Health News from Medical News Today


Saturday, February 7, 2009

Oxford Handbook of Clinical Medicine - Уушигны үрэвслийн хүндрэл

Амьсгалын дутагдал
I хэлбэрийн амьсгалын дутагдал (PaO2 <8кПа) харьцангуй элбэг тохиолддог. Өндөр-урсгал (60%) бүхий хүчилтөрөгчөөр эмчилнэ. Хүчилтөрөгч эмчилгээтэй хирнээ биеийн байдал нь дээрдэхгүй байгаа, эсвэл РаСО2 >6кПа бол өвчтөнийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлнэ. УАБӨ-тэй өвчтөнд хүчилтөрөгч эмчилгээг болгоомжтой хийх шаардлагатай байдаг; артерийн цусны хийн шинжилгээг олон удаа давтан хийж, РаСО2 ихэсвэл эсвэл хүчилшил улам нэмэгдвэл тохирсон агааржуулалт хийх асуудлыг шийдэх хэрэгтэй. Хамгийн гол зорилго нь хүчилтөрөгчийн хангамж (SaО2)-ийг 90-94% дээр барьж байх явдал юм.

Гипотензи
Шингэн алдалт ба судас тэлэгдэлт хавсрах, сепсисийн улмаас цусны даралт буурч болно. Систолын даралт 90 мм м.у.б-аас багасвал 250 мл коллоид/кристалл уусмалыг 15 минутаас их хугацаагаар судсаар хийж өгнө. Хэрэв цусны даралт өгсөхгүй бол төвийн гуурс суулгаж, цусны агшилтын даралт 90 мм м.у.б-аас их болтол нь венийн судсаар шингэн юүлнэ. Хэрэв шингэн юүлэх энэ эмчилгээг үл харгалзан, цусны агшилтын даралт 90 мм м.у.б-аас бага хэвээр байвал сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт инотропик эмчилгээ (адреналин, норадреналин)-г хийх шаардлагатай.

Тосгуурын фибрилляци
Тосгуурын фибрилляци нь нэлээд түгээмэл бөгөөд ялангуяа ахимаг насныханд элбэг тохиолдоно. Энэ нь голдуу уушигны үрэвслийн эмчилгээнд засагддаг. Дигоксиныг богино хугацаанд ховдлын хариу урвалын хурдыг удаашруулахад хэрэглэж болно.

Гялтангийн хөндийд шингэн хурах
Уушигны үрэвслийн ойролцоох гялтан үрэвссэний улмаас үрэвслийн шингэн гялтангийн хөндийд орж болно. Хэрэв гялтангийн хөндийд шингэн хуралдах нь эргэн шимэгдэлтээс илүү бол гялтангийн шүүдэст үрэвсэл үүсдэг. Гялтангийн хөндийд бага зэргийн шингэн хурвал ямар нэгэн үр дагавар гардаггүй. Хэрэв их хэмжээний шингэн хурах, шингэн хуралттай холбоотой зовиурууд гарч ирэх эсвэл халдварлагдсан (эмпием) бол гялтангийн хатгалт хийх шаардлагатай болно.

Эмпием
Гялтангийн хөндийд идээт үрэвсэл үүсэхийг хэлнэ. Уушигны үрэвсэл бүхий өвчтөн дахин давтан халуурч байвал энэ талаар таамаглах хэрэгтэй. Эмнэл зүй болон цээжний рентген шинжилгээ нь гялтангийн хөндийд шингэн хурах хам шинжийн үеийнх шиг байна. Гялтангийн хатгалт хийхэд гарсан шингэн нь шар өнгөтэй, булингартай, рН <7.2, глюкозын агууламж ↓, лактат дегидрокиназын агууламж ↑ байдаг нийтлэг онцлогтой. Эмпиемийн үед рентген хяналтын дор цээжний гуурсыг хэрэглэн цээжний хөндийд дренаж тавьж өгөх ёстой. Гялтангийн хөндийн наалдцсыг багасгах зорилгоор гялтангийн хөндийд стрептокиназ (250.000 нэгж тунг 50 мл 0.9%-ийн давсны уусмал найруулж 12 цагаар 3 өдрийн турш)-ыг хийж эмчилнэ. Хугацаа хожимдсон үед үр дүнгүй байдаг.

Уушигны буглаа
Уушгинд доторх идээт халдвар нь хэсэг газарт хөндий үүсгэж байрлахыг хэлнэ.

Шалтгаан:
- уушигны үрэвслийг дутуу эмчилсэн
- аспираци болох (архидалт, улаан хоолойн бөглөрөл, бульбар саа)
- гуурсан хоолойн бөглөрөл (хавдар, гадны биет)
- уушигны шигдээс
- сепсисийн эмбол (септицеми, зүрхний баруун талын эндокардит, судсаар эм хэрэглэх)
- өрцний доорх, эсвэл элэгний булаа зэрэг болно.

Эмнэл зүйн онцлог: долгион хэлбэрийн халууралт; ханиалга; өмхий үнэртэй, идээт цэр гарах; гялтангийн үрэвслийн гаралтай цээжний өвдөлт; цустай ханиах; бие тавгүйрхэх; турах. Хурууны хумс төмбийх шинж; цус багадалтын шинж; уушгинд шажигнуур сонсогдох шинжийг илрүүлэх. 20-30%-д нь эмпием үүсдэг.

Оношлогоо:Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (анеми, нейтрофилёз), улаан эсийн тунах хурд, С урвалж уураг, цусны өсгөврийн шинжилгээ хийнэ. Цэрний микроскоп, өсгөвөр, цитологийн шинжилгээ. Цээжний рентген шинжилгээнд ихэвчлэн шингэний түвшин бүхий ханатай хөндий харагдана. Бөглөрлийг үгүйсгэх зорилгоор компьютерт томографи, оношлогооны дээж авах зорилгоор бронхоскопийн шинжилгээ хийнэ.

Эмчилгээ: Антибиотикт мэдрэг чанарыг үзсэний дүнд антибиотикийн сонголт хийж, өвчин эдгэртэл (4-6 долоо хоног) үргэлжлүүлэн хэрэглэнэ. Байрлалын дренаж: Буглааны хөндийгөөс идээ бээрийг соруулж авах, буглааны хөндийд антибиотик хийх, шаардлагатай үед мэс засал эмчилгээ хийнэ.

Септицеми
Энэ нь уушигны паренхимаас нян цусны урсгал руу тархсаны дүнд үүснэ. Энэ нь халдварт эндокардит, менингит зэрэг үсэрхийлсэн халдварын шалтгаан болж болно. Мэдрэг чанарын дагуу антибиотик сонголт хийж, судсаар тарьж эмчилнэ.

Перикардит, миокардит нь мөн уушигны үрэвслийн хүндрэл юм.

Шарлах
Сепсис, антибиотик (флуклоксациллин, ко-амоксиклав) эмчилгээний улмаас хоёрдогчоор цөс зогсонгишлын шарлалт голдуу үүсдэг.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг бидний энэхүү сайтад сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд бид удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: imedinfo team

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл