ялангуяа эрчимт эмчилгээний тасаг дахь болон мэс заслын дараахь үеийн эмнэлэг дэхь халдварын шалтгаан нь болдог. Эмчилгээ: псевдомонасын эсрэг пенициллин, цефтазидим, меропенем, ципрофлоксацин.

Микоплазмын
Микоплазмын уушигны үрэвсэл нь 4 жил тутам эпидеми байдалтай тохиолддог. Энэ нь `ханиадтай төстэй` (толгой өвдөх, миалги, артралги) зовиураар илэрч далд байдалтай явагддаг ба дараа нь хуурай ханиалга илэрдэг. Цээжний рентгенд хоёр талыг хамарсан цоохор нэвчдэст өөрчлөлттэй байна. Оношлогоо: микоплазмын серологийн шинжилгээ. Хүйтэн агглютинин нь аутоиммуны цус задралын цус багадалтын шалтгаан байж болно. Хүндрэл: арьсны туурал (янз бүрийн хэлбэрийн эритем (зураг 1), Стивен-Джонсоны хам шинж), менингоэнцефалит, миелит, Жуиллиан-Баррийн хам шинж. Эмчилгээ: эритромицин/кларитромицин, тетрациклин.


Зураг 1. Олон хэлбэрт эритем. Энэхүү өөрчлөлт нь эмийн бодис, герпес эсвэл микоплазмын шалтгаантай байна.

Legionell pneumophilia
Legionell pneumophilia-ийн клон нь 60С° –аас бага хэмийн (зочид буудлын агааржуулах сэнс, халуун усны систем зэрэг) дулаан бүхий усны савуудад үрждэг нь Легионеллийн өвчин гэнэт дэгдэх шалтгаан болдог. `Ханиадтай төстэй` (халуурах, бие эвгүйрхэх, миалги) зовиурууд нь хуурай ханиах, амьсгаадах шинжээс түрүүн илэрнэ. Уушигны бус онцлог шинжүүдэд хоолны дуршилгүй болох, гүйлгэх, бөөлжих, гепатит, бөөрний дутагдал, ухаан санаа бүдгэрэх, комын байдал зэрэг багтдаг. Цээжний рентген шинжилгээнд уушигны хоёр талын суурийг хамарсан сүүдэртэй. Цусны шинжилгээгээр лимфопени, гипонатриеми, элэгний үйл ажиллагаа өөрчлөгдсөн үзүүлэлт, шээсэнд гематури гарч болно. Оношлогоо: Легионеллийн серологийн шинжилгээ/шээсэнд ангиген тодорхойлох. Эмчилгээ: кларитромицин, флюороквинолон. Нас баралт 10% байна.

Chlamydia pneumoniae
Chlamydia pneumoniae нь хламидийн халдварын үед нийтлэг тохиолддог. Хүнээс хүнд дамжих ба хоёр үе шаттай явагддаг. Эхлээд фарингит, хоолой сөөх, отитын, дараа нь уушигны үрэвслийн эмнэл зүй илэрнэ. Оношлогоо: хламидийн серологийн шинжилгээ (өвөрмөц бус). Эмчилгээ: тетрациклин.

Chlamydia psittaci
Chlamydia psittaci нь пситтакоз болон орнитозын шалтгаан болдог бөгөөд халдвартай шувуу (ялангуяа тоть)-наас дамждаг. Толгой өвдөх, халуурах, хуурай ханиах, сулбагар болох, артралги, хоолонд дургүй болох, гүйлгэх, бөөлжих эмнэл зүйгээр илэрнэ. Уушигны бус эмгэг өөрчлөлтүүд олон байдаг ч цөөн тохиолддог. Үүнд: менингоэнцефалит, халдварын эндокардит, гепатит, нефрит, тууралт гарах, дэлүү томрох зэрэг өөрчлөлт багтана. Цээжний рентген зурагт алаг цоог нэвчдэст сүүдэр гарна. Оношлогоо: Хламидийн серологийн шинжилгээ. Эмчилгээ: тетрациклин.

Вирусийн
Вирусийн гаралтай уушигны үрэвслийн түгээмэл шалтгаан нь томуу юм. Уушгийг гэмтээдэг бусад вируст улаан бурхан, цитомегаловирус, салхин цэцгийн вирус хамаардаг.

Pneumocystis carinii pneumonia
PCP-ийн шалтгаант уушигны үрэвсэл нь дархлаа дарангуйлагдсан (ДОХХ) үед үүсдэг. Хуурай ханиах, шаналгаатай амьсгаадах, халуурах, хоёр талд шажигнуур сонсогдох эмнэл зүйгээр илэрнэ. Цээжний рентгенд хэвийн эсвэл хоёр талын уушигны угийн эргэн тойронг хамарсан завсрын эдийн сүүдэртэй байна. Оношлогоо: цэр, гуурсан хоолой цулцангийн угаадас болон уушигны биопсийн материалд үүсгэгчийг харах. Эмчилгээ: ко-тримексазолыг өндөр тунгаар, эсвэл пентамидиныг 2-3 долоо хоног судсаар удаан дусааж хэрэглэнэ. Хүнд зэргийн гипоксемийн үед стероид хэрэглэх нь их үр дүнтэй байдаг. Хэрэв CD4 <200x106/л эсвэл өвчний анхны хурц хөдлөлийн дараа урьдчилан сэргийлэлт хийх заалттай.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл