Health News from Medical News Today


Saturday, December 22, 2012

Байгалийн анагаах ухаан

Эрхэм хэрэглэгч, уншигч та бүхний энэ өдрийн амгаланг эрэхийн зэрэгцээ та бүхний өдөр тутмын амьдралд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, аливаа өвчин эмгэгийг байгалийн хоргүй, гаж нөлөөгүй аргуудаар эмчлэхэд тань тус болох нэгэн шинэ номыг танилцуулж байгаа даа баяртай байна.

Тус ном нь www.imedinfo.org сайттай хамтран ажилладаг Г. Уянга нийтлэлчийн шинэхэн бүтээл бөгөөд гэр бүлдээ хайртай эрхэм эзэгтэй, эрүүл мэнддээ анхаардаг хувь хүн, эрүүл чийрэг, идэвхитэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг хүссэн хэн бүхэнд үнэт зөвлөгөө, нотолгоонд суурилсан байгалийн анагаах ухааны мэдлэг олгоход зориулагджээ.




Tuesday, November 27, 2012

Цус судлалын практик дахь яаралтай тусламж - 3

Гиперкальциеми

Эмнэлзүйн шинж тэмдэгүүд
  • Ерөнхий – сульдах, ядрах, турах 
  • Оюун ухааны өөрчлөлтүүд – анхаарал төвлөрүүлэлт алдагдах, нойрмоглох, зан чанарын өөрчлөлт, кома 
  • Ходоод гэдэсний – анорекси, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх (пепсиний шархлаа, панкреатит зэрэг нь ховор хүндрэлүүд юм) 
  • Шээс бэлгийн – полиури, полидипси
Эмнэлзүйн үр нөлөө
  • Зүрх судас – ЭКГ-д QT интервал богиносох, зүрхний хэм алдагдалууд ба даралт ихдэлт 
  • Бөөр – дегидратаци, бөөрний дутагдал болон бөөрний чулуу
Гематологийн шалтгаанууд
  • Миелома 
  • Өндөр зэрэглэлийн лимфома 
  • Насанд хүрэгчдийн Т эсийн лейкеми / лимфома (ATLL) 
  • Цочмог лимфобластын лейкеми
Гиперкальцеми нь хөх, түрүү булчирхай болон уушигны үсэрхийлсэн карцинома зэргийг багтаасан өөр бусад эмнэлзүйн нөхцөл байдлуудын үед тохиолдож болно. Цусны хорт хавдарын үед тохиолддогийг тайлбарласан онолуудад PTH хамааралт пептид, TGF, TNF-α, М-CSF, интерлейкин болон простагландин зэрэг цитокинууд хэсэг газарт эсвэл системийн байдлаар чөлөөлөгдсөний улмаас остеокласт хамааралт байдлаар ясны ресорпци нэмэгддэг тухай онол багтана. 1,25-гидроксихолекальциферол нэмэгдсэний улмаас гэдсэнд хоёрдогчоор кальцийн шимэгдэлт нэмэгдэнэ. 

Saturday, August 18, 2012

Яаралтай тусламжийн эмч нарт зориулсан ЭКГ

Эрхэм хэрэглэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. 

Та бүхнийг удаан хүлээлгэсний эцэст манай хамт олны зүгээс орчуулан хүргэж буй "Яаралтай тусламжийн эмч нарт зориулсан ЭКГ" ном та бүхний гар дээр очиход бэлэн боллоо. Тус номыг та www.imedinfo.org сайтын онлайнаар ном гарын авлага захиалах системээр дамжуулан захиалга ирүүлснээр авах боломжтой юм. Зохиогч Amal Matu болон William Brady нарын тус бүтээлийг манай хамт олон 2 хэсэгтэйгээр орчуулан хүргэж байгаа бөгөөд энэ удаад яаралтай тусламжийн практикт түгээмэл тохиолддог 100 гаруй зүрхний цахилгаан бичлэг болон тэдгээрийн тайлбарын багтаасан болно. 


Wednesday, August 1, 2012

Дүрс оношлогооны атлас - Гуурсан хоолойн тэлэгдэл (Бронхэктази)

Дүрс оношлогоонд илрэх өөрчлөлтүүд 
Гуурсан хоолойн тэлэгдэл нь хоёр талын юмуу тархмал эсвэл хэсэг газрынх байж болно. Хөгжингүй орнуудад тархмал гуурсан хоолойн тэлэгдэлийн хамгийн түгээмэл шалтгаан нь уйланхайт хатуурал (cystic fibrosis) байдаг. Гуурсан хоолойн хучуур эдийн бичил цэлмэнгүүд хөдөлгөөнгүй болох хамшинж ховор тохиолдолд гуурсан хоолойн тэлэгдэлийн шалтгаан болдог. Хэсэг газарт гуурсан хоолой тэлэгдэх нь бөглөрөл юмуу үхжилт пневмонийн улмаас бий болсон байж болно. 

Цээжний рентгенд илрэх шинжүүд 
  • Ихэнхи тохиолдолд цээжний рентген хэвийн байна 
  • Гуурсан хоолой орчмын хатуурлын улмаас "вагоны зам" хэлбэрийн өөрчлөлт илрэх (янз бүрийн урттай параллель муруй шугамнууд) 
  • Өтгөн, нягт салсан бөглөөсөөс улбаатай гуурсан хоолойн талстууд 
  • Гуурсанцарууд (бронхиол)-ын тэлэгдлээс улбаатай уйланхай маягийн хөндий 
  • Дээрхи уйланхай маягийн хөндий дэхь хий-шингэний түвшин 
  • Хатуурал бүхий хэт агааржилт бүхий уушиг 
СТ сканд илрэх шинжүүд 
  • Уушигны талбайн гадна гуравны нэг хэсэгт үзэгдэхүйц гуурсан хоолойнууд харагдах 
  • Хана нь зузаарч, тэлэгдсэн гуурсан хоолойнууд 
  • Сигнетийн цагираг: тэлэгдсэн гуурсан хоолойн дэргэдэх артерийн судас юм
  • Уйланхай маягийн хөндийнүүд 
  • Гуурс хэлбэрийн сүүдэржилт ба нягтрал ихтэй салаалалтууд 

Friday, July 27, 2012

Дүрс оношлогооны атлас - Гуурсан хоолойн багтраа

Эрхэм хэрэглэгч, уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Хэсэг хугацаанд шинэ мэдээ, мэдээлэл хүргээгүй удсанд та бүхнээс хүлцэл эрье. www.imedinfo.org сайтын хамт олон өөрсдийн хүч, бололцоонд тулгуурлан medical books, medical poster зэрэг төслүүдийг хэрэгжүүлэн хүргэж байгаа билээ. Эдгээр төслийн хүрээнд та бүхэнд "USMLE шалгалтын албан ёсны гарын авлага", "Зүрхний хэт авиан шинжилгээний өнгөт атлас", "Яаралтай тусламжийн эмч нарт зориулсан ЭКГ" зэрэг ном гарын авлагууд, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр монгол хэл дээрх анагаах ухааны постерууд та бүхэнд хүрч хэрэглэгч та бүхнээс чамгүй талархал, санал шүүмжийг хүлээн авч буйдаа бид бүхэн баяртай байна.

Энэ удаад манай хамт олны зүгээс "Дүрс оношлогооны атлас" нэртэйгээр дахин нэг гарын авлагыг бүтээн хүргэхээр ажиллаж буйгаа мэдэгдэхэд таатай байна. Тус гарын авлага эмч болхоор суралцаж буй анагаахын сургуулийн оюутнууд, шинэ залуу эмч нарт дүрс оношлогооны чиглэлээр бага ч болов мэдлэг хуримтлуулж, рентген зураг, СТ скан зэрэгт дүгнэлт хийж чаддаг болоход тус болно гэж найдаж байна.

Энэ удаагийн нийтлэлдээ бид тус гарын авлагын эхний хэсгээс "Гуурсан хоолойн багтраа"-ы үеийн дүрс оношлогоонд илрэх өөрчлөлтүүдийг хүргэж байна.  

Гуурсан хоолойн багтраа
Багтраа хөдлөлийн үед цээжний рентген зурагт уушигны агааржилт ихэссэн зураглал илэрдэг. Энэ нь аль нэг сегментийн түвшин дэхь ателектазтай хавсарсан байж болно. Зарим үед аминд аюулгүй голтын эмфизем тохиолддог. Багтраа хөдлөл бүрийн хооронд рентген зураг ихэвчлэн хэвийн байдаг. Цөөн тооны өвчтөнүүдэд гуурсан хоолой орчмын зузаарал бий болдог. 

Tuesday, June 19, 2012

Зүрхний хэт авиан шинжилгээний өнгөт атлас: Парастернал богино тэнхлэгийн харалт

Эрхэм хэрэглэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. 

www.imedinfo.org сайтын хамт олон хэрэглэгч, уншигч та бүхэндээ дэлхийн бусад орнуудад анагаах ухааны чиглэлээр бичигдсэн ном, гарын авлагуудыг орчуулан хүргэх ажлыг хийж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн төдийгүй эргээд харахад бид бүхэн хэрэглэгч нарынхаа хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээлүүдийг цувралаар орчуулан хүргэсэн байна. 

Бид өнгөрсөн он болон энэ оны эхний хагаст АНУ-д эмчлэх эрх авахад өгдөг USMLE шалгалтын албан ёсны гарын авлагыг цуврал байдлаар орчуулан хүргэсэн нь манай оронд анагаах ухааны чиглэлээр суралцдаг, ажилладаг эмч, оюутнуудыг талархал сайшаалыг хүлээсэн бүтээл болсонд бид баяртай байдаг юм. 

Түүнчлэн бид "Яаралтай тусламжийн эмч нарт зориулсан ЭКГ" хэмээх олон улсын эмч нарт хэдийн танил болсон бүтээлийг орчуулж дуусаад одоогийн байдлаар редакторын түвшинд явж байгаа бөгөөд тун удахгүй номын худалдаагаар дамжуулж та бүхний гарт хүрэх болно. 

Энэ удаад бид бүгдийн зүгээс зүрхний хэт авиан шинжилгээнд анхлан суралцагчдад зориулсан "Эхокардиографийн өнгөт атлас" номыг орчуулан та бүхэнд өргөн барьж байна. Тус ном нь эхокардиографийн чиглэлээр суралцаж буй эмч нарт шинжилгээг хэрхэн гүйцэтгэх арга аргачлал, өвөрмөц өвчнүүдийн үед хэрхэн эхокардиографийн шинжилгээг хийх зэрэг өргөн хүрээний мэдээллийг өндөр чанартай зураг, дүрслэлийн хамт хүргэж байгаа тул анхлан суралцаж буй хүн бүрийн гарын доорхи ном болно байх гэж бид найдаж байна. 


Monday, June 18, 2012

Атеросклероз үүсэх эмгэг жамын онолууд

Тодорхойлолт
Америкийн Зүрхний Нийгэмлэгийн (2002) дурьдсанаар атеросклероз нь судасны ханын зузаарал болон хатуурлаар тодорхойлогддог том болон дунд голчтой артериудын эмгэг юм. Энэ үед товруу гэж нэрлэх субстанци артерийн судасны дотор давхаргад хуримтлагддаг. Хугацаа өнгөрөх тусам энэхүү хуримтлал артерийн судсыг хангалттай хэмжээгээр нарийсгах улмаар цусны урсгалыг ач холбогдол өгөхүйцээр бууруулах хэмжээнд хүртэл томорно. Атеросклероз зүрхийг цусаар хангадаг артерийг хамарсан байгаа үед эцэстээ зүрхний булчингийн цусан хангамжийг хязгаарласнаар зүрхний өвдөлт (бах), зүрхний агшилт жигд бус болох (хэм алдагдал) болон бусад асуудлуудын шалтгаан болдог. Товруу нь мөн амархан задарч, шархалж болдог. Шархалсан товруун дээр бүлэн (тромбо) бүрэлдэж болох ба ингэснээр артерийн судсыг бөглөх эсвэл задарч биеийн бусад хэсэг рүү зөөвөрлөгдөж болдог (эмболи). Аль нэг нь тохиолдоход зүрхийг тэжээдэг судсыг (титэм артери)-д бөглөрөл үүсгэж улмаар миокардийн шигдээс бий болно. Хэрэв атеросклероз тархийг тэжээдэг артерийг хамарсан байвал тухайн хүнд түр зуурын ишемийн дайрлага (TIA) юмуу харвалт бий болно. Хэрэв гар эсвэл хөлний цусан хангамж буурвал энэ нь алхах, гараа хөдөлгөхөд бэрхшээлтэй болгох ба улмаар үхжил үүсгэдэг. 

Sunday, June 17, 2012

Нярайн цус задрах эмгэг

Нэг зүйлийн доторх хоорондоо ялгаатай бодьгалиуд дахь дасан зохицох дархлааны хариу урвалын ялгаа

Дасан зохицох дархлааны хариу урвал нь сээр нуруутны зүйлд бичил организмын эсрэг хамгаалах зорилгоо үүсч бий болсон байдаг. Хэдий тийм ч “өөрийн бус” гэж танигдсан ямарваа зүйлс энэхүү хариу урвалын бай болох ба энэхүү хариу урвал нь нэг зүйлийн доторх биемахбодиудын хоорондох молекулын ялгаатай байдал руу мөн чиглэсэн байна. Тухайн эсрэгбие зүйлийн зарим гишүүдэд илэрдэг боловч бусад гишүүдэд илэрдэггүй эсрэгтөрөгч шинж чанартай детерминантын эсрэг чиглэсэн байхыг полиморф хувилбарын илрэл гэх ба эдгээр детерминантуудын эсрэг чиглэсэн эсрэгбиеүдийг алло-эсрэгбиеүд гэнэ. Магадгүй хамгийн сайн мэддэг алло-эсрэгбиеүд нь бидний цусны бүлгийг тодорхойлоход ашигладаг эсрэгбиеүд юм. А бүлгийн улаан эс агуулсан хүмүүс В бүлгийн цустай хүмүүсийн улаан эстэй харилцан үйлчилдэг алло-эсрэгбиеийг агуулсан байдаг. АВ бүлгийн улаан эс агуулсан хүмүүст алло-эсрэгбие байхгүй ба О бүлгийн улаан эстэй хүмүүст А болон В бүлгийн улаан эсийн аль алинтай нь харилцан үйлчлэх эсрэгбиеүд агуулагдаж байдаг (Зураг 19.1). Эдгээр алло-эсрэгбиеүд нь бодит байдалд бидний гэдсэнд байршдаг грам сөрөг бактериудын бүрхүүлд агуулагдах эсрэгтөрөгчөөс үүсдэг. Ийм төрлийн эсрэгтөрөгчүүд нь цусны АВО бүлгийн нүүрс-устөрөгч бүтэцтэй эсрэгтөрөгчтэй солбицон урвалд ордог эсрэгбиеүдийг идэвхижүүлдэг. 

Friday, June 15, 2012

Харшил ба зүрх судасны тогтолцоо

Хураангуй: Харшилт эмгэгүүдийн хамгийн аюултай, аминд халтай илрэл нь анафилакс ба энэ нөхцөл байдлын үед эмнэлзүйд илэрч буй голлох шинж тэмдэгүүд ба аминд аюултай үр дагаварт хүргэх зэрэгт зүрх судасны тогтолцоо гол үүрэгтэй байдаг. Зүрх нь харшлийн урвалын үед чөлөөлөгддөг химийн медиаторуудын эх сурвалж хийгээд бай эрхтэн болдог. Шигүү мөхлөгт эсүүд хүний зүрхэнд ихээр байршдаг ба ингэхдээ томоохон титэм артериудын адвентицийн эргэн тойронд болон жижиг интрамурал судаснуудтай ойрхон харьцах боломжтой байдлаар давамгайлж байрладаг. Зүрхний шигүү мөхлөгт эсүүд харшил төрүүлэгч (аллерген), хавсаргын хүчин зүйлс, ерөнхий мэдээгүйжүүлэгч болон булчин сулруулагч зэрэг янз бүрийн өдөөгчдийн нөлөөгөөр идэвхижих боломжтой. Дархлааны гаралтай идэвхижсэн хүний зүрхний шигүү мөхлөгт эсүүдээс ялгарсан медиаторууд ховдолын үйл ажиллагаа, зүрхний хэм болон титэм артерийн тонуст хүчтэй нөлөөлдөг. Гистамин, цистейнил лейктриенүүд болон ялтас идэвхижүүлэгч хүчин зүйл (PAF) нь сөрөг инотроп нөлөө үзүүлэх ба миокардийн депрессийг өдөөж энэ нь анафилаксийн шокийн эмгэг жамыг ач холбогдол өгөхүйц дэмжиж өгдөг байна. Түүгээр зогсохгүй зүрхний шигүү мөхлөгт эсүүд хэсэг газарт ангиотензины тогтолцоог идэвхижүүлдэг химаза болон ренинийг ялгаруулдаг ба ингэснээр цаашид артериолын судас нарийсалтыг өдөөдөг. Ишемийн гаралтай зүрхний эмгэгтэй болон тэлэгдэлийн кардиомиопатитай өвчтөнүүдэд зүрхний шигүү мөхлөгт эсүүдийн тоо болон нягтшил нэмэгдсэн байдаг. Энэ байдал нь яагаад эдгээр нөхцөл байдлууд аминд аюултай анафилаксын эрсдэлт хүчин зүйлс болдогийг тайлбарлахад тусалж болох юм. Зүрхний шигүү мөхлөгт эсийн идэвхижилд оролцдог механизмыг сайтар ойлгох нь системийн анафилаксаас сэргийлэх, түүнийг эмчлэхэд түлхэц болох юм. 

Түлхүүр үг: Анафилакс, зүрх, шигүү мөхлөгт эс, медиаторууд

Tuesday, June 12, 2012

Гистамин, Шигүү мөхлөгт эс ба Зүрхний дутагдал: Энд ямар нэг холбоо хамаарал байгаа юу?

Бид олон жилийн өмнөөс гистамины рецептор зүрхэнд байдаг тухай мэддэг билээ. 1990-ээд оны эхээр хүний Н1 болон Н2 рецепторуудыг тодорхойлсон байдаг бол үүний араас хэдэн жилийн дараа Н3 болон Н4 рецепторуудыг тодорхойлсон байдаг. Гистамин нь байгалиас биемахбодийн бүхий л хэсгүүдэд тодорхойлогддог биемахбодий бүрэлдэхүүн хэсэг болдог ба ялангуяа төв мэдрэлийн систем, шигүү мөхлөгт эс, ходоодны салст болон базофиль эсэд илүүтэй тодорхойлогддог. Н1 рецептор нь Gα-q11-тай холбогдсоноор олон тооны эсийн доторхи дохио дамжилтыг идэвхижүүлдэгийн дотор цагирагт аденозин монофосфат (цАМФ) болон цагирагт гуанозин монофосфат (цГМФ) багтдаг. Зүрхэнд гистамин нь Н1 рецептороор дамжуулж тосгуур-ховдолын зангилааны сэрэл дамжуулах хугацааг удаашруулдаг. Мөн Н2 гистамины рецептор зүрхэнд тодорхойлогддог ба Gα-s уурагтай холбогдож цАМФ-аар дамжуулж хронотропик болон инотропик идэвхижүүлэх нөлөө үзүүлнэ. Н2 гистамины рецептор нь мөн даралт буурах, нүүр халуу оргиж улайх, толгой өвдөх, ходоодны хүчил ялгарал нэмэгдэх, судасны нэвчимхий чанар ихсэлтийг дэмжиж өгдөг. Тиймээс мөн чанартаа гистамин бол жинхэнэ мэдрэлийн гаралтай даавар юм. 

Thursday, May 24, 2012

Цус сэлбэлттэй холбоотой ёс зүйн асуудал

Ёс зүйн асуудал ямарч цаг үе, орчин нөхцөлд тухайн орон нутгийн хууль тогтоомж, нийгмийн анхаарал, шинжлэх ухааны мэдлэгтэй холбоотой динамик процесс болдог. Энэ нь цус сэлбэлтийн ёс зүйн тухай түүхийг эргэн харахад тодорхой байдаг. Хүн төрөлхтөний цус сэлбэлтийн түүхийн эрт үед буюу 1492 онд VIII Папын амь насыг аврах оролдлогууд хийгдсэн тухай тэмдэглэсэн байдаг. 10 настай гурван хүүгээс цус цуглуулж Пап ламд сэлбэсэн боловч эдгээр гурван хүү болон Пап нас барсан ажээ. 200 зууны дараагаар цус сэлбэх оролдлогыг дахин нэг удаа хийжээ. 1667 онд эмч Richard Lower сэтгэцийн өвчтэй хүнийг эмчлэхийн тулд хонины цусыг сэлбэсэн ба өвчтөнд энэ туршилтанд оролцсоных нь төлөө 20 шиллинг төлжээ. Тухайн жил 34 настай эрэгтэй тугалын цусыг хэд хэдэн удаа сэлбүүлсэн тохиолдол байдаг. Эдгээр оролдлогууд нь эцэстээ сонгодог хэлбэрийн цус сэлбэлтийн цус задралд хүргэсэн ба үүний улмаас цус сэлбэлт хийхийг хориглосон хууль гарч байжээ. 

Лондоны эх барихын эмч James Blundell эх барихын цус алдалттай эмэгтэйн амийг аврахын тулд цус сэлбэлт хийснээр хүнээс хүнд цус сэлбэх асуудал дахин яригдах болжээ. 20-р зуун эхэн үеэс анагаах ухааны цус сэлбэлтийн салбарт цусны бүлгийг тодорхойлох маягт болон хадгалалт зэрэг олон тооны дэвшил бий болсноор цус сэлбэлтийг аюулгүй хийх болсон байна. ХДХВ нь цус сэлбэлтийн аюулгүй байдлын асуудлыг нийгмийн анхааралд татан оруулсан ба түүнчлэн донор болон өвчтөний хоорондох холбоо хамаарлын ёс зүйн асуудлыг хөндөж гаргасан байдаг. 

Wednesday, May 23, 2012

Гистамин, Шигүү мөхлөгт эс ба Зүрхний дутагдал: Ямар нэг холбоо хамаарал бий юу?

Бид олон жилийн өмнөөс гистамины рецептор зүрхэнд байдаг тухай мэддэг билээ. 1990-ээд оны эхээр хүний Н1 болон Н2 рецепторуудыг тодорхойлсон байдаг бол үүний араас хэдэн жилийн дараа Н3 болон Н4 рецепторуудыг тодорхойлсон байдаг. Гистамин нь байгалиас биемахбодийн бүхий л хэсгүүдэд тодорхойлогддог биемахбодий бүрэлдэхүүн хэсэг болдог ба ялангуяа төв мэдрэлийн систем, шигүү мөхлөгт эс, ходоодны салст болон базофиль эсэд илүүтэй тодорхойлогддог. Н1 рецептор нь Gα-q11-тай холбогдсоноор олон тооны эсийн доторхи дохио дамжилтыг идэвхижүүлдэгийн дотор цагирагт аденозин монофосфат (цАМФ) болон цагирагт гуанозин монофосфат (цГМФ) багтдаг. Зүрхэнд гистамин нь Н1 рецептороор дамжуулж тосгуур-ховдолын зангилааны сэрэл дамжуулах хугацааг удаашруулдаг. Мөн Н2 гистамины рецептор зүрхэнд тодорхойлогддог ба Gα-s уурагтай холбогдож цАМФ-аар дамжуулж хронотропик болон инотропик идэвхижүүлэх нөлөө үзүүлнэ. Н2 гистамины рецептор нь мөн даралт буурах, нүүр халуу оргиж улайх, толгой өвдөх, ходоодны хүчил ялгарал нэмэгдэх, судасны нэвчимхий чанар ихсэлтийг дэмжиж өгдөг. Тиймээс мөн чанартаа гистамин бол жинхэнэ мэдрэлийн гаралтай даавар юм.

Monday, May 21, 2012

Ходоодны хорт хавдрын улмаас мэс засал хийлгэсэн өвчтөнүүдэд үүссэн дархлаа дутмагшилд витамин В комплексийн үзүүлэх үр нөлөө

Ходоодны хорт хавдарын улмаас мэс засал хийлгэсэн өвчтөнүүдийн дархлааны хариу урвалд витамин В комплекс (витамин В1, В6 болон В12)-ийн үзүүлэх үр нөлөөг судалжээ. Vitamedin (витамин В комплекс)-аар эмчлэгдсэн өвчтөнүүдийн хагаст нь мэс заслаас хойш 2 долоо хоногийн дараа зогсонги байдалтай байсан бласт эсүүд PHA (Phytohaemagglutinin) болон PWM (Pokeweed-Mitogen)-д хариу урвал өгсөн байна. Лимфоцитийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон хяналтын бүлгийн, витамин В комплексоор эмчлэгдээгүй өвчтөнүүдэд энэхүү хариу урвалын зэрэг ач холбогдол өгөхүйц бага байжээ. Түүнээс гадна, III-IV шатны өвчлөлтэй урьд өмнө мэс заслын дараа лимфоцитийн хариу урвалгүй байсан 8 өвчтөний 5-д нь мэс заслын дараа 2-4 долоо хоногийн турш витамин В комплекс хэрэглэснээр витамин В комплексоор өдөөгдсөн бластын хариу урвал бий болсон байна. 4 долоо хоногийн дараа витамин В-ээр эмчлэгдээгүй өвчтөнүүдэд лимфоцитийн хариу урвал дөнгөж сэргэх хандлагатай болж байхад витамин В12-оор эмчлэгдсэн өвчтөнүүдэд бластын хариу урвалын сэргэлт ач холбогдол өгөхүйц өндөр байжээ. Эдгээр үр дүнгүүд нь витамин В1, В6 болон В12-ийг хэрэглэх нь хорт хавдартай өвчтөнүүдэд мэс заслын дараа үүссэн дархлалын үйл ажиллагааны хямралыг сэргээх, түүний эсрэг хамгаалах нөлөө үзүүлдэг байж болохыг харуулж байна. 

Sunday, May 13, 2012

Зүрхний дайрлагад өртсөн өвчтөнүүдэд хамгийн хурдан эмчилгээ бол шууд PCI-тай эмнэлэг рүү зөөвөрлөх

Америкийн Зүрхний Нийгэмлэгийн 2012 оны Тусламж үйлчилгээний чанар ба Үр дагаварын судалгаа сэдэвт эрдэм шинжилгээний хуралд хэлцэгдсэн судалгаанаас үндэслэвэл Хойд Каролина дахь зүрхний дайрлагад өртсөн өвчтөнүүдийг судсан дотуур титмийн интервенци (PCI) хийх тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмнэлэг рүү шууд зөөвөрлөсөн байдлыг PCI хийх боломжгүй эмнэлэг рүү эхэлж авчраад дараа нь эмчилгээ хийлгэхээр PCI-тай эмнэлэг рүү зөөвөрлөхтэй харьцуулбал эдгээр өвчтөнүүдэд илүү хурдан хугацаанд эмчилгээ хийгдэж байсан ажээ. 

Судалгаа зүрхний дайрлагын хамгийн хүнд хэлбэр болох ST өргөлттэй зүрхний шигдээс (STEMI)-т анхаарлаа хандуулсан байна. ST өргөлттэй зүрхний шигдээсийн үед ихэнхдээ зүрх рүү очих цусны урсгал бүрэн бөглөрсөн байдаг. Катетераар дамжуулж эмгэгт өртсөн хэсэгт жижиг баллон оруулах ба баллоныг хийлэх замаар бөглөрөл болсон хэсгийг тэлдэг. Эмч нар ихэвчлэн энэхүү процедурыг бөглөрсөн артерийн нээлттэй хэвэнд нь барих, дахин бөглөрөх эрсдэлийг бууруулахын тулд стент тавих ажилбарыг хамтад хийдэг. 

Thursday, May 10, 2012

Цээжний хэт авиан шинжилгээ хийх үйл явц

Процедур хийгдэх үе шат
Өвчтөнийг сонгох ба төлөвлөж буй процедурыг өвчтөн зөвшөөрсөн байх. Өвчтөнд тулгараад буй асуудалтай холбоотой бусад шинжилгээний хариуг хэт авиан шинжилгээ хийх эмч нягталж харах. Ялангуяа гялтангийн эмгэг өөрчлөлт аль талд байгаа болон ямарваа масс эсвэл уутлагдсан шингэн шингэний байрлалыг баримжаалж баталгаажуулахын тулд цээжний рентген зургийг процедурын өмнө нягталж харах хэрэгтэй. Хэрэв цээжний хатгалт эсвэл өөр бусад гялтангийн хөндий рүү нэвтрэх процедур төлөвлөсөн бол өвчтөнд мэдээлэл өгч зөвшөөрөл авсан, бүлэгнэлтийн шинжилгээ хэвийн гэж батлагдсан байх хэрэгтэй. Шинжилгээ хийх хэсэгт агааргүй, завсаргүй болгохын тулд акустик гелийг өвчтөний арьсанд түрхэж өгнө. Учир нь хэт авиан долгион агаартай хэсгээр дамжин өнгөрдөггүй. Түүнчлэн арьсан дээгүүр хэт авиан пробыг алгуур, чөлөөтэй гулгуулахын тулд пробонд мөн гель түрхэнэ.

Хэт авиан машины тохиргоо
Хэт авиан машиныг эмчийн ажиллах байрлалд дэлгэц хялбар харагдахаар байрлуулна. Хүрээлэн буй орчны гэрэл дэлгэц дээрхи дүрсийн ялгаралыг бууруулдаг. Цээжийг ихэвчлэн саарал шатлалтай, бодит агшин дахь хэт авиа ашиглаж шинжилнэ. Динамик шуугиан шүүгч нь уушигны гулсаж хөдлөх байдлыг бүдэгрүүлдэг тул ашигладаггүй. Цээжний хөндийн хананаас гүн байрлах цээжний хөндийн бүтцийг дүрслэн харуулахын тулд гүний тохиргоо хийнэ. Өсгөлт нь хоорондоо ялгаатай эдийн ялгаралыг ихэсгэж өгөхөд зориулагдсан байдаг. 

Wednesday, May 9, 2012

Тодосгогчийг гараар шахаж гүйцэтгэдэг тоон системт хасаж тооцох (subtraction) ангиографи (DSA)-ийн явцад интервеншл радиологи эмчийн туяанд өртөх байдал

Зорилго: Бид тоон системт хасаж тооцох (subtraction) ангиографи (DSA)-ийг багтаасан ширээний дэргэд тодосгогч бодисыг гар аргаар шахаж хийгддэг ангиографийн шинжилгээний үед ангиографийн эмчийн өртөх туяаны хэмжээ болон эмчийн байрлал хоорондын хамаарлыг судалсан ба түүнчлэн туяанд өртөлтийг бууруулах энгийн аргыг судалж үзлээ.

Арга зүй: 9 удаагийн хэвлийн ангиографийн шинжилгээ үед туяанд өртөх өртөлтийг термолюминисцент тун хэмжигч (TLD)-ээр хэмжсэн. Эхний судалгааны үед DSA юмуу флюроскопийн шинжилгээний явцад туяанд өртөлтийг TLD-ийг ангиографийн ширээний ойролцоо байрлуулж хэмжсэн. Хоёр дахь судалгааны үед тодосгогч бодисыг гар аргаар шахаж гүйцэтгэх DSA-ийн явцад интервеншил радиологи эмчийн туяанд өртөх байдлыг тухайн эмчийн байрлал ангиографийн ширээний дэргэд болон ширээнээс хол байх үед хэмжиж үзсэн. 

Улирлын чанартай харшил сайн зүйл байж магадгүй

Иелийн Анагаах Ухааны Сургууль болон Ховард Хьюзийн Анагаах Ухааны Хүрээлэнгийн судлаачид улирлын чанартай харшил нь таны эрүүл мэндийг тоосонцор болон бусад харшил төрүүлэгчээс илүү их гэмтээдэг хүрээлэн буй орчны хоруудаас дархлаа тогтолцоо таныг хамгаалж буй үйл хэрэгийг илтгэх шинж байж болох тухай таамаглал дэвшүүлснээ Nature сэтгүүлд нийтэлжээ.

Хэрэв та ханиалгаж, найтаалгаж, нүд чинь загатнаж зовиурлаж байгаа бол таны биемахбодийн хэт мэдрэгшил дээр дурьдсан үйл ажиллагааг явуулж буйг санаарай. Хүний биемахбодийн хамгаалах тогтолцоо нь өргөн хүрээтэй эмгэг төрөгчдөд тохирох янз бүрийн хариу урвалыг өөртөө агуулж байдаг.

1-р хэлбэрийн дархлааны хариу урвал нь голдуу халдварлагдсан эзэн эс юмуу эсвэл эмгэг төрөгчийг шууд устгадаг гэж үздэг.

2-р хэлбэрийн дархлааны хариу урвал 

Тус нийтлэл 2-р хэлбэрийн дархлааны хариу урвалд анхаарлаа хандуулжээ. Энэ төрлийн дархлааны хариу урвал нь биемахбодийн Т эсүүдийг идэвхижүүлэх түүнчлэн цочроогчийн эсрэг эсрэгбиеийг нийлэгжүүлэх замаар хүрээлэн буй орчны субстанциас биемахбодийг хамгаалдаг.

Tuesday, May 8, 2012

Цээжний хэт авиан шинжилгээ: Заалт, давуу ба сул тал, хэт авиан машинд тавигдах шаардлага

Удиртгал
Зөөврийн хэт авиан шинжилгээний багажийг гялтангийн эмгэг өөрчлөлтүүдийг үнэлэх болон гялтангийн хөндийд дренажийн катетер байрлуулах болон цээжний хатгалт, түүнтэй холбоотой гялтан болон гялтангийн доор байрлалтай уушигны массаас аспираци хийх зэрэг процедуруудыг хянаж чиглүүлэхэд өвчтөний орны дэргэд ашигладаг. Гол зорилго бол гялтангийн эмгэгүүдийн шинж чанарыг тодорхойлох болон гялтанд нэвтрэлт хийх процедуруудын нарийвчлал хийгээд аюулгүй байдлыг сайжруулах юм.

Давуу тал
Цээжний хэт авиан шинжилгээ нь гялтанг шинжилдэг уламжлалт рентген шинжилгээнүүдээс хэд хэдэн давуу талтай. Үүнд туяаны нөлөөлөл байхгүй, зөөвөрлөхөд хялбар, тухайн бодит агшин дахь дүрслэлийг харах боломжтой, динамик дүрслэлийг гүйцэтгэх боломжтой.
Хэт авиан шинжилгээ нь гялтангийн шингэний байрлалыг тодорхойлох тал дээр бодит үзлэгийг бодвол үлэмж давуутай байх ба цээжний хатгалтын үед гарах хүндрэлийн хувь бага байхтай холбоотой байдаг. Түүнчлэн хэт авиан хяналт нь бодит үзлэгийн хяналлтай хатгалттай харьцуулахад шингэнийг амжилттай соруулж авах магадлалыг нэмэгдүүлдэг. Жишээлбэл хэт авиан хяналтгүй амжилтгүй цээжний хатгалт хийгдсэн 17 өвчтөний судлахад 15-д нь хэт авиан хяналттай цээжний хатгалт амжилттай хийгдсэн байна. 

Monday, May 7, 2012

Цочмог гастрит - Эмнэлзүй ба ялган оношлогоо

Өгүүлэмж
Аюулхайд хүнд оргих эсвэл халуу оргиж өвдөх, энэ нь заримдаа дотор муухайрах эсвэл бөөлжихтэй хавсрах. Өвдөлт юм идсэнтэй холбоотой намдах юмуу нэмэгдэх.
Урьд өмнө ходоодны салст гэмтэж байсан өгүүлэмжтэй (гастрит, пепсиний шархлаат эмгэг, полипэктомигоос шалтгаалсан дурангийн гаралтай гэмтэл, ямарваа мэс заслаас шалтгаалсан гэмтэл)
Түүхий загас иддэг өгүүлэмжтэй.
Сөрөг, хорт нөлөөтэй байх чадамжтай эм хэрэглэж байсан эсвэл химийн бодист өртөж байсан. Эдгээрт кортикостероидууд эсвэл гастритын шалтгаан болж болох бусад эмүүд орно.
Аспирин юмуу NSAID-ийг тогтмол хэрэглэдэг, ялангуяа өндөр тунгаар. 

Бодит үзлэгт
Заримдаа аюулхайд бага зэрэг эмзэглэлтэй байдгийг эс тооцвол бодит үзлэгт хэвийн байдаг. Өвчтөнд гастриттай холбоотой хүндрэл бий болсон тохиолдолд илүүтэй эмгэг өөрчлөлт илрэх хандлагатай байна. 

Thursday, April 26, 2012

Этамсилат (Дицидон)

Этамсилат буюу дицидон нь цус тогтоох үйлчилгээтэй эм юм. Түүний энэ үйлдлийг хялгасан судасны эндотелийн тэсвэрт байдлыг нэмэгдүүлдэг, ялтасын адгезийг сайжруулдагтай холбож үздэг. Энэ нь мөн ялтасын агрегаци алдагдал, судас тэлэгдэл, хялгасан судасны нэвчимхий чанарыг ихэсгэдэг простагландинуудын үйлдэл болон био нийлэгжлийг дарангуйлдаг байна.

Заалт
Жижиг судаснаас цус алдалт, нярайн ховдолын дотоод цус алдалтаас сэргийлэх болон хянах, янз бүрийн шалтгаантай хялгасан судасны цус алдалт үүнд органик өөрчлөлт үгүй менорраги болон метрорраги, түрүүн булчирхайн трансуретрал мэс засал, гематамези, мелена, гематури, эпистакси, тромбоцитопени болон тромбоцитопатигаас улбаатай хоёрдогч цус алдалтууд, гипокоагуляци, дутуу төрсөн хүүхдэд ховдол орчмын цус алдалтаас сэргийлэх.

Үйлдлийн механизм 
Этамсилат нь цус тогтоох үйлдэлтэй агент бөгөөд мөн судас хамгаалах (ангиопротектив) болон проаггрегант үйлдлийг сайжруулж өгдөг. Энэ нь тромбопоэзийг идэвхижүүлэх ба ясны чөмөгнөөс тромбоцит үүсэлтийг идэвхижүүлдэг. Цус тогтоох үйлдэл нь жижиг судасны гэмтсэн хэсэг дэхь тромбопластин үүсэлтийг идэвхижүүлэх болон PgI2 (простациклин I2)-ийн нийлэгжлийг бууруулахтай холбоотой. Мөн ялтасын аггрегаци болон адгезийг дэмжиж өгдөг ба энэ нь эцэстээ цус алдалт буурах, цус алдалт зогсохыг өдөөж өгнө.

Wednesday, April 25, 2012

Цочмог гастрит

Удиртгал
Цочмог гастрит нь ходоодны салст дахь үрэвсэлт өөрчлөлтийг өдөөдөг өргөн хүрээг хамарсан ойлголт юм. Цочмог гастритийг үүсгэдэг хоорондоо ялгаатай хүчин зүйлүүдийн дүнд эмнэлзүйн нэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг. Хэдий тийм ч тэдгээр нь гистологи онцлогийн хувьд ялгаатай байдаг. Үрэвсэл ходоодыг бүхэлд нь хамарсан (пангастрит) эсвэл ходоодны хэсэг газрыг хамарсан (гарах хэсгийн гастрит г.м) байж болно. Цочмог гастрит нь дотроо 2 төрөл зүйлд хуваагдана: шалбархайт (өнгөц ша, гүн шалбархай, цусархаг шалбархай г.м) болон шалбархайт бус (ихэнхидээ H.pylori-оос шалтгаалсан байна). Доорхи зургийг харна уу. 

 Өнгөц гэмтэл бүхий цочмог гастрит

Monday, April 23, 2012

USMLE 3-р шатны шалгалт

Ерөнхий ойлголт
3-р шатны шалгалт нь удирдагчаар удирдуулаагүй нөхцөлд өвчтөнд менежмент хийхдээ анагаахын оюутан эсвэл төгсөгч эмнэлзүйн шинжлэх ухаан, био-анагаахын ойлголтууд, өөрсдийн анагаах ухааны мэдлэгээ хэрэглэх байдлыг үнэлэхийн тулд олон сонголттой асуулт болон компьютерт суурилсан загварчилгааг ашигладаг. Шалгалтын үр дүн нь өөрсдийн өвчтөнүүдэд стандарт тусламж үйлчилгээг бие даан үзүүлэх чадамжтай болохыг тодорхойлж өгдөг. 3-р шатны шалгалт нь USMLE цуврал шалгалтын сүүлийн шалгалт юм.

Шалгалтын агуулга
3-р шатны шалгалт нь дараах гурван чиглэлээр зохион байгуулагддаг:
  • Хэвийн нөхцөл байдал ба өвчин эмгэг (хэвийн өсөлт ба хөгжил, суурь ойлголтууд, ерөнхий зарчмууд) 
  • Эмнэлзүйн үзлэгийн хэсэг (анхны шатны үзлэг, шинжилгээ, тасралтгүй тусламж үйлчилгээ, яаралтай интервенци) 
  • Эмчийн үүрэг даалгавар (шинжлэх ухааны ойлголтуудыг хэрэглэх, анамнез, бодит үзлэг, лабораторийн шинжилгээнд үндэслэн оношийг хэлбэржүүлэх, өвчтөнд менежмент хийх) 

Saturday, April 21, 2012

USMLE 2-р шатны эмнэлзүйн ур чадвар (CS)-ын шалгалт

Удиртгал 
2-р шатны шалгалтын нэг хэсэг болох эмнэлзүйн ур чадвар (CK)-ын шалгалт нь та удирдагчийн хяналтанд өвчтөнд аюулгүй бөгөөд үр нөлөөтэй тусламж үзүүлэхэд амин чухал эмнэлзүйн суурь ур чадваруудыг эзэмшсэн эсэхийг үнэлдэг. 2-р шатны эмнэлзүйн ур чадвар (CS)-ийн шалгалт нь 3 дэд бүрдэл хэсэгтэй: 
Нэгдмэл эмнэлзүйн үзлэг (integrated clinical encounter - ICE) 
  • Мэдээлэл цуглуулах – анамнез авах болон бодит үзлэгээр цуглуулсан өвчтөний мэдээлэл
  • Бүртгэл, баримтжуулалт – Өвчтөний үзлэгээр илэрсэн өөрчлөлтүүдийг нэгтгэж өвчтөний тэмдэглэлийг гүйцээх, оношийн таамаглал дэвшүүлэх, өвчтөнд хийх анхан шатны шинжилгээ 
Харилцаа тогтоох ба хүмүүс хоорондын харилцааны ур чадвар (Communication and Interpersonal skills - CIS)
  • Асуулт асуух ур чадвар
  • Мэдээлэл хуваалцах ур чадвар
  • Мэргэжлийн ур чадвар ба өвчтөн танилцуулах 
Англиар ярих дадал туршлага (Spoken English Proficiency - SEP)
  • Эмч-өвчтөн хоорондын харилцааны үед Англиар ойлгомжтой, тодорхой ярих 

Friday, April 20, 2012

Нуссын процедур

Нуссын процедур нь хотгор цээж хэмээх гажигийг эмчлэх зорилгоор Дональд Нусс эмчийн санаачилсан хамгийн бага инвазив бүхий процедур юм. Тэрээр Виржиниа мужийн Норфолк дахь Хааны охид хэмээх хүүхдийн эмнэлэгт ажиллаж байхдаа энэхүү процедурыг анх бий санаачилжээ. 

Wednesday, April 18, 2012

USMLE 2-р шатны эмнэлзүйн мэдлэг (CK)-ийн шалгалт

Ерөнхий ойлголт 
2-р шатны эмнэлзүйн мэдлэг (CK) USMLE 2-р шатны шалгалтын нэг хэсэг бөгөөд эмнэлзүйн шинжлэх ухааны талаарх онолын мэдлэг, дадлага туршлагыг батлах олон сонголттой асуултуудыг багтаасан байх ба Нэгдсэн Улс болон Канадад эмнэлзүйн дадлага хийх эрхийг лицензижүүлж өгдөг. 2-р шатны эмнэлзүйн мэдлэгийн шалгалтад багтдаг эмнэлзүйн шинжлэх ухааны материалууд 2 үндсэн чиглэлтэй байна. 
  1. Хэвийн нөхцөл байдлууд ба өвчин эмгэг (хэвийн өсөлт ба хөгжил, суурь ойлголтууд ба үндсэн зарчмууд)
  2. Эмчийн үүрэг (урьдчилан сэргийлэх анагаах ухаан ба эрүүл мэндийг хангах, өвчний механизмыг ойлгож мэдэх, оношийг батлах хийгээд өвчтөний менежмент)
Шалгалтын агуулга 
2-р шатны эмнэлзүйн мэдлэг (CK) шалгалт нь доор дурьдсан агуулгуудын хүрээн дэхь сорилын асуултуудыг багтаасан байдаг. 
  • Дотрын анагаах
  • Жирэмслэлт ба Эмэгтэйчүүд судлал
  • Хүүхэд судлал
  • Урьдчилан сэргийлэх анагаах
  • Сэтгэц судлал
  • Мэс засал
  • Удирдагчийн хяналтанд хийгдэх тусламжтай холбоотой бусад салбарууд

Wednesday, April 11, 2012

USMLE 1-р шатны шалгалт

Ерөнхий ойлголт 
1-р шатны шалгалт нь USMLE-ийн эхний бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Нэгдсэн Улсад анагаахын дадлага хийхээр зорьж, тэмүүлж буй анагаахын оюутнууд болон төгсөгчдөөс авдаг. 1-р шатны шалгалтын үндсэн зорилго бол хувь хүний суурь шинжлэх ухааны мэдлэгийг үнэлэх юм. Олон сонголттой асуултуудыг багтаасан шалгалтын агуулга нь ерөнхий шинжлэх ухааны зарчимууд болон тусгаар эрхтэн тогтолцоонуудын талаарх мэдээллийг багтаасан байхаар зохион байгуулагдсан байдаг. Шалгалтын асуултуудын зарим нь шалгуулагчийн мэдлэгийн хүрээг сорих сорилгыг хамарсан байдаг бол асуултуудын олонхи нь эмнэлзүйн анагаахын дадлага хийх үед шаардлагатай суурь шинжлэх ухааны зарчимуудын хэрэглээн дээр гол анхаарал хандуулсан байдаг. 

Шалгалтын агуулга 
1-р шатны шалгалт нь доор дурьдсан агуулгуудын хүрээн дэхь сорилын асуултуудыг багтаасан байдаг. 
  • Анатоми
  • Зан төлөвийн шинжлэх ухаан
  • Биохими
  • Микробиологи
  • Эмгэг судлал
  • Эм судлал
  • Физиологи
  • Хоол тэжээл судлал (nutrition), удам зүй болон наслалт зэрэг салбар хоорондын сэдвүүд

Thursday, April 5, 2012

Цус судлалын практик дахь яаралтай тусламж - 2

Бактериар бохирлогдсон цусан бүтээгдэхүүн
Түгээмэл бус боловч цус сэлбэлттэй холбоотой аминд аюултай гаж нөлөөнд хүргэх боломжтой (улаан эсүүд болон ялтасын концентраци г.м цусан бүтээгдэхүүнд нөлөөлөх). Шалтгаант организмуудад Грам сөрөг бактериуд орох бөгөөд Pseudomonas,Yersinia болон Flavobacterium зэрэг багтана.

Өвөрмөц шинжүүд
·       Халуурах
·       Арьс улайх
·       Дагжиж чичрэх
·       Хэвлийн өвдөлт
·       Судсанд цус түгмэл бүлэгнэх
·       Бөөрний цочмог дутагдал
·       Шок
·       Зүрх зогсолт

Менежмент – Түргэн цус сэлбэлтийн урвалын үеийнхтэй адил 
  • Сэлбэлтийг зогсоох 
  • Яаралтай сэхээн амьдруулах 
  • Хэрэв бактерийн халдвар сэжиглэсэн бол судсаар өргөн хүрээний антибиотик тарих.

Saturday, March 31, 2012

Хэрхэн USMLE шалгалт өгөхөөр хүсэлт гаргах вэ?

Анагаахын Боловсролын Холбооны Зөвлөл болон AOA (AOA гэдэг нь Alpha Omega Alpha гэсэн үгийн товчлол бөгөөд энэ нь анагаахын оюутнуудын хүндэтгэлийн нийгэмлэг юм. Тус нийгэмлэг нь анагаахын нэр хүндтэй оюутнуудыг багтаасан ихээхэн нэр хүнд бүхий нийгэмлэг юм)-аас итгэмжлэгдсэн MD зэрэг олгох хөтөлбөрөөр суралцсан оюутнууд болон төгсөгчдөд зориулсан USMLE 1-р шат болон 2-р шатны шалгалтын өргөдлийн маягт Анагаахын Шалгалт авах Үндэсний Зөвлөл (NBME)-ийн веб сайтаас авч болно.

Нэгдсэн Улс болон Канадаас бусад орны анагаахын оюутнууд болон төгсөгчдөд зориулсан USMLE 1-р шат болон 2-р шатны шалгалтын өргөдлийн маягт Гадаад орны Анагаахын Төгсөгчдийн Боловсролын Зөвлөл (ECFMG)-ийн веб сайтад тавигдсан байгаа. Хэрэв та Нэгдсэн Улс болон Канад дахь анагаахын сургуулийн оюутан юмуу төгсөгч бол 1-р шат болон 2-р шатны өргөдлийн маягтыг NBME рүү илгээх ёстой. Харин Нэгдсэн Улс болон Канадаас бусад орны анагаахын сургуулийн оюутан юмуу төгсөгч нар өргөдлийн маягтыг ECFMG рүү илгээх ёстой. Та одоо мөрдөгдөж буй, албан ёсны USMLE өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөж ECFMG юмуу NBME рүү илгээх ёстой.

Sunday, March 25, 2012

USMLE шалгалтын оноо ба онооны хуулбар

Оноог тооцох
2-р шатын эмнэлзүйн ур чадвар (CS)-ын шалгалтыг эс тооцвол (энэ шалгалт нь тэнцсэн / унасан гэж үнэлэгддэг) USMLE шалгалтын үр дүнг илтгэх 2 онооны систем байдаг. Үүнд 3 оронтой онооны систем, 2 оронтой онооны систем. 
2 оронтой онооны системийн хувьд шалгалтанд тэнцэх хамгийн бага оноо бүх шатны шалгалтуудын үед 75 байдаг. 3 оронтой онооны системийн хувьд одоо мөрдөгдөж буй шалгалтанд тэнцэх хамгийн бага оноог доор үзүүлэв. 
1-р шатны шалгалт: 188
2-р шатны эмнэлзүйн мэдлэг шалгах (CK) шалгалт: 189
3-р шатны шалгалт: 190
2 оронтой онооны систем ба 3 оронтой онооны системийн хоорондын хамаарлыг хүснэгтээр үзүүллээ. Хүснэгтэнд 3 оронтой онооны системд харгалзах өвөрмөц 2 оронтой онооны системийг 1-р шатны шалгалт (2010 оны 1 сарын 1 хүртэл авагдсан шалгалтын хувьд), 2-р шатын CK шалгалт (2010 оны 7 сарын 1 хүртэл авагдсан шалгалтын хувьд), 3-р шатны шалгалт (2008 оны 5 сарын 1 хүртэл авагдсан шалгалтын хувьд) тус бүрээр үзүүлэв. Хүснэгтэд үзүүлсэн онооны хамаарал нь 2011 оны 10 сарын 1 болон түүнээс хойшхи шалгалтын оноонд хамаарахгүй.Энэхүү хүснэгтийг та энд дарж харна уу.

Monday, March 19, 2012

Цус судлалын практик дахь яаралтай тусламж - 1

Үжлийн шок / нейтропенийн халууралт
  • Цус-хавдар судлалын түгээмэл тохиолдох яаралтай тусламж үзүүлэх нөхцөл
o   Нейтрофилийн туйлын тоо <1.0х109/л болсон өвчтөнд халдварыг илтгэх шинж тэмдэг илэрдэгээр тодорхойлогдож болно. Практикт нейтрофилийн тоо ихэвчлэн <1.0х109/л байдаг.
o   Нейтрофилийн тоо хэвийн байхыг үл харгалзан MDS зэрэг нейтрофилийн үйл ажиллагааны эмгэгүүдийн үеийнхтэй төстэй эмнэлзүйн шинж тэмдэг мөн ажиглагддаг.
o   Болгоомжлох  нь – Пирексигүйгээр (ялангуяа стероид хэрэглэж буй хүнд) тохиолдож болно.

Яаралтай арга хэмжээ 
  •  Яаралтай эмнэлзүйн үнэлгээ хийх
o   Хэрэв зүрх-амьсгалын үйл ажиллагаа дарангуйлагдсан (ховор) бол ALS-ийн удирдамжийг дага
o   Илүү түгээмэл нь, эмнэлзүйн дүр зураг зүрх судасны шок ± амьсгалын хүндрэл байна: тахиакарди, гипотензи, захын судас тэлэлт, тахипноэ. Грам эерэг (орчин үед төвийн венийн катетертай байнга байх үед илүү түгээмэл) болон грам сөрөг организм (харьцангуй ховор боловч илүү түргэн явцтай)
o   Цусны даралтыг сэргээхийн тулд 4.5%-ийн альбумин эсвэл Гелофузин  яаралтай, хурдан сэлбэх.
o   Хэрэв in situ биш бол төвийн венд катетер тавих, төвийн венийн даралт (CVP)-ыг хянах
o   Хэрэв пульс-оксиметрт сатураци <95% байвал (түгээмэл) нүүрний маскаар хүчилтөрөгч өгч эхлэх ба артерийн цусны хийн шинжилгээ хийх тухай анхаарах - ялтасын тоо <20х109/л эсэхийг анхаарах – хатгалт хийсэн газар 30минутын турш гараар дарах.
o   Бүрэн үжлийн скрининг хийх (судсаар хийх антибиотикийн удирдамжийг харна уу)
o   Уреидопенициллин болон ачааллын тунгаар аминогликозид (хэрэв урьд өмнөх бөөрний үйл ажиллагааны алдагдал байвал цефтазидим эсвэл ципрофлоксацин) гэх мэт эхний шатны антибиотикийн эхний тунг яаралтай өгөх. Албан ёсны протоколыг мөрд.

Ясны чөмөг шилжүүлэн суулгах

УДИРТГАЛ
Сүүлийн 40 жилийн хугацаанд ясны чөмөгний трансплантаци болон цус үүсгэх үүдэл эсийн трансплантацийг олон тооны хорон болон болон бус эмгэгүүдийн эмчилгээнд өргөн хэрэглэх нь нэмэгдсээр байна. Дэлхийн II дайны дараах “Хүйтэн дайн”-ы айдас нь хүний биед бид цацраг туяаны үзүүлэх үр нөлөөг сонирхох сонирхлыг идэвхижүүлсэн юм.
Амьтан дээрх эрт үеийн судалгаагаар ясны чөмөг нь цацраг туяаны нөлөөнд хамгийн мэдрэг эрхтэн болохыг тогтооцон байдаг. Хожим нь ясны чөмөгний эсүүдийг дахин суулгаж цацраг туяанд хүндээр өртөгдсөн амьтадыг аврахад ашиглаж байжээ. 1950 оноос лейкемийг эмчлэхийн тулд өвчтөнүүдэд аминд аюултай тунгаар цацраг туяа өгч эхэлсэн байдаг. Энэхүү эмчилгээг дагалдаж олон тооны гематологийн үзүүлэлтүүд сэргэж байсан боловч эцсийн дүндээ бүх өвчтөнүүд хорт хавдар дахин сэдрэх эсвэл халдварын улмаас нас барцгааж байв. 1950 болон 1960 онуудад барагцаалбал 200 гаруй аллоген чөмөгний трансплантаци хүнд хийгдсэн боловч урт хугацааны амжилт гараагүй байна. Хэдий тийм ч энэ хугацаанд нэг өндгөн эсийн ихрүүдийг ашиглаж хийгдсэн трансплантаци хангалттай хэмжээний амжилтад хүрч байсан бөгөөд энэ талбар дэхь эмнэлзүйн судалгааг үргэлжлүүлэхэд шийдвэрлэх үндэс суурийг тавьж өгсөн юм.

Saturday, January 21, 2012

2012 оны USMLE шалгалтын 1, 2, 3-р шатны шалгалтын албан ёсны гарын авлага


Сайн байна уу. 

Танд энэ өдрийн мэнд хүргье.

 www.imedinfo.org сайтын хамт олон 2011 онд та бүхэнд USMLE 2011 шалгалтын 1, 2, 3-р шатны гарын авлага номуудыг орчуулан хүргэж байсан нь олон уншигч, хэрэглэгчдийн маань эрэлт хэрэгцээнд нийцэж та бүхний талархлыг хүлээж байсан даа баяртай байна. 2011 оны 12 сард www.usmle.org сайтаас 2012 оны USMLE шалгалтын 1, 2, 3-р шатны албан ёсны гарын авлагыг гаргасныг www.imedinfo.org сайтын хамт олон тун саяхан орчуулж дуусаад та бүхний гарт хүргэхэд бэлэн болоод байна. 

Friday, January 20, 2012

ЭКГ-д суралцах төв - ЭКГ-г тайлбарлах арга зүй

Frank G. Yanowitz, MD
Professor of Medicine
University of Utah School of Medicine

Энэхүү арга зүйг бүх 12 холболттой ЭКГ-г уншихад зөвлөж байна. Бодит үзлэг шиг эдгээр стандартчилагдсан шат дараалсан алхамуудыг хэрэглэснээр ЭКГ дээрх эмнэлзүйн чухал ач холбогдол бүхий ямарваа эмгэг өөрчлөлтүүдийг анзааралгүй өнгөрөхөөс сэргийлэх юм. Энэхүү бүлгийн хүрээнд 6 үндсэн сэдвийг авч үзсэн болно.
  1. Хэмжигдэхүүнүүд 
  2. Хэмнэлийн анализ
  3. Сэрэл дамжуулалтын анализ
  4. Шүдний хэлбэрийг тайлбарлах    
  5. ЭКГ-ийн тайлбар
  6. Урьд өмнөх ЭКГ-тэй харьцуулах (хэрэв байгаа бол)  
1. Хэмжигдэхүүнүүд (ихэвчлэн фронтал хавтгайн холболтууд дээр хийгддэг)

Thursday, January 19, 2012

Хүйн цуснаас ялгасан үүдэл эсээр 1-р хэлбэрийн чихрийн шижингийн тавиланг өөрчилнө

Хүйн цуснаас ялгасан үүдэл эс нь 1-р хэлбэрийн чихрийн шижин бүхий хүмүүсийн дархлаа тогтолцооны Т эсүүдийг дахин боловсруулснаар эдгээр өвчтөнүүдийн нойр булчирхайн дахин инсулин нийлэгжүүлж эхлэх ба улмаар инсулин тарих хэрэгцээг бууруулах боломжтой юм. Энэ бол Чикаго дахь Иллиноисын Их Сургуулийн Dr Yong Zhao-аар удирдуулсан судалгааны багийнхны нээлт бөгөөд BMC Medicine сэтгүүлийн өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригийн дугаарт нийтлэгджээ. 

1-р хэлбэрийн чихрийн шижин нь биемахбодийн өөрийн дархлаа тогтолцоо нойр булчирхай дахь инсулин нийлэгжүүлэгч арлын бета эсүүдийг довтолж, устгасны улмаас үүсдэг. Үүний үр дүнд биемахбод инсулин үйлдвэрлэж чадахгүй болох ба энэ нь цусан дахь глюкозын хэмжээ аюултай түвшинд хүртэл нэмэгдэх шалтгаан болж биемахбодийн бүхий л эрхтэнүүдийг гэмтээдэг. 
Судлаачид өгүүллийн удиртгал хэсэгт дурьдахдаа хулгана болон чихрийн шижин бүхий хүний эс дээрхи сорилын үр дүнгээс харвал хүйн цуснаас үүсэлтэй мултипотент эсүүд нь зохицуулагч Т эсүүд болон хүний нойр булчирхайн арлын бета эс өвөрмөц Т эсийн клоныг өөрчлөх замаар аутоиммун хариу урвалыг хянах боломжтой гэжээ.

Хүйн цус гэдэг нь хүүхэд төрсний дараа ихэс болон хүйнээс цуглуулсан цус юм. Энэ нь олон төрлийн цусны болон удамшлын эмгэгийг эмчлэх чадамжтай үүдэл эсүүдийн баялаг эх үүсвэр болдог. 

Monday, January 16, 2012

ЭКГ-д суралцах төв - Стандарт 12 холболттой ЭКГ

www.imedinfo.org сайтын хамт олон Ютагийн Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн профессор Frank G. Yanowitz, MD-ийн "ЭКГ-д суралцах төв" хэмээх бүтээлийг орчуулан хүргэж байна. Энэхүү бүтээл нь зүрхний цахилгаан бичлэгийн талаарх суурь ойлголтууд, зүрхний цахилгаан бичлэгийг хэрхэн зөв, дэс дараалалтай унших арга зүй, зүрхний эмгэгүүдийн үед зүрхний цахилгаан бичлэгт гарах өөрчлөлт, тэдгээрийг хэрхэн унших талаар дэлгэрэнгүй бичсэн бүтээл юм.

I бүлэг: Стандарт 12 холболттой ЭКГ
Стандарт 12 холболттой электрокардиограм нь биеийн гадаргуу дээрхи электродуудаас зүрхний цахилгаан идэвхижлийн талаарх мэдээллийг бичдэг. Энэ бүлэгт ЭКГ-ийн үндсэн бүрдэл болон ЭКГ бичлэг хийхэд ашиглагддаг холболтын системийн талаар бичсэн болно.
Энэ бүлгийн хүрээнд судлах сэдвүүд
1. ЭКГ шүднүүд ба интервалууд 
2. 12 холболттой ЭКГ-ийн орон зайн чиглэлүүд     
 
Энэхүү зурагт ЭКГ-ийн шүднүүд болон интервалууд түүнчлэн ЭКГ цаасан дээрхи стандарт хугацаа болон хүчдэлийг харууллаа.

Wednesday, January 11, 2012

Аспирин тогтмол хэрэглэх нь эрүүл хүмүүст ашиг тустай байхаас илүү хор хохиролтой байх магадлалтай

Зүрхний дайрлага, харвалт зэрэг зүрх-судасны эрсдэлийн талаар өгүүлэмжгүй эрүүл хүмүүст ердийн тунгаар аспириныг тогтмол хэрэглэх нь дотуур цус алдах эрсдэлд хүргэх буюу энэхүү эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээн UK-led судалгаанд үндэслэн онлайн Archives of Internal Medicine сэтгүүлийн Даваа гаригийн дугаарт нийтэлжээ.

Лондоны St George's University-ийн зүрх-судасны эмгэгээс урьдчилан сэргийлэлтийн профессор, тус нийтлэлийн ахлах судлаач Kausik Ray болон түүний багийнхан 100000 гаруй эрүүл хүмүүсийг хамарсан 9 эмнэлзүйн судалгааны мэдээ мэдээлэлд анализ хийсэн ба эдгээр хүмүүсийн хагас нь дунджаар 6 жилийн турш аспирин хэрэглэсэн, хагас нь плацебо хэрэглэсэн байна.

Тэд аспириныг өдөр бүр юмуу эсвэл аль нэг өдөр тогтмол хэрэглэх нь зүрх-судасны эмгэгийн тохиолдолыг 10%-иар бууруулдаг боловч энэхүү бууралтын ихэнх нь аминд аюултай бус зүрхний дайрлагад хамаарч байсан бөгөөд зүрхний дайрлагын улмаасх нас баралт, аминд аюултай болон аюулгүй харвалтуудад хамаарахгүй байсныг илрүүлжээ.
Тэд мөн энэхүү бага зэргийн ашиг тус бүхий үр нөлөө нь аминд аюултай байж болох дотуур цус алдалтын эрсдэлийг 30%-иар нэмэгдүүлдэг гэдгийг тогтоожээ.

Monday, January 9, 2012

Улаан дарс хөхний хорт хавдарын эрсдэлийг бууруулна

Улаан дарсыг эс тооцвол архины байнгын хэрэглээ нь хөхний хорт хавдарын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харин улаан дарсыг дунд зэргийн хэмжээтэй тогтмол хэрэглэх нь үүний эсрэг үр нөлөө үзүүлдэг гэж Лос-Анжелес дахь Cedars-Sinai Medical Center-ийн судлаачид Journal of Women's Health сэтгүүлд мэдээлжээ. Судлаачид улаан усан үзэмний үр болон хальсан дахь химийн бодис цэвэршилтийн өмнөх эмэгтэйчүүдэд эстрогений түвшинг бага зэрэг бууруулж, тестостероныг нэмэгдүүлдэг гэж тайлбарласан байна. 

Судлаачдын цохон тэмдэглэснээр зөвхөн улаан дарс төдийгүй улаан усан үзэм ашиг тустай хольцийг агуулдаг гэжээ. Тэд эмэгтэйчүүд архины төрлийн ундаа хэрэглэх үедээ улаан дарсыг сонгож байх нь зүйтэй бөгөөд дээр дурьдсан усан үзэмнээс гаргаж авсан дарсыг сонгож байх нь илүү дээр гэжээ. 

Энэхүү судалгаа нь бүх төрлийн архины төрлийн ундааны хэрэглээ эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээх нийтлэг тархсан ойлголттой зөрчилдөж байгаа юм. Учир нь архи нь эстрогений түвшинг нэмэгдүүлж ингэснээр хорт хавдарын эсүүдийн ургалтыг нэмэгдүүлдэг. 

Sunday, January 8, 2012

USMLEasy- Онлайн USMLE асуултын сан

McGraw-Hill-ээс гаргадаг USMLEasy нь 1 болон 3-р шатны шалгалтын асуултуудыг судлах, асуултууд дээр дадлага хийх, шалгалтын өгөх чадвараа сайжруулахад зориулсан USMLE™ хэлбэрийн нийт 25000+ онлайн асуултуудын сан бүхий хувь хүн өөрийгөө үнэлэх онлайн систем юм.


Дэлхий даяар USMLE шалгалтанд бэлдэгчид энэхүү онлайн USMLEasy системийг ашигласнаар өөрсдийн тест бөглөх онолын мэдлэг, дадлага туршлага, чадвар зэргээ тогтмол, тасралтгүй сайжруулах боломжийг олж авч байдаг юм. Жил бүрийн USMLE шалгалтад USMLEasy системийг ашигласан шалгуулагчид тогтмол амжилттай үр дүнд хүрдэг билээ.


www.imedinfo.org сайтын хамт олон уншигч, хэрэглэгч та бүхэндээ USMLEasy системийг эх хэл дээрээ уншиж танилцах, чадвараа хөгжүүлэх боломж бүрдүүлсэн USMLE quiz буланг хүргэж байгаадаа баяртай байна. Ингэснээр бид эх хэл дээрээ тасралтгүй шинэчлэгдэж байх USMLE асуултын сан бүрдүүлэх боломжтой болж байгаа юм.

Saturday, January 7, 2012

Биомаркерийн шинжилгээ зүрхний дайрлагын оношлогоог ач холбогдол өгөхүйц хурдасгана

JAMA сэтгүүлийн 12 сарын дугаарт нийтлэгдсэн судалгаанд үндэслэн цээжний өвдөлттэйгөөр яаралтай тусламжийн хэсэгт хүргэгдсэн өвчтөнүүдэд тропонин I, булчингийн эд дэхь уургууд зэрэг биомаркеруудын түвшинг одоо хэрэглэж буй болон шинээр бий болгосон өндөр мэдрэг тропонин илрүүлэлтийг ашиглан тогтоосноор зүрхний дайрлага гэсэн оношийг үгүйсгэх боломжтой гэжээ. Өвчтөнийг эмнэлэгт хүргэснээс 3 цагийн дараа биомаркеруудын түвшин өөрчлөгдөх нь зүрхний дайрлага гэсэн оношийг батлахад ихээхэн ашиг тустай байдаг ажээ. 

Цээжний хурц өвдөлт нь өвчтөнүүд яаралтай тусламжийн хэсэгт хандах хамгийн түгээмэл шалтгаан болдог. Судлаачдын бичсэнээр:

"Миокардийн ишемитэй байж болох дунд болон өндөр эрсдэлтэй хүмүүсийг эрт илрүүлэх нь амин чухал байдаг. Учир нь ингэснээр эрт үед, эрчимтэй эмчилгээ явуулахад ихээхэн ашиг тустай. Олон улсад мөрдөгдөж буй зөвшилцөлөөр бол миокардийн шигдээсийг тогтоох, миокардийн шигдээс гэж оношлохдоо голчлон зүрхний тропонины түвшин 99%-иар нэмэгдэх буюу хугацааны туршид нэмэгдэж, буурч өөрчлөгдөх дээр үндэслэж байна" гэжээ. 

Friday, January 6, 2012

Энгийн герпес вирус

Virus classification
Group: Group I (dsDNA)
Family: Herpesviridae
Subfamily: Alphaherpesvirinae
Genus: Simplexvirus
Species
Herpes simplex virus 1 (HSV-1)
Herpes simplex virus 2 (HSV-2)

Энгийн герпес вирус 1 болон 2 (HSV-1 ба HSV-2)-ийг өөрөөр мөн хүний герпес вирус 1 болон 2 (HHV1 болон HHV2) гэж нэрлэдэг ба хоёул Herpesviridae-ийн бүлд хамаарах вирусууд бөгөөд хүнээс хүнд халдварладаг. HSV-1 (энэ төрөл нь ихэвчлэн уруулын хомхой үүсгэдэг) болон HSV-2 (энэ төрөл нь ихэвчлэн бэлгийн герпес үүсгэдэг) хоёул өргөн тархсэн, маш халдвартай вирусууд юм. Эдгээр нь халдварлагдсан хүнд вирус боловсрох, вирусийн репликаци явагдаж байх үед халдварлах боломжтой байдаг. 

Хайх


энэ 7 хоногийн онцлох нийтлэл



Архив